Гурван хувийн хүүтэй зээл авахад тавих шаардлагыг сулруулжээ

оруулсан Алсын Хараа

Засгийн газраас арилжааны банкуудтай хэлэлцээр хийсний дүнд "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр"-т тусгасан гурван хувийн хүүтэй зээл авах аж ахуйн нэгж, иргэнд тавих шаардлагыг бууруулжээ.

Тодруулбал, банкууд зээл авах аж ахуйн нэгж 12 сар, иргэн 6 сар тасралтгүй ажиллаж, орлого олсон байх гэсэн шалгуурыг сулруулж, “тасралтгүй” гэснийг нь хассан байна. Мөн нийт орлогынхоо 70-аас илүү хувиар зээлээ төлөх боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн нийт зээлийн 70-аас доошгүй хувьд үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлагыг сулруулж, зарим зээлдэгч 60 хувиар тооцож байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.

Тэрбээр, “Зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг автомат тооцоололд шилжүүлж, зээл судлах хугацааг богиносгох зохион байгуулалтын ажлыг банкууд хэрэгжүүлсэн. Цаашид зээлдэгчтэй цахим гэрээ байгуулж, цахим гарын үсэг зурах нөхцлийг бүрдүүлэх, барьцаа хөрөнгө цахимаар бүртгэх зэргээр төрийн байгууллагын лавлагаа, мэдээллийг цахимжуулна. Зээлийн шаардлагыг зөөлрүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Мөн зээлийн үр дүн, эрсдлийн мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлнэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих