"Файзер" компанитай ирэх долоо хоногт цахим хурал зохион байгуулна

оруулсан Алсын Хараа

Монгол Улс Файзерын вакциныг КОВАКС хөтөлбөрөөс гадна арилжааны шугамаар хүлээн авахаар хэлцэл хийж байгааг ГХЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр мэдээллээ. 

КОВАКС хөтөлбөр, Файзер компани, ЭМЯ-ны гурвалсан видео хурал ирэх долоо хоногт болж гэрээ хэлцэл хийхээр төлөвлөж байна. Ингэснээр, коронавирусний эсрэг 25 740 тун Файзерын вакциныг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс хүлээн авах юм. Энэхүү гэрээнд суурилж арилжааны шугамаар вакцин татан авах боломж нээгдэнэ гэдгийг мэдээллийн үеэр тодотголоо.

Дэлхий дахинд вакцины үйлдвэрлэлийн хүчин чадал, хүртээмж хүндрэлтэй байгаа ч Монгол Улсын вакцины ажлын баг төлөвлөгөө гарган аль болох түргэн хугацаанд вакцин татан авахаар ажиллаж байгааг онцоллоо.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Астразенека вакцин гуравдугаар сард багтаж 163-274 мянган тунгийн хооронд тогтоогдож орж ирнэ. Тус хөтөлбөрөөс ойрын хугацаанд тунгийн тоог тогтоож олон нийтэд мэдээлнэ хэмээн дурдаад, гэрээ хэлцлүүд хийгдэж, вакцин орж ирэх тов тодорхой болмогц дэлгэрэнгүй мэдээлнэ гэлээ.

Сэтгэгдэл бичих