"Аав зарна" гэх зарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгажээ

оруулсан Алсын Хараа

"Аав зарна" гэх зарын мөрөөр Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр зарын сонинд дээрх утга бүхий зар гарсан нь олон нийтийн сүлжээгээр тарсан.

Уг зар дээр "Тун удахгүй..." гэх бичиг байсан нь кино, контентын сурталчилгаа гэх таамаг төрүүлж буй ч ийм агуулгатай мэдээлэл тавьсан нь хууль бус үйлдэл аж.

Иймд тухайн зарын дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгаа гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэв.

Зар сурталчилгааны тухай хуулийн:

  • 6.5.7-д Айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг хориглоно,
  • 7.4.6-д Хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн сурталчилгааг ёс суртахуунд үлд нийцсэнд тооцно гэжээ.

Мөн тус хуулийн 7 зүйлд "Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна" гэж заасан бөгөөд 7.5-д (Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна) гэх заалтыг зөрчсөн, хэрэглэгчийн ухамсарт шууд бусаар нөлөөлөх зар сурталчилгааг далд зар сурталчилгаа гэж тооцно гэж тус тус заасан байна.

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн:

  • 8 дугаар зүйлийн 1.3-д Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашигласан ил буюу далд зар сурталчилгаа, мэдээлэл тараахыг хориглоно хэмээн заажээ.

Сэтгэгдэл бичих