ББСБ-уудын зээлийн үлдэгдлийн 48.5 хувийг хэрэглээний зээл эзэлж байна

оруулсан Алсын Хараа

СЗХ санхүүгийн салбарын энэ оны нэгдүгээр улирлын тойм мэдээллийг өнөөдөр цахимаар танилцууллаа. Тухайн хугацаанд хөрөнгийн болон даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 17.5 хувьд хүрчээ. Үүнээс:

  • хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 9.9,
  • даатгалын зах зээл 1.1,
  • банк бус санхүүгийн байгууллага 5.7,
  • ХЗХ 0.8 хувьтай байна.

Даатгалын зах зээл: Нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.6 хувиар өсөж 401.2 тэрбум төгрөгт, нөөц сан 9.3 хувиар өсөж 172.6 тэрбум төгрөгт хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурч 39 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар буурч 10.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 29.0 хувиар буурч 881 мянгад хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар буурч 12.3 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.6 хувийг эзэлж байна.

Банк бус санхүүгийн байгууллага: Оны эхний улирлын байдлаар нийт 530 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагаас нийт хөрөнгийн хэмжээ 2.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өслөө. ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 48.5 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.3 хувийг иргэдийн зээл, 14.7 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.

Сэтгэгдэл бичих