Зэсийн үнэ 9000 ам.доллар давлаа

оруулсан Алсын Хараа

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Нью-Йоркийн “Comex” биржийн даваа гаргийн арилжааны явцад зэсийн үнэ нэг тонн 9 294 ам.долларт хүрч 3.49 хувиар өссөн байна.

Энэ нь 2011 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт бөгөөд тухайн үед Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 10 190 ам.долларт хүрч байв гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв.

Зэсийн фьючерс хэлцлийн үнэ 2020 оны гуравдугаар сараас эхлэн өсөж байгаа бөгөөд түүнээс хойш 101 хувиар нэмэгдчихээд байна. Хөрөнгө оруулагчид энэхүү металлын эрэлт огцом өснө гэж таамаглаад бооцоо тавьж байгаа аж. Коронавирусний хямралын дараа эдийн засаг сэргэхийн хамтаар зэсийн зах зээл дэх эрэлт нэмэгдэх ба цаашдаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан автомашинд шилжих үйл явц эрчимжихийн хэрээр улам өсөх болно. Учир нь, тэдгээрийг үйлдвэрлэхэд никель, зэс, лити болон бусад металл ихээр шаардагддаг.

Үүний зэрэгцээ зэсийн зах зээлд хомсдол үүсэх төлөвтэй байна. Эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор төдийгүй зарим үйлдвэрийн, ялангуяа Хятадад үйлдвэрлэлийн ашиг буурсантай холбоотойгоор нийлүүлэлт буурна. Ашиг буурч байгаа нь зарим томоохон үйлдвэр үйлдвэрлэлээ өсгөхөд хүргэж магадгүй гэж "Bloomberg" бичжээ.

"Зэсийн үнийг өсгөхөд нөлөөлсөн хүчин зүйлсийн жагсаалт маш урт байна. Хамгийн өөдрөг олон үйл явдлууд ойрын хэдэн сарын хугацаанд бодит байдал дээр болно. Тиймээс ойрын ирээдүйд зэсийн үнэ нэг тонн нь 10 мянган ам.долларт хүрнэ гэж бодож байна" гэж олон улсын санхүүгийн томоохон конгломератуудын нэг болох “Citigroup”-ийн Европ, Ойрхи Дорнод, Африкийн түүхий эдийн судалгааны газрын дарга Макс Лейтон хэлснийг “Bloomberg” онцолсон байна.

Хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк ч мөн зах зээл өснө гэж таамаглаж байна. 2021, 2022 онуудад зэсийн дундаж үнэ тогтмол өндөр байх төлөвтэй байна гэж тус банкны шинжээчид мэдэгджээ.

Тэдний тооцоолсноор, энэ онд зэсийн дундаж үнэ 8625 орчим ам.доллар байх бөгөөд 2022 онд тонн нь дунджаар 9 175 ам.доллар болж өснө. “Goldman Sachs”-ийн шинжээчид өмнө нь зэсийн үнэ нэг тонн нь 7500 ам.долларт хүрч өснө гэж таамаглаж байжээ.

Зочин-д хариулт үлдээх Cancel Reply