М.Уранцэцэг Ташкентын Их дуулгын алтан медаль хүртэв

оруулсан Алсын Хараа

Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг Узбекистаны Ташкент хотноо өнөөдөр эхэлсэн “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын аварга боллоо. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээний эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг жингийн барилдаанууд өнөөдөр явагдаж, жин тус бүрийн шилдгүүд тодорч байна.

М.Уранцэцэг 48 кг-д хэсгийн аваргын төлөө Италийн Франческа Миланиг, хагас шигшээд Сербийн Андре Стоядиновыг ялснаар мөнгөн медалийн болзол ханган аваргын төлөө Японы жүдоч Нацүми Цүнодатай хүч үзэн алтан медалийн эзэн болов.

Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү алтан медалийн төлөө БНСУ-ын жүдоч Ан Баултай хүч үзэн, нэг торгуулийн илүүгээр харамсалтай ялагдаж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Арам Григоряаныг ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө хүчээ сорьсон юм.

ОУХМ Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн 52 кг-д шигшээ барилдаанд аваргын алтан медалийн төлөө Японы Юта Абэтэй барилдах байсан ч бэритлийн улмаас дэвжээнд гаралгүй мөнгөн медалийн тавцанд зогслоо.

“Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эхний өдөр барилдсан манай 9 бөхөөс 3 жүдоч аваргын төлөө барилдаж нэг алт, 2 мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Сэтгэгдэл бичих