- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Цасан шуурганы улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, цахилгаан тасарчээ

Нийслэд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ. Үүний улмаас Баянзүрх дүүргийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин сургуулийн орчимд төдийгүй Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслан чиглэлийн Ар Согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамж, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Тоосгоны гудамжууд, Их, Бага Наран орчмоор тог тасарчээ.

Гэмтлийг засварлахаар шуурхай үйлчилгээний бригад ажиллаж байгааг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдэгдсэн байна. 11:00 цагийн байдлаар 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгчээ.

Өнөө өглөөний 08:00 цагаас хойш дээр тусанд 1100 гаруй дуудлага ирсэн бөгөөд ачааллын улмаас хэрэглэгчдийн 30 хувьд нь хариу өгөөгүй аж. Гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа тул хэрэглэгчдийг хүлээцтэй хандахыг УБЦДС компаниас хүслээ.

Эмийн жорыг цахимжуулахад бэлэн болжээ

Posted By Алсын Хараа On In Эрүүл мэнд | No Comments

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал эмийн жорыг И-Монголиад оруулж байгаа талаар дараах мэдээлллийг өглөө.

Тэрбээр ярихдаа “Эмч жороо И-Монголиа системд оруулснаар, эмийн санч цаасан жор асуухгүйгээр цахим системээс эмчийн жорыг харах боломжтой. И-Монголиа системийн архив руу ороход тухайн иргэний нэг жилийн дотор бичсэн эмийн жорыг харж болно. Эмчийн жороос гадна дүрс оношилгооны дүгнэлт, зургууд болон шинжилгээний хариунуудыг И-Монголиа систем дэх иргэний хуудсанд байрлуулна. Мөн хүүхдийн вакцины мэдээлэл, жирэмсэн эхийн карт, бүх төрлийн шинжилгээний хариу зэрэг мэдээллийг И-Монголиа системд оруулна. Тавдугаар сарын 4-нөөс эхлэн эдгээр мэдээллийг И-Монголиа системд бүрэн нэвтрүүлж, ашиглах боломж бүрдэнэ” гэв.

Түүний мэдээлснээр эл системд шинээр долоон үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, эмийн жор, дүрс оношлогооны дүгнэлт, шинжилгээний хариу, дархлаажуулалтын мэдээлэл, эмчийн үзлэгийн түүх, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр зэргийг байршуулсан байна.

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" компанийн тайлангийн дүгнэлт гарчихвал ногдол ашгийг олгоход бэлэн байгаа

Posted By Алсын Хараа On In Нийгэм,Онцлох | No Comments

УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийх үеэр "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг хэзээ олгох талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан товч мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд олгоно гэж албан ёсоор мэдээлсэн.  Төрийн аудитын байгууллагаас тус компанийн тайланд аудит хийх хугацаа гуравдугаар сарын 25-нд дуусна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн тайлангийн дүгнэлт гарчихвал ногдол ашгийг өнөөдөр ч олгоход бэлэн байгаа. Мөнгө бэлэн, хэмжээ тодорхой.

Ялангуяа малчдад нэг өдрийн өмнө ч гэсэн нэмэр болж очоосой гэсэн бодол бий" гэв. Харин "Эрдэнэс Тавантолгой" компаниас аудитын дүгнэлт энэ долоо хоногт баталгаажна гэсэн мэдээллийг өгч байна.

Орон сууц, тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаагүй албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгана

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 507 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 327 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 48 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг худал мэдүүлсэн, улмаар гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа орон сууц, авто тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу хууль ёсны орлогоор бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэр бүхий нэг албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан хянан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

О.Номинчимэг: "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийг 100% нэг хүний эзэмшилд бүртгэснийг гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ

Posted By Алсын Хараа On In Нийгэм,Онцлох | No Comments

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшлийн асуудлаар өнөөдөр Авлигатай Тэмцэх Газарт ханджээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар ажлын хэсэг гарсан.

2007 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийн эзэмшлийг 100% нэг  хүний нэр дээр бүртгэсэн асуудал байна. Энэ үед нийслэл 41%, 49%-ийг эзэмших асуудлаар шүүхэд хандаж байсан. Гэтэл гэмт хэргийн чанартай баримт бичгүүдийг үндэслэж, УБЕГ 2007 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийг 100% нэг хүний эзэмшилд бүртгээд 17 жил боллоо.

Нийслэл "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийн 49%-ийг эзэмшдэг гэдэг ч улсын бүртгэл нь хувь хүний нэр дээр байна. Нэг хүний эзэмшилтэй компани бүртгэл хийлгэснээс хойших хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газруудыг албан ёсны шийдвэргүйгээр бусдад шилжүүлж эхэлсэн. Хууль бусаар газар шилжүүлсэн асуудлууд хөндөгдөж байгаа учир 2007 оны тавдугаар сарын 15-нд "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийг улсын бүртгэлд 100% нэг хүний эзэмшилд бүртгэсэн асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, АТГ-т хандаж байна. Эрүүгийн хуулийн 22.1-д заасны дагуу албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.

Улсын бүртгэлд бүртгүүлсэн процессыг харвал материал гаргаж өгөхөөс гурван хоногийн өмнө иргэн Жавзмаа 0.45, Т.Нямдаваа 0.92, З.Ариунаа 0.61, Т.Нямдаваа 28.2%-ийг, нийслэл 70%-ийг эзэмших шийдвэр 2000 онд гарч байсан юм. Гэтэл эдгээр хүнээ хуралдуулж, бүх хувьцаагаа Т.Нямдаваад шилжүүлж, 30%-ийг дангаар эзэмшүүлж байна гэсэн хурлын протокол бичсэн. Энэхүү бичиг баримтаа өгч, 100% нэг хүний эзэмшилд бүртгэж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан байгаа юм. Уг хүсэлтийг үндэслэн УБЕГ "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанийг нэг хүний өмчид бүртгэсэн байна.

Улсын бүртгэлд бүртгүүлэхэд компанийн дүрэм зэрэг олон баримт бичиг бүрдүүлэх ёстой байтал хувь хүний хүсэлтийн дагуу бүртгэснийг шалгуулах юм" хэмээн ярилаа.

Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан болон шороон шуурганы гамшигт үзэгдэл болно

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа. Тэрбээр "Ихэнх нутгаар цасан бүрхүүл задарлаа. Одоогоор Увс аймгийн нутагт хамгийн зузаан буюу 28-38 см цасан бүрхүүлтэй байна.

Өнөөдрөөс баруун аймгуудын нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж эхэлж байгаа. Энэ үзэгдэл үдээс хойш эхэлнэ. Тодруулбал Завхан аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болно. Говь-Алтайн нутаг , Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай байх сэрэмжлүүлгийг өчигдөр өгсөн. Одоогийн/11:00 цагийн/ байдлаар Завханы хойд хэсэг, Увсын зарим сумын нутгаар цас орж байна. Үдээс хойш цас эрчимтэй орно.

Өнөөдөр Өвөрхангайн өмнөд, Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурганы аюултай үзэгдэл болно. Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Төв аймгийн нутгаар цасан шуурга аюултай хэмжээнд хүрнэ.

Маргааш/2024.03.27/ өдөртөө Хэнтийн өмнөд хэсэг, Дорнодын нутгаар хүчтэй цасан шуурганы аюултай үзэгдэл, Сүхбаатар аймгийн нутгаар гамшгийн үзэгдлийн хэмжээнд хүрнэ.

Хүчтэй салхи:

Гуравдугаар сарын 27-нд өдөртөө Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр хүчтэй салхины болон шороон шуурганы аюултай үзэгдэл болно. Дорноговь аймгийн нутгаар салхи 28-34м/секундэд хүрч, шороон шуурганы гамшигт, Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуурганы гамшигт үзэгдэл болно. Энэ үзэгдэл зургаан цаг, түүнээс дээш үргэлжилж, салхи 16м/секундээс дээш гарна. Иргэд өглөө цаг агаар гайгүй болохоор хол замд гарчихдаг, цаг агаарын гамшигт үзэгдэл үдээс хойш эхэлнэ.

Маргааш Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг руу гарахгүй байхыг анхааруулж байна. Хүүхэд, өндөр настай хүнийг малд явуулахгүй байхыг зөвлөе. Хүйтэрч, зам даваа хаагдаж болзошгүй. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч байгаа ч хаврын хавсаргатай өдрүүд үргэлжлэхээр байна" хэмээн мэдээллээ.

Сайн багш бэлтгэхэд Финландтай хамтарч ажиллана

Posted By Алсын Хараа On In Боловсрол | No Comments

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан Финландад албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд тус улсын Боловсрол, соёлын яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга Анита Лехикойнентэй уулзаж, Финланд болон Монгол Улсын боловсролын шинэчлэлийн асуудлаар харилцан санал солилцжээ.

Финланд Улс нь PISA үнэлгээнд тогтмол амжилттай оролцож байгаа бөгөөд 2022 оны үр дүнд үндэслэн сургуулийн менежмент, багш боловсрол, үнэлгээ, түүнчлэн боловсрол, сургалтад хиймэл оюуныг ашиглах, тогтвортой хөгжил, иргэдийн ногоон ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн айлчлалын хүрээнд Финландын Хельсинкийн их сургуулиар зочилж,  багш бэлтгэх, давтан сургах тогтолцооны талаар санал солилцож, Монгол Улсад хэрэгжүүлж буй “Багшийн гурван тулгуурт бодлого”-ыг танилцууллаа. Цаашид МУБИС болон Хельсинкийн их сургуулийн хамтын ажиллагааг шуурхай эхлүүлж, багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судалсан байна. Мөн Хельсинкийн их сургуулийн дэргэдэх бага насны хүүхдийн хөгжлийн төвөөр зочилж, бага насны хүүхдийн хөгжил, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуультай хамтран ажиллах боломжийн талаар зөвлөлджээ.

ЦЕГ: АТМ эвдсэн этгээдийг баривчилсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 23-ны 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоожээ.

Тодруулбал тус хэргийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай эрэгтэй О гэгч үйлдсэн байна.

Одоогоор түүнийг баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Маргаашаас шороон шуурга шуурна

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

Маргааш буюу гуравдугаар сарын 26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Харин 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах аж. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27, өдөртөө -5-10, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18, өдөртөө 0-5 градус байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Шар усны үерт өртөж болзошгүй 1306 өрхөд мэдэгдэл хүргүүлжээ

Posted By Алсын Хараа On In Нийгэм,Онцлох | No Comments

Шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хүргүүлж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэл их гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс эрсдэлтэй байршлуудыг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлуудыг холбогдох байгууллагуудаас хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын болон Цагдаагийн хэлтэс хамтран нийслэлийн 34 хорооны 1306 өрхөд нүүн шилжих мэдэгдэл хүргүүлжээ.

-2024 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар:

-Баянгол дүүргийн 22, 23 дугаар хорооны 25

-Баянзүрх дүүргийн 11, 23 дугаар хорооны 344

-Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны 48

-Сонгинохайрхан 7, 9, 40, 41, 26 дугаар хорооны 48

-Сүхбаатар дүүргийн 7, 14, 15, 16, 18, 19, 20 дугаар хорооны 663

-Хан-Уул дүүргийн 5, 8, 9, 10, 14, 13 дугаар хорооны 76

-Чингэлтэй дүүргийн 8, 10, 11, 12, 17, 20, 23, 24 дүгээр хорооны 102 өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудас хүргүүлээд байна.

2023 оны зун 60 жилийн түүхэнд байгаагүй хур тунадас орж үерлэн, хөрсний усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Мөн энэ өвөл өнгөрсөн 50 жилд ороогүй их хэмжээний цас орсноос шар усны үер болох өндөр эрсдэл үүсээд байгаа юм.