Монгол сагсан бөмбөгчин охид дэлхийн чансааг тэргүүлж байна

оруулсан Алсын Хараа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/ОУСБХ/-ны 3x3 Дэлхийн чансаа 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шинэчлэгдэж Монгол Улсын 23 хүртлэх насны охидын баг уг чансааг тэргүүлжээ.

Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртлэх эмэгтэйчүүдийн чансааг Монгол Улсын 1 дүгээрт эрэмбэлэгдсэн бахархалтай мэдээг ФИБА-гаас мэдээллээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангилалын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн билээ. Улмаар U21 хүртлэх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3x3 U21 Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан юм.

Харин С. Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Каир хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3x3 U23 Nations League-ийн 6 цуврал тэмцээнд өрсөлдөж 3 түрүүлж, 3 удаа 2 дугаар байрт орсон.

Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3x3 Nations League-ийн Финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч 6 дугаар байрт шалгарлаа.

Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн өрсөлдсөн цорын ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байсан юм.

Дээрх цуврал тэмцээнд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748,763 болж Монгол Улс Дэлхийн чансааны тэргүүн эгнээнд ийнхүү жагсаж эхэллээ. Мөн тус чансааны эхний 10 байрт Монголын 3 тамирчин багтсан. Тодруудбал О.Хулан чансааны 2 дугаарт, Б.Ариунцэцэг 8 дугаарт, Г.Минжин 9 дүгээр байрт бичигдэж байна.

Сэтгэгдэл бичих