30 хүний шинжилгээнд халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 2,831 боллоо

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн хоногт 9,927 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 30 хүнд халдвар илэрсэн.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал 16 хүнээс халдвар илэрсэн. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ.

Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрсэн.

Халдварын нийт тохиолдлын тоо 2,831 бүртгэгдсэнээс 2,150 буюу 76 хувь нь эдгэрсэн" гэлээ.

Одоогоор 666 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

  • Маш хүнд 1,
  • хүнд 6,
  • хүндэвтэр 78,
  • хөнгөн 580 хүн байгаа аж.

Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд эхний долоо хоног 16 байгууллагын 14 мянга гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 4,926 хүн вакцин хийлгээд байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Эхний ээлжинд коронвирусийн халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж байгаа.  Ямар ч вакциныг хийлгэсний дараа бага хэмжээний урвал гардаг. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 21.5 хувьд зонхилон тохиолдож байгаа урвалуудыг танилцуулбал,

  • 186 хүнд халуурах,
  • 180 хүнд толгой өвдөх,
  • 102 хүнд тариулсан газар хөндүүрлэх,
  • 91 хүнд үе мөч өвдөх,
  • 86 хүнд ядрах, 69 хүнд бие арзайх,
  • 68 хүнд дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна.

Урвал илэрч байгаа нь тухайн хүний биед дархлаа тогтож байгаагийн шинж тэмдэг бөгөөд эдгээр шинж тэмдгүүд 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Дархлаажуулалтын ажлыг 39 цэгээр дамжуулан хийж байна. Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэд эхлээд эмчид үзүүлээд, вакцинаа хийлгэж, дараа нь 30 минут эмчийн ажиглалтад байгаа учраас бусад товлолын вакциныг бодвол хугацаа их зарцуулж байгаа" гэдгийг хэллээ.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Спутник-V вакциныг манай улсад оруулж ирэх талаар мэдээлэл гараад байна. Хэзээ орж ирэх талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

- Дэлхий дахинд 6 төрлийн вакциныг дархлаажуулалтад хэрэглэж байна. Үүний нэг болох Спутник-V вакциныг манай улсын Засгийн газрын шугамаар авч байгаа бөгөөд маргааш 10,000 хүн тун вакцин ирнэ.

- Манай улс өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг хэдэн төрлийн хэчнээн тун вакцин хүлээж аваад байна вэ?

- БНЭУ-д үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинаас 150 мянган хүн тун, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 300 мянган хүн тун Синофарм вакцин ирсэн байгаа.

- Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 56 мянган хүнийг эхний ээлжинд дархлаажуулалтад хамруулна гэсэн. Үүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд багтаж байгаа юу?

- Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 56 мянган хүн ажилладаг. Бүгдийг нь вакцинд хамруулна. Гэхдээ эхний ээлжинд вакциныхаа нөөц, хангамжид тааруулаад коронавируст халдвартай өвчтөнд тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг шууд өвчтөнтэй харьцдаг хүмүүсээ дархлаажуулах арга хэмжээг авч байгаа.

Бид гуравдугаар сарын 15-н гэхэд эдгээр хүмүүсээ дархлаажуулж дуусгахаар зорьж байна. Бусад товлолын дархлаажуулалтай харьцуулахад арай их хугацаа шаардаж байгаа. Учир нь нэг хүнд 30-40 минутыг зарцуулна. Мөн хүн хоорондын зай барина гээд хугацаа уртсах шалтгаанууд гарч байна.

Сэтгэгдэл бичих