Өнөөдөр-Олон улсын гэр бүлийн өдөр

оруулсан Алсын Хараа

/МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Гэр бүлийн өдрийг энэ удаад “Тогтвортой хөгжилд чиглэсэн нийгмийн шударга шилжилт: нийгмийн хөгжил, нийтийн сайн сайхан байдалд дижитал технологийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор тэмдэглэж байна.

Монгол Улс 2003 оноос “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тэмдэглэх болсон.

ХНХЯ-наас гэр бүлийг дэмжсэн нийгмийн хамгааллын хүрээнд эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, сайн дураар даатгуулсан эхэд олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлжээ.

Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгож, цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлэн хүүхдээ харж буй аавд энэ оны долдугаар сарын нэгнээс олгох зэрэг өрх, гэр бүлийн аж амьдралд бодитой дэмжлэг үзүүлж байгааг салбарын яамнаас мэдээллээ.

Цар тахлын нөлөөгөөр иргэдийн ажил, амьдралын орчин, хэв маяг өөрчлөгдөж, дижитал технологийн хэрэглээ чухал болсон энэ үед тус яам гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтын видео контент, постер зэргийг цахимаар хүргэж байгаа.

Мөн яамны бүтцэд анх удаа Гэр бүлийн бодлогын газрыг байгуулжээ. Цаашид нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомжийн шинэчлэлийг хийж, иргэдийн ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, залуу, зорилтот болон олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих, гэр бүлийн боловсрол олгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх аж.

Сэтгэгдэл бичих