- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Өнөөдөр нар бүтэн хиртэнэ

Дөрөвдүгээр сарын 8-ны даваа гарагт нар бүтэн хиртэх үзэгдэл тохиож, хойд Америкт ажиглагдана. Хиртэлтийн гол зурвас нь Мексик, Канад, АНУ-ыг дайран өнгөрөх юм. Нар бүтэн хиртэх үзэгдэл байнга гэхдээ тийм ч олон удаа тохиодоггүй. Дараагийн бүтэн хиртэлт 2026 онд болох хэдий ч Атлантын далайд илүү тод ажиглагдах ажээ.

Дөрөвдүгээр сарын 8-ны хиртэлт Номхон далайгаас эхлэх бөгөөд Күүкийн арлуудын бүрэлдэхүүнд ордог Пенрин арлын оршин суугчдад хамгийн түрүүнд ажиглагдана. Дараа нь Нарыг бүрхсэн Сарны сүүдэр далай дээгүүр 2500 гаруй км/ц-ийн хурдтай өнгөрч, орон нутгийн цагаар 11:07 цагт Мексикийн эргээр, 20 минутын дараа Мексик, АНУ-ын хилээр өнгөрөх бол, хиртэлтийн гол зурвас хэдэн цагийн дараа Хойд Америкийг бүхэлд нь бүрхэж, Сарны сүүдэр Атлантын далайд туссанаар хиртэх үзэгдэл дуусна.

Хиртэлт гэж юу вэ, ямар төрлийн хиртэлтүүд байдаг вэ?

Нар, Сар, Дэлхий гурав нэг шугам дээр байрлах үед энэ үзэгдэл тохиодог. Хэрэв дэлхий дунд нь байрлавал түүний сүүдэр Саран дээр тусах бөгөөд энэ бол Сарны хиртэлт юм. Хэрэв Сар дунд хэсэгт байрлавал Нарыг халхалж, Нарны хиртэлт тохионо.

Харин хиртэлт хагас эсвэл бүтэн байх эсэх нь нэг шугам дээр хэр шулуун дарааллаар байрлаж байгаагаас шалтгаалдаг ажээ. Нарны хиртэлтийн хувьд хагас эвсэл бүтэн байх эсэх нь Сар бага зэрэг сунасан тойрог замын хүрээнд Дэлхийгээс хэр ойрхон эсвэл хол байгаагаас хамаарна.

Цагариг хэлбэрийн нарны хиртэлтийн үед Сар дэлхийгээс хамгийн хол зайд байрладаг тул Нарыг бүрэн халхалдаггүй байна.  Нарны ээлжит цагариган хиртэлт энэ оны 10 дугаар сарын 2-нд тохиох бөгөөд Өмнөд Америкт ажиглагдах юм. Энэ үзэгдэл Өмнөд Америкаас гадна Хойд Америк, Номхон далай, Атлантын далайд хэсэгчлэн ажиглагдах ажээ.

Нар хиртэх үзэгдлийг зөвхөн тусгай, маш бараан шилээр эсвэл тусгай төхөөрөмжөөр харж болно. Эс бөгөөс нүдний хараа муудаж болзошгүй. Өнөөдрийн бүтэн хиртэлтийн хамгийн удаан үргэлжлэх хугацаа нь 4 минут 28 секунд байх болно.

С.Энхбадрах: Алтай хэл шинжлэл эрдэмтдийн хүчин чармайлтаар хөгжих учиртай

Posted By Алсын Хараа On In Шинжлэх ухаан | No Comments

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчидадаа хүргэдэг билээ. Энэ удаад ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхбадрахыг урилаа.

Судалгааны бүтээлүүд гурван зууныг дамнан гарч байна

Дэлхийн олон хэлийг гарал үүслийн талаас нь ангилан хуваах ерөнхий онолд тулгуурлан, түрэг, монгол, манж-түнгүс хэлийг нэг хэлнээс салбарлан гарсан гэж үздэг. Эдгээр хэлтнүүд Алтайн уулс орчмоор нутаглаж байсныг нь үндэс болгон “Алтай хэлнүүд” хэмээн нэрлэж, судалгааны олон бүтээл гарсан. Гэвч энэ онолыг эсэргүүцэх хүмүүс нэг хэлнээс салбарлан гараагүй, хэв шинжийн хувьд ижил төстэй гэж үзэх нь бий. Алтай хэлний онолыг зөвшөөрөгч, үл зөвшөөрөгчдийн аль аль нь дээрх угсаатнуудын хэлэнд буй нийтлэг зүйлийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Алтай хэл шинжлэлийн судалгаа үүссэн цагаасаа хэлний тодорхой түвшин, авиа зүй, үг зүй, үгийн сан, өгүүлбэр зүй гээд өргөн хүрээг хамарсан бүтээлүүд гарчээ. Түүнчлэн тус хэлний бүлгийг солонгос, япон хэлээр өргөжүүлэн, макро-алтай хэл хэмээх ойлголтыг Г.И.Рамстедт тэргүүтэй эрдэмтэд гарган тавьж, чамгүй бүтээлийг туурвисан бөгөөд түрэг, монгол, манж-түнгүс хэлний хүрээнд судлах чиглэлийг микро-алтай хэлний онол хэмээн нэрлэдэг. Хэл шинжлэлийн энэхүү сонирхолтой салбар XX зууны эхээс дунд үе хүртэл эрчимтэй хөгжсөн. Ингэхдээ бүтээл туурвиж байсан өрнө дахин, тэр дундаа Оросын голдуу эрдэмтдийн нуруун дээр явж ирсэн. Тус салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсан эрдэмтэд тус онолыг хүлээн зөвшөөрсөн нэгэн бүлэг, эс хүлээн зөвшөөрсөн бүлэгт хуваагдсанаар алтаист хийгээд антиалтаистууд гэсэн хоёр дэг сургууль бий болсон гэдэг. Гэсэн хэдий ч аль аль чиглэлийнхэн нь “алтай хэлнүүд” гэх нэр томьёоноос татгалзсангүй. Тиймээс ч энэ чиглэлийн судалгааны бүтээлүүд гурван зууныг дамнан тасралтгүй гарсаар байгаа билээ.

Түрэг, монгол хэлний баримтад тулгуурлан үргэлжилнэ

Блиц:

Боловсрол:

2012 он: МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийг Монгол хэл, уран зохиол судлаач мэргэжлээр бакалавр

2014 он: Шинэ иргэншил дээд сургуульд Монгол судлалын магистрын зэрэг хамгаалсан.

2016 он: ОХУ-ийн Казанийн Их Сургуулийн Хэлний бэлтгэлийн сургуулийг төгссөн.

2016-2019 он: ОХУ-ын Новосибирскийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн институтийн Хэл шинжлэл, утга зохиолын аспирантурт суралцсан.

Ажилласан байдал:

2012 онд: МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС пресс хэвлэлийн газрын ажилтан.

2017-2019 онд: ОХУ-ын Новосибирскийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан

2012 оноос: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан

Бүтээлийн тойм байдал: Эрдэм шинжилгээний хамтын таван бүтээлд зохиогчоор ажиллаж, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 40 өгүүлэл хэвлүүлсэн. Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 40 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна.

Алтай хэл шинжлэлийн өнөөг хүртэлх судалгааны үр дүнгүүдээс үзвэл тус онолыг баталж чадах, эс чадах байсан ялгаагүй, гол түлхүүр болох тулгуур хоёр хэл нь түрэг хийгээд монгол хэл болох нь тодорхой болсон. Солонгос, Япон хэлийг хамруулсан макро-алтай хэлний онол төдий л хол явахгүй нь тодорхой болсон.

Эдгээр хэлийг монгол, түрэг хэлний тодорхой элементүүдтэй харьцуулан зэрэгцүүлж судлах ажил улам дэлгэрсээр байгаа нь сайшаалтай. Манж-түнгүс хэлний монгол, түрэг хэлтэй нийтлэг гэгдэх элементүүдийн дийлэнх нь монгол хэлний нөлөөгөөр тайлбарлагдах болсон. Мөн алтайн ерөнхий онолд нөлөөлөхүйц баримт өнөөг хүртэл манж-түнгүс хэлний хөрсөн дээр хангалттай хэргэжсэнгүй. Учир нь алтай хэл шинжлэлийн цаашдын чиг хандлага түрэг, монгол хэлний баримтад тулгуурлан үргэлжилнэ. Энэ нь тус салбарын үндсэн баримжаа болно гэдэгт итгэж байна. Алтай хэл шинжлэл хөгжих нэгэн таатай суурь бол эртний түрэгийн орхон (руни) бичгийг тайлан уншсан явдал. Гол төлөв Монгол Улсын нутаг дэвсгэрээс томоохон дурсгалууд олдсон.

Бичгийн дурсгалыг судлаачид “Эртний түрэг бичиг”, “Эртний руни бичиг”, “Орхон, Сэлэнгийн руни бичиг”, “Орхон Енисейн бичиг”, “Орхон бичиг”, “Монголын руни бичиг” гэж олон янзаар нэрлэдэг. Томоохон дурсгалууд нь голдуу Орхоны хөндийгөөс олдсонд үндэслэн “Орхон бичгийн дурсгал” хэмээн нэрлэсэн эрдэмтдийн саналыг баримтлах нь зүйтэй гэж үздэгээ тэмдэглэвэл зохистой.

Орхон бичгийн дурсгалыг тайлан уншиж, энэ чиглэлийн судалгаа хөгжсөний үр дүнд тус бичгийн дурсгалуудын үгийн санг боломжит хэмжээгээр бүрэн хамруулсан томоохон толь бичгүүд гарсан нь алтай хэл шинжлэлд маш чухал хэрэглэгдэхүүн болж байна. Эдгээрээс Оросын эрдэмтэн В.М.Наделяев нарын арван зохиогч, редактор бүхий “Эртний түрэг хэлний толь”, алдарт антиалтаист эрдэмтэн Ж.Клосоны “XIII зуунаас өмнөх турк хэлний гарлын толь” багтана. Мөн Оросын эрдэмтдийн хамтран туурвиж ирсэн “Түрэг хэлнүүдийн үгийн гарлын толь” нь өнөөг хүртэл найм дахь боть нь гараад буй бүтээлүүдийг онцлон нэрлэх учиртай. Түүнчлэн орхон бичгийн дурсгалыг судалсан нэрт эрдэмтэн С.Е.Малов, В.В.Радлов нарын алдарт атласууд хийгээд бусад олон арван ном, судалгааны өгүүллүүд яахын аргагүй ганц түрэг судлалаар зогсохгүй, нийт алтай хэлний онолын судалгааны чухал хөдөлгөх хүч болсон. Дээр онцлон өгүүлсэн чухал бүтээлүүдийг залгамжлан үргэлжлүүлж шинэ зуунд гарсан нэгэн чухал бүтээл бол Оросын түрэгч эрдэмтдийн хамтарсан “Түрэг хэлнүүдийн харьцуулсан хэлний зүй” /Сравнительно-историческая грамматика тюркских языков/ цувралын “Үгийн сан /Лексика/”-гийн ботийг алтай хэлнүүдийн гарлын толиудаас гадна судалгааны эргэлтэд орсон, одоо үлгэрлэн үзвэл зохих томоохон бүтээлд зүй ёсоор багтана. Тус бүтээлд түрэг хэлнүүдийн үгийн сангийн нэгжүүдийг утгын тодорхой категориудад хувааж, тэдгээр тус бүрээ гарлын үүднээс тайлбарлаж, эртний хэлбэрийг сэргээн тогтоож, иж бүрэн судалгааны ажил болгохыг зорьсон байна. Тус бүтээлд монгол болон манж-түнгүс хэлтэй гарлын хувьд холбогдох үгсийг зохих хэмжээнд харгалзуулан тайлбарласан боловч ихэнх тохиолдолд тэдгээрийг түрэгээс бусад хэлэнд орсон зээллэг гэж үзэх хандлага давамгайлсан.

Зарим тохиолдолд монгол, манж-түнгүс хэлний үгстэй холбоотой үгсийн судалгааг өргөн хүрээнд авч үзэлгүй, зөвхөн түрэг хэлний хөрсөн дээр тайлбарласан зэрэг анхааран үзүүштэй дутагдалтай тал байгааг тэмдэглэх ёстой. Энэ нь ерөөс алтай хэл шинжлэл, тэр дундаа монгол, түрэг хэлний үгийн сангийн харьцуулсан судалгааны асуудал хэзээнээс түрэг төвт үзэлд суурилжээ.

Нөгөөтээгүүр монгол хэлт судлаачид тус салбарт идэвхтэй судалгаа хийж ирээгүйтэй шууд холбоотой гэж үзэж болно. Алтай хэл шинжлэлийн өнгөрсөн үеийн эрдэмтдийн бүтээл, ололт амжилт зэрэгт суурилан үзэхэд монгол, түрэг, цаашлаад алтай хэлнүүдийн үгийн сангийн харьцаа холбооны асуудлыг тодруулан судаллаа. Цаашид монгол хэлийг тээгч, монгол эрдэмтэд нэн тэргүүн анхаарах зүй ёсны шаардлагатай болсон гэж ойлгож болно. Ингэж хэлэх олон шалтгаан байж болох ч зөвхөн хоёр зүйлээр жишээлж арай ойлгомжтой болгохыг хичээе. 1969 онд антиалтаист эрдэмтэн Ж.Клосон археологийн шинжлэх ухааны он цаг тогтоох радионүүрстөрөгчийн арга хийгээд статистик судалгааны аргад суурилан төрөл хэлнүүдийн үндсэн үгийн сангийн статистик судалгааг амжилттай хийсэн. Америкийн эрдэмтэн М.Свадешийн онолд суурилан монгол, түрэг, манж хэлний 200 үндсэн үгийг харьцуулан судалсан “Алтай хэлний онолын үгийн сангийн бүртгэл зүйн дүн” гэсэн өгүүлэл хэвлүүлсэн байдаг. Энэ арга нь хоёр болон түүнээс дээш хэл гарлын хувьд төрөл болохын эцсийн баталгаа нь эдгээр хэл нь ядаж л хангалттай тооны нийтлэг үндсэн үг /основное слово, basic word/-тэй байх ёстой гэсэн зарчимд суурилсан арга юм. Энэ судалгаандаа үндэслээд Ж.Клосон алтай хэлний онол бол үнэн зөв биш, эдгээр хэлнүүд төрөл биш юм байна гэж дүгнэсэн байдаг юм. Уг өгүүлэл гарснаас хоёр жилийн дараа Мажарын эрдэмтэн Л.Лигети “Алтай хэлний онол ба үгийн сангийн бүртгэл зүй” гэсэн шүүмж өгүүллээ хэвлүүлсэн. Ж.Клосоны бүртгэлд гарсан дутагдалтай талуудыг илрүүлэн шүүмжилж, зарим үгийн гарлын талаарх сонирхолтой саналаа дэвшүүлсэн байдаг. Бид эдгээр өгүүллийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “Altaica” сэтгүүлийн 15, 16 дахь ботид орчуулан хэвлүүлсний гадна тус бүртгэлд хамруулсан үгсийг судалсан дүнгээ судлаачдад танилцуулсан юм. Манж-түнгүс хэлний баримтыг нь эс хэлэлцэн, монгол, түрэг хэлний 200 үгийг хэрхэн судалсныг авч үзвэл Ж.Клосон ердөө дөрвөн үг л тус хоёр хэлэнд гарал нэгтэй гэж үзсэн бол Л.Лигети үүн дээр дахин 11 үгийг гарлын холбоотой гэж үзжээ. Бидний нягтлан үзсэнээр эдгээр судлаачдын 15 нийтлэг үг даруй 38 үгээр нэмэгдэж, нийт 50 гаруй үг нэг гаралтай болж байна. Тэгэхээр үгийн сангийн статистик судалгааны аргын ёсоор монгол, түрэг хэлнүүд нэг гаралтай болж таарсан. Энэ нь бидний онцлон хэлээд байгаа монгол хэлт судлаачид тус салбарт хүчээ нэгтгэж, хамтран ажиллах шаардлагатай гэдгийн нэг тод баримт боллоо.

Монгол, түрэг хэлний үгийн сангийн харьцуулсан судалгаа чухал

Тиймээс монгол, түрэг хэлний үгийн сангийн харьцуулсан судалгааг гүнзгийрүүлэн авч үзэх нь алтай хэл шинжлэлийн цаашдын хөгжилд ихээхэн ач холбогдолтой. Монгол, түрэг хэлний мал аж ахуйн холбогдолт үгсийг харьцуулан судлах зорилгыг хэдэн жилийн өмнө тавьж, энэ чиглэлээр хэд хэдэн судалгааны өгүүлэл хэвлүүлээд байна. Цаашид утгын олон категорийн хүрээнд үгийн сангийн харьцуулсан бүрэн судалгааг хийснээр алтай хэл шинжлэлийн асуудалд дорвитой үр дүн гарах болов уу. Одоогоор бүрдүүлээд буй хэрэглэгдэхүүн буюу монгол, түрэг угсаатны эртний түүхийн гол гэрч болсон мал аж ахуйн холбогдолт, тус хоёр хэлний нийтлэгийг гэрчлэх нэг язгуурт үгс даруй 120 гаруй байна. Бидний судалгааны урьдчилсан дүнгээс үзвэл дээр онцлон дурдсан бүтээлүүдэд түрэг төвт үзлийн үүднээс хандаж, түрэг хэлнээс монгол хэлэнд орсон үг гэх хандлагаар судалхад олон үгийн гарлын асуудал тодорхой болж байна. Тодруулан хэлбэл, урьд өмнө түрэг хэлнээс монгол хэлэнд орсон гэж үзэж ирсэн олон үгийн гарлын асуудлыг тодруулснаар аль нэг хэлнээс нөгөөдөө зээлсэн гэж үзэх үндэслэлгүй. Харин нэгэн өвөг хэлнээс гаралтай гэж тайлбарлагдах төдийгүй түрэг, монгол хэлний дундын гэх томьёололд багтах үгс дийлэнх байгаа нь цаашид энэ чигийн судалгааг улам эрчимжүүлэх шаардлагатай буйн нэг бодит баримт болж байна. Энэ мэтээр цаашид монгол, түрэг хэлний үгсийг утгын категориор нарийвчлан судалж, гарлын асуудлыг монгол хэлт судлаачийн өнцгөөс шинэ тутам тодруулан судлах нь алтай хэлнүүдийн харьцааны асуудлыг тодруулахад, алтай хэл шинжлэл хэмээх ээдрээтэй салбар ухааныг тодорхой шийдэлд хүрэхэд бодит үр дүн болно. Шинэ зууны алтай хэл шинжлэлийн цаашдын чиг хандлага чухам энэ зүг рүү чиглэх учиртайг онцлон дахин онцолмоор байна. Ерөөс алтай хэл шинжлэлийн гол тулгуур болсон монгол, түрэг хэлний харьцуулсан судалгааны цаашдын хөгжил нь үгийн сангийн түвшинд голлон суурилж, эдгээр хэлнүүдийн нийтлэг элементүүдийг бүртгэх, гарлыг тодруулах, эртний хэлбэрийг сэргээн тогтоох зэргээр уламжлал шинэчлэлийн зохистой харьцаанд үндэслэж, тууштай судалгаа хийх ажил монгол хэлт судлаачдын “нуруун дээр” явж иржээ.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

IV түвшний соронзон шуурга Дэлхийг бүрхэн авчээ

Posted By Алсын Хараа On In Шинжлэх ухаан | No Comments

Гуравдугаар сарын 23-ны өдөр Наран дээр болсон томоохон дэлбэрэлтээс үүссэн плазмын урсгал Дэлхийд хүрч ирснээр маш хүчтэй соронзон шуурга ажиглагдаж байгаа тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лабораториос мэдээллээ.

“Дэлбэрэлтээс шидэгдсэн Нарны плазмын урсгал Дэлхийд хүрч ирсэн бөгөөд боломжит таван түвшнээс дөрөв дэх түвшний соронзон шуурга үргэлжилсээр байна” гэдгийг тус лабораторийн ажилтан онцлов.

Соронзон шуурганы хурд нь Дэлхий орчимд бараг хоёр дахин нэмэгдэж, ойролцоогоор 800 км/секундэд хүрсэн байна. Мөн Дэлхийг хүрээлсэн плазман үүлсийн халууны хэм нь бараг 1 сая градус хүртэл нэмэгдсэн бол Нарны плазм ирэхээс өмнө Дэлхийг хүрээлж буй хийн температур 100 мянга орчим кельвин байжээ.

“Нарны шуурга хэр удаан үргэлжлэхийг одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Соронзон орны загварчлалын үнэлгээгээр бол бүтэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Шуурганы хүч хамгийн дээд түвшиндээ хүрээд байгаа. Үүнээс илүү хүчтэй V түвшний соронзон шуурга хамгийн сүүлд 2005 оны 9 дүгээр сарын 11-нд ажиглагдаж байсан” гэж лабораторийн ажилтнууд ярилаа.

Наран дээр болсон дэлбэрэлт нь Нар-Дэлхийн шугам дээр болсон тул манай гарагт үзүүлэх нөлөөлөл нь хамгийн их байжээ. Плазман үүлс Дэлхийн тойрог замд ням гарагийн орой эсвэл даваа гарагийн үдээс өмнө хүрнэ гэж эрдэмтэд тооцоолж байв.

АНУ-д дуунаас хурдан нисдэг аппарат амжилттай туршжээ

Posted By Алсын Хараа On In Шинжлэх ухаан | No Comments

Америкийн “Стратолонч” компанийн зохион бүтээсэн дуунаас хурдан нисдэг аппаратын (Talon-A, TA-1) туршилт амжилттай болжээ. “ТА-1” нисдэг аппаратын туршилтын загварын анхны нислэгийг амжилттай хийснийг мэдэгдэхэд таатай байна” гэж компанийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

Туршилтын үеэр уг аппарат 5 Мах (ойролцоогоор 6125 км/цаг) хүртэл хурдалжээ. Техникийн бусад үзүүлэлтүүдийнх нь талаар мэдээлээгүй байна. Туршилтын гол зорилго нь уг аппаратыг “агаараас аюулгүй буулгах, хөдөлгүүрийг асаах, хурдаа авах, өндрөө тогтвортой авах, усан дээр газардуулах" зэрэг байв гэж мэдэгдэлд дурджээ.

"ТА-1" бол хувийн компанийн бүтээсэн ийм өндөр хурдтай, Америкийн анхны нисдэг аппарат юм. “Стратолонч”-ийн мэдээлснээр, 8.5 метр урт, 3.4 метр өргөн, хөөрөх үеийн жин нь 2.72 тонн уг аппарат хөөрсний дараа онгоцноос салж, өөрийн хөдөлгүүрээр нисдэг ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хиймэл дагуулыг ашиглан нарны эрчим хүчийг дэлхий рүү дамжуулжээ

Posted By Алсын Хараа On In Шинжлэх ухаан | No Comments

/arXiv/. Цэвэр эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг эрэлхийлж буй эрдэмтэд нарны эрчим хүчийг дэлхий рүү дамжуулах технологийг турших явцдаа томоохон амжилтад хүрчээ. Тодруулбал, Калифорнийн Технологийн хүрээлэнгийн (Caltech) мэргэжилтнүүд тойрог замын хиймэл дагуулын тусламжтайгаар нарны энергийг цуглуулж, дэлхий рүү дамжуулсан байна.

“Space Solar Power Demonstration” (SSPD-1) хэмээх төслийг “Caltech-ийн Space Solar Power Project” (SSPP) төслийн эрдэмтэд “Indie Semiconductor Inc.”, НАСА-гийн тийрэлтэт хөдөлгөөний лаборатори (JPL), “Amazon Web Services” болон “GuRu Wireless” стартаптай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд дэлхийн тойрог замд тодорхой хэмжээний эрчим хүчийг хуримтлуулж, дараа нь манай гаргийн гадаргуу руу илгээх технологид эргэлт хийжээ.  Эдүгээ эрчим хүч үйлдвэрлэхэд Нарны гэрлийг хэдийнээ ашиглаж байгаа боловч зарим асуудлыг шийдэж чадахгүй байгаа билээ. Тухайлбал, бүрхэг өдөр нарны хавтангийн эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувь хүртэл буурдгаас гадна шөнийн цагаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэггүй.

Тэгвэл дэлхий орчмын тойрог замд байрлуулсан нарны хавтангууд нь байнга Нар луу харж байрласан тохиолдолд тасралтгүйгээр эрчим хүч үйлдвэрлэнэ. Харин энэ эрчим хүчийг дэлхий рүү дамжуулах механизмыг бий болгох л үлдээд байна.

Дээрх туршилтыг "Microwave Array for Power-transfer Low-orbit Experiment" (MAPLE) төхөөрөмжийг ашиглан хийжээ. Сансраас Дэлхий рүү эрчим хүч дамжуулах зориулалттай энэ төхөөрөмж нь “6U CubeSat” хиймэл дагуул шиг харагдах ба фотоэлектроникийн элементүүдийг ашиглан нарны эрчим хүчийг цуглуулдаг ажээ.

Эрчим хүчийг хуримтлуулсныхаа дараа MAPLE нь антенуудыг ашиглан радио давтамж болгон хувиргаж, туяа хэлбэрээр дэлхий рүү дамжуулдаг ба үүнийг дэлхий дээр дохиог хүлээн авах, хөрвүүлэх тусгай тоног төхөөрөмжөөр хүлээн авч, дараа нь шууд гүйдэл болгон хувиргадаг байна.

Дээрх туршилтыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 3-нд хийж эхэлсэн байна. Судлаачид MAPLE төхөөрөмжийг дэлхийн нам өндрийн тойрог замд SpaceX компанийн Falcon 9 пуужингаар гаргажээ. Үүнээс хойш хэдэн сарын дараа туршилт амжилттай болсныг зарлаж байна. Туршилтын дараагийн үе шатанд “SPPD-1” ангиллын хиймэл дагуулын сүлжээг бий болгоно. Эдгээр хиймэл дагуулын тусламжтайгаар 10,000 өрхийг эрчим хүчээр хангахаар төлөвлөж байгаа ажээ. MAPLE одоогоор сансарт 175-251 МВт хүртэл хэмжээний эрчим хүчийг хуримтлуулж байгаа боловч 1 МВт-аас ихгүй эрчим хүч дэлхийд ирж байгаа тул ийм олон айл өрхийг цахилгаанаар хангахад тодорхой хугацаа шаардлагатай.

Д.Жаргал

Эх сурвалж: "монцамэ" агентлаг

Туркийн компани АI технологиор лазерын зэвсэг бүтээжээ

Posted By Алсын Хараа On In Шинжлэх ухаан | No Comments

/TRT Haber/. Туркийн “Roketsan” компани хиймэл оюун ухааны /АI/ технологи ашиглан “ALKA” лазерын зэвсгийг бүтээж дуусгасан тухай тус компанийн дэвшилтэт системийн менежер Сейит Тунч мэдэгдэв.

Зэвсгийн эл системийг Туркийн Ерөнхийлөгчийн засаг захиргааны дэргэдэх батлан хамгаалах аж үйлдвэрийн газрын удирдлага дор бүтээжээ. С.Тунчийн хэлснээр, "ALKA" нь цахилгаан соронзон ба лазер технологиудыг хослуулсан агаарын довтолгооноос хамгаалах цогцолбор юм.

Дэлхий дахинд болж буй сүүлийн үеийн үйл явдлууд, ялангуяа Украин дахь дайнтай холбоотойгоор одоо байгаа зэвсгийг шинэчлэн сайжруулах, тэр дундаа хиймэл оюун ухаан ашиглан сайжруулах хэрэгцээ шаардлага үүсээд байна хэмээн С.Тунч “ALKA”-г танилцуулах үеэрээ онцлон тэмдэглэлээ. Түүний хэлснээр, "тэгш бус аюул заналыг" сөрөн эсэргүүцэхэд Турк улсад ийм зэвсэг шаардлагатай байгаа ажээ.

Дээрх системийг анх 2019 онд Истанбулд "IDEF" батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм. “Roketsan”-ы цахим хуудсанд бичсэнээр, уг цогцолборын лазерын тусгал нь 750 м бөгөөд дроныг устгах, мөн мина болон гар хийцийн тэсрэх төхөөргийг зайнаас дэлбэлэх зориулалттай ажээ.

Америкийн компани сансрын аппаратаа Саран дээр буулгана

Posted By Алсын Хараа On In Шинжлэх ухаан | No Comments

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 13 /NASA/. Техаcт төвтэй “Intuitive Machines” компани сансрын аппаратаа энэ сарын 22-нд Сарны гадаргуу дээр газардуулахаар төлөвлөж байгаа тухай АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээллээ.

“Nova-C IM-1” буюу “Одиссей” хэмээн нэрлэсэн уг аппаратыг АНУ-ын Зүүн эргийн цагаар 00:57 цагт Флорида муж улсын Канаверал хошуун дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвийн 39А хөөргөх цогцолбороос “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөх бөгөөд Сарны өмнөд туйлаас 300 км-ийн зайд орших Малаперт А тогооны орчимд буулгахаар төлөвлөжээ. Буугч модуль Саран дээр 14 хоногийн хугацаанд даалгаврууд гүйцэтгэх ёстой.

Энэхүү ажиллагааг Сар луу ачаа хүргэх арилжааны (CLPS) хөтөлбөрийн хүрээнд “Intuitive Machines”-тэй байгуулсан НАСА-гийн гэрээний дагуу гүйцэтгэх ажээ.

“Одиссей” нь Саран дээр газардах бүсийн хүрээлэн буй орчныг судлах, мөн радио одон орон судлалын болон өндөр нарийвчлалтай буух технологи, харилцаа холбоо, бие даасан навигацийг судлах зориулалттай НАСА-гийн судалгааны таван багажийг тээх юм. Уг станцын бүхээгээс мөн бичил хиймэл дагуулыг Сарны тойрог замд оруулна. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн зургаан ачааг Сар луу хүргэх ажээ.

“Сар луу илгээж буй шинжлэх ухаан, технологийн ачаанууд нь манай гаргийн дагуул руу хийх жолоодлогот нислэг болон түүний гадаргуу дээр хүн төрөлтнийг тогтвортой оршин суух үндэс суурийг тавих зорилготой” гэж “Intuitive Machines” компанийн мэдэгдэлд дурджээ.

Хэрэв буугч төхөөрөмж Саран дээр амжилттай газардвал энэ нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Америкийн сансрын хөлөг Дэлхийн дагуул дээр газардсан анхны тохиолдол, мөн буулгах ажиллагааг анх удаагаа хувийн компани гүйцэтгэсэн тохиолдол болно."Intuitive Machines" мөн гуравдугаар сард хоёр дахь, зургаадугаар сард гурав дахь аппаратаа Сар луу илгээхээр төлөвлөжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Дэлхий өнөөдөр наранд хамгийн ойр цэгт хүрнэ

Posted By Алсын Хараа On In Шинжлэх ухаан | No Comments

Нэгдүгээр сарын 3-нд буюу маргааш Дэлхий тойрог замынхаа Наранд хамгийн ойр цэгт хүрнэ.

Энэ үед огторгуйн дурангаар харвал Нарны дүгэрэг долоодугаар сарын эхэн үеийнхээс 3 хувиар том харагдах бөгөөд Дэлхий, Нар хоёрын хоорондох зай 147 сая км (0.98 астрономын нэгж) болно.

Зууван (эллипс) хэлбэрийн тойрог замаар Дэлхий дунджаар 29.765 км/с хурдтайгаар 365 хоног 6 цаг 9 минут 10 секундийн хугацаанд Нарыг бүтэн тойрдог. Манай гаргийн тойрог замын Наранд хамгийн ойр байх цэгийг перигели гэдэг ба Дэлхий нэгдүгээр сард энэ цэгийг дайран өнгөрдөг. Үүний зэрэгцээ, Дэлхий долоодугаар сарын эхээр Нарнаас хамгийн хол цэг болох афели-д (152 сая гаруй км зайтай) хүрдэг.

"Нарны голчийг өнцгөн градусаар хэмждэг. Нарны дүгэргийн хэмжээ хагас жилийн турш жигд өөрчлөгддөг тул афели ба перигели агшин дахь энэхүү харагдах ялгаа нь төдийлөн мэдрэгдэхгүй. Гэхдээ нэгдүгээр сарын 3-нд манай гараг Нарнаас хамгийн хол байх долоодугаар сарынхаас 3 хувиар том харагдана" гэж одон орончид мэдээлж байна.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Энэтхэг улс сансрын рентген туяаг судлах хиймэл дагуул хөөргөжээ

Posted By Алсын Хараа On In Шинжлэх ухаан | No Comments

 /interfax/. Сансар огторгуйн рентген туяаг судлах XPoSat (X-ray Polarimeter Satellite) хиймэл дагуулыг тээсэн "Polar Satellite Launch Vehicle" (PSLV) зөөгч пуужинг даваа гарагт буюу өнөөдөр тойрог замд хөөргөсөн тухай Энэтхэгийн сансар судлалын байгууллага мэдээлжээ.

Дөрвөн угсраа уг пуужинг Сатиш Даваны нэрэмжит Сансрын төвийн хөөргөх тавцангаас орон нутгийн цагаар 09:10 цагт хөөргөсөн байна. 469 кг жинтэй хиймэл дагуулыг 650 км-ийн өндөрт тойрог замд гаргажээ.

XPoSat-ын гол даалгавар нь огторгуйн биетүүдээс ялгарч буй рентген туяаны туйлшралыг хэмжих ажээ. Уг төхөөрөмж мөн нейтрон оддын соронзон орны геометр бүтцийг болон хар нүхний үзэгдлийг судлах юм.

Уг хиймэл дагуулыг хөөргөснөөр Энэтхэг улс нь хар нүх, нейтрон оддыг судлах станц бүхий АНУ-ын дараа хоёр дахь орон боллоо гэж Энэтхэгийн сансар судлалын байгууллага онцолжээ.

Наран дээр хоёр хүчтэй дэлбэрэлт болжээ

Posted By Алсын Хараа On In Шинжлэх ухаан | No Comments

Арван хоёрдугаар сарын 15-нд наран дээр М зэрэглэлийн хоёр хүчтэй дэлбэрэлт болсон тухай Оросын Хэрэглээний геофизикийн хүрээлэнгийн гелиогеофизикийн алба мэдээлэв. Эхний дэлбэрэлт (М6.3) Москвагийн цагаар 10:15 цагт (Улаанбаатарын цагаар 15:15) Нарны 3514 (N03W61) бүлэг толбонд болж, 31 минут үргэлжилсэн бол дараагийнх нь 10:43 цагт (Улаанбаатарын цагаар 15:43) бүртгэгджээ. М6.9 зэрэглэлийн энэ дэлбэрэлт 3514 (N03W63) бүлэг толбонд болж, 20 минут үргэлжилсэн байна.

12 дугаар сарын 14-нд сүүлийн жилүүдэд болоогүй хамгийн хүчтэй X2.9 зэрэглэлийн дэлбэрэлт бүртгэгджээ. Уг дэлбэрэлтийн улмаас "бага энергитэй протоны урсгал дэлхийн ойролцоох орон зайд хүрчээ".

Сансрын цаг агаарын ажиглалтын мэдээгээр, нарны тэсрэлтийн дэлхийн ионосферт үзүүлэх нөлөө нь одоогоор 5 шатлалын үзүүлэлтээр R3 буюу хүчтэй түвшинд хүрсэн байна. Энэ үзүүлэлтийн хамгийн сул нь R1, хамгийн хүчтэй нь R5 байдаг.

R3 түвшин гэдэг нь дэлхий дээр нам давтамжийн радио холбоонд урт хугацаагаар тасалдал үүсгэж, хөлөг онгоц, нисэх онгоцны байршлыг тодорхойлоход алдаа гарахад хүргэх эрсдэлтэй.

Нарны дэлбэрэлтийн рентген цацрагийн хүчийг “A, B, C, M, X” зэрэглэлээр ангилан тооцдог ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг