- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарт холбогдох авлигын хэргийг нэгтгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд хэлэлцжээ.

Нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна хэмээн Улсын Дээд Шүүхээс мэдээлжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Прокурор тус хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн авлига авсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул авлига өгсөн этгээдийн хэргийг авлига авсантай нь нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй.

Тиймээс гурван шатны шүүхээс авлига өгсөн гэх Ц.Анандбазар болон авлига авсан гэх Т.Бадамжунайн нарын хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж байна" хэмээн тайлбарлав.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэх зэрэг үндэслэлээр  хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг зарим яллагдагчийн хэргээс тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй, мөн хэргийг тусгаарлах үндэслэл хангалтгүй, иймээс хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны буюу 12 настай охинг хүчээр авч явж хүчиндэн, улмаар амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.

Улмаар Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн түүнийг гэм буруутай гэж үзэн, Эрүүгийн хуулийн 12.1-д заасны дагуу түүнд бүх насаар нь хорих ял оноожээ.

“Дүнжингарав”-ын уулзварт гарсан дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн дэргэдэх уулзварт гарсан галын хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан.

Ажлын хэсгийнхэн галын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, гэрчийн мэдүүлэг авах, гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилон 58 дүгнэлтийг гаргуулж, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоосон байна.

Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн гэмтэж, 26 иргэн угаарын хийд хорджээ. Түүнчлэн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан байна. Одоогоор гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоогоод байгаа ажээ.

"Баян" Б.Базар бусдыг рекетэлсэн хэргээр шалгагдаж байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Хууль эрхзүй | No Comments

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий этгээдүүдийг баривчилж, холбогдох объеъктуудад нэгжлэг, шалгалт хийсэнтэй холбоотойгоор Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Эрүүгийн Цагдаагийн албанаас өчигдөр буюу 2024 оны 4-р сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хоёр хэрэгт дайчлан баривчилгаа явуулсан. Нэгдүгээрт, нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх хэрэг дээр. Хоёрдугаарт, нэр бүхий этгээд нь бүлэглэн Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрийн тавиулж, улмаар их хэмжээний бооцооны мөнгө алдсан гэх шалтгаанаар тухайн иргэний биед нь халдан зодож, зорчих эрхийг хязгаарлан, хүч хэрэглэн заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Б-гийн хамаарал бүхий Алтайн хүдэр, Бүрдэл майнинг, Тээвэр хөгжлийн банк болон иргэдийн орон байр зэрэг нийт 10 объеътод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал болон гадаад валют зэргийг хураан авсан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, газар дээр нь шалгах болон мөрөн шалгах бусад ажиллагаагаар бусдын захиалгаар нэр бүхий этгээдүүд нь "алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна.

Дээрх хэрэгт холбогдуулан шалгаж буй нэр бүхий дөрвөн иргэнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр Эрүүгийн хэргийн хянан шалгах тухай хуульд зааснаар шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагийн хугацаатай баривчилж, цагдан хорин 461-р ангид хүргэсэн. Өнөөдөр Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. " гэлээ.

АТГ: Эрүүгийн 29 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 141 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 101 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 830 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 29 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 788 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 12 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж: АТГ

Эх орноосоо урвасан гурван монгол, манай улсад тагнуул хийсэн гадаадын нэг иргэнийг баривчилжээ

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Тагнуул хийж байсан гэх гадаадын иргэнийг баривчилсан байна. Тодруулбал эх орноосоо урвасан гурван монгол иргэн, Монгол Улсад тагнуул хийсэн гадаадын нэг иргэнийг өнгөрсөн долоо хоногт илрүүлж, баривчилжээ.

"Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул прокурорын зөвшөөрөлгүйгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй"-г тагнуулын байгууллагаас мэдээллээ. Тагнуул хийсэн монгол иргэнийг найман жилээс бүх насаар нь хорих ял оноодог бол гадаадын иргэнийг 12-20 жил хорих хуулийн зохицуулалттай байна.

Эрүүгийн хуулиас

19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө.

19.10 дугаар зүйл.Тагнуул хийх

1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -"Тагнуул хийх" гэж гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно.

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 29-ний өдрөөс түр зогсооно

Posted By Алсын Хараа On In Онцлох,Хууль эрхзүй | No Comments

УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ оны зургаадугаар сарын 28-нд болно. Сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог хуулийн зохицуулалттай. Иймээс Улсын бүртгэлийн байгууллага энэ сарын 29-ний өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох юм.

Иймд иргэд харьяа дүүргийн улсын бүртгэлийн байгууллагын салбарт хандаж, шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэх ёстой.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Хууль эрхзүй | No Comments

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улс руу оргожээ.

Түүнийг Серби улсаас гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Интерпол болон тус улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байна.

Орон сууц, тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаагүй албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгана

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 507 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 327 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 48 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг худал мэдүүлсэн, улмаар гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа орон сууц, авто тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу хууль ёсны орлогоор бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэр бүхий нэг албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан хянан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

ЦЕГ: АТМ эвдсэн этгээдийг баривчилсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 23-ны 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоожээ.

Тодруулбал тус хэргийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай эрэгтэй О гэгч үйлдсэн байна.

Одоогоор түүнийг баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.