“Эрдэнэт үйлдвэр”-т түшиглэсэн “Үйлдвэр технологийн парк” байгуулах тусгай зөвшөөрлийг олголоо

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т ажиллаж байна. Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн үйлдвэрт түшиглэн байгуулах “Үйлдвэр технологийн парк” төслийн танилцуулгыг хийлээ. Тус парк нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд:

  • Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл
  • Молибдений баяжмал боловсруулах төсөл хэрэгжиж,
  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр
  • “Ногоон хөгжлийн төв” байгуулж, ашиглалтад оруулах юм.

Үйлдвэр технологийн паркийг байгуулахад нийт 1,8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд өнөөгийн байдлаар “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах” үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж, УУХҮЯ-нд хүргүүлээд байна. Тус зэсийн баяжмалын үйлдвэрт тасралтгүй ажиллах SKS технологийг ашиглаж, жилдээ 125,5 мянган тонн катодын зэс, 72 кг цэвэр алт, 38 мянган кг цэвэр мөнгө болон элементийн хүхэр, хүхрийн хүчлийг үйлдвэрлэх юм. Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ олборлолтоос гадна нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээр:

2020 онд хоногт -  6 тэрбум төгрөг

2025 онд хоногт - 14 тэрбум  төгрөг

2028 он гэхэд хоногт – 28 тэрбум төгрөгийн борлуулалт хийх өндөр хүчин чадалтай болох санхүүгийн тооцооллыг үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн мэдээллээ. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн хүнд үеийг нуруундаа үүрч, түшиг тулгуур болж байгаад талархал илэрхийлээд "Зэс хайлуулах хий-металлургийн үйлдвэр" байгуулах Засгийн газрын тогтоол, “Үйлдвэр технологийн парк” байгуулах зөвшөөрлийн батламжийг гардуулан өглөө.

Сэтгэгдэл бичих