Азийн санхүүгийн томоохон төв болох Засгийн газрын том амбиц

оруулсан Алсын Хараа

Эдийн засгаа сэргээх, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, “COVID-19” цар тахлыг эрсдэл багатай даван туулах нь бүх Засгийн газрын өмнө тулгамдаад буй асуудал. Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсад шинээр байгуулагдсан Засгийн газар ч дээрх асуудалтай хамгийн түрүүнд нүүр тулсан билээ.

Шинэ Засгийн газрыг өмнөх Засгийн гал тогоо буюу Хэрэг эрхлэх газрын даргаар 2019 оноос хойш ажилласан Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж буй. Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр парламентын гишүүд Л.Оюун-Эрдэнийг АНУ-ын Харвардыг их сургууль төгссөн, Монголын шинэ залуу улстөрчдийг манлайлагчдын нэг гэдгийг онцолж, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж ажиллахыг захиж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч өмнөх У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн төмөр зам, уул уурхай, газрын тосны үйлдвэр зэрэг олон томоохон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээ зарласнаар засаг солигдох бүрт төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, төсөл хөтөлбөр гацдаг гэсэн нийтлэг ойлголтод цэг тавьсан юм. Улмаар Засгийн газрын шинэ танхимд ажиллах хүмүүст тавьсан гол шалгуур мөн онцлог нь өмнөх танхимын гишүүдээс тал хувийг нь улираасан. Мөн нийгмийн хүлээлтийг харгалзаж эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмж түүхэндээ анх удаа 4 эмэгтэй, үүний гурвыг нь шинээр оруулж ирлээ. Тодруулбал, өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэх, цар тахалтай, эдийн засгийн хүндрэл сорилтууд үүсэхээр байгаа эгзэгтэй үед тэнцвэрийг хангах нь чухал гэж Ерөнхий сайд үзсэн юм.

Цар тахлын богино хугацаанд даван туулах Засгийн газрын зорилт

УИХ-ын чуулганы нэгдүгээр сарын 29-ний хуралдаанд шинэ Засгийн газрын гишүүд тангараг өргөсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ирээдүйн хөгжлийн талаар баримтлах дөрвөн зорилтыг танилцуулсан юм. Үүний хамгийн эхэнд мэдээж “COVID-19” цар тахлыг богино хугацаанд даван туулах. Нийт 2.7 сая гаруй хүний амь насыг авсан энэхүү цар тахал 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс гурав дахин илүү эдийн засгийн хүндрэл дагуулсан гэсэн тооцооллыг судлаачид хийсэн байна.  Манай улс 10 сарын турш дотооддоо алдалгүй барьж чадсан ч цар тахал Монгол Улсыг тойрсонгүй. Цар тахлыг даван туулах хамгийн гол тулгуур нь хүн амаа вакцинжуулах. Тиймээс Засгийн газар ажилдаа орсон үеэс эхний 100 хоногт багтаан Монгол Улсын насанд хүрсэн 2 сая орчим хүн амыг вакцинжуулах зорилт тавьсан. Энэ зорилтоо биелүүлэхээр вакцинжуулах ажлыг энэ оны хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийн (2020.3.27) байдлаар 279 мянга 69 иргэнийг эхний тунд хамруулаад байна.

Монгол Улсын Засгийн газраас БНЭУ-ын “Астразенека” вакцин 150 мянган тун, БНХАУ-ын “Вероцелл” вакцин 300 мянган тунг татан авч шаардлагатай вакцины нөөцийн 11.3 хувийг дангаараа бүрдүүлсэн. Мөн “COVAX” хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг дархлаажуулах хөтөлбөрөөс эхний ээлжинд “Файзер” вакцины 25 740 тун, “Астразенека” вакцины 112 800 тунг манай улсад хуваарилснаас гуравдугаар сарын 12-нд “Астразенека” вакцины 14 400 тунг хүлээн авч нөөцийг нэмэгдүүлж цаашид “Астразенека”-гийн вакцины 21 600 тунг гуравдугаар сарын сүүлээр, 76 800 тунг дөрөвдүгээр сарын сүүлээр, “Файзер”ын вакцины 25 740 тунг дөрөвдүгээр сарын эхээр тус тус татан авахаар ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна ОХУ-аас 1.3 сая тун Спутник-5 вакциныг ирэх сард авна. Үүнээс 1 сая тунг нь худалдаж авч байгаа бол 300 мянган тунг нь ОХУ тусламжаар олгож буй юм. Түүнчлэн Япон улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан Монголын хүн амын 1.3 сая хүнийг бүрэн дарлаажуулах вакцин тусламжаар олгох хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ.

Мөн Засгийн газраас цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц хөтөлбөр боловсруулах, гадаадад буй иргэдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд үндэслэн үе шаттай татан авах ажлыг зохион байгуулахаар уг зорилтдоо тусгасан. Энэ хүрээнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөр” баталсан юм. Уг хөтөлбөр Ерөнхий сайдын чуулганы индрээс танилцуулсан дөрвөн зорилтын “Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө” хэсэгтэй нягт уялдаж буй.

Уул уурхайгаас шинжлэх ухаан, инновацад тулгуурласан эдийн засагт шилжинэ

Цар тахын улмаас дэлхий нийтэд 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн. Гэхдээ цар тахлыг даван туулсны дараа дэлхийн эдийн засаг огцом сэргэх хандлага байгааг судлаачдын үгийг Ерөнхий сайд онцлоод үүнд одооноос бэлтгэх хэрэгтэй хэмээсэн. Монгол Улс жилийн төсвийн орлого жил 2 тэрбум ам долларын алдагдалтай байгаа. Манай улсын төсвийн 93 хувийг нүүрс, алт, зэс, төмрийн хүдрийн экспорт эзэлдэг. Дэлхийн нийтэд нүүрсийг орлох технологийн шийдэл гарсан тохиолдолд Монгол Улс төрийн албан хаагчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй тул одооноос шинжлэх ухаан, инновацын хөгжлийг хурдасгах шаардлага тулгарч байна. Үүнээс гадна дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний ханш өндөр байгаа энэ цаг мөчид бид ирээдүйн шийдлээ тодорхойлох ёстойг ч онцолж байсан юм. Үүний тулд Шинжлэх ухааны академи, инновацын хүрээлэнгүүдийг уялдуулж, шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрээр зохион байгуулна. Мөн Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа түшигллэх аж.

Засгийн газрын тэргүүн “Алсын хараа 2050” бодлогод тулгуурлан уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч,  аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр ложистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн  салбарыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор дэмжин ажиллахаа мэдэгдсэн. Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн сан байгуулах аж. Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүнд Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон стратегийн орд газруудын оролцоо туйлын чухал. Тиймээс Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш, өвтэй үлдэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллахаа Ерөнхий сайд онцолж байв.

Энэ зорилтод өмнөх Засгийн газрын эхлүүлсэн, жил бүр гадагш урдсаг нэг тэрбум ам.доллларыг дотооддоо үлдээх газрын том боловсруулах үйлдвэр, экспортын хэмжээг 30 хувиар нэмэх боломжийг бүрдүүлэх Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг тавьж дуусгах ажил багтаж буй. Түүнчлэн Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг дуусгаж, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр гадаадаас эрчим хүч худалдан авдаг 140 сая ам.долларыг хэмнэх боломж бүрдэх юм.

Дэлхий нийтэд цар тахлын дараа хамгийн хурдтай сэргэх салбараар аялал жуулчлалыг нэрлэж буй. Монгол Улс жилд дунджаар 500 мянга гаруй жуулчин хүлээн авдаг бөгөөд жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэснээр дээрх тоог нэмэх боломжтой гэж шинэ Засгийн газар тооцож байна.

Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж,  ширээний ард хурал хийх биш, самбарын өмнө шийдэл ярилцах Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж Монгол Улс төв Азийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг болох суурийг тавих нь шинэ Засгийн газрын хамгийн том амбиц.

Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү

Дэлхийн улс орнуудын хөгжлийг эдийн засгийн өсөлт, томоохон бүтээн байгуулалтаас гадна иргэдийн амьжиргааны түвшин, хүний хөгжлөөр хэмжих болсон. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 30 жилийн хугацаанд хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, олон намын засаглал бүхий парламентын тогтолцоо, зах зээлийн эдийн засаг зэрэг ардчиллын үнэт зүйлс бэхжин хөгжиж байна. Гэвч баян ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус байдал газар авч, далд эдийн засаг цэцэглэн, нийгмийн шударга ёс алдагдаж, нийт хүн амын 28.4 хувь дунджаас доогуур түвшинд амдарч байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж орлоготой иргэд өнөөдөр хүүхдийн зулай мэт эмзэг байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ иш татаж байв. Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар 7 дугаар байрт эрэмбэлэгддэг ч, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49, хөгжүүлэх байдлаар 59, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Тиймээс ч дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог бий болгох нь Засгийн газрын дараагийн том зорилт. Энэ зорилтыг биелүүлэхэд Засгийн газар нэн тэргүүний гурван алхмыг тодорхойлсон байна. Эхний алхам нь залуучуудыг орон сууцжуулах. Тодруулбал, “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих асуудлыг эхний гурван жилд хэрэгжүүлэх аж.

Үүний дараа чанартай боловсрол. Монгол Улсын боловсролын салбар дэлхийд өрсөлдөх чадвараа алдаж байгаа энэ үед залуучуудын эх хэлний мэдлэг алдагдах болсон. Иймд монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар,  их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэн бэлтгэх нь Засгийн газрын зорилт. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд нэн тэргүүнд Боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-аар батлуулах аж.

Ирэх дөрвөн жилд Засгийн газар Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих зорилт дэвшүүлсэн. Ингэснээр иргэдийн гадаадад эмчлүүлэхэд зарцуулж байгаа 100-120 сая ам.долларын урсгалыг 30-40 хувиар бууруулах боломжтой болно гэж үзэж байгаа. Монголчуудад зүрх судасны өвчлөл болон хорт хавдрын өвчлөл хамгийн түгээмэл. Энэ нь өвчнөө эрт оношлуулж чаддаггүй, мөн амьдралын буруу хэв маягтай холбоотой хэмээн эрдэмтэн судлаачид үздэг. Тиймээс эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх, жингийн илүүдэлтэй тэмцэх үндэсний соёлыг хамтдаа бий болгох цаг болсныг Ерөнхий сайд онцолсон юм.

Ингээд эрүүл мэнд сайн, чанартай боловсролтой, нийгмийн асуудлаа шийдвэрлэсэн нийгмийг цогцлоож, халамжаас хөдөлмөрт шилжсэнээр Засгийн газрын тэргүүний гурав дахь том зорилт биелнэ хэмээн тооцжээ.

Авлига, хүнд суртлыг дарах Цахим засаглал

Монгол Улс авлигын индексээр дэлхийд 106-д эрэмбэлэгдэж байна. Авлига нь ажил хөөцөлдөж буй иргэн төрийн олон шат дамжлагыг дамжиж, хүнд сурталтай нүүр тулдгаас үүдэлтэй. Иймд Засгийн газар төрийн бүхий л үйлчилгээг цахимжуулж, “Цахим үндэстэн” болохыг зорьж буй. “E-Мongolia” цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтэх ажлыг 2021-2024 онд 90 хувьтай хэрэгжүүлэх зорилт тавьсан. Ингэснээр иргэд олон шат дамжлага, хүнд сурталтай нүүр тулахгүйгээр цахимаар бүх асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ бол Засгийн газрын Шударга ёс, цахим засаглал гэсэн дөрөв дэх том зорилт. Энэ хүрээнд Цахим хөгжлийн яам байгуулах бөгөөд энэ нь төрийн бүх шатны байгууллагын орон тооны давхцлыг байхгүй болгож, данхайсан бүтцийг 30-40 хувиар бууруулах цорын ганц шийдэл хэмээн Засгийн газрын тэргүүн үзэж байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө

Засгийн газар дээрх дөрвөн зорилтоо хэрэгжүүлэх эхний алхмаа энэ оны хоёрдугаар сарын 17-нд хийв. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа. Дэлхий нийтэд коронавирус тархаж, Монгол Улс хилээ хааж, хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосноос аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авах нь багассан байна. Үүний улмаас Монголбанканд найман их наяд төгрөг хуримтлагдсан. Энэ хөрөнгөд тулгуурлан дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх аж. Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 онд зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:

- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

- Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

- Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

- Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

- Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Сэтгэгдэл бичих