“Бөгжний эзэн” цувралын зураг авалтыг Их Британид хийнэ

оруулсан Алсын Хараа

 АНУ-ын “Amazon” компанийн телевиз, киноны бизнес хариуцсан “Amazon Studios” охин компани олон сая ам.долларын өртөг бүхий “Бөгжний эзэн” цувралынхаа зураг авалтыг Шинэ Зеландад хийх шийдвэрээ өөрчилж, Их Британид явуулахаар болжээ.

Нэрийг нь хараахан өгөөгүй байгаа энэхүү зөгнөлт бүтээлд Английн зохиолч Ж.Р.Р Толкины “Хоббит ба бөгжний эзэн” номонд өрнөдгөөс олон мянган жилийн өмнөх үйл явдлуудыг үзүүлэх юм. “Amazon Studios” зураг авалтын талбайгаа өргөтгөх тэргүүтэй төлөвлөгөөнийхөө хүрээнд энэхүү шийдвэрийг гаргаснаа мэдэгджээ.

“Amazon Studios” нь цувралын эхний бүлэгт 465 сая ам.долларыг зарцуулаад байгаа ажээ. Түүнчлэн цаашид дөрвөн бүлгийг хийхээр төлөвлөж буй нь энэхүү цувралыг телевизийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй цуврал болгох төлөвтэй байна.

Шинэ Зеландын үзэсгэлэнт байгальд Оскарын шагналт найруулагч Петр Жексон “Бөгжний эзэн”, “Хоббит” зэрэг кинонуудынхаа зураг авалтыг хийсэн юм. “Amazon”-ы мэдээлснээр, эхний бүлгийн зургийг тус улсад авч дууссаныхаа дараа Их Британид үргэлжлүүлэх ажээ.

Энэхүү шийдвэрийн талаарх мэдэгдэлд, “Amazon Studios” компанийн дэд тэргүүн Вернон Сандерс “Бөгжний эзэн” цувралын агуу аяллын эхлэлийг гайхалтай газар нутагтаа тавиулсан Шинэ Зеландын ард түмэн, Засгийн газрын зочломтой зан, хувь нэмэрт талархал илэрхийлсэн хэмээн бичжээ.

Харин Шинэ Зеландын Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан сайд Стюарт Нэш уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. “Миний бие Шинэ Зеландын кино урлагийн салбараар туйлын их бахархдаг. “Amazon”-ы шийдвэр нь манай улсын кино урлагийн салбар болон түүнд хүчин зүтгэж буй хүмүүсийн ур чадвартай ямар ч хамааралгүй юм” гэж тэрбээр мэдэгджээ.

“Бөгжний эзэн” цувралын эхний бүлгийн дэлхий дахины нээлтийг “Amazon Prime Video” стриминг үйлчилгээгээр 2022 оны есдүгээр сарын 22-нд хийхээр товлоод байна. “Amazon Studios”-ын шийдвэр нь Их Британид олон сая ам.долларыг авчрах учир тус улсын кино, телевизийн салбарынхны хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих