Ажлын байрыг дэмжих зээл олгож эхэллээ

оруулсан Алсын Хараа

Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй олгож эхэллээ.

Энэ нь Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-г баталсны хүрээнд хийж байгаа ажил юм.

Тус зээлд хамрагдах аж ахуйн нэгж барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой. Мөн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд арилжааны банканд хүргүүлсэн материалд үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна.

Иймд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч тодорхойлолт авахаар төрийн байгууллагад хандах шаардлагагүйг ХХААХҮЯ-ны цахим сайтад мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих