“Facebook” Мьянмарын цэргийнхэнтэй холбоотой бүх хуудсыг хаажээ

оруулсан Алсын Хараа

/CNBC/. Мьянмарын цэргийнхэнтэй холбоотой бүх хуудсыг хаасан гэдгээ “Facebook” компани пүрэв гарагт мэдэгджээ.

“Мьянмарт энэ сарын 1-нээс хойш өрнөсөн үйл явдлуудыг харгалзан үзсэний дүнд “Татмадау” буюу Мьянмарын Зэвсэгт хүчнийг “Facebook”, “Instagram” нийгмийн сүлжээг хэрэглэхийг зөвшөөрөх нь маш өндөр эрсдэлтэй гэж бид үзсэн” гэж “Facebook” мэдэгджээ.

Мөн цэргийнхний хяналтад байдаг төрийн өмчит болон хэвлэл мэдээллийн компаниудыг хоёр нийгмийн сүлжээг хэрэглэхийг хориглож, армитай холбоотой арилжааны фирмүүдийн сурталчилгаа явуулах эрхийг хязгаарлажээ. Гэсэн хэдий ч энэхүү шийдвэр нь нэн чухал үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэндийн яам, Боловсролын яам зэрэг Засгийн газрын яамд, агентлагуудад хамааралгүй гэдгийг “Facebook” компани мэдэгдэлдээ дурджээ.

Мьянмарын цэргийнхэн хоёрдугаар сарын 1-нд Нобелийн шагналт Аун Сан Су Чи тэргүүтэй ардчилсан замаар сонгогдсон Засгийн газрын гишүүдийг баривчилж, засгийн эрхийг булаан авсан юм. Мөн цэргийнхэн өнгөрсөн онд болсон сонгуулийг будлиантай болсон гэж мэдэгдэж, нэг жилийн хугацаатай онц байдал зарласан билээ.

Энэхүү үйл явдлаас хойш Мьянмарын олон мянган иргэн цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагсаал цуглаан өрнүүлж байгаа юм. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, жагсаалын үеэр гурван жагсагч, нэг цагдаа амиа алджээ.

Сэтгэгдэл бичих