- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсрол” буланг хөтлөн явуулдаг билээ. “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасны дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-нд явуулахаар болов.

МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид (2024.04.25) улс төрийн намуудын төлөөлөлд сургалт, мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонгогчдод хүргэх болон сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ, мэдээлэл, хаягийг бүртгэж, тархалтыг бууруулах, устгах технологийн талаар МЕТА компанийн төлөөлөгчид сургалтын эхэнд танилцуулсан юм.

МЕТА компани сонгуулийн шударга байдлыг хангах зорилготой ажилладаг. Тиймээс хуурамч хаяг, худал мэдээллийг бүртгэж, тодорхой арга хэмжээ авдаг. Улсын Их Хурлын сонгуулийн үеэр цагийн зөрүү харгалзахгүйгээр, шуурхай ажиллана гэдгээ Ази номхон далайн бүсийн хөтөлбөрийн менежер  Кю Кю Тэн сургалтын үеэр онцлов.

Бодит бус мэдээллийг илрүүлэхдээ мэдээлэл нягтлагч гуравдагч байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд хуурамч мэдээллийг шалгаж устгах, тархалтыг хязгаарлах, ташаа мэдээлэл гэдгийг илтгэх шошго тавих зэрэг арга хэмжээ авдаг аж. Монгол Улсын тухайд Засгийн газар болон төрийн байгууллагаас хараат бус үйл ажиллагаа явуулдаг “Монголын баримт шалгах төв (Mongolian Fact Checking Center-MFCC)”-тэй хамтран ажилладаг талаар мэдээллээ. Түүнчлэн МЕТА компани Монгол Улс болон бусад улсад төлөөлөгчийн газар ажиллуулдаггүй, хараат бусаар ажилладаг гэдгээ тодотгосон юм.

Өөрийнхөө хаягаар, үнэн бодит мэдээллийг түгээх нь сурталчилгааны хамгийн зөв хэлбэр бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдгийг зөвлөлөө. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд МЕТА компанийн платформуудыг ашиглах боломжийн талаар мэдээлэл өгөв.

Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулсан уг сургалтад МЕТА компанийн Ази, Номхон далайн хөтөлбөрийн менежер Кю Кю Тэн, Хуурамч мэдээллийн бодлого хариуцсан менежер Алис Будисатрио, Мэдээллийн үнэн зөв байдал, стратегийн түншлэлийн хөгжил хариуцсан ажилтан Никол Хан, Түншлэлийн сүлжээ, Төв Азийн орнуудын бодлого хариуцсан менежер Аврора Ли нар мэдээлэл хийж, улс төрийн намуудын 70 гаруй гишүүн, цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сургалтын дараа Шүүхийн ерөн­хий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар шүүхийн хараат бус байдлын талаар улсын төрийн намуудын төлөөлөлд мэдээлэл хийв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 83 (7327)

Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Сүрнээгийн УЯНГА

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ. Ээлжит зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгыг урьж ярилцлаа. Тэрээр анх удаа манай сонинд дэлгэрэнгүй ярилаа.

 

-Анх хоёр жилийн өмнө тантай Ховдын TEDx-ийн тайзан дээр илтгэл тавихад уулзаж байлаа. Салбартаа хэн тод байна түүнд TEDx-ийн тайз хөшгөө нээдэг. Харин тэнд та уригдсан байсан? 

- Алс баруун хязгаар Ховд аймагт TED буюу дэлхийн оюунлаг тайзыг зассан нь олон залууст нүүр хагарах, яриа дэлгэх, нөхөрлөх, хамтдаа хөгжих боломжийг нээж өгсөн. Тэдгээр манлайлагч залуусын нэгээр намайг урьсанд талархаж хүлээж авсан л даа. TEDx ямар ч  улс төрийн агуулгагүй. Цэвэр оюуны хөрөнгө оруулалт гэдэг утгаараа надад таалагддаг.

Дэлхийн 150 орны 3000 гаруй хотод нэгэн зэрэг зохион байгуулагддаг TEDx тайзан дээр "Next Gen" уриалгын дор миний бие “Амьдрал жаргал миний өнцөг” сэдвээр баруун бүсийн залуустай санал бодлоо хуваалцаж урам өгөхийг зорьсон.

Ингэж ярихаар намайг Ховдынх юм болов уу бодож байгаа байх. Ээжийн тал Өмнөговь аймгийн Цогтцэцийгээс гаралтай. Багадаа цэцэрлэгт явах дургүй байсан учраас өвөөгийнхөө дэргэдээс холдоогүй, яг л өвөр дээр нь өссөн. Энэ дурсамж одоо ч санаанд минь тод байдаг. Мөн гэр бүлийн хүн маань уул уурхайн салбарт Цогтцэций суманд ажиллаж байна. Бид мэргэжил нэгтэй, нэг  салбарт хоёулаа ажилладаг. Ер нь л төрж өссөн цагаасаа хойш говьтой ойр явна даа. Дундуур нь гадагшаа сурсан, ажилласан хугацаа бий  ч ажил амьдрал маань говь нутгаас нэг их холдоогүй. Мэргэжлийнхээ онцлогоор сүүлийн жилүүдэд байсхийгээд говь руу давхиж байгаа нь ховор хувь тохиол мэт санагддаг шүү.

 

УДАМ ЗАЛГАСАН ГЕОЛОГИЧ САЙД

 

-Одоогоос 20 гаруй жилийн өмнө охид уул уурхай геологийн мэргэжлээр суралцах нь ховор байсан байх. Ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн гэхээр бүр олон жилийн өмнө эмэгтэйчүүд уул уурхайн салбарыг сонирхож байжээ?

-Ээж маань геологич мэргэжилтэй. “Та яагаад геологич юм болсон бэ” гэж асууна л даа. Ээж оюутан болсон үе гэхээр 30-40 жилийн өмнө шүү дээ. Ээжийг их сургуульд орох үед сурлагынх нь оноогоор жагсаадаг. Өндөр оноо авсан хүүхдүүдийг ээлжээр гадагш нь сургадаг байж л дээ. Тэгээд ээжид ОХУ-руу явж сурах боломж олдсон нь геологич мэргэжлээр Москвад Ломоносовын их сургуулийн хуваарь таарсан юм билээ. Сургуулийнхаа хуваарийг авахдаа ээж маань геологич мэргэжлийн талаар сайн мэдэхгүй л явсан гэдэг. Харин сураад эхэлсэн чинь уул уурхайн салбар сонирхолтой санагдсан гэж ярьдаг. Тэр хэрээр ч Ломоносовын их сургууль маш сайн мэргэжилтнүүдийг бэлтгэсний нэг нь манай ээж байж таарсан. Намайг анх оюутан болоход ээж ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуульд багшилж байлаа. Миний хувьд багаасаа л ээжийн ажил дээр очиж геологичдын дунд өссөн. Ээжийн найзууд геологич байсан болохоор магадгүй эмэгтэй хүн уул уурхайн салбарт ажиллана гэдэг ойлголт төсөөлөл надад нэг их хол санагдаагүй байх. Геологийн төв лабораторийн байр, ШУТИС гээд ээжийг дагаж ажил дээр нь очихдоо гал цогтой мундаг геологич эмэгтэйчүүдийн дунд  ихэнх цагаа өнгөрүүлнэ. Уйдсан үедээ янз бүрийн зүйл сонирхож туршиж үзнэ. Тэр дундаас байгалийн чулуу өнгө өнгөөрөө ялгарч харагддаг нарийн мэргэжлийн багаж болох микроскопоор харах их дуртай байсан. Өөрөөр хэлбэл, өнгө нь асаж унтардаг болон бусад шинж чанараар нь ямар эрдэс вэ гэдгийг таньж болдог. Мөн геологийн зургийг нимгэхэн цаасан дээр хэвлээд өнгийн харандаагаар будах үед бөөрөнхий болгоныг нь улаан харандаагаар будаарай гээд бэлтгээд өгчихнө. Тухайн үед ойлгоогүй ч одоо бодоход цагариган хэлбэр үүсгэдэг тэр улаан чулуу боржин чулуулаг байж. Боржинг Богд уулыг үүсгэдэг гэдгээр нь хүмүүс мэднэ дээ. Ингэж л ээжийн маань жижигхэн хэрнээ хорвоо ертөнцийг алган дээр маань дэлгэж харуулдаг байсан тэр өрөөнд миний геологийн салбарыг сонирхох эхлэл тавигдаж байж гэж талархан боддог. Тиймдээ ч ээжийн мэргэжлийг өвлөж уул уурхайн чиглэлээр суралцахаас татгалзаагүй. Мөн гадагшаа явж сурах зорилго, хүсэл сонирхолтой маань нийцэж байсан болохоор эрдэс баялгийн салбарыг сонгосон. Нөгөө талаасаа гадаадад суралцах, мэргэжил дээшлүүлэх боломж олгосон гэж хэлж болно. Хэдийгээр сүүлд ойлгосон ч эрдэс баялгийн чиглэлээр ээжийн маань өрөө дүүрэн ном надад ирэх, бүгдийг нь уншиж судлах боломж гарч ирсэн нь юугаар ч үнэлэшгүй үнэ цэнтэй мэдлэг байсан даа

ШУТИС-д анх нэгдүгээр курсын оюутан болоход манай анги 80-иад хүүхэдтэй байсны зургаа нь эмэгтэй. Хоёр нь хотоос байсан санагдаж байна. Тухайн үед голдуу аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөс гадна физик, газар зүйн шинжлэх ухаанд үнэхээр сонирхолтой бол уул уурхайн салбарыг сонгодог байсан л даа. Харин сүүлд сургуулиа төгсөж ирээд хичээл ороход ШУТИС-ийн нэг ангийн тал нь эмэгтэй оюутантай болсон байсан. Аргагүй уул уурхайн салбар тэсрэлт хийж байсан үе л дээ.

Миний хувьд мэргэжил сонгохдоо ч тэр эмэгтэй хүн уул уурхайн салбарт ажиллах нь хэвийн л зүйл болохоос онцгой содон ховор тохиолдол гэж бодогдож байгаагүй. Магадгүй геологич эмэгтэйчүүдийн хүрээлэл дунд өссөнтэй маань холбоотой байх. Нэг анзаарсан зүйл нь ээжийг хөдөө олон хоногоор ажилтай явахад аав биднийг хараад үлдэнэ. Хавар нь охиноо үнсээд намар уулздаг байлаа гэж ээж хэлдэг. Геологийн салбар ийм л онцлогтой. Энэ онцлогийг мэдэрч өссөн ч гэсэн хэцүү санагдаагүй. Аав маань механикийн инженер. Аав, ээж хоёр ОХУ-д сурч байхдаа танилцаж гэр бүл болсон гэж ярьдаг.

-Монголын говиос АНУ-д доктор хамгаалахаар урт замд гарчээ. Тэр дундаа Харвардад доктор хамгаалсан хоёр л эмэгтэй байдгийн нэг нь та шүү дээ. Холын замд бартаа саад их байв уу. Том гүрний зургаан жилийн докторын программ ч нэлээн “чанах” нь гарцаагүй?

-Улаанбаатарт “Ирээдүй” цогцолбор сургуульд сурч, их сургуулиа төгсөөд Монголдоо гадны хөрөнгө оруулалттай компанид зургаан жил гаруй ажилласан. Оюутан цагаасаа мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.

Анх оюутан болохдоо л гадагшаа явж сурахаар төлөвлөсөн. Энэ зорилгынхоо дагуу 2009 онд шалгалт өгөхөөр бэлтгэж эхлээд бүтэн жилийн дараа сургуульдаа тэнцээд явсан. Тухайн үед хоёр сартай хүүгээ Монголд үлдээгээд сурахаар явсан. Мэдээж амар байгаагүй ч нэгэнт зорьж багагүй хугацаанд бэлтгэж ирсэн учраас шийдвэр гаргасан нь Харвард. Хүүхэд маань нялх, сүүгээ байнга саахаас эхлээд хүүхдээсээ хэтэрхий хол байх хүнд туссан учраас дөрвөн сартай байхад нь буцаж ирээд аваад явсан. АНУ-д зургаан жилийн докторын программд нялх хүүхдээ асрангаа сурна гэдэг хэцүү. Гэхдээ боломжгүй зүйл биш л дээ. Манай тэнхимд надаас гадна Норвеги эмэгтэй хүүхэдтэйгээ ирсэн байсан. Норвеги улс аавд нь хүүхдээ харах цалинтай чөлөө олгодог учраас ямар ч асуудалгүй нөхөр нь хүүхдээ харах боломжтой залуу гэр бүлдээ ээлтэй бодлоготой юм билээ.

АНУ-д сурч байхад нэг зүйлийг анзаарсан нь ганц бие болон гэр бүлээрээ яваа хүмүүс ялгаатай. Доктортоо сурч судалгаа хийхээс эхлээд ачаалал өндөр. Дээр нь хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд багш нартай нь байсхийгээд очиж уулзах зэргээр судлах суралцах ажил ч мундахгүй. Өөрөөр хэлбэл, ачаалал хэд дахин нэмэгдэхээс гадна эргээд үүрэг хариуцлагаа ухамсарлах нь арай илүү юм уу. АНУ-д  цэцэрлэгээсээ эхлээд боловсрол эзэмших нь багагүй төлбөртэй. Харин Харвардад манай тэнхимд хүүхэдтэй хоёр л оюутан байсан болохоор сургуулиас дэмжээд хүүгийн маань цэцэрлэгийн төлбөрийг төлдөг байсан. Энэ нь манай гэр бүлд маш том дэмжлэг болсон. Сургуулиа ч амжилттай төгссөн.

Харвардад доктор хамгаалсан надаас гадна бас нэг эмэгтэй бий. Одоохондоо хоёр байгаа ч удахгүй илүү олон болох байх. Физик, хими, математик, байгалийн ухаан гээд олон чиглэлээр докторын программд тэнцчих юм бол төлбөрийг нь цаанаасаа хариуцдаг учраас манайхан гүрийж байгаад орох л хэрэгтэй гэж боддог.

Докторын программд маш өргөн хэмжээний судалгаа хийнэ. Нэлээн ч зовооно. Ихэнх улс орон 3-5 жил сургаж байхад АНУ зургаан жилээр докторын зэрэг хамгаалуулдгаараа алдартай. Зарим үед 7-8 жил “уях” ч тохиолдол байдаг юм билээ. Эхний хоёр жил суурь хичээлүүдээ давтаад судалгааны чиглэлээ  олно гэсэн үг. Гурав дахь жилээс мэргэжлийн шалгалтаа өгөх үед докторын зэрэг хамгаалуулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж суугаад хоёр жилийн хугацаанд сурсан мэдсэнээс гадна бүх талын асуулт асууна. Мэргэжлийн чиглэлээс тэс ондоо зүйл асуусан ч мэдэж байх ёстой гэж үздэг. Хөндлөнгөөс хүмүүс орж ирж суугаад асуух ч нээлттэй. Тэнцвэл дөрвөн жил сурах эрх нээгдэнэ гэсэн үг. Ер нь эхний хоёр жил толгой өндийх завгүй. Харин мэргэжлийнхээ шалгалтыг давчихвал хамгаална гэсэн агуулга руу шилжиж арай жаахан хөнгөрөх юм уу. Гэхдээ л сонгож судалсан сэдвээрээ дөрвөн жилийн дараа чиний сурч мэдсэнийг өөр хэн ч мэдэх ёсгүй гэсэн шаардлага тавьдаг. Бараг л багш нараасаа илүү мэдэх хэмжээнд очтолоо нухаж яг тэр чиглэлийн нарийн мэргэжилтэн гарч ирнэ.

-Таны дипломны сэдэв сонирхолтой санагдлаа. Газрын хэвлийг судлах нь судалгаа болоод ач холбогдол талаасаа шинжлэх ухаан, салбар, олон нийтийн хэмжээнд ямар өгөөжтэй вэ? 

-Миний судалгааны ажил бол бидний амьдарч байгаа буюу Төв Азийн гэгддэг газрын хэвлий хэзээ яаж үүсдэг вэ гэдгийг нарийвчлах юм. Газар байнгын хөдөлгөөнд оршдог. Тэр их хөдөлгөөний үр дүнд өнөөдөр бидний амьдарч буй газрын хэвлий бий болсон. Ер нь сууриа сайн мэдэж байж агуулгуудаа ойлгох ёстой гэдэг утгаараа нэлээн суурь шинжлэх ухаан талаас нь судалж мэдэхийг хичээсэн. Төв Азийн салбар онцлогтой. Хэзээ үүссэн бэ гэдгийг чухалчилж үздэг. Тухайлбал, газрын хэвлийг аль цаг үед үүссэнийг нь судлах, Казахстан, ОХУ, БНХАУ-д байгаа ижил төрлийн газар нутагтай харьцуулж үндэслэлийг нь гаргаж ирэх чиглэлээр голчлон ажилласан.

"Evolutionary geology" гэдгийг Геологийн хөгжлийн түүх гэж орчуулаад байдаг. Гэтэл зарим судлаач шинжлэх ухаан биш түүх юм биш үү гээд байдаг. Салбарынхны хувьд бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрхэн хөгжсөн бэ гэдгийг л тайлбарлах ёстой. Бидний амьдарч буй газар нутаг эквадорын бүс, уртраг өргөргийн байнгын хөдөлгөөнд байдаг. Харин тэр хөдөлгөөн бүрийг тайлах болгондоо Монголыг дандаа Сибирийн хажууд байрлуулдаг. Миний судалгааны үр дүнгээр бол Монгол Улс Сибирьтэй байнга хамт байгаагүй. Баруун хойд Хятад буюу Таримтай ойрхон хөгжиж ирсэн гэж үзсэн. Энэ их чухал тайлбар.

-Тэгэхээр өмнөх буюу Монгол Сибирьтэй наалдаж хөгжиж ирсэн гэдэг нээлт таны судалгаагаар бүрэн үгүйсгэгдсэн гэсэн үг үү?

-Хэсэгчлэн үгүйсгэгдсэн гэж ойлгож болно. Гэхдээ шинжлэх ухаан байнга сайжирч, шинэлэг ойлголт болгоныг ашиглаж байх ёстой. Ямар ч зүйл байсан судлах тусам өөр л байдаг. Өмнө нь судалж гаргаж ирж өөрсдийнхөө онолыг дэвшүүлсэн хүмүүст талархах хэрэгтэй. Тэр бүхнийг судалж байж дараагийн шинэлэг санаа, шинэ нээлт төрдөг.  Үүний үндсэн дээр шинэ санаа дэвшүүлээд нэг бол арай өөр шүү гэдгийг батална. Эсвэл зөв байжээ гэдгийг нотолно. Хөгжлийн нэг үе юм уу. Магадгүй техник технологи хөгжихийн хэрээр шинэ аргууд гарч геологичид огт өөр нүдээр харж тайлахыг үгүйсгэхгүй. Хэн нэгэн ямар нэгэн шинэ баталгаа гаргаж ирвэл түүнийг үгүйсгэхээс илүү бодож үзэх л учиртай.

 

Ажлын зарчим: ХУГАЦАА, ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭЛ

Блиц

УУХҮ-ийн дэд сайд Болдын Уянга

Боловсрол:

2001-2003 онд: АНУ, Вотертаун ахлах сургууль

2003-2007 онд: Шинжлэх ухаан технологийн их сургууль, Геологи, газрын тосны сургууль, Бакалавр

2009-2010 онд: Шинжлэх ухаан технологийн их сургууль, Геологи, газрын тосны сургууль, Магистр

2016 онд: АНУ, Харвардын их сургууль, PhD

 

Ажлын туршлага:

2020 онд: Үндэсний геологийн албаны дэд дарга

2022 онд: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга

2023 онд: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх

2024 онд: Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд

-Харвардад доктор хамгаалчихаад Токиогийн их сургуульд судлаачаар ажилласан гэхээр бараг арваад жил эрдмийн ажилд төвлөрчээ. Дэлхийн топ сургуулиудаас өөртөө суулгасан судалгааны арга барил юу байв?

-Мэргэжлээрээ ажиллахад хэзээ ч оройтохгүй гэж боддог. Тиймдээ ч АНУ-д докторын зэргээ хамгаалчихаад үргэлжлүүлээд Японд Токиогийн их сургуульд  хоёр жил гаруй судлаачаар ажиллалаа. Ер нь гадаадад ажиллаж амьдрахаар яах аргагүй сонголтын өмнө тулж ирдэг юм билээ. Миний хувьд үргэлжлүүлээд гадны оронд туршлага хуримтлуулж болох ч гэр бүлийнхээ хүний саналыг дагаад эх орондоо ирсэн. Энэ нь ч  бидний хувьд зөв сонголт болсон. Ер одоо гэр бүлээрээ Монголдоо ажиллаж амьдарч байна.

Судалгааны арга барил олон янз л даа. Миний хувьд хамгийн үр дүнтэй санагддаг судалгааны арга барил бол тууштай хөдөлмөрлөх.

-АНУ, Японы боловсролын системийг ажиглахад манай улс нэвтрүүлээсэй гэж бодсон зүйл олон байсан нь лав. Ер нь ажил амьдралын туршлага, академик боловсролоос та ямар арга барил, ажлын зарчим, ур чадварыг олж авсан бэ? 

-Сайн багшийг дагаж сайн оюутан бий болдог. Сайн багш сайн сургуульд л ирнэ шүү дээ. Чанартай боловсрол олгоё гэвэл сургуулиудыг бодлогоор дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй. Дэд бүтцийг нь шийдэж өгөөд сайн багш нарыг татах ёстой. Энэ үед хүссэн хүсээгүй оюутнууд ирнэ. Үр дүнд нь сайн боловсон хүчин бэлтгэнэ. Хаана хэзээ ч чадвар, чанарын асуудал яригдаж байвал сайн гэдэг тодорхойлолтод нийцэх болов уу гэж боддог.

Миний хувьд бакалаврын боловсрол, магистраа ШУТИС-д хамгаалсан. Хоёуланд нь улаан дипломтой төгсөж байлаа. Ер нь Монголдоо суурь боловсрол эзэмшиж багш, шавийн харилцаатай байна гэдэг эх орондоо эргэж ирэх бас нэг шалтгаан болдог гэж боддог. Гадаадад байхдаа ШУТИС төгссөн болохоороо ч тэр үү монгол оюутнуудаа дадлагажуулах чин хүсэлтэй байсан. Тиймээс өөрийнхөө сурах зургаан жилийн хугацаанд жил бүр 2-3 оюутныг шалгаруулж хээрийн ажилд дадлагажигчаар авч явна. Өвлийн амралтаар нь АНУ-руу 1-2 сар бас дадлага хийлгэдэг байлаа. Оюутнуудад дадлага их чухал тул өсөж хөгжихөд дэм болсон байх гэж найддаг. Японд байхад бас нэг туршлагаа үргэлжлүүлсэн. Цаашдаа ч тогтмолжуулна.

Миний ажлын зарчим бол хийнэ гэснээ хугацаанд нь амжуулж байж санаа амардаг. Мөн асуудал үүссэн бол заавал шийдлийг нь олно. Оновчтой шийдэл хайж зорилгодоо хүрэхийн тулд ямар зүтгэл гаргах нь миний асуудал.  Хойшлуулах, худал ярих, шалтаг тоочихыг тэвчдэггүй. Байж болохгүй зүйл гэж боддог.

Хэлснээ хугацаанд нь хийхээс гадна чанартай гүйцэтгэл чухал. Тиймээс өөртөө тавьдаг шаардлагаа өрөөл бусдаас нэхэх гээд байдаг талтай. Энэ ажлыг маргааш чамаас асууя гэж хэлсэн бол яг л хэлсэн цагтаа асуудаг учраас бусдад ч хэвшил болох болов уу. Хүн нэг, хоёр удаа амжихгүй байлаа гэхэд гурав дахь удаагаа арай өөрөөр хандана. Хэлсэн л бол хугацаандаа асуудаг шүү гээд дараа дараагийн удаад амжуулдаг, хугацаандаа хийдэг болдог. Тиймээс энэ бол чухал чадвар гэж боддог.

-Геологи, уул уурхайн салбарт газрын даргаас эхлээд удирдах албан тушаалд тасралтгүй 4-5 жил ажиллалаа. Гол онцлог нь мэргэжлийн буюу доктор сайдтай боллоо гэж олон нийт харж байна. Энэ хугацаанд илүүтэй тогтолцооны гажуудлыг олж харсан засахыг хичээсэн зүйлс хэр байв?

-Хувийн хэвшилд ажиллаад явах боломжтой ч төрийн албанд орох боломж бүрдэж, шийдвэр гаргасан маань зөв алхам болжээ гэж хардаг. Үндэсний геологийн албаны дэд дарга, УУХҮ-ийн яамны Геологийн бодлогын газрын дарга, сайдын зөвлөхийн хариуцлагатай, нэр төртэй албыг хашсан. Зарим үед хэдийгээр болж бүтэхгүй зүйлс бий ч гэсэн монгол төрийн төлөө зүтгэнэ гэдэг үнэхээр баярлууштай.

Төрийн байгууллагад ирээд бүх зүйлд, алхам тутамд баг, хамт олон хичнээн чухал, үнэ цэнтэй гэдгийг илүү их ойлгож мэдэрч байна. Ганцаараа яваад хэзээ ч зөв шийдвэр гаргахгүй, амжилтад хүрэхгүй. Багаараа илүү хурдан урагшилна. Тэр тусмаа багаараа нэг ойлголтыг өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хичээх юм бол болж бүтэхгүй зүйлс гэж хаана ч үгүй. Сайд газрын дарга нараасаа, газрын дарга мэргэжилтнээсээ хамааралтай ажилладаг. Түүнээс сайд дарга ер нь хэн ч байлаа гэсэн ганцаараа, би гэж яваад юу ч хийж бүтээхгүй. Төрийн албанд сайн баг бүрдэж чадах юм бол улс орны хөгжил ч урагшилна.

Төрийн албыг хүмүүс ад үзэх хандлага гаргадаг. Гэхдээ тэр хүмүүсийн хичээж байгааг, ямар ачаалалтай цаг наргүй ажиллаж байгааг тэр бүр мэдэхгүй. Ер нь шүүмжлэх шиг амархан зүйл үгүй. Харин тухайн хүний оронд өөрөө байсан бол ямар шийдвэр гаргах байсан, асуудлын шийдэл нь юу юм. Ямар нөхцөл байдал дунд шийдвэр гаргаж байгааг мэдэхгүй шүү дээ. Ер нь аливааг огт судалгаа шинжилгээгүйгээр шийдэх боломжгүй. Хамгийн гол нь төрийн байгууллагын аль ч ажилтан тухайн нөхцөл байдалдаа хамгийн сайнаараа шийдвэр гаргадаг байх. Би бол тэгэж л итгэдэг. Төрийн албан хаагчдаа шүүмжлэхээс илүү хамгаалах, итгэх ёстой гэж боддог.

Нөгөө талаас засах залруулахсан гэж олж харсан зүйлс бий л дээ. Хамгийн наад зах нь төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах, шуурхай байх хэрэгтэй. Цааснаас хараат, заавал бичиг цаас ирж очиж байж ажил урагшлах сул тал ажиглагддаг. Гэхдээ технологийн дэвшилтэй холбоотойгоор бага багаар засагдаж л байгаа байх. Энэ мэтээр олон асуудлууд цэгцрээд засагдаад яваа гэж бодож байна.

 

ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ЧИМЭЭГҮЙ УРАГШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

 

-Нийтээрээ үр өгөөжийг нь хүртэх томоохон төслүүд уул уурхайн салбарт цөөнгүй бий. Саяхан та Дорноговь яваад ирсэн. Монголчууд яг хэзээ газрын тос боловсруулах үйлдвэртэй болох вэ. Энэ асуулт сүүлийн 4-5 жил хариултаа нэхэж байна?

-Улсын хэмжээнд зургаан газар уул уурхайн салбарын төлөөлөгчийн газар нээгдсэний нэг нь Дорноговь. Мөн “Гэрэлт говь” , “Алтанширээт” гэх үйлдвэр технологийн паркууд тэнд баригдаж байна. Төлөөлөгчийн газрынхаа ажилтнуудыг чадавхжуулах ажил Дорноговь аймгаас эхлээд үргэлжлээд явна. Дорноговьд ажиллаж байхад нэг зүйлийг анзаарлаа. Иргэний нийгмийн төлөөллийнхөн ч хэлж байна лээ. Шинэ сэргэлт, аж үйлдвэржилт гэж яриад байгаагийн тод жишээ нь говьд байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн дөрвөн жилээр харах биш урт хугацаандаа хэрэгжих томоохон төслүүдийн үр шим мэдрэгдээд эхэлсэн байна. Газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд 2017 онд анх яригдаж яриа хэлэлцээ хийгдсээр дөрвөн жилийн дараа буюу 2021 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль батлагдсан байдаг. Дөрвөн багц том ажил эхэлж тендерийн бүтэлгүйтэл, цар тахлын нөхцөл байдлаас болж тодорхой хугацаа алдсан юм билээ. Одоо бол дөрвөн багц ажлын нэг нь бүрэн дууссан. Хоёр, гурав дахь эхэлсэн. Энэ намар хоёр дахь багц дуусахаар байгаа. Графикийн дагуу ажил нь үргэлжлээд яам хянаад явчих юм бол 2027 оны наймдугаар сард бид газрын тос боловсруулах үйлдвэртэй болно.Сүүлийн багц ажил эхэлчихвэл хүлээх л үлдэнэ. Гэтэл худал үнэн нь мэдэгдэхгүй эрүүл бус шүүмжлэл байсхийгээд гараад ирнэ. Харамсалтай нь хэн нэгний харлуулах, улстөржих сэдэв болчихсон. Энэ бүхэн сөргөөр нөлөөлж саад болно уу гэхээс сайн зүйл биш. Тэртээ тэргүй ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. Ер нь томоохон төслүүдийг чимээгүй орхичих хэрэгтэй. Байнга ярианы сэдэв болгож гаргаж ирэх хэрэггүй. Гацаахын нэмэр шүү дээ.

-Дараагийнх нь шатахуун. Салбарын удирдлагаар ирсэн хүмүүс шатахууны асуудалтай нүүр тулдаг. Улаанбаатарчууд явгардаг, хязгаарлалтад ордог байдал бараг жил болгон давтагдаж байна. Олон нийтийн эсэргүүцэл шүүмжлэл ч хүчтэй өрнөдөг. Энэ байдал хэзээ зогсох бол?

-Миний бие дэд сайдын хувиар Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хариуцан ажиллаж байна. Гэрээний төслөө хойд хөршөөс авсан. Одоо манай яамдуудаар тойрч байна. Санал авч дууссаны дараа Засгийн газрын хурлаар оруулж гарын үсэг зурах эрхээ авна. Гэрээний хамгийн гол заалт бол ямар ч нөхцөлд ОХУ Монголд тохиролцсон хэмжээгээр шатахуун нийлүүлнэ. Манай улс өөрсдийнхөө авах хэмжээг улирал тутам урьдчилан мэдэгдсэний дагуу хугацаанд нь төмөр замаар нийлүүлэх юм. Манай талаас саналаа тусгаад яамдын саналыг авч байна.

Өмнө нь хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгаагүй юм билээ. Хувийн хэвшлүүд маань Роснефть гээд тус улсын төрийн өмчийн компаниас авдаг байсан. Шатахууны тасалдал үүсэхээс сэргийлж яам оролцож хэлэлцээр хийж туслах маягаар аман байдлаар хамтарч ажилладаг байсан юм билээ.

-Тэгэхээр энэ гэрээ байгуу­лагдчихвал ОХУ-аас ямар нэг байдлаар шатахуун хязгаарлахгүй. Баталгааны бичиг болно гэсэн үг үү. Яг хэзээ байгуулна гэсэн хүлээлттэй байгаа вэ?

-Бид тэгэж найдаж байгаа. ОХУ дотоодын болон геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор эхний ээлжинд экспортоо хязгаарлахдаа Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудыг үлдээгээд бусдыг нь хоригт оруулсан. Манай улс Засгийн газар хоорондын гэрээгүй байсан болохоор хоригт орсон гэсэн үг. Тухайн үед бид амжилттай хэлэлцээр хийсний хүчинд 21 хоногийн дотор хоригоос гарч чадсан. Харин одоо гэрээгээ байгуулчихвал дахиад хорих хязгаарлах асуудал үүсэхгүй гэж итгэж байгаа. Ний нуугүй хэлэхэд удаан хугацааны турш олон удаагийн яриа хэлэлцээний ширээний ард сууж байж өнөөдрийн үр дүнд хүрсэн.

Гэрээ таван жилийн хугацаатай байгуулна. Тавдугаар сарын 1 гэхэд байгуулах юмсан гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

МОНГОЛ УЛС ХААНА ЮУ БАЙГААГАА ХАЙЖ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ

“Цэнхэр гараг”-ийг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргах ажлыг санаачилсан. Менделеевийн үелэх системийн аль элемент ямар эрдэст агуулагддаг. Манай дэлхийд ямар элементүүд харьяалагддагийг харуулахаас гадна элемент болгоныг хэн хэзээ нээсэн мэдээлэл нь бий. Өгүүлбэр болгон мэдлэг олгож байгаа учраас хими үзэж эхэлж байгаа дунд ангийнханд үнэхээр хэрэгтэй оюуны том хөрөнгө оруулалт болно гэж бодож албан ёсны эрхийг нь аваад орчуулга дээр нь салбарын мэргэжилтэнтэй хамтарч яг гардан суусан.

-Салбарынхаа хөгжлийн дараагийн шатыг юу гэж хардаг вэ. Уул уурхай бол хамгийн том потенциалтай салбар шүү дээ?

-Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт ихтэй металлууд дээр том тоглогч байх ёстой. Ашигт малтмалын хангалттай потенциал бидэнд бий. Үүнийгээ илүү сайн мэдэхийн тулд хайгуулын ажлаа л хийх ёстой. Эрэлт нь ихэсч байгаа зах зээлд тоглогч болох ирээдүй бий. Тухайлбал, онц чухал ашигт малтмалд зэс орж байгаа. Гэтэл зэсгүй технологи гэж алга. Монгол Улс зэсээр баян. Тиймээс эргэн тойронд өөр ямар орд байгааг хайх хэрэгтэй. Манай улсын нутаг дэвсгэрийн 76 хувийг ямар нэг байдлаар хайгуулын ажил хийхийг хориглосон. Тусгай хамгаалалттай, тусгай хэрэгцээтэй, урт нэртэй хууль, ойн сан бүхий газар нутаг гэсэн нэршлээр хорьчихсон. Харин оногдсон 24 хувийн дөрвөн хувьд нь л тусгай зөвшөөрөлтэй байх жишээтэй. Тэр дотроо ихэнх нь нэлээд олон жилийн өмнө олгогдсон А зөвшөөрөл буюу үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн үг.

Монгол Улс, салбарын яам нь Монголын нутаг дэвсгэрт хаана юу байгаагаа мэдэж байх хэрэгтэй. Гэтэл тэр боломжийг олгохгүйгээр хамгаалж буй нэрээр бүх талбайг авчихаад байна. Үүнийг буруу гэж хардаг. Ганцхан жишээ хэлэхэд, БНХАУ-д газрын тос олборлож байгаа төслүүд манай хилийн заагт тулчихсан байдаг. Энд хардалт бий. Шингэн ашигт малтмалыг хэвтээ байдлаар сорох боломжтой. Тиймээс хил рүү тулгаж байгаад манай баялгийг сорж байгааг мэдэхгүй. Үүнийг нягтлах ч боломжгүй. Бүх зүйл хаалттай. Ядаж хил дамнасан шингэн ашигт малтмал буюу манай улсын газрын тосноос сорж байгаа эсэхийг мэдэх хяналтын цооног тавих шаардлагатай. Датагаа гаргаж ирээд харах хэмжээний судалгаа шинжилгээтэй байх хэрэгтэй. Үгүй юм аа гэхэд хардлагаа тайлах ёстой. Хэрэв хилийн хоёр талд байх юм бол олборлож байгаа тал нь ашгаа хуваах тухай олон улсад гэрээний зохицуулалт бий. Тусгай хамгаалалттай газар нутаг ихэвчлэн хил дагаж л байдаг. Зүүн аймгууд тэр чигтээ бий. Мэргэжлийн байгууллагадаа итгэхэд болохгүй зүйл үгүй. Энэ мэтээр хардах сэрдэх, хаана юу байгаа, юу болж байгааг мэдэх шаардлага бий.

-Тусгай хамгаалалттай газруудыг ашиглах хэрэгтэй. Монгол орон хаана юу байгаагаа мэдэх, ядаж хяналтын цооног тавих ёстой гэдэг талаараа яам болоод таны хувьд оролдлого хийсэн үү?

-Тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал хайх асуудлыг хуулиараа УИХ шийднэ. Парламентын шийдвэр гараагүй тохиолдолд газрыг хөндөх хориотой. Уг нь гарц шийдэл байгаа ч хэрэгжих боломжгүй байна л даа.

Хүмүүсийг ойлгоосой гэж хүсэж байгаа зүйл бол хайгуул хийнэ гэдэг ухна, олборлоно гэсэн үг биш. Монгол орны хаана юу байгааг хайж мэдэх хэрэгтэй. Харин олборлох уу яах вэ гэдэг огт өөр түвшний асуудал. Зөвшөөрлөөс эхлээд маш их зүйл авна. Хайгуулаар орд оллоо гэхэд олборлуулахгүй байж боломж бий. Хамгаалалтад авчихаад хянаад байж болно. Энэ талаар манай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эхлээд харьяа газруудаас санал санаачилга гаргасан байдаг юм билээ. Харамсалтай нь эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хаших боломжгүй байна.

Мөн ус бол хамгийн чухал шингэн ашигт малтмал. Салбарын нарийвчлан судалдаг чулуулгийн хоосон орон зай, ан цавд ус агуулагдаж байдаг болохоор геологийн мэргэжлээр сурч байгаа хүн бүхэн усыг мэдэж байх ёстой. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 15 хувьд нь л газар доорх усны судалгаа хийгдсэн. Тэгэхээр үлдсэн хэсгийг нарийвчлан судлах шаардлагатай. Усыг уул уурхай биш хөдөө аж ахуйн салбарт хамгийн их хэрэглэдэг. Мөн бид газар доорх усныхаа 85 хувийг ойрын хугацаанд судалж мэдэж авах хэрэгтэй. Усгүйгээр юу ч хийхгүй. Тиймээс усаа судалж мэдэж байж цаашид олон жилийн концепц ярина.

-Үндэсний баялгийн сангийн хууль батлагдлаа. Ерөнхий зарчмыг нь хэрхэн харж байна вэ?

-Монголчууд баялагтаа эзэн болж сайхан амьдрах ёстой. Уул уурхайн салбар ил тод сайн засаглалтай явах ёстой. Яагаад гэвэл, АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг экспортолж, худалдаалж буй уул уурхайн бүтээгдэхүүн бүрээс авдаг. Тэр орлогоосоо сандаа хуримтлуулаад шаардлагатай төсөл хөтөлбөрөө санхүүжүүлээд явах нь зөв. Уул уурхайн салбарын засаглал сайн байх юм бол заавал тэр орд төрийн мэдэлд байснаараа ашигтай ажиллана гэсэн үг биш. Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч ашиглаж олборлож байгаа уурхай болгон нь хариуцлагатай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Үүнийг хянаж, шаардаад явахаас гадна гарч ирж байгаа ашигт малтмал нь худалдааны зарчмаар хэчнээн төгрөгөөр борлуулсан нь ил тод байх юм бол ямар ч хүндрэлгүй. Ашигт малтмал бол ашигтай үедээ ашигтай. Ашиггүй хэн ч тоохгүй үе бий. Тээвэр логистик, боомт талаас нь бүх түвшинд анхаараад өгвөл борлуулалтын орлогоосоо АМНАТ авч баялгийн сангаа бүрдүүлнэ. Түүнээс заавал төрд байснаар ашигтай ажиллана, орлого төвлөрүүлнэ гэж байж болохгүй.

-Таны ширээн дээр байгаа “Цэнхэр гараг” сонирхолтой санагдлаа. Ханын самбар юмуу гэж харагдлаа? 

-Би багаасаа химид сонирхолтой байсан. Хэрэв тэр үед надад үелэх системийг маш ойлгомжтойгоор багцалж энгийнээр тайлбарласан мэдээлэл байсан бол сурахад дөхөм, бүр илүү сонирхож судлах байсан биз. Энэ үүднээс  “Цэнхэр гараг”-ийг албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргах ажлыг санаачилсан. Менделеевийн үелэх системийн аль элемент ямар эрдэст  агуулагддаг. Манай дэлхийд ямар элементүүд харьяалагддагийг харуулахаас гадна элемент болгоныг хэн хэзээ нээсэн мэдээлэл нь бий. Өгүүлбэр болгон мэдлэг олгож байгаа учраас хими үзэж эхэлж байгаа дунд ангийнханд үнэхээр хэрэгтэй оюуны том хөрөнгө оруулалт болно гэж бодож албан ёсны эрхийг нь аваад орчуулга дээр нь салбарын мэргэжилтэнтэй хамтарч яг гардан суусан.  Цэвэр сонирхлоороо оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа учраас хэвлүүлэх талаас нь уул уурхайн компаниудаа уриалаад Монголын өнцөг булан бүрт байгаа сургуулиудын химийн танхимд үнэ төлбөргүй байршуулчих юмсан гэж зорьж байна. Том зорилгоо харвал хүүхдүүд химид сонирхолтой болж манай салбар руу боловсон хүчин орж ирнэ гэсэн найдлага тээж байна.

-Уул уурхайн салбар малчдад туслах хандив нэлээн өргөн хэмжээнд зохион байгуулж, уриалж байгаа харагдсан. Үр дүн хэр гарсан бэ. Мөн удахгүй Өмнөговьд эрдэс баялгийн эмэгтэйчүүдийн чуулган болох нь. Ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

- Уул уурхайн салбарынхан гамшгаас урьдчилан сэргийлэх аяныг урт хугацаанд өрнүүлж байна. Ер нь салбар урьд нь гамшгийн үед одоогийнх шиг өргөн хүрээнд нэгдэж уриалга гаргаж байгаагүй юм билээ. Тиймээс манлайлаад Монгол оронд, малчдад тулгамдаж буй байгаль цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор салбараараа нэгдэж тусалъя гэдэг уриалгыг мэргэжлийн зөвлөл, холбоодтойгоо хэлэлцэж байгаад хамтдаа нэгдээд явах нь илүү үр дүнтэй гэж харж “Байгалийн гамшгийн эсрэг баялаг бүтээгчид” уриалгыг гаргасан. Тун удахгүй явцын тайланг нэгтгэж нийтэд түгээнэ.

Хамгийн гол нь зөвхөн өвөл гэж харахаас илүү хаваржилт хүндрэх, шар усны аюул болох өндөр магадлалтай гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Урт хугацаандаа тогтвортой үргэлжлээд явах боломжтой гэж харж байгаа.

Эрдэс баялгийн салбарт 50 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 15 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.  Тиймээс Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний IV чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулган маань  уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж байгаа асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн өндөр ач холбогдолтой. Мөн уурхай бүрээс төлөөлөх таван уурхайчны гэргий ирж байгаа ба хамтаараа салбарын хөгжлийг ярилцахаар бэлтгэл хангагдсан байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 83 (7327)

Алтай дамнасан тогтвортой байдлынх шиг яриа хэлэлцээ ойр ойрхон болж байж хамтын ажиллагаа илүү бэхжинэ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

НҮБ-ын гишүүн 193 орны төрийн тэргүүнүүд 2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганы үеэр “Тогтвортой хөгжлийн зорилгууд” хөтөлбөрийг баталсан юм.

2030 он гэхэд уг хөтөлбөрийн 17 зорилго, 169 зорилтын хүрээнд дэлхийн улс орнууд өөрт тулгарсан саад бэрхшээлийг даван туулж, гарч болох эрсдлээс сэргийлэх, цаашид хөгжих бололцоог төгөлдөржүүлэхийн тулд хэнийг ч ардаа үл үлдээж, хамтдаа хүчин зүтгэх болсон билээ.

Урт хугацааны уг бодлогын баримт бичиг нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн үндсэн гурван хүчин зүйлд тулгуурлаж, эдгээр нь өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй байдгийг онцолсон. Дээрх зорилгуудын нэг "Энх тайван, шударга ёсыг бэхжүүлж цогцлоох" гэсэн 16 дахь зорилгын хүрээнд манай улсад “Алтай дамнасан Тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.

Чуулганд оролцогч гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгч, эрдэмтэн судлаач нар энэ удаагийн чуулганыг эх орондоо зохион байгуулж буй Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд үзүүлж буй хувь нэмэр, оролцорг нэлээн хөндөн онцолж байв. Энэ талаар УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, ХНХ-ын сайд Х.Булгантуяагаас тодрууллаа. Тэрбээр чуулганд “Хүмүүнлэг нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох нь” илтгэл тавьсан юм.

Уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, олон улсын хямралт байдал зэрэг сорилтууд нь хил хязгаар үл хамааран мэдрэгддэг тул улс орон бүр энэ бүхэнтэй тулгарч байна. Тиймээс Тогтвортой хөгжлийг зорилгуудыг хэрэгжүүлж, хүмүүнлэг нийгмийг цогцлоож тэгш, шударга байдлыг бий болгоход улс орон бүрийн хамтын оролцоо улам чухал болж байна гэдгийг илтгэлдээ онцолж байлаа.

-Манай улс Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлт, хэрэгжилтийн талаар НҮБ-д тайлагнасан. Энд Монгол Улс ямар ахиц гаргаж, ямар хувь нэмэр оруулав?

-Бид хоёр жил тутамд сайн дурын илтгэл, тайлангаа тавьдаг. Өнгөрсөн удаагийн тайлан илтгэлийг манай улс эрүүл мэндийн салбарын чиглэлээр тавьсан. Түүний өмнө агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулсан. Ер нь улс орнууд 2030 он гэхэд ТХЗ-уудын биелэлтээ нэгдсэн байдлаар тайлагнах үүрэг хүлээж байга.

Монгол Улсын хувьд НҮБ-ын идэвхтэй гишүүн орны нэг. НҮБ-ын дээд хэмжээний уулзалтуудад манай улсаас, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс аваад өндөр, дээд түвшинд манай улс байнга оролцдог, оролцож ирсэн.

Дэлхийн энхтайван байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд улс орнуудын манлайлал маш чухал. Үүнийг нэг улс хийхээс илүүтэйгээр бусад улс оронд манлайллаж оролцох, хамтын харилцаагаа бэхжүүлэх нь чухал юм. Гадаад харилцаа, хамтын ажиллагаан дээр өнөөдөр манай улсад болж байгаа шиг ийм уулзалт, ойлголцол ойр ойрхон байж л илүү сайн бэхждэг.

-Энэ удаагийн олон улсын чуулганы нэг зорилго нь улс орнууд хоорондоо сайн туршлагаа солилцож хуваалцахад оршиж байгаа. Манай улсын хувьд ямар туршлага байна вэ?

-Өнгөрсөн жилийн нэг тод жишээ бол Тогтвортой хөгжлийн зорилгын 5 буюу жендэрийн тэгш байдлыг хангах дээр ахиц гарсан. Манай улс анх удаа жендэр судлалын хөтөлбөр болон төвтэй болсон. Энэ чиглэлээ анх удаагийн магистртай боллоо. Жендэр гэдэг нь ганц эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөж байгаа юм биш.

Ер нь хэн нэгнийг, иргэн бүрийг хөгжлөөс хоцроохгүй хэмээн зорьж байгаа. Жишээ нь, манай улсын дээд боловсролд монгол эрэгтэйчүүдийн оролцоо бага байгаатай холбоотой асуудал ч гарч ирж байгаа. Хот, хөдөөд тэгш бус байдал, ялангуяа боловсролын тэгш бус байдал мөн нэлээд үүсээд байсан.

Төр, засгаас 2023 оны 7 дугаар сарын 1-нээс хөдөө, орон нутгийн төрийн албан хаагчдын нэмэгдлийг онцгой анхаарч нэмсэн. Төрийн үйлчилгээг сайжруулах, тэгш бус байдлыг арилгах боломжийг нээх үүднээс тэр. Энэ нь Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд УИХ, Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж буйн нэг том үзүүлэлт юм.

АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгийг хүлээн авав

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгийг хүлээн авлаа.

Энэхүү агаарын хөлөг нь хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолтгүй үйлдэх боломжтой. Дэлхийн хэмжээнд шууд үйлддэг холын зайн таван чиглэлийн нислэгийн гурвыг тус агаарын хөлгөөр үйлддэг. Өөрөөр хэлбэл, хөнгөн жинтэй, нэг суудалд зарцуулах түлшний хэмжээ В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хий төдий хэмжээгээр бууруулдаг. Нисгэгчийн бүхээг, тоноглолд дэвшилтэт технологийг илүүтэй шингээсэн зэрэг олон давуу талтай юм.

Тиймээс тус онгоцоор эхний ээлжинд Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэх ба цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.

Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Т.БАТСАЙХАН

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”,  6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тунхагласан.  Гэвч өнгөрсөн хугацаанд байгалийн баялаг ард түмний өмч биш тодорхой хувь нь хэсэг бүлэг хүмүүсийн гарт байсаар ирсэн нь нууц биш. Тиймдээ ч энэ хуулийн төсөл  улс төр, парламентын босго давж чадалгүй 10 гаруй жил яригдсан.  Дөнгөж батлагдаад байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн онцлох заалтуудыг хүргэе.

 

Дэлхийн баялаг ихтэй 49 улсад 156 төрлийн баялгийн сан үйл ажиллагаа явуулдаг. Бусад улс орнуудын хувьд том төслүүдээ санхүүжүүлэх, ирээдүйд хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах, иргэддээ бэлэн мөнгө хэлбэрээр тараах гээд олон хувилбараар ашигладаг.   Товчхондоо баялгийн сангийн тухай хууль нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. Уул уурхайн баялгаас зөвхөн нэг удаагийн ногдол ашиг болгож бэлэн мөнгө тараах зэргээр үр ашиггүй зарцуулахаас илүү томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, зөвхөн өнөөдөр уул уурхайн баялгаа ашиглаад дуусах бус ирээдүйн Монгол Улсын иргэдэд хүртээхийн тулд сан байгуулж, уул уурхайгаас орж ирэх мөнгийг хуримтлуулах ийм л зарчимтай хууль боллоо.

Баялгийн сангийн хууль батлагдсанаар гурван сан байгуулж, орлого төвлөрүүлнэ.

Ирээдүйн өв сан: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос бүрдэнэ.

Хөгжлийн сан: Уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгаас бүрдэнэ.

Хуримтлалын сан: Эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.Орлого төвлөрүүлэгч этгээд нь 100 хувь төрийн өмчит компани байх бөгөөд хувьцааг Засгийн газар эзэмшихээр зохицуулжээ. Энэ сангуудад төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн жилийн орлогоос тодорхой хувийг төвлөрүүлэхээр зохицуулсан. Үндэсний баялгийн сан зөвлөлтэй, түүнийг нь Ерөнхий сайд ахалж, төсвийн зарцуулалтыг УИХ-д тайлагнахаар болжээ.

Хуулийн төсөл хэлэлцэх үед нэг маргаан дагуулсан асуудал нь нэг гэр бүл стратегийн ордыг дангаараа эзэмших бус тэд бирж дээр нээлттэй компани болж, олон нийтэд нээлттэй компани болох заалт юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн ил тод байдал хангагдаж, эдийн засаг илүү их тэлэх боломжтой. Эдийн засаг 36 их наядаас 74 их наядад тэлсэн. 100 их наяд руу аваачих хэрэгтэй. Эдийн засагт ил тод байдал ирснээр энэ байдал ирж байгаа. Цаашид нэг гэр бүл стратегийн ордыг эзэмшихгүй. Үүнд хуулиар цэг тавьж, хязгаарлаж байгаа юм. Тэд бирж дээр нээлттэй компани байгуулж, олон улсын аудитаар байнга хянуулдаг болно. Ингэснээр ил тод байдал дээшилнэ. Өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хувийн татвар төлөх эрх зүйн орчин ч бүрдэж байна. 30 хувь гэдэг эхлэлийн том цэг. Бусад улс оронд 80 хүртэл хувийн татварын орчин тогтсон байдаг. Энэ хуулийг Цэц дээр унагахаар зэхэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий.  Монголын баялаг дээр эзэн суусан хэдэн хүн нэгдэх байх. Үүн дээр улс төрийн намууд сонор сэрэмжтэй байж, хуулийн төслөө хамгаалаасай гэж хүсэж байна. Далд эдийн засгаас авлига авч байгаа хүмүүс бий. Нууц данстай, түүнийгээ гоё нэрээр нэрлэсэн хүмүүс байгаа. Удахгүй ил болно. Цагийн аясаар бүх зүйл үнэн дээр очно. Мөнгөний ул мөр алга болохгүй. Ярвигтай маргаантай байсан ч парламентын гишүүд нам харгалзахгүйгээр хуулийн төслийг эцэслэн  баталж байна. Монгол Улсын хувьд маш том эргэлтийн цэг болж байна” гэдгийг тодотгосон.

 

Баялгийн сангийн хөрөнгийн зарцуулалт нь:

 

10.1.1. Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;

10.1.2. Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээг хангах;

10.1.3. Хөгжлийн сан нь нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэж заажээ.

Түүнчлэн,

10.2. Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна.

10.3. Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.

10.4. Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн Хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.

Уул уурхайн баялаг ашигласан цагаас эхлэн яригдсан баялгийн сангийн хууль ийн батлагдсанаар уул уурхайн баялгаас олон нийтийн хүртэх ашиг илүү хүртээмжтэй, өгөөжтэй байна гэж үзэж буй.

Ирээдүйн өв сан Норвегтой адилхан, “үржүүлэхийн хүрд”-ийн зарчмаар ажиллах нөхцөл энэ хуулиар нээгдэнэ. Нөгөө талаар Ирээдүйн өв сангийн хуримтлал валютаар хадгалагдахаар тусгасан. Валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг арвижуулах том боломж гарч ирж байна. Бүх иргэдэд хүртээмжтэй байхаар тусгаж.

Хуримтлалын санг Сингапурын жишгээр, суурь зарчимд нь тулгуурлаж боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд орон сууцжуулах ажлыг реформын хэмжээнд хийж чадаагүй. Шалтгаан нь эх үүсвэр нь үнэтэй байсантай холбоотой. Жилд дунджаар 500-700 тэрбум төгрөгийг ипотекийн хөтөлбөрт зарцуулдаг. Монголбанктай ярилцаад, хувийн хэвшилтэй хамтраад ажиллаж чадвал жил бүр нэг их наядаас давсан хөрөнгийг орон сууцны салбарт оруулах, улмаар хүүг нь өөрсдөө удирдах боломж энэ хуулиар бүрдэнэ.

Ийнхүү Стратегийн ордын 34 хувийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцжуулахад зарцуулдаг болж буйгаараа чухал хуультай болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7326)

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар “Ачит Ихт” компанитай холбоотой ажлын хэсэг байгуулагдаад нэг жил болсон. Хуралдаанд дүнгээ танилцуулж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т тодорхой чиглэлүүдийг өглөө. “Ачит Ихт” компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ эзэмших, хамгийн анхны буюу 2014 онд байгуулж байсан гэрээгээ биелүүлэх үүрэг чиглэл өглөө.

“Ачит Ихт” компани 2003 онд байгуулагдаад 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөд 2013 онд "Эрдэнэт" үйлдвэртэй анх гэрээ байгуулж овоолго ашиглах нөхцөл нь үүссэн. Улмаар 2014 онд байгуулсан гэрээгээр 34 хувийг нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ эзэмшихээр тохирсон. Харамсалтай нь 2015 онд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас гарсан ажлын хэсэг уг гэрээг дүгнээд "Эрдэнэт үйлдвэр"-т ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан байдаг. Тиймээс уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд “Ачит Ихт” компанийн нийт борлуулалтын орлого нь 535 орчим сая ам.доллар. Үйл ажиллагааны зардал нь маш бага. Учир нь, үүсмэл ордыг бий болгоход "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 500 орчим сая ам.доллар зарцуулсан. Тиймээс уг ордыг ашиглаад олсон орлого нь зүй ёсоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т тодорхой хувь нь очих ёстой.

Хоёрдугаарт, өнгөрсөн найман жилийн хугацаанд аваагүй ногдол ашгаа буцааж нэхэмжилнэ. Гуравдугаарт, үндсэн овоолгын ордыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 100 хувь эзэмших нь зөв гэж үзлээ" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү?

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлдлээ. Яг одоо бол намуудын жагсаалтад хэн хэн бичигдэх, аль тойрогт хэн хэн өрсөлдөх нь тодорхой болоогүй байна. Хуулиараа ийм юм. Гэсэн хэдий ч тойргоо, жагсаалтаа “чеклэж” авсан гэх горилогчдын нэр ус албан бусаар яригдаж л байна.

Энэ жил тойрог томорсноос уу, гишүүдийн тоо олон болсонтой холбоотой юу, нэр дэвшихийг хүсэгчид тойм алга. Хаа сайгүй улс орон, нутаг ус ярьсан “улстөрчид” хөлхөлдөж байна.

Ер нь бол энэ сонгуульд хэн хаана нэр дэвшихийг, эсвэл “жагсах”-ыг намын дарга нар л мэднэ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр нарт энэ эрх бий гэсэн үг. Магадгүй Үндсэн дүрмүүдэд нь өөр өөр зүйл заалт байж болох юм. Гэвч угаасаа улс төрийн нам гэдэг босоо тогтолцооны тод жишээ шүү дээ. Тэр утгаараа, ялангуяа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг намын дарга л шийддэг. Ингэж ирсэн.

Гэхдээ генсек нь намын даргад нэр дэвшигчдийг танилцуулдаг. Бас л тогтчихсон, уламжлалт шийдэл л дээ.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан, АН-ын генсек Э.Одбаяр нар энэ эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Д.Амарбаясгалан 2024 оны сонгуулийнхаа ерөнхий менежерээр ажиллана. Нам нь тийм шийд гаргасан. Бодвол Э.Одбаяр ч тэгж ажиллаж таарах биз.

Тэгэхээр тэд энэ сонгуулийн нэр дэвшилт дээр ямар байр суурьтай байгаа нь анхаарал татна.

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд “...МАН эхэлж тойргууд дээр судалгаа зохион байгуулаад, тавдугаар сарын 20-ний дотор багтаан долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулна. МАН -ын хувьд нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсч байна. Тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Тэр зарчмын дагуу явна. МАН аливаа шатны сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэхдээ эхний шалгуур нь тухайн тойргийн дэмжлэг авах, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавьж ажиллаж байгаа” гэсэн.

Харин АН-ын генсек Э.Одбаяр “…Нэр дэвшилт ярих хуулийн хугацаа болоогүй байна. УИХ-ын сонгуулийн хууль, СЕХ-ны гаргасан хуанлид бид захирагдаж ажиллах ёстой. Тэгэхээр нэр дэвшигч гэхээсээ илүү горилогчдынхоо саналыг сонсоод, ажиллаад явж байна. Энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдана. Ялангуяа хөдөө орон нутагт томсгосон тойргоор явна. Тэгэхээр багийн ажиллагаа маш чухал. Тавдугаар сарын сүүлээр хуульд заасан хугацаа нь болж, нэр дэвшигчид тодорно. Намын анхан, дунд шатандаа ажилласан байдал, хувийн рейтинг, багийн хамтын ажиллагааг голлож харгалзан үзнэ” гэж байна.

Хэдийгээр генсекүүд ингэж байгаа ч өдийд нэр дэвшигчдийн “хар зураг” тэдний ширээн дээр өрөгдөөд эхэлчихсэн л байгаа даа.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Б.ГАРЬД

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хоногийн турш Улаанбаатараас, Сан Францискогоос, сошиалаас “ярьцгааж” байна. Олон жил дуугүй явсан гэрч ч ам нээв. Энэ бүхний уг суурийг нь ухвал С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг хэмээх “төв”-тэйгээр баялгийн хуваарилалт, системийн авлигын асуудал хөндөгдөж буй юм байна.

Ер нь бол Эрдэнэтээс үүдэлтэй гацаад байсан Ерөнхий сайдын томилгоонд С.Зоригийн нэр орж ирснээр аминд нь хүрсэн байх магадлалтай болоод явчихлаа. Цаашлаад энэ хэргийг “хаах” зорилготой үйлдсэн Монгол Улс дахь хүний эрхийн зөрчил, тодруулбал эрүүдэн шүүсэн асуудал олон улсад гарч, “дэлхийн кэйс” ч болох бололтой дог.

Тэгэхээр эдгээрийг анх “Улаанбаатараас ярьсан” эрхэм “...С.Зориг үнэхээр Ерөнхий сайдад яригдаж байсан уу”, “...С.Зоригийг хөнөөсөн хэргийг нэр бүхий хүмүүст яагаад эрүүдэн шүүж хүлээлгэсэн бэ” гэдэг хоёр зүйлийг баталж нотлох үүргийг хүлээчих шиг боллоо.

Гэхдээ эхний асуудлыг нь гэрчлэхээр дор хаяж 10 гаруй хүн гарч ирсэн. Тодруулбал, С.Зоригийн сүүлчийн өдөр хотын төвийн нэгэн ресторанд дээрх тооны улс төрийн хүрээний хүмүүс цуглаж уулзаад зоог барингаа түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярьжээ. Тэрхүү хотын төвийн ресторанд С.Зоригтой зоог барьсан хүмүүс нь Х.Хулан, Лу.Болд, Ц.Ганхуяг, Т.Эрдэнэбилэг, А.Ганбаатар, Д.Энхбаатар, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Р.Бадамдамдин, Л.Нарангэрэл, Б.Батбаяр нар юм байна. Тэгвэл тэдний зарим нь ам нээгээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, “...С.Зориг Ерөнхий сайд болох гэж байсан нь үнэн. Тэгж зоог барих үеэрээ ярьсан” гэж батлаад эхлэв. Ер нь бол яг энэ талаар зөвхөн эдгээр хүмүүсээс гадна тухайн үеийн улс төрд идэвхтэй оролцож явсан нэлээд хүн батлан ярих бололтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7325)

Боловсролын зээлийн асуудалд холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй байхыг уриаллаа

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Т.САЙХАН

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Тэрээр Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийн эсрэг гомдол мэдүүлж байгаа юм байна.  О.Батнайрамдал “Миний бие Улсын ерөнхий прокурорын газарт иргэний хувьд албан ёсоор гомдол гаргаж байна. Боловсролын зээлийн сангийн асуудлыг 2023 оны тавдугаар сард олон нийтэд ил болгосон. Энэ асуудалд ойролцоогоор татвар төлөгчдийн 100 сая доллар төгрөг буюу 360 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Гэтэл одоогийн байдлаар ердөө таван хувийн эргэн төлөлт хийгдсэн. Боловсролын зээлийн сангийн асуудал бол ердөө нэг улс төрийн асуудал биш. Хамгийн их ёс зүйг заах ёстой боловсролын асуудалд бид тэгш бус байдалтай байгаад анхаарах шаардлагатай байна” гэв. Мөн тэрээр улс төрийн намуудад хандан Боловсролын зээлийн асуудалд холбогдсон гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг уриаллаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Булган: Да.Ганболдыг би новш л гэж хэлнэ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр | No Comments

Т.САЙХАН

Төр нийгмийн зүтгэлтэн, С.Зориг агсны гэргий Б.Булганы хэвлэлд өгсөн анхны томоохон хэмжээний ярилцлагыг өөрийнх нь болон хөтлөгч Ч.Содбилэгийн зөвшөөрөлтэйгөөр "Зууны мэдээ" сонин нийтэлсэн.   Б.Булган тус  ярилцлагадаа Да.Ганболдын тухай байр сууриа илэрхийлжээ.  Тэрээр "Да.Ганболд гэж хэн бэ. Би мэднэ шүү дээ. 1990 онд хүмүүсийн хуримтлал гэдэг хулгайн мөнгө биш байсан байхгүй юу. Цэвэр ариун хөдөлмөрөөрөө цуглуулсан бидний ээж аавын мөнгө.  20 дугаар тогтоол гэдгийг гаргаад бүгдийг нь энэ муу Да.Ганболд авсан шүү дээ. Гэтэл өөрийнх нь хамсаатнууд бүх мөнгөө татаад юм болгочихсон байсан гэдэг юм.  Дараа нь тэр хүн юу гэж хэлсэн билээ.  “Монголчуудаа бүсээ чангал” гэсэн байхгүй юу. Ийм хүнийг би юу гэх юм бэ. Ц.Элбэгдоржийг би өлөн өссөн юм, албан тушаалд очоод шунахай юм гэж бодъё.   Да.Ганболд бид нар шиг л өссөн шүү дээ. Монголын хулгай, луйвар болгонд Да.Ганболдын нэр явдаг шүү.  Хамгийн сүүлчийнх нь Эрдэнэтийн 49 хувь байхгүй юу. Эдийн засагч хүн тийм ажил хийдэг юм уу. Улсын өмчийг авч хүнд зарж хувиа авдаг. Үүнийг эдийн засаг гэдэггүй биз дээ. Тийм учраас би Да.Ганболдыг новш гэж байгаа юм.  Хулгайчийг би хулгайч, худалчийг худалч, новшийг новш л гэнэ. Хоёрдугаарт,  С.Зориг гишүүний хөшөөг зайлуулна гэж ярьж байна.  Юу яриад байгаа юм бэ.  Да.Ганболдод ямар хамаа байна аа. Тэр хөшөөг Монголын ядарсан ард түмэн хуруу хумсаа цуглуулаад өгч барьсан. Гэтэл тэр хүн хэдийдээ өөрийн болгож аваад зарчихав аа.  Тэгээд Голомтын Баясгалаан, юун 53 давхар байшин бэ.  Одоогийн АН-ын дарга Л.Гантөмөр бол Да.Ганболдын л хүн ш дээ. Яг үнэндээ" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn