- Alsiinharaa.mn - http://alsiinharaa.mn -

Тамирчид дараагийн олимпын эрхийн тэмцээнд оролцоход саадгүй болжээ

Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын эрх олгох сүүлчийн боломжит тэмцээн 5 дугаар сарын 6-9-нд Болгарын Софи хотноо болно.

Энэхүү тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын Болгарын улсад нэвтрэх визний хүсэлт материалыг Бээжин хот дахь Болгарын элчин сайдын яамны визний материал хүлээн авах төвд илгээсэн хэдий ч Ковид-19 цар тахлын улмаас материал хүлээн авах боломжгүй гэсэн таагүй мэдээ Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-нд иржээ.

Монгол Улсад Болгар улсын Элчин сайдын яам байдаггүй бөгөөд Казахстан дахь Болгарын Элчин сайдын яаманд хандсан ч бас л  хүлээж аваагүй юм байна.

Улмаар МЧБХ-ноос Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүсэлт тавихад маш уриалгахан хүлээн авч энэ хүнд цаг үед Монгол тамирчид нийгэмдээ гэрэл гэгээтэй сайхан мэдээ дуулгаж байгааг бидэнд хэлж баяр хүргэсэн байна.

Тэрбээр маш богино хугацаанд холбогдох арга хэмжээг яаралтай авснаар манай бөхчүүд Болгар улсад саадгүй нэвтрэх боломжтой болсонд Эрхэм сайд танд болон ГХЯ-ны хамт олон, ГХЯ-ны консулын газрын дарга Л.Мөнхтүшигт, хамт олонд  МЧБХ болон шигшээ багийн хамт олноос талархалаа илэрхийллээ.

 

Ази тивийн АШТ-ээс эрэгтэй тамирчид 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

Posted By Алсын Хараа On In Онцлох,Спорт | No Comments

Алматы хотноо болж буй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний 92 кг-ын жинд  “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр шөвгийн наймд БНСУ-ын Гвон Хек Бумыг цэвэр, хагас шигшээд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга, эзэн орны Эльхан Ассадовыг 7:2-оор тус тус ялж шигшээд шалгарсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга, Ираны Камран Гасемпурт оноогоор цэвэр /0:10/ ялагдав.

Түүний өрсөлдөгч нь алдарт Хасан Яздани Чаратитай нэг клуб, нэг багшийн шавь, Ираны шилдэг бөх юм. Өнгөрсөн сард тэд Токиогийн олимпын эрхийн төлөө дотооддоо халз барилдаад тун ойрхон оноогоор ялагдсан байна.

Чөлөөт бөхийн ОУХМ Доржхандын Хүдэрбулга 125 кг-д Узбекистаны Амиржон Нутфуллаевыг туршлага заан оноогоор /10:0/ цэвэр ялснаар Алматыгийн дэвжээнд манай эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.

Үндэсний бөхийн улсын отгон начингуудын нэг Д.Хүдэрбулгын Азийн аваргаас хүртсэн 6 дахь медаль болж байна. Тэрбээр өмнө нь тивдээ 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онд хүрэл медаль хүртсэн юм.

Ази тивийн чөлөөт бөхийн АШТ-ий 74 кг-д ОУХМ Занданбудын Сумъяабазар Монголын эрэгтэй багийн анхны хүрэл медалийг авлаа. Тэрбээр 2014 оны өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгө, 2019, 2020 оны Монгол Улсын аварга, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клубийн тамирчин юм.

Энэ удаа 1/4 шигшээд дэлхийн аварга Японы Такүто Отогүрогийн төрсөн ах, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальтай Кейсүкэ Отогүрог 4:2-оор ялсан ч хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдсан.

Харин медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Киргизийн Мансур Сиргак Уулуг 4:1-ээр ялсан юм. З.Сумъяабазар өнгөрсөн жилийн тивийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн медальт, Азийн хоёр удаагийн аварга Ираны Хоссейнханид ялагдсан билээ.

 

Эмэгтэй бөхчүүд анх удаа Ази тивд тэргүүлэв

Posted By Алсын Хараа On In Онцлох,Спорт | No Comments

 Ази тивийн 2021 оны бөхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Алматы хотын “Балуан Шолак” аренад болж, Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө 1 хүрэл, нийт 7 медальтай багаараа анх удаа тэргүүлэв.

Энэ удаа эмэгтэйчүүдын 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг нар түрүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Харин 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар мөнгөн медалийн эзэд болов. Мөн 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон, БНХАУ, БНАСАУ эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн тивийн аваргыг өнжсөнөөр Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлэв. Монголын багаас 5 оноо дутсан Энэтхэгийн бөхчүүд /4 алт+1 мөнгө+2 хүрэл/ аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан /2+1+4/ 156 оноогоор 3 дугаар байрт шалгарсан тухай Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.

Ази тивийн АШТ өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилж 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд болно.

Эмэгтэйчүүдийн тэмцээний дүн:

 

50 кг: 1. Валентина Исламова (Казахстан) 2. Жасмина Иммаева (Узбекистан) 3. Сеема (Энэтхэг)

 

53 кг: 1. Винеш Фогат (Энэтхэг) 2. Мен Шуан Хие (Тайвань) 3. Ассилзат Сагымбай (Казахстан)

 

55 кг: 1. Мөнхболдын Дөлгөөн (Монгол), 2. Мадина Усмонжонова (Узбекистан) 3. Айша Уалишан (Казахстан)

 

57 кг: 1. Аншу (Энэтхэг) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 3. Алтынай Сатылган (Казахстан)

 

59 кг: 1. Сарита (Энэтхэг) 2. Баатаржавын Шоовдор (Монгол) 3. Нураида Анаркулова (Кыргызстан)

 

62 кг: 1. Айсулуу Тыныбекова (Кыргызстан) 2. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол) 3. Ирина Кузнецова (Казахстан)

 

65 кг: 1. Зоригтын Болортунгалаг (Монгол) 2. Сакши Малик (Энэтхэг) 3. Ли Хан Бит (БНСУ)

 

68 кг: 1. Меерим Жуманазарова (Кыргызстан) 2. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол) 3. Жёон Сун Ун (БНСУ)

 

72 кг: 1. Дивья Какран (Энэтхэг) 2. Жамила Бакбергенова (Казахстан) 3. Энхбаярын Цэвэгмэд (Монгол)

 

76 кг: 1. Эльмира Сыздыкова (Казахстан) 2. Айпере Медет Кызы (Кыргызстан) 3. Поожа (Энэтхэг)

“Токио-2020” зуны олимп- Таны мэдэх ёстой 100 зүйл

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

“Токио-2020” зуны олимпын XXXII наадам эхлэхэд 96 хоног үлдээд буй энэ үед спорт сонирхогчиддоо зориулж oлимпын тухай болон “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах Япон улсын тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ыг МҮОХ-ноос цувралаар хүргэж байна.

Хоёрдугаар хэсэг: Гандболын гадаа тэмцээнээс эхлээд жүдогийн медаль хүртэл.

  1. Гандболын төрөл нь анх гадаа задгай талбайд зохиогддог байлаа. Харин 1972 оноос хойш танхимын гандболын төрлөөр зохион байгуулагдаж байна.
  1. Токио-2020 олимпын наадмын нээлтийн ёслолд 1 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 2 тамирчин туг барьж жагсах боломжтой.
  1. Нээлтийн ёслолын маргааш буюу 7 дугаар сарын 24-нд спортын 7 төрөлд медаль гардуулна. Үүнд: Байт харваа, замын дугуй, туялзуур сэлэм, жүдо, буудлага, тэквондо ба хүндийг өргөлтийн анхны медальтнууд тодорно.
  1. “Токио-2020” олимпын наадамд Узбекистаны гимнастикч Оксана Чусовитина дөчин таван насандаа 8 дахь олимпдоо оролцоно.
  1. Олимпын түүхэнд анх удаа Япон улсаар аялах олимпын бамбарыг устөрөгчөөр цэнэглэн асааж байна.
  1. Япон улсын газар нутаг нь Хоккайдо, Хоншю, Кюүшюү, Шикокү, Окинава гэсэн 5 үндсэн арлуудаас бүрддэг.
  1. Олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчин бол АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс. Тэрбээр 23 алт, 3 мөнгө , 2 хүрэл медаль,нийт 28 медалиар энгэрээ мялаажээ.
  1. Олимпын 5 удаагийн аварга, Унгарын гимнастикч Агнеш Келети нь энэ цаг үеийн хамгийн ахмад олимпын аварга юм. Тэрбээр энэ онд 100 насныхаа ойтой золгожээ.
  1. Уран сайхны гимнастик, усны уран сэлэлт, софтбол нь зөвхөн эмэгтэйчүүд өрсөлддөг олимпын төрлүүд юм.
  1. "Токио-2020" олимпыг “Cэргээн босголт , бүтээн байгуулалтын наадам” хэмээн нэрлэсэн нь 2011 онд болсон Японы зүүн талын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Тохокү бүс нутгийг бүх талаар дэмжих зорилготой.
  1. Япон улсын хүн ам 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 126,180,983 байна /НҮБ-ын сүүлийн үеийн мэдээллээс/.
  1. Тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн 6.18 м дээд амжилтыг Шведийн тамирчин Арманд Дуплантис 2020 онд тогтоожээ.
  1. "Токио-2020" сёрфингийн тэмцээн дөрвөн өдөр буюу 7 дугаар сарын 25-наас 28-нд төлөвлөгдсөн боловч тухайн үеийн далайн давалгааны байдлаас шалтгаалах тул олимпын сёрфингийн фестивалийг 7 дугаар сарын 25-аас 8 дугаар сарын 01-ний хооронд гэж зарлажээ.
  1. Испанийн усны уран сэлэлтийн тамирчин Она Карбонелл нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 19 медальтай боловч “Лондон-2012” олимпын наадмаас л хоёрхон медаль хүртэж байв.
  1. БНХАУ-ын баг тамирчид “Лондон-2012” олимпын наадмын бадминтоны бүх төрөлд түрүүлсэн бөгөөд олимпын наадамд тус спортын төрлөөр хамгийн олон (18) медалийг хүртсэн түүхтэй.
  1. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн тэмцээний 82.98 м дээд амжилтыг Польшийн тамирчин Анита Влодарчик 2016 онд тогтоосон байна.
  1. Аргентин улс нь “Афин-2004” Олимпын наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд одоогоор анхны болон цорын ганц алтан медаль хүртсэн түүхтэй.
  1. “Рио-2016” олимпын наадамд Дүрвэгсдийн баг анх удаа оролцсон бөгөөд “Токио-2020” наадамд өрсөлдөх тэдний бүрэлдэхүүн эцэслэн тодроогүй байна.
  1. “Рио-2016” олимпын наадмын хөлбөмбөгийн тэмцээний үеэр Неймар хамгийн хурдан гоолын эзэн болсон бөгөөд Бразил - Гондурасын хагас шигшээ тоглолт эхэлмэгц 14 секундэд айлын хаалганд бөмбөг оруулж, шинэ рекорд тогтоосон юм.
  1. Эрэгтэйчүүдийн 1500 м-ийн гүйлтийн 3.26.00 секунд дээд амжилтыг Марокко улсын тамирчин Хишам Эль-Геррүж 1998 онд тогтоожээ.
  1. Олимпын наадамд анх удаа скейтбоүрдийн төрөл багтаж, гудамжны бa паркийн гэсэн 2 ангилалд аваргаа тодруулна.
  1. Ширээний теннисийг анх “пинг понг”, “вифф вафф”, “ флим флам” хэмээн олон янзаар нэрлэдэг байжээ.
  1. Сербийн теннисчин Новак Жоковичийн спортын замналд дутагдаж буй ганц цол хэргэм нь олимпын аварга юм. Тэрбээр "Бээжин-2008" олимпын наадамд хамгийн өндөр амжилтаа үзүүлж, хүрэл медаль дээр буужээ.
  1. Тэртээх "Афин-1896" орчин үеийн анхны олимпын хөтөлбөрт багтсан есөн спорт болох хөнгөн атлетик, дугуй, туялзуур сэлэм, гимнастик, хүндийг өргөлт, чөлөөт бөх, усанд сэлэлт, теннис, буудлага нь "Токио- 2020" наадмын хөтөлбөрт албан ёсоор багтжээ.
  1. Эмэгтэйчүүдийн гурвын харайлтын дээд амжилт 15.50 м бөгөөд Украины тамирчин Инесса Кравец 1995 онд тогтоожээ.
  1. “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Хашимото Сейко нь өвөл , зуны нийт 7 олимпын наадамд гүйлтийн тэшүүр, дугуйн налуу тойргийн уралдаанд тус тус оролцож байжээ.
  1. “Токио-2020” наадмын онцлох тэмдэг нь “Олон талт онцлог ялгаатай байдлын нэгдэл нягтрал” гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд тус наадмын үеэр дэлхий дахины онцлог ялгаатай, олон талт хэвшилт байдлыг нэгэн дээвэр дор нэгтгэх гэсэн үзэл санааг түгээх чин хүсэл эрмэлзэлтэй.
  1. “Токио-2020” олимпын наадамд гудамж талбайд хичээллэх бүрэн боломжтой 3 спортын авсаархан төрлийг шинээр нэмсэн нь дугуйн BMX чөлөөт үзүүлбэр, скейтбоүрд, 3х3 сагсан бөмбөг юм.
  1. Олимпын түүхэнд анх удаа спортын төрлүүдийн пиктограм дүрслэлийг хөдөлгөөнт хэлбэрт оруулжээ.
  1. “Барселона-1992” олимпын наадмаас эхлэн хөлбөмбөгийн төрөлд 23-аас доош насны тамирчдыг оролцуулах, гэхдээ нэг багт 23-аас дээш насны мэргэжлийн гурван хөлбөмбөгч мэдүүлэхийг зөвшөөрдөг болсон юм. Гэвч “Токио-2020” олимпын наадам нэг жилээр хойшилсонтой холбогдож, энэ олимпын насны хязгаарыг 24 болгож өөрчилсөн байна.
  1. Олимпын 4 удаагийн аварга, АНУ-ын Саймон Байлес нь гимнастикийн түүхэнд хамгийн олон медальт тамирчин юм. Тэрбээр олимпоос гадна ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ.
  1. “Афин-2004” наадмаас хойш Ямайк улсын домогт ойрын зайн гүйгч Усайн Болтгүй анхны олимп болно.
  1. Токио гэдэг үг нь япон хэл дээр “Зүүн нутгийн нийслэл” гэсэн утгатай.
  1. Жүдо бөхийн төрлөөр Япон улс олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн. 1964 онд жүдо бөх олимпийн төрөлд багтсанаас хойш Наран улсын үе үеийн жүдочид 36 алт, 18 мөнгө, 18 хүрэл медаль нийт 72 медаль хүртжээ.

Үргэлжлэл бий.

М.Дөлгөөн тивийн аварга болж, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртэв

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин, ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртлээ.

“Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Шоовдор 59 кг-д мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр Ази тивийн АШТ-д 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан юм. Харин энэ удаа хэсэгтээ Энэтхэгийн Сарита 5:4-өөр, эзэн орны Диана Каюумоваг 13:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр тус тус ялсан.

Улмаар шигшээ барилдаанд зоондоо ялсан, өнгөрсөн жилийн Азийн аварга, Энэтхэгийн Саритатай дахин таарч, 7:10-аар харамсалтайгаар ялагдлаа. Тэрбээр 7:1-ээр илүүрхэж явсан ч барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдаж, алтан медалиа өрсөлдөгчдөө өгч орхилоо.

Ази тивийн 2020 оны АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Энэтхэгийн Нишаг цэвэр, БНСУ-ын Жёон Ун Суныг 4:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр /10:0/ ялсан.

Харин алтан медалийн төлөөх барилдаанд Дэлхийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн 3 удаагийн аварга, Киргизийн Меерим Жуманазаровад 1:6-гаар ялагдлаа. Ийнхүү эхний өдөр Монголын 5 бөхөөс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэв.

Буудлагын тамирчид олон улсын онлайн тэмцээнд түрүүлэв

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Индонези улсын Буудлага спортын холбооноос зохион байгуулж буй онлайн цуврал тэмцээний энэ удаагийн тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцон  алт, мөнгөн медаль хүртэж тэргүүлэв.

Тодруулбал, 10 метрийн хийн гар бууны дасгалд ОУХМ  Э.Даваахүү 584 оноогоор алтан медаль, 10 метрийн хийн урт  бууны дасгалд ОУХМ  Н.Баяраа  629.2 оноогоор алтан медаль, эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд ОУХМ  О.Есүгэн 629.7 оноогоор алтан медаль, эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд ОУХМ  Э.Энхмаа  628.9 оноогоор мөнгөн медаль тус тус хүртлээ гэж Монголын буудлага, спортын холбооноос мэдээллээ.

Залуу боксчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Спорт | No Comments

Польш улсын Кельце  хотноо зохион байгуулж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д Монголоос эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 буюу нийт 8 тамирчин тулалдаж байгаагаас 2 нь тэмцээнээ дуусгав.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 56 кг-д Б.Алтантулга багийнхаа амжилтын салхийг хагалан, тулалдаж ялалт байгууллаа.

Тэмцээний гурав дахь өдөр манай улсаас гурван ширэн бээлийтэн рингинд тулалдсан бөгөөд эрэгтэйчүүдийн 52 кг-д Э.Сүхбат Германы боксчинтой тулалдаж 5:0 харьцаагаар илүүрхэн ялав.

Харин урьд шөнө эмэгтэйчүүдийн 60 кг-д Г.Бадмаараг Чехийн боксчинтой тоглож 3:2-оор, мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д .Номин-Эрдэнэ Казахстаны тулаанчид ялагдаж тус тус тэмцээнээ дуусгав.

Өнөөдөр /дөрөвдүгээр сарын 15/ хуваарийн дагуу Монголын шигшээ багаас гурван боксчин 20.00 цагаас тулалдаж эхэлнэ.  Боксын залуучуудын ДАШТ-ийг дөрөвүгээр сарын 23-нд өндөрлөж, аваргууд тодорно.

Тивийн аваргын төлөө Монголын 3 эмэгтэй бөх барилдана

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж эмэгтэй 5 жингийн барилдаан үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанууд болж Б.Шоовдор 59 кг, М. Дөлгөөн 55 кг, Э.Дэлгэрмаа 68 кг нар жингийнхээ аваргын алтан медалийн төлөө хүчээ сорихоор боллоо.

ОУХМ Э.Дэлгэрмаа Дэлхийн цомын аварга Киргизийн бөх Меерим Жуманакзароватай хүч үзэх бол ОУХМ Б.Шоовдор хэсэгтээ ялсан Энэтхэгийн Саритатай барилдана. Харин ОУХМ М.Дөлгөөн БНСУ-ын Ким Хьон Жотой учраа таарсан бөгөөд тэд өрсөлдөгчдөө ялбал Ази тивийн аваргын алтан медалийн эзэд болох юм.

“Токио-2020” олимп эхлэхэд 100 хоног үлджээ

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Токио хотын захирагч, хатагтай Юрико Коикэ өнөөдөр “Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон Олимпын наадам нээлтээ хийхэд 100 хоног үлдлээ. Бид олимпын наадмыг гайхалтай сайхан зохион байгуулахын тулд бүх хүч чадлаа дайчлан ажиллана” хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр “Энэ олимп дэлхий нийтэд учраад буй “Ковид-19” цар тахлыг ялан дийлсэн олимп байх болно” гээд өнөөдрөөс эхлэн яг 100 хоногийн турш олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын тулд хүн бүхэнтэй хамтран ажиллаж, олимпод оролцохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн Япон болон хилийн чинадаас ирэх гайхалтай тамирчдыг харахыг хүсч байна хэмээжээ.

Хатагтай Юрико Коикэ ийнхүү хэлснээр сүүлийн үед тус улсын иргэд “Ковид-19” цар тахлын дэгдэлт их байгаатай холбоотой олимпын наадмыг зохион байгуулахыг хойшлуулах хүсэлтийг тавилаа гэсэн мэдээлэлд цэг тавьж байна гэж ойлгож болох юм.

Түүнчлэн “Токио-2020” зуны олимпын XXXII наадам эхлэхэд 100 хоног үлдээд буй энэ үед спорт сонирхогчиддоо зориулж Олимпsн тухай болон “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах Япон улсын тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ыг Монголын үндэсний олимпын хорооноос цувралаар хүргэж байна.

Мэдэх ёстой 100 зүйл

Нэгдүгээр хэсэг: Олимпын наадмын өдрүүдээс Япон дахь арлуудын тоо хүртэл.

  1. Олимпын наадам 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ны өдрүүдэд болно.
  1. Олимпын наадам болох цэнгэлдэх хүрээлэнг 1964 оны Токиогийн олимпын наадмын суурин дээр шинээр бүтээн байгуулсан.
  1. “Токио-2020” Олимпын наадамд каратэ, спорт авиралт, сёрфинг, скейтбординг, софтбол / бейсбол гэсэн таван шинэ спорт багтсан
  1. Токио хот нь дэлхийн хамгийн их хүн амын нягтшилтай  метрополитан бүс нутагт байрладаг бөгөөд 2020 оны байдлаар 37.393 сая гаруй хүн оршин сууж байна
  1. Эрэгтэйчүүдийн 100 метрийн дэлхийн дээд амжилт нь 9.58 секунд бөгөөд 2009 онд Ямайкийн тамирчин Усейн Болт тогтоожээ.
  1. Австрали, АНУ, Испани нь “Токио-2020”-д багийн спортын төрлөөр хамгийн олон эрх авсан гурван улс юм.
  1. Япон бол хүн амын тоогоороо дэлхийд XI байрт орохын зэрэгцээ хамгийн их төвлөрсөн, хотжсон орны нэг юм.
  1. Эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын дэлхийн дээд амжилт нь 2.45 метр бөгөөд Кубын Хавьер Сотомайор 1993 онд тогтоожээ.
  1. Япон улс нь 47 мужид хуваагддаг бөгөөд сонгогдсон засаг дарга ба хууль тогтоох байгууллага удирдан хянадаг.
  1. “Токио-2020” наадмын соёлын албан ёсны хөтөлбөрийг NIPPON фестиваль гэж нэрлэдэг бөгөөд 2021 оны 4-р сараас 9-р сар хүртэл зохион байгуулдаг аж.
  1. “Токио-2020” олимпын наадмын бэлгэдэл сахиус /Маскот/-ын нэрийг MIRAITOWA гэдэг.
  1. “Токио-2020”-д спортын 33 төрлөөр өрсөлдөнө.
  1. “Токио-2020” олимпын наадмын хөтөлбөрт жүдо (холимог баг), триатлон (холимог буухиа), хөнгөн атлетик (4х400 метрийн буухиа), байт харваа (холимог хос), ширээний теннис (холимог хос), буудлага (10м-ийн хийн урт бууны  холимог баг, 10 м-ийн хийн гар бууны холимог баг таваг буудлага холимог баг) усанд сэлэлт (4х100 м холимог буухиа) зэрэг спортын холимог төрөл багтжээ.
  1. Дахин боловсруулсан хуучин гар утсаар 5000 орчим Олимпын медалийг урлана.
  1. “Токио-2020” Олимпын бамбарыг сакура буюу япончуудын хайрладаг  интоорын цэцэг хэлбэртэй бүтээжээ.
  1. Эмэгтэйчүүдийн 100 метрийн дэлхийн дээд амжилтыг ( 10.49 секунд ) АНУ-ын Флоренс Гриффит-Жойнер 1988 онд тогтоожээ.
  1. Олимпын наадмын бамбарт буухиа 3-р сарын 25-наас 7-р сарын 23 хүртэл 121 хоног үргэлжилнэ.
  1. “Токио-2020” олимпын наадамд тамирчид 33 спортын төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөнө.
  1. Тадахиро Номүра бол гурван удаа олимпийн аварга болсон цорын ганц жүдоч билээ (60 кг-ийн жинд “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004”). Түүний амжилтыг “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадмын +100 кг-ын аварга Францын жүдоч Тедди Ринер давтах зорилго өвөртлөн “Токио-2020” олимпын татами дээр өрсөлдөнө.
  1. Медаль гардуулах ёслолын индэр бүтээхэд 24.5 тонн ашигласан хуванцар цуглуулав.
  1. Анх удаа 206 багийн бүрэлдэхүүнд дор хаяж нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин багтана.
  1. Эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын дэлхийн дээд амжилт 2.09 м бөгөөд түүнийг Болгарын тамирчин Стефка Костадинова 1987 онд тогтоосон.
  1. Олимп, паралимпын наадам нийт 43 талбайд болно.
  1. Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилт нь 2 цаг 1 минут 39 секунд бөгөөд Кенийн Элиуд Кипчоге 2018 онд тогтоожээ.
  1. БНХАУ-ын эмэгтэйчүүдийн волейболын баг нь дөрөв дэх олимпийн аварга цолоо хүртэхээр Токиод очно. Тэд 1984 оны Лос-Анжелесийн олимпод түрүүлж байсан бөгөөд домогт Лан Пин тоглож байсан.
  1. Фүжи уул нь Хоншю арал дээр байрладаг бөгөөд 3,776.24 м өндөр Японы хамгийн өндөр уул юм.
  1. Боксын тэмцээн болох "Кокүгикан арена" нь эртний Токио хотын Сүмида дүүрэгт байрладаг бөгөөд мэргэжлийн сумо бөхийн барилдааны гол ордон юм.
  1. Нээлтийн ёслолын өмнө спортын хоёр төрөл эхэлж, хөлбөмбөг, бейсбол / софтболын тэмцээний эхний тоглолт 7-р сарын 21-нд болно.
  1. “Токио-2020” олимпын наадамд зориулж 19 уран бүтээлч урлагийн 20 албан ёсны зурагт хуудсыг бүтээжээ.
  1. АНУ сагсан бөмбөгийн төрөлд боломжит 30 багц алтан медалиас 23-ыг нь (эрэгтэй 15, эмэгтэй 8) хүртжээ.
  1. Аллисон Феликс бол хөнгөн атлетикийн зургаан алтан медаль хүртсэн түүхэн дэх цорын ганц эмэгтэй юм.
  1. "Ниппон Бүдокан" ордонд 1964 оны олимпын жүдо бөхийн тэмцээнийг анх зохион байгуулсан бол энэ удаа шинээр   олимпын хөтөлбөрт багтсан каратэгийн төрлийг хүлээн авах болно.
  1. Япон улс 6852 аралтай бөгөөд үүнээс 430 орчимд нь хүн аж төрдөг.

Үргэлжлэл бий

Олимпын бамбарын буухиаг Осакад үзэгчгүйгээр эхлүүлжээ

Posted By Алсын Хараа On In Спорт | No Comments

Олимпын бамбарын буухиа хүн ам шигүү суурьшсан Осака мужид үзэгчгүйгээр эхэлжээ.

Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэхвий хэмээн болгоомжилсон орон нутгийн эрх баригчдын хүсэлтээр бамбарын буухиа ийнхүү түүхэндээ анх удаа цомхтгосон хэлбэрээр явагдаж байна гэж Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах хороо мэдэгдсэн байна.

Осакад хоёр хоног үргэлжлэх бамбарын буухиа орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана. Үйл ажиллагаанд Осакад оршин суудаг Японы алдартай жүжигчид, тамирчид оролцох бөгөөд оролцогч бүр 4-өөс илүүгүй хүнтэй хамт байх боломжтой аж.

Осака мужийн эрх баригчдын хүсэлтээр Японы Засгийн газар өмнө нь коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгасан дэглэм тогтоожээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид 19 сая гаруй хүн амтай мужийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байх, хүн бөөгнөрсөн газруудаар явахаас зайлсхийхийг уриалсан байна.

“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын галт бамбарын буухиа аялал 3 дугаар сарын 25-нд Фүкүшима мужийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -гаас эхэлсэн. Японы бүх 47 аймаг, 857 хот, суурин газрыг туулан долдугаар сарын 23-нд Олимпын цэнгэлдэхэд морилох Олимпын галт бамбарыг 10 мянга гаруй хүн буухиалах юм.