Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөснөөр паралимпын дээд амжилт тогтоож аварга боллоо

оруулсан Алсын Хараа

"Токио-2020" зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг жинд хүч сорин өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг амжилттай өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болов.

Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг, гавьяат тамирчин Э.Содномпилжээ паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, Монголын пауэрлифтингийн анхны тамирчин бөгөөд харин энэ удаа Токиогийн паралимпын аварга боллоо.

Түүнтэй өрсөлдсөн эрэгтэйчүүдийн -107 кг жингийн төрөлд Малайзын тамирчин Жон Йи Хи мөнгөн медалийн болзол хангасан бол Ираны тамирчин Саман Рази хүрэл медалийн эзэн болсон байна.

“Миний эх орон, Монголын баг тамирчдын маань хувьд ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Миний бие Монголын паралимпын бусад тамирчдадaa дараа дараагийн наадамд өрсөлдөх итгэл найдварыг өгсөн хэмээн найдаж байна” гэж Э.Содномпилжээ ялалт байгуулсныхаа дараа ярьжээ.

Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөж Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.

Сэтгэгдэл бичих