Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэнг Газиантеп хотод нээв

оруулсан Алсын Хараа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яам, Газиантеп хотын захиргаа хамтран есдүгээр сарын 13-19-нд Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Энэ нь Улаанбаатар, Газиантеп хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож буйтай холбоотой юм. Ойн хүрээнд Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэнг Газиантеп хотын иргэдэд толилуулж байгаа аж. Үзэсгэлэнгийн нээлтэд Туркийн Үндэсний их хурлын гишүүн, Турк, Монголын найрамдлын бүлгийн тэргүүн Мехмет Эрдоган, Элчин сайд Р.Болд, тус хотын дарга бөгөөд Туркийн хот, дүүргүүдийн холбооны Ерөнхийлөгч хатагтай Фатма Шахин нар оролцжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ үеэр видео мэндчилгээ илгээж, хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд өргөжин хөгжиж байгааг онцоллоо. Мөн цаашид Газиантеп хоттой түүх, соёл, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллаж, харилцааг шинэ түвшинд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл бичих