Хэт хүнд масстай хар нүхний зургийг шинээр авчээ

оруулсан Алсын Хараа

Одон орон судлаачид M87 галактикийн төв дэх хэт хүнд масстай хар нүхний зургийг шинээр авчээ.

Судлаачид хар нүхний анхны зургийнхаа мэдээллийн архивыг нарийвчлан шалгаж, уг биетийн эргэн тойрон дахь гэрлийн хөдөлгөөнд дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтдийн судалгааг “Astrophysical Journal” сэтгүүлд нийтэлсэн байна.

Гэрлийн долгион нь янз бүрийн чиглэлд хэлбэлзэж байдаг боловч соронзон орны нөлөөгөөр туйлшрах боломжтой ажээ. Энэ хэлбэлзэл нь нэг шугаман хавтгайгаар хязгаарлагддаг байна. Гэрэл нь хар нүхний соронзон орны хязгаарыг хянаж, 2019 оны зурагтай харьцуулахад илүү тод дүрсийг бий болгожээ.

Соронзон орон нь хар нүхний эргэн тойрон дахь бодисын мушгиралдсан хөдөлгөөнийг үүсгэдэг байна. Соронзон орныг судалснаар эрдэмтэд хар нүхний эргэн тойрон дахь материудын хөдөлгөөнийг илүү сайн ойлгож чадах юм. Энэ нь хэт хүнд масстай хар нүх хэрхэн үүсэн бий болж, томордгийг судлахад тус дөхөм болох аж.

2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд “Event Horizon Telescope” төслийнхөн хар нүхний анхны зургийг авсан билээ. Тэд дэлхийгээс 53.5 сая орчим гэрлийн жилийн зайд орших M87 галактикийн хар нүхний зургийг авахын тулд АНУ, Мексик, Чили, Испани болон Франц улсын найман радио телескопыг холбож, дэлхийтэй ижил хэмжээний виртуал телескоп бүтээсэн байна. Улмаар уг телескоп 14 хоногийн дотор 5000 триллион байт мэдээлэл цуглуулсан бөгөөд үүнийг супер компьютерын тусламжтайгаар боловсруулж зургийг гарган авчээ.

Сэтгэгдэл бичих