Гуравдугаар сарын 01 хүртэл орон нутаг руу гарах, орох хөдөлгөөн, нийтийн тээврийг хязгаарласан

оруулсан Алсын Хараа

Хөл хорионы дэглэм дууссанаар, аж ахуйн нэгжүүдийн мөрдөх журмыг УОК-оос өнөөдөр танилцуулав. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Дархлаажуулах ажил маргаашаас эхэлнэ. Эмч, мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэсэн бэ?

-Ц.Ганзориг: БНЭУ-д вакцинжуулах ажилтай холбогдуулан 150 эмч, эмнэлгийн ажилтныг өнгөрсөн хугацаанд цахим сургалтад хамруулж дууссан. Маргаашаас улс орон даяар эмч, эмнэлгийн ажилчдыг вакцинд хамруулж эхэлнэ. Тусгай зүү, тариур бэлэн. Эрүүл мэндийн салбарт хувийн болон төрийн 50 мянган ажилтан, албан хаагч бий. Тэдгээрт 150 мянган тунг нэг хүнд хоёр гэж тооцвол 75 мянган хүнд хүрэлцээтэй.

-Бид эрсдэлтэй үеэ даван туулсан гэж үзэх үү. Эсвэл эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаагаас хөл хориог сулруулж байгаа юу?

-Ц.Ганзориг: Дэлхий нийтээр коронавируст цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан эрүүл мэнд, эдийн засгаа нэгт тавьж байна. Засгийн газрын бодлого, 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэнд, эдийн засгаа нэгт тавьж ажиллана. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд, халдвар хамгааллын дэглэмээ баримталж байсан туршлага бий. Тиймээс энэ сарын 23-наас халдвар 100 хувь устсан гэсэн үг огт биш. Эрсдэл байгаа. "Нэг хаалга -нэг шинжилгээ"-ний хүрээнд, халдвартай байсан 102 хүнийг тогтоогоод байна. Хөл хорио тогтоогоогүй байсан бол цаашид 1000-2000 хүн халдвар авч эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэл үүсэх байсан. Тиймээс халдварын голомтыг хяналтдаа авахын зэрэгцээ дархлаажуулах ажил шат дараатай эхэлж байгаа тул эдийн засгаа дэмжихийн тулд амны хаалтаа тогтмол зүүж, хоорондын зайгаа барьж, шинэ нийтлэг түр журмыг дагаж ажил амьдралаа хэвийн явуулж болно.

-Нийслэлээс орон нутаг руу гарах, орох хөдөлгөөнийг хэзээ нээх вэ?

-Ц.Ганзориг: Гуравдугаар сарын 1 хүртэл орон нутаг руу гарах орох буюу хот хоорондын хөдөлгөөн, нийтийн тээврийг хязгаарласан. Хүндэтгэх шалтгаантай иргэнийг PCR шинжилгээний бичигт үндэслэн товчоогоор нэвтрүүлнэ. Ингэж хязгаарласан нь голомттой бүсийн нууц үеийн хугацааг тооцсон.

-Маргааш ажил эхлэх ч халдвар гарсан, хязгаарлалтад байгаа байр, гудамжны иргэн яах вэ?

-Хороо, дүүрэгт хавьтал нэмж бүртгэгдэж байгаа бүсүүдийг дүүргийн Онцгой комисс, болон НОК-ын дарга зарлаж байгаа. Энэ сарын 23-наас хойш аль байршилд хэрхэн хэсэгчлэн хязгаарлалт тогтоохыг удахгүй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар удахгүй мэдээлнэ. Халдвар илэрсэн байршилд хариу нь сөрөг гарсан айлыг аль болох хэвийн амьдрал руу шилжүүлэх зарчим баримтална.

-"Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр төлөвлөгөөнөөс илүү шинжилгээ авсан. Нэмэлт санхүүг хаанаас гаргасан бэ?

-Статистик мэдээгээр, нийслэлд 411 мянган өрх байна. Хаягаа өөрчлөөгүй, албан ёсны хаяггүй болон зарим айлаас нэгээс илүү гишүүн шинжилгээ өгснөөр төлөвлөсөн тооноос илүү гарсан. Өнөөдрийн байдлаар, 500 мянган хүнээс PCR шинжилгээ аваад байна. Маргааш тоон мэдээллийг урьдчилсан байдлаар нэгтгэж мэдээлэхээр, Шадар сайдын байгуулсан ажлын баг ажиллаж байна. Төлөвлөгөөнөөс 100 мянган шинжилгээ илүү авсан ч эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг ханган өнгөрсөн хугацаанд PCR сорьц авах хүчин чадлыг бэлдсэн байсан.

-Тамхины иш, хэрэглэсэн амны хаалтны хаягдалтай холбоотой асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?

-Л.Эрдэнэчулуун: Амны  хаалт бол халдвар тараах гол хэрэгсэл. Тиймээс амны хаалтыг ДЭМБ болон ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу эмнэлгийн хог хаягдал гэж үзээд стандартын дагуу тээвэрлэж, устгах ажил явагдаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага хөндлөнгөөс хянан шалгаж байна.

-Аж ахуйн нэгжүүд маргааш 06.00 цагаас үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэлээ хангаж чадсан уу?

-Л.Эрдэнэчулуун: Улаанбаатар хотын хэмжээнд 7000 орчим хүнсний дэлгүүр, супермаркет хөл хорионы үед ажиллаж байсан. Мөн хүнсний үйлдвэрлэлийн газар гээд 10 мянган аж ахуйн нэгж ажиллаж байсан бол, маргаашаас 30 мянгаар нэмэгдэнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүх салбарт эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахих, ажил эхлэхээс өмнө юуг анхаарах талаар өдөр тутамдаа баримтлах үндсэн чиг үүргийг нь аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Тиймээс  аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ сахих бэлтгэлтэй байгаа.

-Суурин болон явуулын цэгт зөрчил дутагдал гарсан. Мэргэжлийн хяналтын байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ?

- Л.Эрдэнэчулуун: "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын 600 байцаагч нийслэлийн зургаан дүүрэгт явуулын болон суурин цэгт ажилласан. Зөрчил дутагдал гарсан. Тодруулбал, бүдүүн бамбар хэрэглэснээр хамрын салст гэмтээж цус гаргах асуудал гарсан. Хоёр дахь асуудал нь, явуулын автобусанд халдваргүйтгэл хийхгүй, аюултай хог хаягдлыг цаг хугацаанд нь тээвэрлэхгүй, аюултай хог тээвэрлэх шар тор нь дутуу, шинжилгээ авч байгаа эмч, ажилтнууд энгэрийн тэмдэггүй, нүүрний хаалтгүй, амны хаалтаа цаг тухайд нь сольдоггүй зөрчил илэрсэн. Энэ зөрчлийг ЭМЯ болон НЭМГ-т хүргүүлснээр, зөрчил арилсан. Явуулын цэг бүрт мэргэжлийн хяналтын 1-2 байцаагч хяналт тавьж ажиллана.

Сэтгэгдэл бичих