С.Энхболд: Хувийн хэвшлийнхэн өөрсдийн гэрээ, зааврын дагуу коронавирусийн вакцин оруулж ирж болно

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн эсрэг вакцинтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрбээр “Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирнэ. Засгийн газраас хүн амаа вакцинжуулах төсөвт 226 тэрбум төгрөгийг баталж, вакцинжуулалт болон вакцины агуулах, хадгалах, тээвэрлэх гээд бүх асуудлыг шийдвэрлэсэн. Дэлхий нийтэд вакцины үйлдвэрлэлт хязгаарлагдмал болсон. Үүнтэй холбоотойгоор бид эхнээсээ гэрээ хэлэлцээ хийсэн вакциныг татан авч, хадгалж нөөцлөхөөр төлөвлөн зохион байгуулж байна.

Ингээд маргаашаас эхлэн хувийн болон төрийн гэлтгүй эрүүл мэндийн салбарын бүх ажилтныг вакцинжуулж эхэлнэ. Бид ДЭМБ-ын гаргасан зөвлөмж, зааврын дагуу дархлаажуулалтыг эхлүүлэх бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр вакцинжуулалт хийгддэг гэдгийг хэлье. Манай улсад орж ирсэн AstraZeneca компанийн коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн 42 улс орон хэрэглэж буй. Дэлхий дахинд коронавирусийн эсрэг 230 нэр төрлийн вакцин туршилтад явж байна. Үүнээс 63 нь эмнэл зүйн туршилтад орсон бөгөөд ДЭМБ-ын зөвшөөрлийг авах шатандаа орж байгаа" гэв.

Мөн вакцинтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ ОХУ-аас эхний вакциныг ирэх долоо хоногт авчрахаар төлөвлөснөө хэллээ. Тэрбээр "ОХУ-аас ирэх долоо хоногт эхний вакциныг оруулж ирэхээр тохирсон. Дараагийн ээлжид 200-300 мянган тун авахаар захиалгаа өгсөн. Тээвэрлэлт, нислэгийн зохицуулалтыг шат дараатайгаар хийж байж дараагийн вакцинуудыг оруулж ирэх юм" гэв.

Манай улс хүн амаа коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар дархлаажуулахаар төлөвлөөд буй. Үүнд одоогоор ДЭМБ-аас баталгаажуулсан AstraZeneka, Pfizer зэрэг компанийн хоёр төрлийн вакцинаас гадна зөвшөөрлөө хүлээж буй ОХУ, БНХАУ-ын вакцин багтаж байгаа аж.

"Хувийн хэвшлийн байгууллагууд хэрвээ вакциныг оруулж ирвэл хэдэн төгрөгөөр вакцин хийх боломжтой вэ. Үүнд хариулт өгөхгүй юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулав. "Хувийн хэвшлийн байгууллагууд вакцин хийх тал дээр  төлбөрийн тодорхой тогтсон зааг байхгүй. Тухайн компаниуд тухайн үйлдвэрлэгч оронтой ямар журмаар гэрээ хэлэлцээ хийж байгааг бид хянах боломжгүй. Засгийн газраас ямартай ч хүн амынхаа 60 хувийг үнэ төлбөргүй вакцинжуулна. Гэхдээ мэдээж хувийн хэвшилд боломжийг нь олгоно, хамтран ажиллана. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн өөрсдийн гэрээ журам, зааврын дагуу вакциныг оруулж ирж болно. Үүнд Засгийн газар нээлттэй байгаа" гэв.

ОХУ-ын Спутник V болон БНХАУ-ын Сенофарм компанийн вакцинд ДЭМБ удахгүй баталгаажуулж, зөвшөөрөл олгоно гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица хэллээ. Тэрбээр "ДЭМБ вакцинуудыг үр дүн болон чанарын хувьд магадлан нягталсны үр дүнд үнэлгээ өгч баталгаажуулдаг. Гэхдээ вакцинуудад чанарын баталгаа өгөхөд цаг хугацаа шаарддаг.

AstraZeneka болон Pfizer-ийн коронавирусийн эсрэг вакциныг ДЭМБ яаралтай горимын жагсаалтдаа бүртгэж, үр дүн болон чанарын хувьд хангалттай гэж үзсэн тул баталгаажуулсан. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн ажилтнууд болон бусад дархлаажуулалтын үйл ажиллагаанд дайчлагдан ажиллах хүмүүсийг хамгийн түрүүнд дархлаажуулах шаардлагатай. Вакцин нь тухайн хүнд өвчнөөс сэргийлэх зорилгоор бүтээгдсэн бэлдмэл гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин ОХУ-ын Спутник V болон БНХАУ-ын Сенофарм компанийн вакциныг ДЭМБ эмнэл зүйн туршилт судалгааны үр дүнг нь үнэлж, яаралтай горимоор баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байна. Ойрын хугацаанд баталгаажуулалтыг өгнө. Энэ тал дээр ДЭМБ маш нягт бөгөөд аль болох хурдан мэдээлэл солилцож ажиллах болно" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулт өглөө.

Олон улсад хэрэглэгдэж буй нэр бүхий үйлдвэрүүдийн бүтээсэн вакцинуудын дархлал тогтоох чадварууд өөр хоорондоо харилцан адилгүй байгаа тухай мэдээлэл гараад буй. Зарим вакцин вирусийн эсрэг 60-70 хувь, зарим нь 95 хувийн дархлаа тогтоодог хэмээж байгаа тул ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Д.Тэмүүлэн сүүлийн үед хийгдсэн судалгаанд тулгуурлан мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа хариуцсан дэд захирал Э.Тэмүүлэн "Вакциныг бүтээхдээ эмнэл зүйн өмнөх болон эмнэл зүйн гурван шатны туршилтад оруулдаг. Эмнэл зүйн өмнөх шат нь амьтад дээр хийх лабораторийн туршилт. Үүний дараа эмнэл зүйн туршилтыг гурван үе шатаар хийнэ. Ингэхдээ аюулгүй байдал, тун хэмжээ гэх мэтчилэн бүх хүчин зүйлийг тооцдог. Эмнэл зүйн гурав дахь буюу сүүлийн шатанд вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүсийн хоорондох өвчлөлийн түвшний ялгааг харьцуулж харна. Дархлал тогтоох чадварын тухайд коронавирусийн мутацид орсон хувилбарууд дээр илүүтэй яригдаж байна. Жилийн хугацаанд эмнэл зүйн туршилтдаа орсон вакцинуудыг дахин мутацид орсон хувилбар дээр богино хугацаанд турших боломжгүй. Иймд өвчтөнүүдийн цусны ийлдсээс шинжилгээ авч, эсрэг бие хэр их үйлдвэрлэж байгааг үзсэн. Тухайбал, Өмнөд Африкт бүртгэгдсэн шинэ хувилбарын эсрэг AstraZeneca, Pfizer, Moderna зэрэг компанийн үйлдвэрлэсэн вакцинууд дархлаа тогтоож, эсрэг биет үүсгэх чадвар нь буурсан тухай судалгаа бий" гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр "Та бүхэн эмнэл зүйн үе шатуудаа давж, аюулгүй гэдэг нь батлагдсанаар дэлхий дахинд хэрэглэж буй вакцинуудыг вирусийн хувилбаруудаас шалтгаалан эсвэл нэг нь муу, нөгөө нь сайн гэх мэтээр харьцуулах нь учир дутагдалтай. Одоогоор хийгдсэн судалгаануудаас харахад эдгээр вакцинууд нь ижил хэмжээнд дархлал тогтоох чадвартай байгаа" гэв.

"ШИНЭ ХУВИЛБАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ ҮЙЛЧЛЭЛ НЬ БУУРСАН ТУЛ ӨАБНУ ASTRAZENECA ВАКЦИНЫГ ДАРХЛААЖУУЛАЛТДАА ХЭРЭГЛЭХЭЭ ЗОГСООСОН"

"Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс нэг сая тун AstraZeneca вакциныг буцаасан гэх мэдээлэл гарсан. Үүнийг шалтгаан юу вэ" гэх асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа хариуцсан дэд захирал Э.Тэмүүлэн хариулахдаа "Дэлхий дахинд коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар бүртгэгдэж байгаа нь бүх хүний санааг зовоож байгаа.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар гарч, тархсан. Тус улс AstraZeneca вакцинаар иргэдээ дархлаажуулж байсан хэдий ч шинэ хувилбарын эсрэг тухайн вакцины үйлчлэлийн үр дүн буурсан. Иймд дархлаажуулалтдаа AstraZeneca вакциныг хэрэглэхээ зогсоож, хөрш орнууддаа өгөөд байгаа.

Мөн нэг зүйлийг тодотгоход үр дүн тааруу байгаа гэдэг нь ямар ч үр дүнгүй гэсэн үг биш. Уг вакцин нь өвчлөл хүндрэх, нас барахаас сэргийлж байгаа нь ажиглагдсан. Манай улсад Өмнөд Африкийн хувилбар орж ирээгүй" гэлээ.

Сэтгэгдэл бичих