БНСУ 2032 оны олимпийг БНАСАУ-тай хамтран зохион байгуулах хүсэлтээ өгчээ

оруулсан Алсын Хараа

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 2032 оны зуны олимпийн наадмыг Хойд Солонгостой хамтран зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпийн хороонд өчигдөр /2021.04.01/ илэрхийлжээ. Хоёр улсын эрх баригчид өмнө нь ийм тохиролцоонд хүрээд байсан юм.

Сөүл хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд, хэрэв олимпийг хоёр Солонгос хамтран зохион байгуулж чадвал энэ нь Солонгосын хойгт энх тайван тогтоох үйлсэд маш чухал алхам болно гэж онцолжээ. Түүнчлэн 2020 оны Токиогийн олимпийн наадамд хамтарсан багаа илгээх талаар ч хэлэлцэж байгаа хэмээн Өмнөд Солонгосын тал мэдэгдсэн байна. Харин Хойд Солонгосын талаас энэ талаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.

Сөүл хот нь 1988 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан бол 2018 онд Пёнчан хотод өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан билээ. 2018 оны Пёнчаны олимпод хоёр Солонгос эмэгтэйчүүдийн мөсний хоккейн төрөлд хамтарсан багаар оролцсон нь түүхэн үйл явдал болж байв.

Харин ОУОХ 2032 оны олимпийн наадмыг зохион байгуулах хотын албан ёсны сонгон шалгаруулалтаа хэзээ зарлах нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ тус байгууллага нь Австралийн Брисбэн хотыг 2032 оны зуны олимпийг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих