Сүүлийн хоногт батлагдсан халдварын 77 тохиолдлын 71 нь ойрын хавьтал байна

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 13,206 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 77 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,153 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.

Шинээр бүртгэгдсэн 77 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. 77 хүний 71 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Таван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарлаж авлаа.

Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.

Одоогоор 696 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 5 хүн байгаа.

Нэг дор олноороо цугларч баяр тэмдэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учир албан байгууллагууд олон хүнийг нэг дор цуглуулахаас зайлсхийж, баяр тэмдэглэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе" хэмээн ярилаа.

Улаанбаатар хотод “COVID-19” халдварын 20 голомт идэвхтэй байгаа тухай өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байсан юм. Нийслэлд коронавируст халдварын нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг тусгаарласан тухай ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “Нэг дор олон хүн цугларах нь халдвар авах маш том эрсдэл болдог. Иймээс хурал цуглаан хийх, баяр ёслол тэмдэглэх зэргээр албан байгууллагууд дотор орчинд олон хүнийг цуглуулахаас зайлсхийх нь зүйтэй. Энэ жил Мартын 8, Цэргийн баяр зэргийг хамт олон, найз нөхдөөрөө тэмдэглэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэй” гэдгийг мэдээллийн үеэр зөвлөлөө.

Өчигдөр илэрсэн халдварын эх үүсвэр нь тодорхойгүй таван хүний оршин суугаа байршил СХД-ийн 33, 35, 36 дугаар хороо, СБД-ийн хоёрдугаар хороо байгааг танилцуулсан юм.

Сэтгэгдэл бичих