Хөл бөмбөгийн Үндэсний шигшээ баг хилийн чанадыг зорив

оруулсан Алсын Хараа

Хөл бөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт Япон, Киргиз, Тажикистан, Мьянмар улсуудтай багтсан манай үндэсний шигшээ багийнхан өчигдөр /2021.02.26/ хилийн чанадыг зорилоо.

МХБХ-ны удирдлагууд шигшээ багийн бүрэлдэхүүнтэй явахын өмнө уулзаж аян замдаа сайн явахыг хүссэн юм.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар: “ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давсан бид тэмцээнээ нэр төртэй үргэлжлүүлэн, амжилттай оролцоцгооё” хэмээн шигшээ багийнханд урам хайрлав. Түүнчлэн шигшээ багийг ахалж явах Ч.Мөнхзулд МХБХ-ны бэлгэ тэмдгийн дарцаг тугийг гардуулан өглөө.

МХБХ-ны Техникийн захирлын үүрэг гүйцэтгэгч, гавьяат тамирчин Б.Буман-Учрал шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалд Монгол улсын алтан соёмбот төрийн далбааг гардуулж, “Биднийг маш хариуцлагатай хоёр тоглолт хүлээж байна. Та бүхэн талбай дээр юу чаддагаа харуулаад, амжилт гаргаад ирээрэй” хэмээн захилаа.

Энэ үеэр Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Шигшээ багийн туслах дасгалжуулагч З.Баттулгад МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Баярмагнай үнэмлэх, тэмдгийг гардуулав.

Монголын шигшээ баг 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 23 хүртэл Турк улсад бэлтгэлээ базаан, 3 дугаар сарын 25-нд Тажикистан, 3 дугаар сарын 30-нд Японы шигшээ багтай тоглоод эх орондоо ирнэ. Сар гаруйн хугацааг хилийн чанадад өнгөрөөж, шигшээ баг, Монгол Улсын төлөө бүхнээ дайчлах нийт баг тамирчид, албаны нөхдөд МХБХ-ноос амжилт хүсч, аян зам нь өлзийтэй байхыг хүсэн ерөөлөө.

Шигшээ багийг дэмжигч Худалдаа хөгжлийн банк, G-Mobile, Ард даатгал компанийн хамт олонд баг тамирчид болон МХБХ-наас талархал илэрхийлж байсан юм.

Сэтгэгдэл бичих