Хацү башёг 3 сумоч 5 даваатай тэргүүлж байна

оруулсан Алсын Хараа

Японы мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны тэмцээн Хацү башёгийн 5 дахь өдрийн барилдаанд Дайэйшёо /М-1/, Мэйсэи /М-7/, Акисэяама /М-16/ нарын 5 даваатай бөхчүүдийн араас 2 дугаар эгнээнд Озэки Шодай, Ичиножёо А.Ичинноров тэргүүтэй 5 сумоч тэднийг нэхэж явна.

Энэ өдрийн барилдаанд Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хокүтофүжи /М-1/-тэй барилдаж, ошидаши мэхээр давснаар 3 даваа, 2 унаатай байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Оношо /М-3/-той учраа таарч, түүнийг цүкиотоши мэхээр унагаснаар мөн 3 даваатай боллоо.

Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Тобизарюү /М-7/-г шитатанаге мэхээр хаяж 3 даваа, 2 унаатай байгаа бол Ичиножёо А.Ичинноров /М-12/, Шиманоүми /М-10/-г ошидаши мэхээр давж 4 даваа, нэг унаатай болов. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Акисэяама /М-16/-тай барилдаж, ёрикири мэхээр унаснаар ганц ч даваа авч чадаагүй башёг үргэлжлүүлж байна.

Макүүчи зиндааг тэргүүлэгч Озэки Шодай, Такарафүжи /М-2/-г ёрикири мэхээр давж 4 даваа, нэг унаатай байгаа бол дөрөв дараалан ойчсон Озэки Такакейшо, Котошохо /М-3/-г цүкиотоши мэхээр унагаснаар энэ башёгийн эхний даваагаа авлаа. Харин Озэки Асанояама Точиношин /М-3/-г ёрикири мэхээр хаяж 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Маргааш Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Дайэйшёо /М-1/-той, Тамаваши Б.Мөнх-Оргил, Сэкиваке Таканошотой, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Кагаяки /М-6/-тэй, Ичиножёо А.Ичинноров, Котоновака /М-15/-тэй, Хошёорюү С.Бямбасүрэн Нишигики /Жүрёо-7/-тэй тус тус барилдана.

Сэтгэгдэл бичих