Их зохиолч, билгүүн номч Б.Ринчений мэндэлсний 115 жилийн ой тохиож байна

оруулсан Алсын Хараа

XX зууны Монголын сэхээтэн, соён гэгээрүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлаач Еншөөбү Бямбын Ринчен 1905 оны 11 дүгээр сарын 21-нд Хиагтын Наймаа хот, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бул Сарай хэмээх нутагт эцэг Раднаажавын гэрт мэндэлжээ.

1922 оноос Ленинград хотноо Дорно Дахины дээд сургуульд суралцаж төгсөөд ЗХУ-д дээд боловсролтой болсон анхны монгол сэхээтний нэг билээ.

1942 оноос “Үнэн” сонины газарт 16 жил ажиллаж, 1958 онд Шинжлэх ухааны Хүрээлэн /хожим ШУА болсон/-д шилжин ажиллаж 1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич болжээ. 1956 онд БНУАУ-ын Шинжлэх ухааны академид монгол хэлний түүхэн зүйг судалсан бүтээлээрээ докторын зэргийг Монгол Улсаас анх удаа хамгаалж, 1970 онд Унгарын ШУА-ийн гишүүн болсон байна.

Тэрбээр Монгол хэлний судлал, угсаатан судлал, түүх, утга зохиол, орчуулгын талаар эрдэм шинжилгээ, судалгааны олон бүтээл туурвиж, гадаадын олон улсад хэвлүүлж хэдэн зуун өгүүлэл, сонины нийтлэл бичиж, дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг монгол хэлнээ хөрвүүлсэн юм.

Б. Ринчен “Цогт тайж” киногоороо 1945 онд Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг анх хүртэгчдийн нэг болж байсан ба 1946 онд БНМАУ-ын Төрийн шагналт цол хүртжээ.

Б.Ринчен бол Монголын ууган зохиолчдын нэг бөгөөд уран бүтээл нь олон сэдвээр, олон төрөл зүйлээр бичигдсэнээрээ онцлог юм. Түүний туурвисан "Үүрийн туяа" гурамсан роман нь түүх хувьсгалын сэдвээр бичсэн монголын анхны романы нэг болж Монгол оронд төдийгүй гадаад орнуудад өндөр үнэлэгдсэн байна. Б.Ринчен уран зохиолын орчуулгыг олон жилийн турш хийж А.Пушкин, А.Чехов, А.Горький, А.Толсгой, Н.Островский, Д.Фурманов, М.Шолохов, А.Мицкевич, Ю.Фучик зэрэг дэлхийн шилдэг зохиолчдын бүтээлээс олноор орчуулан хэвлүүлжээ.

Их зохиолч, дуун хөрвүүлэгч Б.Ринчен англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний сурах бичгийг зохиосон юм.

Академич Б.Ринчен монголын ард түмний соёлын өв уламжлалыг судлан сурталчилж, үндэснийхээ бичгийн хэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч “Монгол бичгийн хэлний зүй” дөрвөн боть угсаатны хэл зүйн лавлах ном зэрэг нь олон нийтийн оюун ухааныг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.

Сэтгэгдэл бичих