- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Сайн багш бэлтгэхэд Финландтай хамтарч ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан Финландад албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд тус улсын Боловсрол, соёлын яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга Анита Лехикойнентэй уулзаж, Финланд болон Монгол Улсын боловсролын шинэчлэлийн асуудлаар харилцан санал солилцжээ.

Финланд Улс нь PISA үнэлгээнд тогтмол амжилттай оролцож байгаа бөгөөд 2022 оны үр дүнд үндэслэн сургуулийн менежмент, багш боловсрол, үнэлгээ, түүнчлэн боловсрол, сургалтад хиймэл оюуныг ашиглах, тогтвортой хөгжил, иргэдийн ногоон ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн айлчлалын хүрээнд Финландын Хельсинкийн их сургуулиар зочилж,  багш бэлтгэх, давтан сургах тогтолцооны талаар санал солилцож, Монгол Улсад хэрэгжүүлж буй “Багшийн гурван тулгуурт бодлого”-ыг танилцууллаа. Цаашид МУБИС болон Хельсинкийн их сургуулийн хамтын ажиллагааг шуурхай эхлүүлж, багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судалсан байна. Мөн Хельсинкийн их сургуулийн дэргэдэх бага насны хүүхдийн хөгжлийн төвөөр зочилж, бага насны хүүхдийн хөгжил, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуультай хамтран ажиллах боломжийн талаар зөвлөлджээ.

Л.Энх-Амгалан: Альфа үеийнхэн Монгол хүн байх ёстой

Posted By Алсын Хараа On In Боловсрол,Онцлох | No Comments

“Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024” сэдвийн хүрээнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-“Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024” үндэсний чуулган болсон. Энэ чуулганы ач холбогдол юу байв?

-2023 онд Монгол Улс боловсролын багц шинэ хуультай болсон. Анх удаа сургуулийн өмнөх болон ерөнхий, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол, насан туршийн суралцахын тогтолцоон дээр суурилсан боловсролын тогтолцоотой улс гэдгээ энэ хуулиараа тунхагласан. Зөвлөгөөний гол ач холбогдол энэ хуулиар зургаан шинэ сэргэлтийн бодлого зарласан.

Нэгдүгээрт, хөтөлбөрийн шинэчлэл. Яагаад хөтөлбөрийн шинэчлэл хийх ёстой вэ гэхээр XXI зуун, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд амьдрах Альфа монгол иргэнийг бэлтгэхэд өнөөдрийн цөм хөтөлбөр цаашаа явахад учир дутагдалтай байгаа. Хүүхдийг ганцхан академик мэдлэг олгодог, амьдралд бэлдэх биш шалгалтад бэлддэг тогтолцоо болчихоод байна. Өнөөдрийн байгаа энэ цөм хөтөлбөрөөр явахад үзэж байгаа хичээлийн тоо их, ачаалал өндөр байна. Тиймээс хүүхдүүд энэ хөтөлбөрөөр олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлдэг, чадвар болгодог энэ чадварыг монгол хүүхдүүдэд суулгаж чадахгүй байгааг харсан учраас хөтөлбөрийн шинэчлэл хийе. Хүүхдийг шалгалтад биш амьдралд бэлддэг боловсролын тогтолцоотой болохыг зорьсон.

Хоёрдугаарт, багшийн хөгжил. Боловсролын сайн чанар багшаас шалтгаална. Тиймээс багш дээр гурван тулгуурт бодлогыг хийе. Хэнийг багш болгох, ямар хөтөлбөрөөр багшийг бэлдэх, багш өөрөө ажлын байран дээр очоод тасралтгүй хөгжих багшийн хөгжлийн үндэсний тогтолцоог яаж бий болгох вэ.

Гуравт нь багшийн цалин, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг боловсролын чанартай яаж уях вэ. Үр дүнд суурилсан санхүүжилттэйгээ яаж уях вэ. Хамгийн сайн багш хамгийн өндөр цалин авдаг тогтолцоо руу яаж шилжих вэ гэдэг боловсролын хоёр дахь том шинэчлэл.

Гуравдугаарт, боловсролд зарж байгаа нэг төгрөг боловсролын чанартай холбоотой байна уу. Өмнө нь нэг хүүхдийг сургаж байгаа хувьсах зардал сургуулийн барилга, урсгал засварыг санхүүжүүлдэг байсан бол шинэ тогтолцоогоор хүүхэд хаана амьдарч, сурч байгаагаас үл шалтгаалан тэгш боломжийг олгодог хувьсах зардлын тогтолцоо руу орж байгаа. Баян-Өлгийн Цэнгэл, Дорнодын Матад, Улаанбаатар хотын нэгдүгээр сургуульд сурч байгаа хүүхдийн сургалтын орчин өөр. Тиймээс энэ сургалтын орчин, ялгааг арилгахад санхүүжилтийн тогтолцоог ашиглах ёстой. Тэгэхээр гурав дахь том асуудал үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо.

Дөрөвдүгээрт, боловсролын засаглал. Сургууль, цэцэрлэгийн удирдлагаар аймаг, сумын удирдлагуудыг тавьдаг байсныг больж мерит зарчим буюу дэвшиж ажилладаг мэргэжлийн томилгооны тогтолцооны асуудал байгаа. Энэ менежмент, цэцэрлэгийн менежментийн асуудлыг шинэ түвшинд гаргах ёстой. Хамгийн сайн сургууль гэртэй ойрхон байх ёстой. Үүнийг бид нэвтрүүлэх хэрэгтэй.

Тавдугаарт, үнэлгээ. Дүн тавьж хүүхдүүдийг хооронд нь уралдуулж, анги дэвшүүлдэг. Энэ асуудал хоцрогдсон. Тиймээс хүүхэд бүр өөрийн сурдаг орчин, хурд ондоо байдаг учраас өөрт тохирсон ахиц дэвшлийн үнэлгээнүүд байна. Тухайлбал, есдүгээр сарын 1-нд гарааны, хавар төгсөхөд нь барианы үнэлгээ гэж. Хүүхэд зөвхөн өөртэйгөө суралцах, өөртэйгөө ажиллах, бие дааж сурах боломжийг олгодог үнэлгээний тогтолцоо хэрэгтэй байна. Арванхоёрдугаар сард Монгол Улс Фисагийн үнэлгээнд анх удаа орлоо. Үүнтэй адилхан Фисагийн үнэлгээг өөрсдөдөө буулгаж Монголын боловсролын зөв тогтолцоо болгох. Ур чадвараар нь хэмжиж чаддаг үнэлгээний тогтолцоотой болох ёстой.

Зургадугаарт, цахим шилжилт. Хүүхэд бүрт жинхэнэ утгаараа хот, хөдөөгийн, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгахад гол үүрэг гүйцэтгэдэг нь цахим шилжилт. Хүүхэд тоглонгоо айхгүй, уйлахгүйгээр математикаа боддог, цагаан толгойн үсгээ нүдлээд сурдаг ийм технологийг бид нэвтрүүлэх ёстой. Өнөөдөр орон даяар III-IV ангид хэрэгжүүлж байгаа Финландын хүүхэд өөрөө тоглонгоо суралцдаг математикийн платформ. V-VI ангийн хүүхдүүд багшийн ур чадвараас үл хамааран англи хэл сурах, манай үндэсний компаниудын хөгжүүлж байгаа хоцрогдлуудаа нөхөх платформууд, хүүхэд өөрийнхөө түвшинг тодорхойлдог платформууд байна.

Энэ зургаан шилжилтийн хүрээнд боловсролын тогтолцоогоо шинэчилье, боловсролын шинэ сэргэлт хийе гэдэг бодлогыг зарласан. Өнөөдрийн хамгийн гол хэлэлцүүлэг хөтөлбөрийн шинэчлэлийн асуудал.

Монгол Улс сүүлийн 30 жилд 7-8 хөтөлбөрийн шинэчлэл хийсэн. Засгийн газар, сайд нар томилогдохдоо тооцоогүй, сэтгэлийн хөөрлөөр хөтөлбөрийн шинэчлэл зарладгийг болъё. Боловсролын багц хуулиар хөтөлбөрийн циклийн менежмент гээд хамгийн багадаа нэг хөтөлбөр 10-12 жил болсны дараа дараагийн хөтөлбөр рүү ордог тогтолцоо руу шилжиж байгаа. Монгол Улсад цаашид ямар хөтөлбөр хэрэгтэй вэ, дэлхийн монгол хүнийг ямар хөтөлбөрөөр бэлдэх вэ. АН-ын боловсрол, МАН-ын боловсрол гэж байж болохгүй. Монгол боловсрол, Монгол Улсад боловсролын тогтолцоо ямар байх вэ гэдэг үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын асуудал учраас зөвлөгөөнд нийгмийн бүх төлөөллийг оролцуулж хийх гэж байгаа хөтөлбөрийнхөө үзэл баримтлалыг тайлбарлаж, зөвшилцсөн.

-Төрийн болон хувийн өмчийн сургуулийн сургалт ялгаатай байгаа. Тэр дундаа хотын төв, хотын захын сургуулийн сургалт ялгаатай байдаг. Үүнийг хэрхэн тэгш хүртээмжтэй болгох вэ?

-Манай боловсролын зургаан том сэргэлтийн бодлогын нэг нь сайн сургуулиуд гэрт ойрхон байх ёстой. Илүү орлоготой аав ээжтэй хүүхдүүд өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцдаг. Эсвэл танил талтай, арын хаалгатай нь I, 23, 18 дугаар сургуульд сураад байж болохгүй. Хүүхдүүдэд тэгш боломж олгох ёстой. Тиймээс хот, хөдөө, төр, хувийн хэвшлийн сургуулийн ялгааг арилгах. Дээрх зургаан бодлого хэрэгжиж байж боловсролын чанарын ялгаа арилна. Төрийн сургууль ч дотроо ялгаа гаргасан байна. Тухайлбал, хотын төв, аймгийн төв, сумын төв гээд. Орчинг бид тэгш болгох ёстой. Хөдөөгийн сургуульд байгалийн ухааны хичээлийн лаборатори, компьютерийн лаборатори байхгүй учраас тэгш бус байна. Тиймээс хөтөлбөрийн, үр дүнд суурилсан санхүүжилтийн, багшийн хөгжлийн, үнэлгээний, цахим шилжилт, засаглалын шинэчлэлийг хийж чадвал төр, хувийн сургуулийн ялгаа арилах хөшүүрэг болно.

-Манайхан гадна, дотны олон хөтөлбөр оруулж ирдэг. Үүнээс илүү монгол хөтөлбөр чухал байна гэдгийг эрдэмтэд хэлж байсан?

-Хөтөлбөрийг гаднаас хуулж болохгүй. Өмнө нь ч хуулаагүй байх гэж бодож байна. Хөтөлбөр монгол хүнд тохирсон, монгол хүнийг сургаж, хүмүүжүүлэх, төлөвшүүлэхэд тохирсон байх ёстой. Яагаад монгол хэлийг чухалчлаад байгаа юм бэ. Унших чадвараар бид Фисагийн үнэлгээн дээр нэлээн сүүл барьсан. Унших чадвар гэдэг хүүхэд эх хэлээрээ уншиж чадаж байна уу. Уншсанаа ойлгож байна уу, ойлгосноо амьдралд хэрэгжүүлж чадаж байна уу. Энэ чадварууд сууж чадахгүй байна гэдгийг харлаа. Тиймээс Альфа үеийнхэн монгол хүн байх ёстой. Монгол хэлээрээ хэлд ордог, монгол хэлээрээ сэтгэдэг монгол хүн байна уу гэхээс биш англиар ярьдаг монголоор ярьж, сэтгэж чаддаггүй хүнийг монгол хүн гэж хэлэхэд хэцүү. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал нь хөтөлбөр. Тиймээс хөтөлбөрийн хэлэлцүүлгийг аль нэгэн нам, засаг өмчлөх асуудал биш.

-Та саяхан зудтай аймгуудаар ажиллаад ирсэн. Нөхцөл байдал ямар байна вэ. Зудын хажуугаар хүүхдийн сурах эрх зөрчигдөж байгаа?

-Монгол Улс 160 мянган малчин өрхтэй. Үүнээс 30-аад мянган өрх бусад аймаг, сум руу оторт явахдаа хүүхдүүдээ авч явсан учраас 6500 хүүхдийн асуудал хөндөгдөж байна. Бид аль болох хүүхдийн дотуур байрных нь асуудлыг хүртээмжтэй нэмэх ёстой юм байна. Аав ээжийгээ дагаад оторт явах нь чухал биш. Тухайн сумандаа сурч буй сургуулийнхаа дотуур байранд үлдээд сурах боломжийг бид өгөх ёстой юм байна.

Отор нүүдэл хийж очсон тухайн сумын сургууль, цэцэрлэгт хүүхдүүдийг хамруулъя. Заавал өөрийнхөө амьдарч буй тойрог, сумын хүүхдүүд гэхгүй уян хатан бодлого явуулъя. Бид ЮНИСЕФ-ийн Хүн амын сантай хамтран бага ангийн хүүхдүүдэд зориулсан сонсдог радио гэсэн шинэ технологид суурилсан платформуудыг нэвтрүүлж байна.

Мөн цахимаар “Мэдлээ” сургуулиар дамжуулж хүүхдүүдийн хоцрогдлыг нөхөж байгаа. Ийм маягаар асуудалд хандах нь зөв юм болов уу гэж бодож байна. Цаашид хотод сурч байгаа хүүхдүүдийн хичээл эхлэх, дунд нь амрах, хавар хичээл төгсөх хугацааг уян хатан зохицуулмаар байна. Хотынх нэг өөр, аймгийн төвийнх нэг өөр. Яг суман дээр амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд хичээлийн жилийн эхлэх, дуусах, дундах амралтын хугацааг нүүдлийн мал аж ахуйтай улс учраас үүнд тохирсон бодлогыг хийх ёстой юм байна. Тэгэхгүй амрангуут нийтээрээ амарчихдаг. Хот, аймгийн төвийнх нь ч хохирдог байж болохгүй. Зөв уян хатан тогтолцоо хийх ёстой юм байна гэдгийг энэ зуднаас сургамж авлаа.

Рагчаагийн Оюун

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Posted By Алсын Хараа On In Боловсрол,Онцлох | No Comments

Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 4500 гаруй хүн бүртгүүлснээс 1826 нь нийслэлд шалгалт өгч байна.

сонин mn [1]

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа бөгөөд төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч мөн нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолсон юм. Өнгөрсөн онд нийт 16 мянга гаруй хүн Төрийн албаны ерөнхий шалтгалт өгснөөс 5200 нь тэнцжээ.

сонин mn [2]

2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт гуравдугаар сарын 13-15-нд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байгаа юм.

Монголчууд IQ чадвараар 128 орноос 41-рт жагсаж байна

Posted By Алсын Хараа On In Боловсрол | No Comments

“Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна. Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудынхтай харьцуулж үзэхэд /2023 оны байдлаар/,

Хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д,

Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д

Авьяасын индексээр 64 орноос 60-д

Нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург гэх мэт улсаас 10 дахин бага

Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д

Сургуульд суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад суралцах хугацаа 9.2 буюу дөрвөн жилийн хоцрогдолтой байна.

Гэхдээ монгол хүний хөгжлийн үзүүлэлтийг авч үзэхэд:

Тэсвэр хатуужил, даван туулах чадвараар Франц, Шинэ Зеланд, Бельги гэх мэт эдийн засгийн өндөр хөгжилтэй улсаас илүү үр дүнтэй байна.

Хүүхдүүд төрийн өмчийн бүх музейг хэдийд ч үнэ төлбөргүй үзэх боломжтой

Posted By Алсын Хараа On In Боловсрол | No Comments

Манай улс 16 хүртэлх насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бүх музейгээ үнэгүй үзүүлдэг. Хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай музейгээ хэдэн ч удаа үзэж болно.

Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт болдог “Музейн нээлттэй өдрүүд”-ээр том хүмүүстэй шахцалдан музей үзэх шаардлагагүй юм.

Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей гуравдугаар сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүйгээр үүдээ нээдэг. Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг. Бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний хүн ганцхан өдөрт музейд шавж, маш их ачаалал үүсгэдэг байна. Тухайлбал,  2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174.512 хүн музей үзжээ. Үүний 30 хувь нь хүүхэд байжээ.

Хэт олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Иймд эцэг эхчүүд, багш нар “Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдрүүдэд хүүхдээ дагуулж ирвэл зүйтэй гэдгийг албаныхан хэлж байна. Хүүхдүүд музей үзсэний дараа “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялж чадна гэдгийг тодотголоо.

Математикаас хүнд Монгол хэл

Posted By Алсын Хараа On In Боловсрол,Онцлох | No Comments

Хоёр настай хүүхэд маань “No” гэж хэлд орж, зургадугаар ангийн хүү, гуравдугаар ангийн охиноосоо “Монгол хэлний хичээлдээ дуртай юу, математикийн хичээлдээ дуртай юу” гэж асуухад шулуухан л “математик” гэж хариулахад шууд л гуниг төрөх...

Билгүүн номч Бямбын Ренчин гуайн хэлсэнчлэн  “Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” минь өнөөдөр яагаад биднээс ингэж алсарч байна вэ. Алсран буй шалтгаан нөхцөл нь юу байв, ямар үр дүнд хүргэж болох талаар  бид энэ удаагийн эрэн сурвалжилгаа бэлтгэлээ.

Сурвалжилгаа “Математикаас хүнд монгол хэл” гэж гарчигласан нь учиртай.  Магадгүй  зарим хүн энэ сэдвийг сэтгүүл зүйн эрэн сурвалжлах асуудал мөн үү гэж харж мэднэ.  Бид үнэхээр энэ талаар сурвалжилж, олон нийтийн эрх ашгийн төлөө асуудлыг хөндөхөөс өөр аргагүйд хүрсэн байна. Эх хэлээсээ алсарна гэдэг эх орноосоо холдож байгаатай агаар нэг билээ.

Бид өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралын талаар сүүлийн үед хангалттай ярьж, шогширч байна.    Тэр дундаа нийгэм, улс төр, хууль, эрх зүйн салбарт гарсан алдааг соргогоор харж, шүүмжлэх  атлаа монгол хүний үнэ цэн, улсын тусгаар тогтнолын нэгэн багана болсон эх хэлнийхээ алсрахыг байх л ёстой зүйл мэтээр халхавчлан хүлээн зөвшөөрч суугаа  юм биз.  Энэ асуудалд олны анхаарлыг хандуулах нь манай сурвалжилгын нэгэн зорилго оршиж байна.

Судлахад...

Юуны өмнө манай сурвалжлах баг Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн сурагчдаас багахан хэмжээний судалгаа авч үзэв.   Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн гуравдугаар ангийн 45 сурагчаас өнөөх л  “Монгол хэлний хичээлдээ дуртай юу, математикийн хичээлдээ дуртай юу” хэмээн асуухад 34 хүүхэд нь математик, 11 нь монгол хэл хэмээн хариулж байна.   Анги удирдсан багшаас нь  “Яагаад монгол хэлний хичээлд ийм дургүй” байгааг асуухад  “Монгол хэлний хичээлийн сургалтын агуулга өөрчлөгдсөн. Тухайн агуулга дээр тулгуурласан заах арга жигдрээгүй” гэж тайлбарлана лээ.  Дараа нь Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн зургадугаар ангийн хүүхдүүдээс дээрх асуултаа асуулаа.  Анги удирдсан багшид нь  асуултаа танилцуулахад “Манай хүүхдүүд ер нь 50, 50 хувьтай л гарна даа” гэв.  Гэвч судалгаа арай өөр дүн үзүүлэв.  Тэднийх 48 хүүхэдтэй.  Үүнээс 32 хүүхэд нь математикийн хичээлдээ дуртай гэсэн бол 16 нь “Монгол хэлний хичээл” гэв.   Цаашлаад энэ асуудал орон нутагт ямар байгааг сонирхлоо.  Архангай аймгийн “Хүмүүн цогцолбор” сургуулийн 12 дугаар ангийн 25 сурагчаас дээрх асуултыг асуухад 20 нь “Математикийн хичээл илүү сонирхолтой” гэлээ.   Анги удирдсан багш нь анги ахих тусам хүүхдүүд математикийн хичээлийг илүүд үздэг.  Эцэг эх нь ч ингэж зөвлөдөг.  Олон мэргэжлийн суурь болдог учраас тэгдэг байх.  Харин монгол хэлдээ сайн байвал монгол хэлний багш л болдог гэсэн ойлголттой холбоотой” гэв.  Тус сургуулийн долдугаар ангийнх нь сурагчдаас асуухад 36 хүүхдийн 27 нь “Математик” гэсэн бол есөн хүүхэд нь “Монгол хэлний хичээлдээ дуртай”  гэж байв. Ийнхүү нийслэлийн хоёр, орон нутгийн хоёр сургуулийн  сурагчдаас багахан судалгаа авахад л монгол хэлний хичээл “моод”-ноос гарсан нь харагдав. Судалгаанд нийт 154 сурагч хамрагдаж, түүний 72.7 хувь нь “Монгол хэлний хичээлийг сонирхолгүй”  гэжээ.   Уг нь саяхан л монгол хүүхдүүд эх хэлээрээ гоёж, дуртай хичээлээ “Монгол хэл” хэмээн бахархалтайгаар гар өргөдөг байсан сан.  Харин нөхцөл байдал ийн өөрчлөгдөхөд юу нөлөөлөв, үргэлжлүүлэн сурвалжилъя.

 

Монгол хэлний багш нарын таамаг, дүгнэлт

“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ, монгол баян” хэмээн  зохиолч З.Дорж гуай монгол хүний сэтгэл зүрхэнд сийлэн үлдээжээ.  Энэ үгийн үнэ цэнийг одоогийн энэ нөхцөл байдалтай харьцуулахад хэцүүхэн л юм. Тусгаар улсын хилийн зурвас өөрчлөгддөггүйтэй адил монгол хэл ганхашгүй бат бөх байх учиртай. Гэвч ажиглаад байхад бид өнгөрсөн хугацаанд монгол хэлээрээ нэлээд “оролдож”, олон улсын арга барил нэрээр хичээлийн агуулга, заах аргыг нэлээд өөрчилсөн байх юм.

Эхлээд энэ асуудлаар багш нарын байр суурийг сонслоо.

Хэнтий аймгийн ... сумын ЕБС-ийн монгол хэлний багш: 

-Би 28 жил монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байна. Мэдээж хэрэг, одоогийн хүүхдүүдийн дийлэнх нь гадаад хэл маш ихээр сурах болсон.  Цахим хэрэглээ бас нөлөөлж байна.  Үүнээс шалтгаан сурагчид монгол хэлээ тогтож үзэхгүй байгаа тал ажиглагддаг. Гэхдээ энэ бол зүгээр шалтаг гэхэд болно. Яг үнэндээ сурагчийг монгол хэлд дургүй гэдэг юм уу, сурах хүсэлтгүй болоход манай боловсролын салбарын буруу бодлого нөлөөлж байна.  Тухайлбал, нэг хэсэг МУБИС, МУИС-ийн багш нар монгол хэлээс болж талцсан. Үүнээс шалтгаалан зөв бичгийн дүрэм өөрчлөх асуудал яригдаж байлаа. Харин эх хэлний хуультай болсон учраас өмнөх хэлбэртээ буцаж орсон.  Ер нь 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр онолын ойлголт, үгсийн аймаг гэх мэт хэлний дүрэмд маш их өөрчлөлт орсон. Тодотгол гишүүн гэхэд харьяалахын тодотгол, нэрийн хамжсан тодотгол, үйлийн хамжсан тодотгол гэж өөрчлөгдөх жишээтэй. Ерөнхийдөө ЕБС-ийн хичээлийн агуулга оновчгүй болж хувирсан. Сургалтын тогтолцоо алдагдсан. Доголдол үүссэн.  Бага, дунд ангийн сурагчдын монгол хэлний хичээл хүнд байгаа нь мэдэгддэг.  Үндсэндээ амьдралд хэрэггүй, хийсвэр шинжлэх ухаан заадаг болсон. Бага боловсролд зөв бичгийн дүрэм байхгүй. Мэдээ бичих, захиа бичих гэх мэт байдаг. Мөн унших хичээлийн цаггүй болсон. Зөв бичгийн дүрмийн агуулга багассан. Саяхан  олон улсын “PISA” үнэлгээгээр монгол хүүхдийн уншаад ойлгох чадвар маш муу гарсан шүү дээ. Энэ маш муу  нөлөөлөл, үр дагавар гарч байна. Бас дунд ангид долоо хоногт хоёр цаг, ахлах ангид ганцхан цагийн хичээл орж байна. Гэтэл математик дөрвөн цаг ордог. Товчхон хэлэхэд энэ. Эндээс л монгол хэлний хичээлийн үнэлэмж, үр дүн тодорхой харагдах байх.

Нийслэлийн 65 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш:

-Би МУБИС-ийг 2020 онд төгссөн.  Одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд зөв бичгийн дүрмээр 700 үг журамлагдсан. Би энэ үед их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байлаа. Дээрх журамлагдсан үгийг зөв бичих талаар багш нар заасан. Журамлагдсан 700 үгийн бүтцийг нь ярилцаж, нүдлэн тогтоосон. Одоо энэ дүрмийг дагаад явж байгаа. Дүрэмд өөрчлөлт орох нь асуудал дагуулдаг. Тухайлбал, хүүхдүүд цээж, чээж гэдэг үгийг бичихдээ их эргэлзэнэ. Тиймээс журамлагдсан үгийг сурагчдадаа үндэс, язгуур, бүтцээр нь задалж тайлбарлаж байгаа. Эх хэл их өргөн агуулга, дүрэмтэй байдаг. Тиймээс авиа зүй, дуудах зүй, үгийн бүтэц язгуур, үндэс нь судлагдахуун ихтэй залгамал бүтэцтэй. Сүүлийн үед монгол хэл сурахад хүнд хичээлд тооцогдож байгаа. Бусад орны хүмүүс монгол хэлийг сурахад хэцүү гэж хэлдэг. Монгол хүмүүс ч эх хэлний судлагдахуунаа бүрэн эзэмшээгүй байж гадаад хэлийг сурахыг илүүд үздэг.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын монгол хэл, уран зохиолын багш:

-Зөв бичгийн дүрэмд олон удаа өөрчлөлт орохоор хичээл заахад хүндрэлтэй. Журамлагдсан үгийг сурагчдад тайлбарлахаар төөрөгдөж будилах жишээтэй. Ер нь хүүхдийн ойлгож унших чадвар сул байдаг. Тайлбарлаад байхад ойлгодоггүй үе гарна. Үүнээс болж хүүхэд монгол хэлний хичээлдээ дургүй болдог. Хэл бичгийн хичээлээ хийхгүй болохоор аливааг уншиж ойлгох чадварт суралцдаггүй.  Дээр нь нэмээд сурах бичиг дахин хэвлэгдэж нэмж, засварлагдаж  байгаа нь асуудалтай. Агуулга нь зөрөх нь бий. Үүний учрыг нь сурагчдадаа тайлбарласаар байтал хичээлийн цаг хүрдэггүй. Сурах бичгийг олон дахин шинэчлэхгүйгээр нэг удаа засварлаж хэвлэх нь зөв гэсэн байр суурьтай байдаг.   Сумын сургуулийн анги бүрд  жилдээ таван ширхэг сурах бичиг ирдэг учраас хичээлд хүндрэл учирдаг. Чанарын хувьд гэвэл бага ангийн сурах бичгийн агуулга, бүтэц нь таалагдсан.

Нийслэлийн “Монтэ Роза” сургуулийн багш:

-Сүүлийн үед зарим үгсийг олон янзаар бичих болсон нь хүүхдүүдэд их эргэлзээ төрүүлэх болсон. Жишээ нь танд гэж бичих үү таньд гэж бичих үү,  гэдэг дээр хүүхдүүд эргэлздэг. Яг яаж  бичих вэ гэдгийг багш нь хэлж өгсөн ч энд тэнд янз янзаар бичиж байгаа учраас  хүүхдүүд тогтоохгүй эргэлзээ үүсдэг. Уг нь монгол хэлийг сонирхолтой байдлаар заавал хүүхдүүд их ойлгодог, сонирхдог. Гэтэл зөв бичихээсээ эхлээд олон янзын дүрэм байдаг учраас дунд, ахлах ангийн хүүхдүүдийн сонирхол нь буурчихдаг. Монгол хэлний зөв бичгийн дүрэм яг цэгцэрсэн гэхэд хэцүү, үнэн юм уу худлаа юм уу. Монгол хэл дүрмийн олон өөрчлөлтөөс болоод хүүхдүүдэд хэцүү.  Ойлгомжгүй байдал үүсгэдэг.  Тухайлбал,  аравдугаар ангийн хүү минь нэг эссэ бичихдээ үүнийг яаж бичих юм бэ гэж асууна, солигдсон уу, хэвээрээ юу гэж байнга асууна. Энэ нь тэр хүүхдэд төвөгтэй байдал үүсгэх жишээтэй.

“Монтэ Роза” сургуулийн бага ангийн багш:

-Хүүхдүүд анхаарал төвлөрөл удаан, юмыг тогтоохдоо олон дахин хэлүүлж байж ойлгодог болсон. Жилээс жилд хүүхдүүдийн монголоор унших, ойлгох чадвар буурч байгаа. Энэ нь нэг талаар дэлгэцийн хамаарал ихтэйгээс болж байна. Нөгөө талд монгол хэлний гэлтгүй хүүхдийн номууд хүртэл хэтэрхий энгийн үгээр, хүүхэд сэтгэн бодож цаашид гүнзгийрүүлж ойлгох нөхцөлийг өгөхгүй байгаа. Урьд нь ном уншсан ч хүүхэд тэр номын утгаас илүү их юм ойлгох чадвартай байсан бол одоо шүлэг уншаад ч утгыг нь ухаж ойлгох чадвар үнэхээр сул болсон гэлээ.

Монгол хэлний багш нарын ярианаас дүгнэхэд, одоогийн хүүхдүүд монгол хэлний хичээлд дургүй болсныг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.  Үүнд, боловсролын салбарын буруу бодлого, салбарын эрдэмтдийн талцал хуваагдал, сурах бичиг, заах арга зүй, хичээлийн хөтөлбөрийн агуулгыг өөрчлөлт,  700 үгийг шинэчилсэн цаг үе, цахим орчны хэрэглээ гээд янз бүрийн шалтгаан нөлөөлж байгааг хэлж байна.

 

Монгол хэлний түүх, “өөрчлөлтүүд”

Монгол  Улс түүхэндээ дөрвөлжин, тод, соёмбо, багиндра зэрэг 10 гаруй бичиг үсэг хэрэглэж хожим латин, кирилл бичгийг хэрэглэсээр энэ цаг үетэй золгожээ. Академич Ц.Дамдинсүрэн 1941 онд кирилл үсгийг авиа зүйн онцлог бүтцэд тохируулан цагаан толгойн үсгийг зохиож, тэр цаг үеэс шинэ үеийн монгол хэл “мэндэлсэн” тухай түүхийн хуудаснаа бий. Ц.Дамдинсүрэн гуай монгол хэлийг 1941 онд “эх барьсан” бол 1942 онд товч дүрмийг хэвлэн олон нийтэд хүргэсэн. Дараа нь 1946 онд засаж сайжруулан хэвлэж, 1949 онд дахин хэвлэсэн байдаг.  Улмаар хамгийн анхны зөв бичих дүрмийн толь бичиг 1951 онд гарсан. Түүнээс  хойш тэрхүү толь бичиг дээр суурилсан кирилл бичгийг монгол даяараа хэрэглэсэн билээ.  Дахин толь бичгээ шинэчлэн сайжруулж, 1983 онд гаргасан. Академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд хэвлүүлсэн толь 18 мянга, шинэ толь бичиг 38  мянган толгой үгтэй.  Ц.Дамдинсүрэн гуайгаас хойш түүний “зохиосон” монгол хэлийг ойлгож, бүрэн гүйцэд таниулан тайлбарлах эрдэм мэдлэгтэн одоо ч төрөөгүй гэлцэнэ.

Монгол хэлний “өөрчлөлт”-ийн түүхийг товчхон өгүүлэхэд ийм байна.  Дараа нь  2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор “Монгол хэлний зөв бичих журамласан толь”-ийг эрдэмтэд оролцсон баг боловсруулж хэрэглэж эхэлсэн. Олон нийт энэ толиор  олон үг өөрчлөгдсөн гэж үздэг. Тухайлбал, авлига, гараг, төвөд, ойрад, эрвээхий, дэгдээхий, авлига гэх мэт 23 үгийг зүй тогтлын дагуу зөв бичих дүрмийг журамласан. Хүмүүсийн маргалдаад байдаг санаачилга, сурвалжилга, байцай, бөжин, шавж гэсэн үгийг өөрчлөөгүй. Ц.Дамдинсүрэнгийн толь бичигт ямар байсан яг тэр чигээр нь оруулж, журамласан.  Энэ талаар эрдэмтэд толь бичигт зөвөөрөө байгаа зүйлийг зарим хүн буруу бичиж хэвшсэнийгээ зөв хэмээн тайлбарлаж нэг хэсэгтээ хоёр талд гарч маргалдсан зүйл бий.   Энэ нь магадгүй, монгол хэлний эх суурь  хөдлөхөд хүргэсэн байж мэдэх юм.  Бүжин гэдэг үгийг хоёр янзаар бичнэ. Туулайн бөжин гэхэд “ө” үсгээр бичнэ. Бөндгөр хөөрхөн гэдэг үгээс гаралтай. Хүний нэр Бүжин бол түвд хэлнээс орж ирсэн охин тэнгэрийн нэр гэдэг билээ.  Ийнхүү утга агуулгад тааруулан үгийг өөрчилсөн нь олон нийтийн дунд маргаан гарах нэг шалтгаан болсон байдаг.

 

“Хил даваад л хэрэггүй болох монгол хэл” гэв үү?....

Сүүлийн үед  цахим сүлжээнд монгол хэлний дархлаа унаж байгаа талаар хэн бүхэн ярьж байна. Гэтэл залуусын дунд “Ойлголцож л байвал болно”, “Сүртэй юм” гэх зэргээр буруу бичиж, зөрүү ярьж байгаагаа өмөөрөх, зөвтгөх хандлага түгээмэл байна. Цахим сүлжээнд нийтээрээ буруу зөрүү бичих хандлага хавтгайрч байгааг харахад “Эх хэлний дархлаа гэж хүн бүр ярьдаг ч тэр дархлаагаа бид өөрсдөө санаатайгаар унагаад байдаг юм биш биз” гэсэн гунигт бодол эрхгүй төрнө.

Монгол хэл бол үндэстний дархлааг тээж явдаг хосгүй үнэт өв хэмээн бахархан ярьж, бичдэг ч өнөөдөр монгол хэлээрээ алдаагүй зөв бичдэг нь хэд билээ...

Сошиал орчинд бидний монгол хэлээр ярьж бичиж байгаа буруу хандлага цадигаа алдаж, эх хэлний дархлаа үгүй болсоор байгаа жишээг өдөр тутамд бид хангалттай олон нэрлэж чадна. “Өглөөнинг” гэж мэндлэхээс эхлээд залуучуудын монгол хэлийг эрэмдэглэж байгаа олон жишээ бий.

Мэдээж харь хэлнээс нутагшиж орсон харь үгсийн сан гэж аль ч хэлэнд байдгийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ одоогийн зэрэмдэглэж байгаа асуудал бол огт өөр хэрэг юм. “Крашлах”, “шэйрлэх”, “постлох” гэх мэтээр гадаад үгэнд шууд монгол хэлний нөхцөл залгаж, монгол ч биш гадаад ч биш болгох нь бүр утгаа алдлаа. Түүн дээр “ингэсэнүүдээ”, “тэгснүүдээ”, “гарчийн”, “оржийн” гэх мэтээр ярианы хэлээр бичих, “аван”, “заран”, “гаран” гэх мэтээр зориуд маяг болгон нөхцлийг сольж бичих зэрэг нь эхний үест, хөнгөн наргиа мэтээр ойлгогдовч цаашид энэ буруу бичиглэлээр нутагшиж, ийм байдаг гэж маргалдаж мэтгэлцэх бүр олон жилийн уртад үнэхээр ийм мэтээр итгүүлэн үнэмшүүлэх зэргээр алс хэтдээ монгол хэлний дархлаанд асар хортой. Харамсалтай нь мэдсээр, мэдэрсээр байгаа атлаа бид байдаг л зүйл, байх ёстой мэтээр хүлээж аваад байгаа нь хэр зөв бэ. Бүр англиар хэдэн үг сурсныгаа ихэд өндрөөр бодож, “Хил даваад л хэрэггүй болох монгол хэлийг зөв, буруу сурсан гэх ялгаа бараг байхгүй. Ойлгож л байвал боллоо” гэж оодрох хандлага орчин үеийн залуусын амнаас алдас болон гарсаар байна.

Гэтэл монгол хэл судлалаар мэргэшиж, арав гаруй хэлээр эх хэлнээсээ дутахгүй ярьдаг байсан Б.Ренчин гуай, өнөөгийн кирилл бичгийн эхийг тавьсан Ц.Дамдинсүрэн багш, Хэл шинжлэлийн ухааны доктор Чой.Лувсанжав нар гээд хэлний мэргэжлийн хүмүүс ч монголоор ярихдаа гадаад үг хэлж байсан түүх байдаггүй тухай өдгөө шавь нар нь бахархан дурсдаг. Тэд гадаад хэлгүйдээ, чамирхан гоёх дургүйдээ биш эх хэлнийхээ дархлааг үгүй хийхгүйн тулд хичээж харь хэлэнд тун хянамгай ханддаг байсны хэрээр монгол хэл маань өдий зэрэгтэй “эрлийз болчихолгүй” өнөө хүрсэн байх гэж ч дотроо талархах. “Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ” гэж модернист С.Галсансүх нэгэнтээ бардамнаж явсан цаг үе дэргэд ирээд Монголын залуус “Өглөөнинг” гэж мэндлэхийг өнөөдөр бид маазрал гэж тоохгүй өнгөрч болохгүй. Эх орны хил дархан байдаг шиг эх хэл дархан байх ёстойг ирээдүйн залууст бид л ойлгуулж, чиг шугамыг нь зааж, чин үнэнээр нь хэлж байж монгол хэлний жинхэнэ дархлаа үлдэх биш үү.  Уг нь манай улс эх хэлээ Үндсэн хуулиараа дархалж, бүр тусгайлсан Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталсан. Эндээс харахад бид эх хэл соёлдоо хүндэтгэлтэй ханддаг мэт боловч үнэн чанартаа өдөр тутмын харилцаа, бичлэгийн өнгө аясаараа монгол хэлээ үгүй хийхэд оролцоод байгаа юм биш биз.

 

Англи хэл 300 жилд нэг удаа дүрмээ “эргэж хардаг”

Дэлхий нийтийн хэл болж хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний дүрэм ямар хугацаанд өөрчлөгдөн шинэчлэгддэг талаар бид судаллаа. Одоогийн орчин үеийн англи хэл нь түүхийн хувьд тавдугаар зууны үед Англид үүссэн, Энэтхэг-Европ хэлний аймгийн Роман-Германы хэлнээс салбарлаж үүссэн гэж хэлний шинжлэх ухаанд авч үздэг. Тэгвэл тавдугаар зуунаас 21 дүгээр зуун хүртэл 1600 жилийн хугацаанд англи хэлний дүрэмд таван удаа томоохон өөрчлөлт хийгдсэн байна. Үүнийг дундажлаад үзэхэд нэг удаагийн томоохон дүрмийн өөрчлөлт хийхэд 300 орчим жил шаардсан гэсэн үг юм. Хятад хэлний дүрэм ч мөн адил дуртай болгон нь өөрийн дураар бичээд, яриад зохиогоод байж чадахгүй дархлаатай. Хэдийгээр хятад хэл нь овог аймаг, газар нутгийн байрлалаас шалтгаалан олон янз байдаг ч дүрмийн хувьд тэр болгон хүрээд байдаггүй. Үүндээ ч хэлний асуудалдаа онцгой анхаардаг нь харагдаж буй юм. Гэтэл манай улсын хувьд 2000 оны эхээс эхлээд монгол хэлийг хүн бүр мэдэмхийрэн өөрчилж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх болсон.  Эргэлзээтэй бичигддэг 700 үгийг журамласан нь хэсэгтээ бүр ч толгой эргүүлж “цээж” байсан нь “чээж” болтлоо хэсэг будилсан. Хэсэгтээ талцуулсан энэ асуудал овоо намжиж, 700 үгийг журамласан журмыг хүчингүй болгосон байна. Одоогийн хүүхдүүд байтугай монгол хэлний багш нар хүртэл маргах хэмжээнд өөрчлөгдөж, хүн бүр өөр өөрийн үзэмжээр бичих болсон асуудал 2019 онд журамласан толь гарснаар арай хийж нэг тийш болсон нь сайн хэрэг. “Монгол хэлний журамласан толь”-ийг баталгаажуулахдаа 1983 он гаргасан Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толь бичгийг ашигласан, дүрмийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй хэмээн хэл шинжлэлийн томчууд тайлбарлаж буй. Гэвч хэсэгтээ манаргасан 700 үгийн замбараагүй өөрчлөлтөөс болж монгол хэлний хичээлд эргэлзэх, дургүй болох, ядаргаатай хэмээн төвөгшөөх цаашлаад “хил гараад хэрэгцээгүй болох монгол хэл” хэмээн үл тоомсорлохын шалтгаан болсон ч юм билүү.

 

Сурагчдын уншиж ойлгох чадвар муудсаныг PISA нотлов

 

Одоогоос хоёрхон сарын өмнө манай улс анх удаа олон улсын PISA шалгалтад оролцсон тайлангаа тавьсаныг уншигчид санаж байгаа байх. Тэрхүү шалгалтын үр дүнд манай улсын дунд сургуулийн боловсролын түвшин хаахна явааг харьцуулан дүгнэх боломж олдов. 15 настнуудын анх удаа өгсөн PISA шалгалтын үнэлгээний талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан монгол хүүхдүүдийн уншиж ойлгох чадвар маш сул байгаа нь харагдаж байна” гэсэн мэдэгдэл хийсэн. Шалгалтад оролцсон хүүхдүүдийн уншиж ойлгох чадварын тухайд манай улсын үзүүлэлт 81 орноос 65 дугаарт эрэмбэлэгдсэн нь Монголын 15 настай суралцагчдын эргэцүүлж бичих, ойлгож унших чадвар ямар тааруу байгааг харуулсан үр дүн юм. Товчхондоо бол 10 хүүхэд тутмын зургаа нь аливаа эхийг уншаад ойлгох тал дээр маш хангалтгүй үнэлгээтэй байгаа нь олон улсын шалгалтаар батлагдчихаад байна.

 

Судлал шинжлэлийг сурах бичгээсээ “татъя”

 

Сурвалжилгын хүрээнд салбарын эрдэмтэн судлаачидтай уулзаж явахад олонх нь ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулга, монгол хэлний хөтөлбөр хэтэрхий судлал шинжлэлийн шинжтэй байгаа нь хүүхдүүдийг залхааж байна. Энэ нь монгол хэлээс татгалзах нэг шалтгаан болж байна гэсэн байр суурийг илэрхийлж байна. Мөн мэдээллийн их урсгалд эх хэлийг зэрэмдэглэх, өөрчлөх, санаатай санаагүй гуйвуулж бичих зэрэг нь түгээмэл болсноор залуу үеийнхэнд төөрөгдөл бий болж байгааг багш нар ч хэлж байна.

Аль аль нь үнэн. Сурах бичгийн хөтөлбөрийн агуулгын өөрчлөлтийг БШУЯ-ны харьяа Боловсролын судалгааны хүрээлэн хариуцан ажилладаг. “Сурах бичгийг жил бүр хэвлэдэг бөгөөд 10 жил тутамд хөтөлбөрийн шинэчлэлт хийгддэг” хэмээн хариуцсан мэргэжилтэн хэлж байна.

Ганцхан жишээ гэхэд, бидний мэдэх өгүүлбэрийн бүтцээр задалж, зурдаг хуучны монгол хэлний арга зүй 10 гаруй жилийн өмнөөс өөрчлөгдөж, эх дээр ажиллах, эхийг гүйцээх зэрэг илүү хялбаршуулсан байдлаар сурах бичигт оруулдаг болжээ.

“Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолд өгүүлдэг. Одоогоос 20 гаруй жилийн өмнө монгол хэлний улсын шалгалт, олимпиад зэрэг уралдаант шалгалт бүрт ёс мэт орж, өгүүлбэрзүйн задлан хийх даалгавар болдог байсан энэхүү өгүүлбэрийг одоогийн хүүхдүүд яаж задлахаа ч мэдэхгүй. Яагаад гэвэл монгол хэлний өгүүлбэр зүйн задлан шинжлэлийг бага ангиас заахаа больж, эх дээр ажиллах гэж тодорхойлсон шинэ аргачлалаар заадаг болжээ. Ингэснээр өмнө нь дөрөв, тавдугаар ангид заадаг байсан өгүүлбэрийн бүтцээр задлан шинжлэл үгүй болж, агуулгын хувьд эрс өөрчлөгдсөн байна. Ингэж бага ангийн сурагчдад хялбаршуулж зааж байгаа нь сайшаалтай мэт боловч эргээд монгол хэлээ сонирхохгүй болох, цаашлаад өнгөц мэдлэгтэй, уншсан судалснаа ойлгож ухах чадваргүй дутуу дулимаг монгол хэлтнийг төрүүлээд байгаа юм биш биз. Ялангуяа PISA олон улсын шалгалтын үнэлгээний дүнгээс харахад дунд сургуулийн сурагчдын монгол хэлээр уншсанаа ойлгох чадвар дөнгөж 64 хувийн үнэлгээтэй байгаа нь монгол хэл сүүлийн жилүүдэд яаж хаягдаж, өөх ч биш булчирхай ч биш болж өнөөг хүрснийг гэрчлэх нэгэн тоо болж байна.

Одоо тэгвэл яах вэ. Эл асуултад хариулт хайн салбарын эрдэмтэд, сургуулийн багш нар, хэл шинжлэлийн холбогдох мэргэжилтнүүд гээд олон хаалга татаж явахад тоймтой хариулт, шийдтэй үгс сонсогдсонгүй. Зарим нь “Хэл шинжлэл хэтэрхий хүнд” гэж бухах. Өөр нэг нь “Багш нарын ур чадварт учир байна” гэж мэлзэх. Багш нар нь “Агуулга хөтөлбөрт өөрчлөлт ороод, зөв буруу бичихийг бид заах нь байтугай, заалгахдаа тулж байна” гэж гомдол хэлэх.

Ингээд үр дүндээ хүрээгүй, бие биедээ рүүгээ чихсэн, цахим орчин шигээ замбараагүй хаясаар байтал эх хэлээ тоодоггүй, харийн хэлээр хольж ярьдаг, мэддэг мэддэггүйн дунд орхигдсон бүхэл бүтэн үе өндийн босоод ирлээ. Тэгэхээр сүүлийн 30 жилд балархай эгшиг шиг балрах дөхсөн монгол хэлний асуудлыг нэг мөр цэгцэлж анхаарах нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Эрдэмтдийн баталсан, их сургуулийн түвшний хичээлээр дунд сургуулийн сурагчдыг “айлгаж”, монгол хэлээ судлах хүслийг нь мохоолгүй, “судлан шинжлэх” агуулгаа сурах бичгээсээ татъя. Сургуулийн багш нар нь ч төөрөлдөөд байгаа монгол хэлний зөв бичгийн дүрмээ ягштал баримталж, олон нийтэд зөвөөр таниулахад өөрсдийн хэрээр дэмжээд өгвөл эрээвэр хураавар явж ирсэн эх хэлний учиг зөв тайлагдах болов уу. Нэгэн цагт Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан “Өнөр баян Эх хэлнийхээ гүн далайд Өвчүүн завь шиг сэлж сурсандаа би баярладаг” хэмээн бичсэн байдаг. Өнөө цагт эх сайхан хэлээрээ төгс зөв ярьж бичих, ирээдүй хойч бидэнд үлдэх нь үү гэсэн асуулт тээсэн дүгнэлтээр энэ удаагийн эрэн сурвалжилгаа өндөрлөе.Үргэлжлүүлнэ.

МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, дэд профессор Д.Ганболд: Манай монгол хэл “хөдөлгөөнтэй хэл”-д багтдаг

-Монголчууд өөрийн хэл соёлтой болоод хэдэн мянган жилийг үджээ. Энэ хугацаанд хэлний дэг ёс, түүхийг бүтээсэн. Дэлхийн бусад үндэстний хэлтэй харьцуулахад өвөрмөц онцлогтой бие даасан хэл гэдгийг онцолъё. Өргөн хэрэглээний хэлтэй дүйцүүлбэл зэрэгцэж очно. Түүхэнд монголчуудыг олон янзын хэл зохиосон. Үүнээс гадна бусдын бичиг үсгийг шууд авч хэрэглэсэн гэж үздэг. Хэд хэдэн бичиг үсгийг зохиож хэрэглэжээ. Дэлхийн хэлтэй харьцуулахад манай улсын зохиосон хэл нь хөдөлгөөнтэй шинжтэй. Дэлхий нийтийн тэргүүлэх таван хэл тогтвортой байгаа. Эндээс манай улсын бичиг үсэг яагаад хөдөлгөөнтэй байна гэвэл нүүдэлчин соёл иргэншилтэй холбоотой. Олон жил хэрэглэсэн бичиг үсгийг харахад олон жил хэрэглэсэн нь монгол бичиг. Хос бичигтэй болох хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжинэ. Монгол бичгийг бид 1000 жил хэрэглэж байгаа. Сонирхолтой байдал нь монгол хүний оюун сэтгэлгээтэй холбоотой. Хэлний соёл нь монгол хүний оюун сэтгэлгээтэй салшгүй холбоотой. Бичгийн хэл үргэлж ярианы хэлнээсээ хоцордог. Ярианы хэл хөдлөнгө бол бичгийн хэл тогтвортой шинжийг агуулдаг. Сүүлийн үед бусад улсын хэлийг хараад сурахад амар хэмээн эндүүрч байна. Энэ нь уламжлалаасаа тасарч буй байдал. Өнөөдөр эх хэлний хэрэглээ, бичиж буй буруу дадал даамжирч байгаа нь ажиглагддаг. Тухайлбал, нэг нүүр уншууртай бичвэр олж уншиж чадахгүй байгаа. Эндээс бичгийн хэлний хэрэглээ ямар түвшинд байгааг харж болно. Эх хэл хүний хүслээр нь  тархи толгойд суухгүй. Эрдэм мэдлэгийг хичээл зүтгэлээр сурдаг. Үүнд анхаарвал эх хэл үнэ цэнтэй байна. Монгол хэлээ мэдэхгүй байгаа учраас өнөөдрөөс математикийн хичээлээс хүнд хэмээн ярих болж. Монгол хэл  оюун сэтгэлгээний дасгал. Тиймээс эх хэлээ сурахыг хичээвэл юутай ч зүйрлэмгүй мэдлэгийн далай мөн. Үүнийг сурч мэдээд цааш уламжлуулах чухал.

Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн Монгол хэл бичгийн сургалтын хөтөлбөр, үнэлгээ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Б.Оюунцэцэг: Монгол хэлний сурах бичигт үндсэн агуулга голлох ёстой

-Одоогоос 16 жилийн өмнө бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавигдах стандартыг тогтоосон. Энэхүү баримт бичиг дотор сурах бичгийн агуулга,  арга зүй, хэл найруулга, дизайн технологи, эх бэлтгэлд тавигдах шаардлага гэсэн таван бүрэлдэхүүн хэсгийг тусгасан. Агуулга тус бүртээ 6-10 шаардлага бий. Энэ стандартын дагуу сурах бичгийг хэвлэдэг. Стандартын агуулгыг холбогдох байгууллагуудын баг хамтарч ажиллахад нь тогтооход стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөр батлуулсан.

Сурах бичгийн агуулгыг сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулдаг. Сургалтын хөтөлбөр өөрчлөгдөхөд сураг бичиг шинээр хэвлэгдэнэ. Хөтөлбөрт сурагчид хэддүгээр ангидаа ямар чадвар эзэмшсэн байх ёстойг тусгасан байдаг. Ямар даалгавар хийснээр ямар чадварт суралцахыг нь тооцоолох жишээтэй. Сурах бичиг боловсруулах багууд сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн нь сурах бичиг боловсруулдаг. Сурах бичгүүд улсын хэмжээнд ЕБС-д тараагдаж байгаа учраас зураг дизайн нь мэдэхгүй зүйлээ мэдэж авах боломжийг бүрдүүлэх нь зөв. Сурах бичгийн ихэнх хэсэгт хүүхдийн мэдэхгүй амьтны зураг гараад байвал хүүхдэд хүндрэлтэй санагдана. Ер нь Монгол хэлний сурах бичигт үндэсний агуулга голлосон байх ёстой. Хүүхдэд ойр зураг агуулгатай байх шаардлага тавьдаг. Нэгдүгээр ангийн сурах бичиг илүү онцлогтой. Үсэг дөнгөж үзэж байгаа учраас зураг олон байх нь бий. Нэг зургийг олон дахин оруулах нь 6-7 настай хүүхдийн онцлогт тааруулсан. Энэ насны хүүхэд нэг зүйлийг олон харж тогтоодог.

Монгол хэлний хичээлийн сурах бичиг 2013 оноос өмнө хэл зүйг голлосон  агуулгатай байлаа. Харин 2013 оноос хойших агуулга нь уншиж, бичих, сонсох, хэл зүйн үгийн сангийн хэрэглээ гэсэн хөтөлбөртэй болж өөрчлөгдсөн. Үүнийг өмнөх хөтөлбөртэй нь харьцуулахад хэл зүй, хэрэглээний чадвартай холбоотой агуулга түлхүү орж ирсэн гэж ойлгож болно. Задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, эх дээр ажиллах агуулга нэмэгдсэн. Агуулгад өөрчлөлт орсон учраас сурагчдад хэцүү санагддаг болов уу. Багш нарын хувь ч хуучин заадаг байсан агуулгаас нь зөрдөг учир зарим алаар хүндрэл үүсэх нь бий. Монгол хэлний хичээлээр дүрмээс гадна уншиж ойлгох, ярих чадвар, бодол санаагаа бичгээр илэрхийлэх чадвараа хөгжүүлэх боломжтой. Энэ чадварыг хэрэглээний агуулгаас эзэмших нь чухал. Агуулгыг боловсруулахдаа судалгаанд суурилсан.

Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга, яруу найрагч П.Нямлхагва: Бид монгол хэлийг биш, хэл шинжлэлийг хүүхдүүдэд зааж ирсэн

-Монгол хэлний хэрэглээ цаг үеэ дагаад үгийн сангийн хомсдолд ороод эхэлсэн. Тоймтой хэдхэн үгсээр хоорондоо ойлголцох, харь үгийн нөлөөнд автах зэрэг нь хомсдол үүсэх шалтгаан болсон. Цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд тухайлан монгол хэл уламжлалаа хадгалах, түүний үгийн утгад мэргэших, энэ чиглэлийн цэгцтэй сургалтын хөтөлбөр дутагдаж байна. ЕБС-ийн сурагчид монгол хэлний хичээлдээ дургүй хойрго байгаагийн шалтгаан нь ЕБС-ийн сурагчдаас Элсэлтийн ерөнхий шалгалт авахдаа монгол хэл, монгол бичиг, найруулга, өгүүлбэр зүй, зөв бичгийн дүрэм зэргээр хүндрүүлдэг нь сурахад төвөгтэй байгаа юм шиг санагдах хүүхдүүд төвөгшөөх г байдал үүсгэдэг. Энийг засахын тулд хамгийн гол нь монгол хэл бичгийн сурах бичгийн агуулгыг шинэчлэх ёстой юм болов уу гэж би боддог. Хэлийг заах, хэл шинжлэл бол чухамдаа хоёр өөр зүйл. Бид сурагчдыг үг хөгжил, Монгол хэлний үгийн утгад мэргэшүүлэх үгийг цээжлүүлэх зэрэгт сургах ёстой. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд арванхоёрдугаар анги төгсөхдөө маш олон үгийн баялагтай болоод төгсөх ёстой юм. Мөн найруулга зүй, зөв бичих дүрмийг төгс эзэмшсэн болж төгсөх ёстой. Найруулга зүй, зөв бичих дүрэм гэдэг бол энгийнээр тухайн үг хөгжил гэдэг хичээлийн явцад үзэж байгаа эх бичиг, сурвалжуудаасаа хүүхэд олж аваад танин мэдээд түүн дээр нь тулгуурлаж заах ёстой зүйл. Тэгвэл тухайн хүүхэд Монгол хэлэндээ сайжрах байх гэх бодолтой байдаг. Саяхан нэг судалгаанаас ЕБС-ийн сурагчдад насанд нь тохирсон зүйлийг заахгүй байна гэх зүйлийг олж харсан. Энэ бол үнэхээр үнэн. Бид маш олон жил  ЕБС-ийн дунд сургуулиудад монгол хэлийг биш хэл шинжлэлийг зааж ирсэн. Өгүүлбэрийн бүтэц, байц, тусагдахуун хавсарсан болон энгийн, нийлмэл өгүүлбэр, эгшиг авиа гээд хэтэрхий  их мэргэжлийн зүйлсийг дунд сургуульд заадаг. Энэ бүхэн чинь  угтаа хэл шинжлэл юм . Хэл шинжлэлийг их дээд сургуулийн нэг, хоёрдугаар курст үндсэндээ үзэх ёстой. Харин дунд сургуульд дээд анги буюу арав, арваннэгдүгээр ангид үзэх ёстой. Үүнийг дунд ангиас нь үзээд эхлэхээр хүүхэд залхаад байгаа юм.  Үүний гол гарц гаргалгаа нь гэвэл үг хөгжил.  Монгол хэлний үгийн утга, үгийн баялгийг нэмэгдүүлэх, Монголоор зөв сайхан ярьдаг зөв бичдэг, болгохын тулд тэр үг хөгжил буюу үг хөгжлийг дагасан, Эрт эдүгээгийн олон сайхан эхийг үзэх ёстой юм. Энэ эхээс Монгол хүн хоорондоо ингэж мэндэлдэг юм байна. Хоорондоо ингэж харилцдаг юм байна. Хүндэтгэлийн үгийг хэрхэн зөв хэрэглэдэг юм. Доромж үгсийг ямар нөхцөлд хэрэглэх вэ зэрэгт сурах, үгийн утга нь ийм байдаг юм байна, энэ утгад ингэж зангидагддаг юм байна зэргийг заахгүйгээр учир зүггүй өгүүлбэрийн бүтэц, хэл шинжлэлийг заагаад байгаа. Энэ бүхэн нь үгийн баялаг сайтай Монголоор сэтгэж, Монголоор ярьдаг хэл мэддэг хүнд төдийлөн тус нэмрээ өгөхгүй зүйл. Ерөнхийдөө бол үг түүний утгын зааж өгөөгүй байж хэл  шинжлэлийг л заагаад байгаад л учир бий. хэчнээн сайхан орос, англи хэлтэй хүн байгаад эхлээд үгийг цээжилж сурдаг шүү дээ  түүн шиг Боловсролын салбарт  Монгол хэлэнд сургах, Үгийн утгад мэргэшүүлэх чиглэл маш их дутагдаад  байна.

 

ЭРЭН СУРВАЛЖЛАХ БАГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 39 (7283)

Боловсролын зээлийн сангаас олгосон 4,2 тэрбум төгрөгийн зээл мөрдөх ажиллагааны явцад төлөгджээ

Posted By Алсын Хараа On In Боловсрол,Онцлох | No Comments

Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 7, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, 1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230,1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47,1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж байна.

Энэ хүрээнд 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлжээ. Мөн улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгаа болохыг тогтоосон байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 220 суралцагчийн 1,2 сая ам.доллар буюу 4,2 тэрбум орчим төгрөгийн зээл эргэн төлөгджээ.

Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ

Posted By Алсын Хараа On In Боловсрол | No Comments

/МОНЦАМЭ/. АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч байна.

Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр улсын Засгийн газрын санхүүжилттэй нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна.

Цахим өргөдлийн материалыг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэл хүлээн авна.

Энэ онд 40 мянга орчим шалгуулагч элсэлтийн шалгалт өгнө

Posted By Алсын Хараа On In Боловсрол | No Comments

Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээллээ.

Энэ үеэр БҮТ-ийн дарга Л.Ганбат “Боловсрол, шинжлэх ухааны сайд 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр А-66 дугаар тушаал гаргаж элсэлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг баталсан. Журмын үндсэн агуулга нь элсэлтийн шалгалтыг хэрхэн яаж зохион байгуулах, олон улсын шалгалтын оноог хэрхэн дүйцүүлэх, 2024, 2025 онд элсэлтийн шалгалт хэрхэн зохион байгуулах, цаашид 2026 оноос эхлэн ямар аргачлал, зохион байгуулалттайгаар явуулах талаар тусгасан.

 

Хуучин элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах журмыг Боловсролын үнэлгээний төвийн захирлын тушаалаар баталдаг байсан бол өнгөрсөн онд батлагдсан Боловсролын багц хуулинд тусгагдсаны дагуу холбогдох журмыг тус салбарын сайд баталдаг болсон.

Сайдын баталсан энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой Боловсролын үнэлгээний төвийн захирлын тушаалаар шалгалт зохион байгуулах тухай удирдамжийг гаргасан.  Энэ жилийн хувьд нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 35 485 суралцагч сурч төгсөж байна. Нийт төгсөгчдийн 18 653 нь орон нутгийн, 16 832 нь нийслэлийн суралцагчид байна. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгддэг. Өнгөрсөн жилийн дунджаас харахад 5-6 мянга орчим өмнөх оны шалгуулагчид нэмэгддэг. Энэ жил элсэлтийн шалгалтад 40 мянга орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан тооцоолол гаргаж, үйл ажиллагааг зохион байгуулж байна. Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт заавал өгдөг. Монгол хэл, бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна. Шалгуулагч “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно. Харин босго онооны болзол хангаагүй тохиолдолд тухайн жилдээ дотоодын их дээд сургуульд боломжгүй байдаг " гэв.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн ирэх сарын 15-ны өдрийн 18 цагт дуусах бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 10.00 цагт улсын хэмжээнд нэгдсэн байдлаар шалгалт авах юм.

Шинээр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хуульд Элсэлтийн ерөнхий шалгалт гэх нэршлийг өөрчлөн “Элсэлтийн шалгалт” болжээ.

Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авна. Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй аж. Нэг хичээлийн шалгалтын бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх талаар хурлын үеэр мэдээлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалт өгөхдөө бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн суралцаж буй сургуульдаа, эсвэл БҮТ-д хандан хүсэлтээ гаргах бөгөөд тухайн иргэний хөгжлийн хэрэгцээ шаардлагад тохируулан тусгайлан бэлтгэсэн анги танхимд даалгаврын агуулга, цагт зохицуулалт хийж шалгалтын тусгай орчин бүрдүүлж авах талаар журам болон удирдамжид тусгайлан зааж өгчээ.

Мөн олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг хөтөлбөрүүдийн шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Дүйцүүлэх хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 31-ний хооронд БҮТ-ийн сайтаар дамжуулаж хүлээж авах аж.


 

Боловсролын салбарт 70.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Posted By Алсын Хараа On In Боловсрол | No Comments

Хэнтий аймаг сүүлийн гурван жилийн хугацаанд боловсролын салбарт 70,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Хэнтий аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 28 сургуульд 17,158 сурагч, 36 цэцэрлэгт 6,308 хүүхэд сурч хүмүүжиж байна.

Сүүлийн гурван жилд гурван сургууль, долоон цэцэрлэг, гурван дотуур байр шинээр барьж ашиглалтад оруулсан бол одоо дөрвөн сургууль, хоёр цэцэрлэгийн барилга баригдаж байна. Мөн 11 сургууль, дөрвөн цэцэрлэг, дөрвөн дотуур байранд их засвар хийж 4,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан байна.

Монгол Улсын ууган сургуулийн нэг болох “Алтан гадас одонт” Хэрлэн лаборатори нэгдүгээр сургууль түүхт 100 жилийн ойгоор шинэ байранд орлоо. Тодруулбал Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилгын ажлыг 2021 онд эхлүүлж 2022 оны арван хоёрдугаар сард ашиглалтад оруулсан юм. Шинэ барилга нь 9000 м2 талбайтай, 1500 хүүхдийн суудал, спортын хоёр заал, нэг урлаг заалтай бөгөөд орон нутагт дах сургуулийн хамгийн том барилга гэдгээрээ онцлогтой.

Мөн тус аймаг сургалтын чанар, стандартыг дэлхийн жишигт нийцүүлэх зүүн бүсийн аймгуудын төв сургууль байгуулах зорилтын хүрээнд “Бэрх” олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийг Бэрх хотод барьж ашиглалтад оруулав.

Тус сургууль нь 2022 оны намраас сургалтаа эхлүүлсэн бөгөөд 18 багш, 26 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Улаанбаатар хотын 257 сурагч суралцаж байгаа бол дотуур байранд 192 хүүхэд байрлаж байгаа юм.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт зарим сургуулийн хэв шинжийг судалгаанд үндэслэн өөрчлөх тухай тусгасан. Уг зорилтын хүрээнд Хэрлэн суманд Ерөнхий боловсролын сургуулийн тоог нэгээр нэмэгдүүлж, V сургуулийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. Тус сургууль нь 2023 оны намраас сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 518 сурагч, 50 багш, ажилтантай юм. Мөн Бор-Өндөр цогцолбор сургуулийг Бор-Өндөр бага сургууль болгон салгасан бөгөөд энэ оны хичээлийн жилд 1089 сурагч, 34 багш, 18 ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа тухай аймгийн БШУГ-аас мэдээлэв.