Халдвартай нь батлагдсан 45 хүний гурвынх нь халдвар авсан голомтыг тогтоохоор ажиллаж байна

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 11,905 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 45 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 45 тохиолдлын 29 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, 13 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол гурван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,952 бүртгэгдсэнээс 2,299 буюу 78 хувь нь эдгэрсэн.

Одоогоор 638 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 9 хүн байгаа" гэв.

Дотоодын халдварыг танилцуулбал /2021.03.01/

  • Улаанбаатар хотод-2,107 /сүүлийн хоногт 45 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгальмаа мэдээлэв. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 2,952 тохиолдлоос 2,299 нь буюу 78 хувь нь эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар 638 хүн эмчилгээнд байна. Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 558
  • Хүндэвтэр 70
  • Хүнд 9
  • Маш хүнд 1 хүн байгаа юм. Түүнээс гадна өнөөдөр шинээр илэрсэн 45 тохиолдлыг дүүрэг тус бүрээр авч үзвэл,
  • Баянзүрх дүүрэгт-18
  • Баянгол дүүрэгт-9
  • Сүхбаатар дүүрэгт-2
  • Сонгинохайрхан дүүрэгт-6
  • Хан-Уул дүүрэгт-10 тохиолдол тус тус илэрчээ.

Сүүлийн үед голомтолж гараад буй халдваруудын ихэнх нь үйлдвэр, гутлын цех, хүнсний зах, худалдаа үйлчилгээний газруудад бүртгэгдэж байгааг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Тиймээс иргэд олон хүнтэй газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөхийг анхаарууллаа.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Дархлаажуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

Д.Нарангэрэл: Дархлаажуулалтын ажил өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаргагаас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 8,000 гаруй хүн вакцин хийлгэсэн. Эхний ээлжинд 16 байгууллагын ажилчдыг дархлаажуулалтад хамруулах ажил 12 хувьтай зохион байгуулагдаж байна.

- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилчид болох харилцагчдаа дархлаажуулах талаар мэдээлэл гараад буй. ЭМЯ тэдэнтэй хамтарч ажиллах уу?

Д.Нарангэрэл: ЭМЯ хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Дархлаажуулалтын хуульд заасны дагуу хувийн байгууллагууд вакцин оруулж ирж болно. Хуульд зааснаар сайн дурын дархлаажуулалт төлбөртэй байж болдог.

- Эх үүсвэр нь тогтоогдоогүй халдваруудын эх үүсвэрийг тогтоох ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

Ж.Байгалмаа: Сүүлийн гурав хоногт бүртгэгдсэн тохиолдлуудын эх үүсвэрийг олж тогтоосон.

Д.Нарангэрэл: Тандалт судалгаа нэлээн өргөн хүрээнд явагддаг. Богино хугацаанд буюу 24 цагийн дотор эх уурхайг нь олж тогтоогоод явдаг.

- Караокены газартай холбоотой халдвар гарсан гэх мэдээлэл байна. Хаана ямар караокед халдвар гарсан талаар мэдээлэл өгөөч?

Ж.Байгалмаа: Сүүлийн гурав хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд дотор караокетэй холбоотой тохиолдол байхгүй. Өчигдөр батлагдаж, тандалт судалгаа хийгдэж байгаа тохиолдлууд дунд мөн караокетэй холбоотой халдвар алга.

Сэтгэгдэл бичих