- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

"Монгол хаан" жүжиг Сингапурт тоглох гэрээ байгуулжээ

Өнгөрсөн онд Лондон хотын Уэст Эндийн Колизум театрт 17 удаа тоглож, 42 мянга гаруй үзэгчдэд толилуулсан “Монгол хаан” жүжиг олон улсын аялан тоглолтондоо бэлтгэж байгаа бөгөөд Ази тивийн нээлтээ энэ оны 10 дугаар сарын 17-нд Сингапур улсаас эхлүүлэхээр болжээ.

Сингапурын соёлын тэргүүлэх компани Base Entertainment “Монгол хаан” жүжгийг Сингапур улсад хамтран продюсерлаж, хөрөнгө оруулахаар тохиролцож, 3 дугаар сарын 19-нд талууд гэрээгээ албан ёсоор үзэглэжээ.

Base Entertainment-ын гүйцэтгэх захирал Chantal Prud’homme “Бродвэйн түвшний чанартай Азийн шилдэг бүтээлийг Сингапурт авчрахыг бид удаан хугацаанд мөрөөдсөн. Өнгөрсөн 11 дүгээр сард Лондонгийн Колизумд энэхүү гайхалтай жүжгийг үзсэнийхээ дараа энэ бол бидний хайж байсан зүйл мөн гэдгийг шууд ойлгосон” гэж онцолсон байна.

Энэ жил Марина Бэй Сэндс цогцолборын Сэндс театр нь Matilda, Hamilton, Miss Saigon, Монгол Хаан гэсэн дэлхийн театрын дөрвөн томоохон уран бүтээлийг тоглуулахаар сонгожээ.

Сингапур улсад, тус цогцолборт анх удаа Азийн жүжгийг дөрвөн долоо хоногийн турш толилуулахаар болсон нь жүжгийн өгүүлэмж, илэрхийлэл нь ямарваа нэгэн үндэстэн, соёл, шашин шүтлэгээс үл хамааран дэлхийн нийт үзэгчдийн таалалд нийцэхийг илэрхийлж байна. Жилд 45 сая хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг Марина Бэй Сэндс цогцолборт анх удаа Монгол жүжиг дөрвөн долоо хоногийн турш олон улсын зах зээлийн зарчмаар тоглох болсон нь дэлхийд Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болохын зэрэгцээ Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйгаа зарласан явдал болж байна. “Diplomat” сэтгүүл “Монгол хаан жүжиг бол Монгол Улсын нэрийн өмнөөс соёлын зөөлөн хүчний бодлого явуулж буйн тод томруун жишээ” гэж онцолжээ.

сонин mn [1]

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжиг Хэро Баатарын шинэчилсэн найруулга болох “Монгол хаан” нэртэйгээр Монголдоо 151 удаа тоглож, 75 мянга орчим үзэгчдэд хүрсэн бол 2023 оны 11-12 сард 2500 суудал бүхий Лондонгийн Колизум театрт 15 өдөрт 17 удаа тоглон 40 гаруй мянган үзэгчдэд толилуулсан билээ.

Time, Telegraph, Guardian, CNN зэрэг 40 гаруй хэвлэл “Монгол хаан” жүжгийн талаар нийтлэл бичиж, Broadway world, London review, Art desk зэрэг мэргэжлийн урлагийн шүүмж хэвлэлүүд 4-5 одын үнэлгээ өгсөн юм.

"Монгол хаан" жүжгийн Сингапур дахь аялан тоглолтын тасалбар энэ оны 4 дүгээр сарын 25-наас эхлэн худалдаанд гарч, Сингапурын үзэгчдэд Хүннү гүрэн хэрхэн сүр жавхлантайгаар тайзнаа амилсныг гэрчлэх боломжийг олгоно.

“Монгол хаан” жүжиг Ази, Европ, Арабын Булангийн орнуудад гаргаж, олон улсын аялан тоглолт хийхээр жүжгийн продюсерын баг ажиллаж байгаа бөгөөд удахгүй шинэ мэдээллүүдийг хүргэх болно.

Сингапур дахь тоглолтын тасалбар захиалахыг хүсвэл 4 дүгээр сарын 25-ны өдрөөс дараахь сайтад зочилно уу.

https://www.marinabaysands.com/entertainment/shows [2]

сонин mn [3]

сонин mn [4]

Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин эх орондоо ирнэ

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Монгол Улсын ардын жүжигчин, "Олон улсын дуурийн шилдэг баритон" шагналтан Э.Амартүвшин эх орондоо дэлхийн алдарт Ж.Вердийн “Макбет” дуурьд тоглоно.

Тодруулбал, ирэх сарын 9-нд УДЭТ-т тоглох алдарт Ж.Вердийн “Макбет” дуурийг үзэгчдийг хүртээл болгох бөгөөд ардын жүжигчин Э.Амартүвшин гоцлох нь ээ.  Тэгвэл Макбетын эхнэрийн дүрийг соёлын тэргүүний ажилтан Б.Энхнаран амилуулна.

У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн гурван дуурийн нэг “Макбет” нь түүний хамгийн алдартай эмгэнэлт бүтээлүүдийн нэг бөгөөд хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдэлд улайран шунах нь хүний сэтгэлзүй, амь насанд хэчнээн хор уршигтайг харуулсан жүжиг юм.

Уг дуурийн удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, найруулагчаар С.Баттулга нар ажиллаж байна.

Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Болор “Дэлхийн мисс 2023”-т оролцоно

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

“Дэлхийн мисс-20234” тэмцээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Болор эх орноо төлөөлөн оролцоно.

Тэрбээр өчигдөр Энэтхэгийн Нью Дели хотыг зорьжээ. Түүний хувьд “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Алтан эрдэнийн титэмт, “Miss world Mongolia 2023” тэмцээний Үндэсний ялагч юм.

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Болор 2018 онд Монгол Улсын Консерваторыг “Бүжгийн жүжигчин”, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм. 2018 оноос хойш Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажиллаж байна.

Гоо үзэсгэлэнгийн олимп гэж нэрлэгддэг 71 дэх удаагийн “Miss World” тэмцээн маргааш Энэтхэгийн Нью Делид эхлэх бөгөөд дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй оролцохоор болсон байна. “Дэлхийн мисс” тэмцээн нь дэлхий дахины энх тайван, эв нэгдлийг сурталчлах, хүмүүнлэгийн далайцтай том ажлуудыг хийх, мөн улс үндэстнүүдийн соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.

Тэгвэл эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч Б.Болор нь 21 аймгийн 100 гаруй сумын өсвөр насны охид, хөвгүүдэд чиглэсэн “Нандин” төслийг хэрэгжүүлж эхлээд хоёр жил болжээ. Энэхүү төслийн гол зорилго нь “Охид, эмэгтэйчүүдийн хувьд ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш шүү” гэдгийг уриалах юм. Мөн агуулгаар дамжуулан дунд сургуулийн сурагчдад ёс суртахуун, эрүүл мэндийн боловсрол олгож, зөв монгол иргэн төлөвшүүлэхийг зорьж байгаа аж.

“Дэлхийн мисс” тэмцээн 20 хоног үргэлжилж, эцсийн шатны шалгаруулалт ирэх сарын 9-нд болох бөгөөд монголчууд MNC телевизээр  шууд хүлээн авч үзэх боломжтой юм байна.

“Монгол хаан” жүжгийн тойм: Хаан ор залгамжийн тухай яруу, ялгуун дууль

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Алдарт зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг “Монгол Хаан” нэрээр Их Британийн Уэст Эндед алдарт Коллизум театрт 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 2-нд долоо хоногийн турш тоглож, 40 гаруй мянган үзэгчдэд хүрсэн билээ. Жүжгийн талаар олон улсын томоохон хэвлэлүүдэд шүүмж, нийтлэл бичигдэж, үнэлгээ өгчээ. Монголын урлаг соёлын баг Шекспирийн эх оронд хэрхэн үнэлэгдсэн тухай эдгээр шүүмж нийтлэлүүдийг бид цувралаар орчуулан хүргэж байна.

Английн нөлөө бүхий өдөр тутмын сонин, 1821 онд байгуулагдсан 203 жилийн түүхтэй “The Guardian”-ы 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ны дугаарт тус сонины театрын шүүмжийн ахлах редактор Арифа Акбар “Монгол Хаан жүжгийн тойм – Хаан ор залгамжийн тухай яруу, ялгуун дууль” гарчигтай шүүмж бичиж, таван одын үнэлгээнээс дөрвөн од өгчээ. Тэрбээр хорь гаруй жилийн турш “”Independent”, “Observer”, “Financial Times” зэрэг олон улсын тэргүүлэх сонинуудад урлагийн чиглэлээр дагнан мэдээ, шүүмж, нийтлэл бичсэн алдартай сэтгүүлч юм.

Дуучид, бүжигчид, уран нугараачид бүхий уран бүтээлчдийн нүсэр багийн тоглолт нь урвалт шарвалт, эцэг эхийн золиосын тухай туульслаг жүжгээрээ таныг мэл гайхшруулна.

сонин mn [5]

Нүүдэлчин гүрний суу алдар, сүр жавхлангийн тухай өгүүлэх энэ жүжиг Монголын тал нутгаас соёлын сүр жавхлант наадмын баг мэт довтолгон иржээ. Чингис хааны агуу хүчирхэг ноёрхлоос ч өмнө буюу одоогоос хоёр мянган жилийн өмнө төв азийн тал нутгийн тухай өгүүлэх энэ зохиол агуулгын хувьд нүсэр боловч чамин хээнцэр хоёр үнэгийн бүжгээр эхэлж, улмаар дуучин, бүжигчин, уран нугараачдаас бүрдсэн 70 гаруй уран бүтээлчдээр өргөжих нь нүд эрээлжлэм гялбуулах аж.

Бавуугийн Лхагвасүрэнгийн гурван үзэгдэлт эмгэнэлт жүжгийн зохиолоор найруулсан энэ жүжиг нь уран сайхны дүр болох Арчуг хааны (жүжигчин Ганболдын Эрдэнэбилэг) түүхийг хүүрнэнэ. Хүннү гүрний хааны их хатан (Уртнасангийн Уранчимэг) болон бага хатан (Одхүүгийн Дөлгөөн) хоёр зэрэг шахам хаан ор суух нуган хөвгүүдийг төрүүлснээр хаан хэнийг нь угсаа залгамжлагч болгохоо шийдэж ядан ацан шалаанд орно. Улмаар жүжиг урвалт шарвалт, шалиглал хийгээд хаан ор залгамжлахын төлөө хөвгүүдээ солих зэргээр цааш ээдрээ нь өрнөнө.

Егөөтэй нь (төр улсынхаа төлөө) өөрийгөө золигч хааны тухай тууль атал, эмэгтэй дүрүүд нь илүүтэй сэтгэл шимшрэм аж. Эх хүний эмгэнэм уй гашуу, золио нь эртний Грекийн эмгэнэлт жүжгийн оргил “Орестей”-г санагдуулам. Б.Баатарын найруулсан эл жүжигт эхлэх эгшнээсээ л биднийг туульсын тал нутагт зорчуулах мэт.

Жон Мэний орчуулж, Тимберлейк Уэртенбэйкерийн хянан зассан энэ жүжгийн хүүрнэл нь эртний өнгө аястай, сүр жавхлантай, тунхаглал мэт агаад дүрүүдийн өгүүлэмж нь ч аянгалан нүргэлэхийн сацуу үнэхээр аянгын нүргээнтэй ч хамсарна. Тайзнаа өрнөх үйл явдал “тас няс” хийх нь зарим үед утгаа алдсан гэмээр. Энэ жүжгийн гол амин сүнс нь цар хэмжээ, жүжгийн тоглолтын ой тойнд багтамгүй гойд нийцэлд орших бөгөөд “Шаолиний сүнс”, “Нарны цирк”, “Араатны хаан Арслан” зэрэг шоунуудын төгс нийлбэр мэт ээ.

Даваасүрэнгийн Баярбаатар, Хатанхуягийн Хашхүү нарын дэглэсэн бүжиг нь уулга алдам агаад бүжгийн найрсал нь тоглолтын тайзнаа гялалзах жинхэнэ од байлаа. Бүжгийн хоршил нь тайзнаа өрнөх тулаан тэмцэл, ордон харшийн алийг нь ч амилуулж, цэрэг мэт зэрэг жигдрэн хөдлөнгөө үзэгчдийн анхаарлыг хамгийн анзаарагдамгүй чухаг эд эс рүү чиглүүлэн, гар хуруу чичигнэх төдий үл ялиг үйлдлийг ч тодотгож, тэр ч байтугай сэтгэлийн хямралыг ч үзүүлнэ. Бас тулааны үзэгдлүүдийг тод томруун дүрслэхийн зэрэгцээ эцэг эхийн энэлэн шаналлыг ч харуулна. Нэгэн үзэгдэлд тэд мурилзан тачаадах албин мэт болсноо, өөр нэгэн бүлэгт шатан дүрэлзэх Дантегийн домгийн дүрүүд шиг хувирна.

Мягмарын Бирваа, Баттогтохын Одбаяр нарын зохиосон жүжгийн хөгжим нь исгэрээ, хонх, хөөмий зэрэг уламжлалт ая, аялгууг орчин үеийн хүнд аргил хэмнэл, цохилготой зохируулсан нь аварга биетүүд тайзнаа дэвслэх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Харин Очиржанцангийн Болдын урласан хувцас өмсгөлүүд нь уран нарийн хийцтэй түүхэн бэлгэдэл, амьтны дүр дүрслэлүүдийг хослуулснаараа мэлмий мялаасан үзэсгэлэн болжээ.

Англид ирэхийн өмнөхөн Хятадын захиргаан дахь Өвөр Монголд тоглох ёстой байсан ч, Хятадын эрх баригчид үндсэрхэг үзэл, салан тусгаарлах үзлийг дэвэргэхээс болгоомжлон жүжгийн тоглолтыг цуцалсан юм. Жүжгийн утга санаа нь Уэст Эндийн тайзнаа тавигддаг нийтлэг агуулгаас тэс өмнөө бөгөөд ерөөс арилжааны өнгөөр гялтагнуулсан соёлын түүх гэлтэй. Харин тайзны арын дэвсгэрт эргэлдэн үзэгдэх гараг эрхэс болон шуугин харвах сүүлт одод нь нэг л наалдацгүй. Зарим талаараа Монголын соёл, түүхийг харуулсан “Гладиатор”-ын хувилбар ч гэмээр энэ зохиол бүхэлдээ оргилуун, туульслаг уянгын эмгэнэлт жүжиг ажээ. Гэхдээ нэгэнт ийм уран яруу юм хойно хэнд хамаа байх вэ?

Эх сурвалж: Английн өдөр тутмын “The Guardian” сонин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт болж байна. Тус тэмцээнд найман орны 12 шилдэг баг өрсөлдөж буйг бид мэдээлсэн билээ. Манай улсаас өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга “Moon dance”, IV байрын шагналт “Star” хамтлаг оролцсон юм.

Финалын шатанд зургаан баг тунаснаас Герман, Монголоос тус бүр хоёр баг шалгарсан бол Австри, Украинаас нэг баг үлдсэн байлаа. Улмаар финалын үзүүлбэрийн дараа шүүгчид оноогоо танилцуулахад дэлхийн дэд аварга “Moon dance” хамтлаг хүрэл медалийн эзэн болов. Ингэснээр тэд дэлхийн аваргаас хоёр жил дараалан медаль хүртсэн анхны монгол баг болж байгаа юм. 2013 онд байгуулагдсан тус хамтлаг ес дэх удаагаа ДАШТ-д оролцохдоо зургаан удаа финалд шалгарснаас хоёрт нь медалийн эзэн боллоо. Энэ удаагийн бүрэлдэхүүнд 10 жилийн туршлагатай бүжигчдээс гадна анх удаа өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцсон тамирчид ч багтжээ. Товчхондоо хамтлагийн бүрэлдэхүүний 40 хувь нь шинэчлэгдсэнээрээ онцлогтой.

Харин “Star” хамтлагийн хувьд Монголоос хамгийн анх дэлхийн аваргад оролцож байсан бөгөөд энэ жил дахин финалд шалгарсан шилдэг зургаан багийн нэг боллоо.

Хонконгт болж буй ДАШТ өсвөрийн болон хосын төрлийн тэмцээнээр үргэлжилж байна.

Б.Амарсайханы бүтээл “Эргэж ирэхгүй намар” кино шилдгээр шалгарлаа

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадам өндөрлөлөө.

Улаанбаатар хотноо тав хоног үргэлжилсэн энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулсан юм.

Уг наадмын “Шилдэг уран сайхны кино”-гоор найруулагч Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” /Harvest Moon/ шалгарсан юм. Тус уран сайхны кино нь олон улсын 23 кино наадамд сонгогдон шалгарч, нэр дэвшиж байсан ажээ. Харин Монголд зохион байгуулсан кино наадмаас авч буй анхны шагнал нь юм байна.

Тэгвэл “Хүний эрхийн агуулгатай шилдэг кино”-гоор Францын “Амьтны ертөнц” шалгарсан. Харин “Шилдэг баримтат кино”-гоор АНУ-ын найруулагч Жордан Брайн, Моника Бедвазуар нарын “Шилжилт” нэртэй бүтээл тодорчээ.

Б.Чинбатын шинэ бүтээл олны хүртээл боллоо

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

Их хотын гудамж талбайд сүлд мод сүндэрлэж, шинэ жилийн ая, дуу эгшиглэн баярын уур амьсгал хэдийнэ орсон энэ үед Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа.

Тэрбээр монголчууддаа монгол вальс зохиож үлдээх мөрөөдлөө биелүүлсэн нь энэ аж. Б.Чинбат энэ талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Бүжгийн хаан бол вальс. Монголын ард түмэндээ монгол вальсыг үлдээхийг хүсэж, зохиосон минь өнөөдөр биеллээ оллоо. Би хамгийн дуртай баяртаа зориулж шинэхэн шинэ жилийн “Цасан Вальс”-аа хуучин оноо үдэн,  амжилт бүтээлээ тэмдэглэж буй бүх хүнд зориулж хайр шингээн бичлээ. Олон зуун хүний сэтгэл, хүч хөдөлмөрөөр бүтээлээ” гэв.

П.Баттулга: 12 давхар байшинтай тэнцүү элсэн манхан, 3,000 метр өндөр уулсыг давж, малчид үхэр, тэмээгээр нүүсээр байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Урлаг | No Comments

"Намайг эсгий өрхөөр хучсан байхад л даараад байсан. Сүүлдээ аяны хөнжлөө зузаалаад л арай бэлтгэлтэй явдаг болсон. Өөрөө ч бас сурч эхэлж байгаа хэрэг. Өвлийн отрынхонтой ханан дугуйд хоносон үе санаанаас гардаггүй юм. Гал түлэхэд нүүр түлчих гээд, араасаа харин хөлдчих гээд байдаг. Зүүн талдаа зуух тавиад яндан гаргахдаа галын аюулгүй байдлаа бодоод том онгорхой хийдэг.

Тийм хүйтэнд зураг авахаар нүдний шил цантаж, хацраа хайруулахаас эхлээд бэрхшээл их бий" хэмээн ярих эрхмийг Пүрэвийн Баттулга гэдэг. Түүний хувьд 100 мянга гаруй километрийг туулж, малчидтай хамт нүүдэл хийн, монгол ахуй, угсаатны онцлогийг гэрэл зургийн дурандаа буулгаж, дүрс бичлэгийн архив бүрдүүлж буй хүн юм.

Шараа тэргэнд хөллөөд, тэмээгээр алсын аян жин тээх нүүдэлчдийн цуваа өнөө цагт үргэлжилсээр. Монголоос өөр газар харах боломжгүй өв соёлыг тал нутгийн зарим нүүдэлчин тээсээр үлдсэн. Гэрэл зурагчин П.Баттулгын санаачилсан монгол угсаатны өв соёлын "Эгэл" төсөл ч мөн нүүдэлчдийн тухай.

Бид түүнийг Чингис хааны музейд "Нүүдлийн ай" гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэх үед нь уулзаж, ярилцсан юм.


"Оторчид өглөө болгон малаа тоолдог. Айлын мал хамаад явчих вий гэж тэр шүү дээ"

зураг

Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Нүүдэлчдийн амьдралын хэв шинж, онцлогийг судлах ажилд яагаад татагдах болсон талаар ярилцлагаа эхлэх үү?

-Хуучин төрийн төв хэвлэл байсан Ардын эрх сонинд 1990 оноос анх гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн. Хэдийгээр хотод төрж өссөн боловч малын зах жаахан гадарлана. Яг хөдөөгийн хүн шиг сайн мэднэ гэж хэлж чадахгүй. Монголчуудын ахуй амьдрал, буйдхан хөдөөгийн аж төрөх ёс, зан үйл болох, болохгүйн тухай ойлголт надад арай илүү ойр байсан. Сонинд 20 орчим жил гэрэл зурагчин, 10 гаруй жил сэтгүүлчээр ажиллах хугацаандаа өөртөө арай ойр энэ сэдвээ барьж авсан юм.

"Эгэл" төслөө 2019 онд санаачилснаас хойш нүүдлийн чиглэлээр дагнаж ажиллах болсон. Гэрэл зурагчин байхын тулд аливаа зүйлийг үзэж судлах хэрэгтэй. Миний хувьд эхэн үедээ угсаатны судлаач залуучуудтай хамтарч ажилласан. Машинд суугаад хаана ч юм бэ ямар нэгэн нүүдэл дээр очоод, хэдэн зураг дараад буцах нэг хэрэг. Нүүдэлчдийн мөн чанар нарийн ухааныг олж танихын тулд нэг байтугай олон удаа очмоор юм байна гэдгийг таван жилийн хугацаанд ойлгосон.

Өвлийн отрын зураг дарахын тулд Завханы Их-Уул сумын айлууд руу 20 гаруй удаа очсон байна. Очих болгондоо шинэ зүйл олж харж, шинэ зураг дарахыг хичээдэг. Өөр аймаг сумын нутагт очоод яаж өвөлждөг, хавар малын хээл хүндэрсэн үед малчид нь ядарч, мал нь турсан үед хэрхэн нутаг буцдаг, нутагтаа малаа яаж төллүүлдэг, зун яаж амардаг вэ гэдгийг нь үзмээр байсан юм.

-Өвлийн отор гэж та ярилаа. Ид хүйтэнд гадаа хэсэг гарахад л ямар хүнд байдаг билээ. Гэтэл хөрсөн дээрээ -50 градус руу дөхөж хүйтэрдэг нутагт отор хийнэ гэдэг маш их тэвчээр шаардах болов уу?

-Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн улсын аварга малчин Б.Мөнхбат гуайнд би их олон очиж байна. Энэ хүн 35 дахь отор хийж байгаа. Их-Уул сум давчуухан бас маш их цас унана. Цас бага уналаа гэхэд нутагтаа малаа өвөлжүүлчихвэл хавар малд нь идэх өвсгүй болно. Тиймээс зудтай, өнтэй байсан ч оторт явна. Өөр арга байхгүй. Энэ бол яг уламжлалт отор. Аргагүйн эрхэнд портер машин дээр гэрээ ачаад нүүж байгаа хүмүүс бий.

Миний очсон отрууд бол үхэр шараа хөллөөд, эхний хоёр тэргэнд ханан дугуй боорцог идэж уух зүйлээ ачаад, нүүдлийн замдаа ханан дугуй гэж гэрээ хагасалж барьдаг. Таван тэрэг хөдөлсөн байлаа гэхэд бүгдийг нь буулгах шаардлагагүй.

зураг

Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

Оторчид нүүдлийн замд өглөө болгон малаа тоолно. Малаа хоргодож, алга болсон байх вий гэхээс илүү нутгийн айлын малыг хамаад явчих вий гэсэн болгоомжлол байдаг. Малч ухаан, хүнд буруу санахгүй байж ажил үйлс нь бүтдэг гэдэг агуулга эндээс харагдана.

Сарлагийнхаа арьсаар адсага хийгээд дэвсдэг. Өөрсдөө түүнийгээ гоёод хивс шиг гоё болгосон байдаг. Барав гээд бага үхрийн ширийг туламлаж өвчиж байгаад хийсэн арьсан авдартаа дээл хувцсаа хийдэг. Нүүгээгүй үед эвхэгддэг ширэн авдар юм. Тэд ингэж өв соёлоо тээн, ачаандаа хамт даруулан нүүдэг.

Мал, ердийн хөсөг хоёрын хурд таардаг

Малчин болгон отор хийж чадахгүй. Отор улам алсраад байна. Малчин айлын хүүхдүүдээс аавынх нь чадал барагдахаар та хэд отор хийх үү гэж асуухаар үгүй гэдэг. Миний харж буйгаар уламжлалт отор 10-15 жилийн дараа устах магадлалтай. Ердийн хөсгийн энэ олон нүүдэл улам л байхгүй болох гээд байна. Тиймээс би судлаач, оюутнууд, ирээдүй хойч үедээ өв үлдээе гэж бодсон. Нүүдлийн талаар ном товхимол, дата сан үлдээе гэж бодож байгаа.

зураг

Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

Мал, ердийн хөсөг хоёрын хурд таардаг. Малаа туух, үхэр тэргээ хөтлөөд хамт алхах хурд хоёр яг адилхан. Машин дээр гэрээ аччихаар мал туусан хүн нь гүйцэх гээд турдаг. Мэдээж хэрэг техник мал хоёрын хурд тэнцэхгүй шүү дээ. Ердийн хөсгийн давуу тал нь малыг нүүдлээр тарга тэвээрэг алдуулахгүй байхад хамгийн сайн зохицдог.

Таван үхэр хөтлөөд явахад гарын шар гэж бий. Уяагаа орхиод хүнтэй уулзаад эргэхэд хөдлөхгүй хөсгөө бариад зогсох үүрэгтэй шар юм. Хоёр дахь шар нь хүч тамир сайн байх ёстой. Арынх нь үхэр сөхрөөд унахад түүнийг ухасхийтэл татаад босгодог байх учиртай. Тэргэнд хөллөсөн шар болгон өөрийн үүрэгтэй.

"Аавууд нь оторт явах дөхөхөөр хүүхдүүд уйлна, хамт явна гэж гомдоллож дагаад эцэст нь хоцордог"

зураг

Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Оторт явсан айлын эхнэрүүд нөхрөөсөө, хүүхдүүд нь ааваасаа олон сар хол байх нь хэцүү санагдлаа?

-Оторчид яг одоо ид нүүж байна. Арваннэгдүгээр 10-20-д гарах үед отор хийхээр нүүдэг. Айлын гэрийн эзэд нэг гал болоод хамтдаа оторт явдаг. Нэг талдаа 300 километрийг 10-15 хоногт туулж ердийн хөсгөөр нүүдэг. Ингэж нүүж очоод, 3-4 сар амьдарч малаа онд оруулаад буцаад нүүхээр л явж байгаа юм. Хүүхдээ оторт авч явах тухай ойлголт байхгүй.

Аавууд нь оторт явах дөхөхөөр хүүхдүүд уйлна, тийчилнэ, хамт явна гэж гомдоллож дагаад эцэст нь хоцордог. Тэнгэр, цас, малынхаа байдлаас шалтгаалж оторчид нутагтаа буцаж ирнэ. Болж өгвөл мал төллөхөөс өмнө нутагтаа очоод дулаан хашаа саравчиндаа малаа төллүүлэхээ боддог. Үнэхээр цас дараад буцах боломжгүй болбол өвөлжсөн газраа малаа төллүүлээд буцахаас өөр аргагүй.

зураг

Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Монголууд нүүхдээ дандаа буйраа цэвэрлэдэг, нүүж байгаа тулдаа нутагтай байдаг гэж та зургийн тайлбартаа бичсэн нь анхаарал татлаа?

-Миний бодол санаа л Л.Түдэв гуайн үгэнд зангилагдсан. Л.Түдэв гуай хол нутагла, тарж нүү, ингэж байж нутагтай байна гэж хэлсэн. Нэг дороо шавбал суурин соёл иргэншилд шилжиж, газар нутаг нь халцгай болно. Тарж нутагласан болохоор монгол орон харьцангуй уудам дэлгэр нутагтай байгаа юм.

Минимал хэв маяг нүүдэлчдэд бий. Тэдэнд илүү юм байхгүй, дутуу ч зүйлгүй. Чигчий хурууны чинээ голоороо нарийхан ховилтой модыг малчид хаяхгүй ачаад нүүдэг. Гутлынхаа улыг ханзарвал шөрмөс мяндсаа тухайн модонд татаж чангалдаг. Гэрт нь хэн нэгэн халуурлаа гэхэд эмийн ургамлаараа эмчилнэ. Архи уумаар санагдвал тогоогоо нэрээд ууна.

Хавар болоод цас хайлмагтахаар монгол гутлын ул салж унах тохиолдол бий. Гэтэл нэг залуу оторчин салж унасан гутлаа ачааны нэмэр гээд ачиж нүүгээгүй. Буцахад мал ядарсан байх учраас малаа хайрлаж байгаа ухаан юм.

"Хананы толгой дахь малгайтайгаа амар байна уу гэж золгоод малдаа гарах жилийг алийг тэр гэх вэ"

зураг

Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Хархираа Түргэний уулс, Их монгол элс гээд нутгийн хойноос урагш, зүүнээс баруун зүгт та хүрч ажиллажээ. Энэ олон нүүдлээс таны сэтгэлд хамгийн тод үлдсэн нь аль нь вэ?

-Зундаа 100 орчим айл Увс аймгийн Ховд сум болон бусад газраас өндөр уулын хөтөл давж зусдаг. 3,000 гаруй метр өндөр Хархираа, Түргэний уулсын дунд олон нуурын зуслан гэж газар бий. Намар болохоор тал руугаа нүүдэг. Тэд яагаад уулын орой руу зүтгээд байна вэ гэвэл сэрүүхэн байдагтай холбоотой.

Олон удаа очсон болохоор өвлийн оторт дуртай. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Монгол Улсын гавьяат малчин Дашцэвэг гэж хүн бий. Энэ хүн 50 тэмээн тэрэг хадгалсан байна. Тэмээн тэрэг гэдэг нь зүгээр л нэг чингэлэг байдаггүй. Дотроо бараг зургаан төрөл бий. Мөхлөг гэдэг нь Монголын нууц товчоонд гардаг, дотор нь хүүхэд, настнуудаа суулгаад өвөл нүүж болдог тэрэг юм. Мөн бараа ачаагаа хийдэг чингэлэг гэдэг тэрэг бий. Хашлагатай, аргалын, усны зэрэг олон тэмээн тэрэг байдаг. Энэ бүх тэргийг хадгалаад одоог хүртэл машинаар огт нүүж үзээгүй хүн байгаа юм.

Маргааш өглөө нүүнэ гэхэд тэмээгээ ойртуулж яваа зураг нь талын монгол айл тайван амгалан гэдгийг харуулах шиг болдог. Ийм гоё зүйлийг үзчихээд догдлохгүй, хүмүүстэй хуваалцахгүй байх аргагүй. Шинийн нэгний өглөө малгайгаа авч хананы толгойд өлгөчхөөд малгайтайгаа амар байна уу гэж золгоод малдаа гарах жилийг алийг тэр гэх вэ гэж оторчид ярьдаг.

-12 давхар байшинтай тэнцүү шахуу элсэн манхнуудын онь, хөтлийг олж, тэмээгээрээ нүүдэг талаар та ярьсан байсан. Өндөр уул, элсэн манхны нүүдлийн ялгаа нь юундаа байна вэ?

-Өндөр уул, элсэн манхны тухайд мал аж ахуйн соёл нь өөр. Харахад л бүгд тэмээн нуруу аччихсан мэт боловч дом, зан үйл гээд бүх зүйл нь өөр. Тэмээгээ хомнох зэрэг нь зарчмын хувьд ойролцоо. Дархдууд гэхэд ихэвчлэн нуруу шарын нүүдэл хийдэг. Энэ нь үхрийн нуруунд ачаа аччихаад хооронд нь холбохгүйгээр мал дундаа тууж нүүдэг. 12 давхар байшинтай тэнцүү шахуу элсэн манхнуудыг давж нүүсээр байгаа юм.

Отрын олзыг төлөөр нь хэмжинэ гэдэг

Энэ нь миний ойлгосноор модтой даваагаар давлаа гэхэд холбоотой хоёр үхэр модны хоёр талаар нь орохоос сэргийлж буй хэлбэр. Аюулгүй байдал талаасаа ингэж нүүдэг. Үхэр мал нь ч сурчихсан.

Отрын олзыг төлөөр нь хэмжинэ гэдэг. Оторт явж байж төлөө бүрэн авна. Дархдууд эртний өв ихтэй ард түмэн. Цаатнууд бол цаагаараа нүүдэг. Хэн юутай байна түүгээрээ нүүдэг нь хамгийн энгийн ойлголт.

300 километр урт, Говь-Алтай, Завхан, Ховд гурван аймгийн нутаг дамнасан монгол элс гэж том элсэн далай бий. Тухайн нутгийн малчид өвлийн их хүйтэнд элсэндээ орж өвөлждөг. Цулгуй элсэн дунд нь мал нь юу идэх юм бэ гэж хүнд бодогдож мэднэ. Гэвч тэр дунд зөндөө ургамал бий. Жишээлбэл шаваг гээд ургаж байхдаа малын хоол, хатаад хагдрахаараа түлш болчихдог ургамал байна. Замд явж байхдаа шавгийг хооронд нь барьцалдуулж ачихад бэлэн байдлаар бэлдсэн байдаг. Элсэн дунд байгаа мал алсаасаа дулаан байдаг.

Ердийн хөсгийн нэг өдрийн нүүдэл дунджаар 20-25 километрийг туулдаг. Элсний нүүдэл уртаараа биш хөндлөн нүүж байгаа учраас нэг л хоног зарцуулдаг.

Дундговь, Өмнөговь, Баянхонгорын урд тал руу тэмээн нүүдэл ховордож байна. Арагтай адил өөжин гэдэг зүйл байдаг. Дуу, шүлэгт өөжин бүүвэй гэж гардаг шүү дээ. Өөжин ховордож, ачдаг тэмээгүй болж байна. Тухайн нутгийн хүмүүс ердийн хөсгөөс холдоод байна.

Харин өндөр уулын бэлд ердийн хөсгийн нүүдлүүд бий. Туулахад хэцүү бартаа саадтай зам харгуйтай элсэн манхан, өндөр уулын даваа хөтөл, машин явах боломжгүй замаар аргагүйн эрхэнд л ердийн хөсөг хэрэглэж байна.

"Барууны боловсролтой хүнтэй өвлийн отрын сурвалжилгад явахад ийм амьдрал гэж юу байсан юм бэ гэсэн"

зураг

Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Хүн малгүй ядарсан хүмүүс хавартай золгодог юм байна. Малчидтай ойр ажилладаг хүний хувьд тухайн хүмүүс яаж хөдөлмөрлөдгийг хамгийн сайн гадарлах байх. Малын мах үнэтэй байна гэдэг тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Зуны дэлгэр цагт хөдөөгийн айлд очиж гурав хоног дайлуулаад, хонь гаргуулж, цагаан идээн дээр хэд хоночхоод малчид жаргаж байна, зүгээр сууж байгаад их мөнгө олдог гэж ярьж болохгүй. Энэ бол хамгийн өрөөсгөл ойлголт гэдгийг өөрөө хөдөө олон удаа явж байж ойлгосон. Салхи сөрж нүүгээд үзээсэй, ингэвэл малаа ямар их хөдөлмөрөөр онд оруулдаг вэ гэдгийг хагас хугас ойлгоно. Малын мах бүр ч илүү үнэтэй байгаасай гэж бодмоор байдаг.

Барууны боловсролтой хүнтэй цуг өвлийн отрын сурвалжилгад явж байхад буцах замдаа ийм амьдрал гэж юу байсан юм бэ гэж ярьсан. Санаанд нь үнэхээр буухгүй байгаа юм. Эхнэр хүүхдээ олон сар хол хээрээр гэр хийж амьдарна гэдэг хэцүү.

зураг

Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

Нэг бөндгөр түлээгээр дулаацахын тухай ойлголт байхгүй. Зөвхөн хоол, цайгаа л хийж иднэ. Хоносон хоолоо халааж идээд малдаа гарах үе олон бий. Уулын царам орой дээр хашаа саравч байхгүй. Нодлин жилийн арваннэгдүгээр сарын их хүйтнээр малаа тууж яваад нүүрээ бүтэн хөлдөөсөн хүнтэй ч таарч байлаа. Сурсандаа чаддагтаа отор хийж яваа баатрууд гэмээр хүмүүс.

-Нүүдлийн тухай ярихаар цай идээгээ бариад нүүж яваа айлыг тосдог уламжлал санаанд орж байна?

-Монгол ахан дүүс байна даа гэсэн ойлголт бий. Айл саахалтынх нь хүмүүс нүүж байвал тэмээг нь хомнож, гэрийг нь ачилцаж, малыг нь тууж замд нь оруулж өгөх тус бол байнга байдаг. Үүнээс гадна нүүдэл тосох соёл байсаар байгаа. Хүүхдээ хөтлөөд нохойгоо дагуулаад, идээ ундаа бэлдээд нүүдэл тосдог дүр зураг одоог хүртэл байна.

Гэвч ахуй соёл маань бас улам бүр бүдгэрсээр л байгаа. 70-аас дээш насны сайхан түүх яриад өгөх хүн ховор болж байна. Тухайн үеийн хүмүүсийн хүүхэд байхдаа үзсэн түүх домгийг бид авч үлдэж чадахгүй л бол улам л алсрах гээд байна.

зураг

Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Өвөл цагт отор дагаж зураг авахад даарахаас эхлээд бэрхшээл их тохиолдох уу?

-Солонготын даваанд өмнөх жилийн гуравдугаар сарын 5-нд цасан шуурга болох үед дарсан зураг маань сая Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зарласан уралдаанд тусгай байранд шалгарсан. Цасгүй хүйтэн гэдэг бол маш их хүйтэн. Аппаратаар хоёр, гуравхан кадр дараад л нүүр ам мэдээгүй болдог. Хэцүүг тоочвол алийг тэр гэх вэ. Гэхдээ буцаж ирээд зургуудаа засаж янзлах шиг кайф үгүй.

Зураг дарах тухай ярьсных хувцаслах ёсонд бас өөрчлөлт орж байгаа. Биед хөнгөн, дулааныг нь бодоод төмөр замын, Оюу толгойнхны хувцсыг их өмсдөг болсон. Энэ хувцас нь монгол ахуйтай зурагт зохимжгүй учраас зураг дарахдаа учирладаг хэлдэг. Гоё ганган малгай, цагаан дээл ч битгий өмсөөрэй гэдэг /инээв/.

Торгууд маягийн нэг эрэгтэй зураг дарах гэсэн чинь саравчтай малгай өмсөөд зогсоод байсан. Тэгэхээр нь цагаан алчуур ч юм уу зүүж болох уу гэсэн зүүсэн байсан. Харин саахалт айлынх нь эхнэр аяганы алчуур толгойдоо зангидсаныг нь мэдсэн байсан.

Элсэн манханд айлууд нүүгээд явахдаа сүүлчийн тэмээнд шон зүүдэг. Энэ нь манайх ийм замаар ингэж нүүсэн шүү гэдэг тэмдэг юм. Түүнийг нь хараад дараагийн айл тэр замаар явах эсэхээ шийдэж болно.

-Гэрэл зураг сонирхогч залуучуудад та өөрийн туршлагаас зөвлөгөө өгөхгүй юу?

-Дарсан зураг нь маш сайн байж болно. Гэхдээ түүндээ тохирсон тайлбарыг сайн хийж сурах нь чухал. Барууны сэтгүүлзүйд стори гэж нэрлэдэг. Тухайн зургийг хэзээ дарснаас гадна юу өгүүлж байгаа болон зураг дээр гарч чадаагүй тайлбараар илэрхийлэгдэх тохиолдол зөндөө бий. Түүхээ сайн хийж байвал тухайн зураг илүү амилж, хүнд хүрнэ. Түүнчлэн бие дааж нийтлэл ч болно.

"Өв соёлтойгоо хамт малчдын тоо цөөрч, залуу залгамж халаа багасаж байгаад санаа зовнидог"

зураг

Гэрэл зургийг Purvee Battulga хаягаас авав

-Малчидтай ойр байдаг хүний хувьд хааяа хөдөө явмаар хотод сэтгэлд тогтохгүй байх үе бий юу. Цаг агаарын мэдээг бас их чагнадаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Байнга цаг агаар харна. Нөгөө хэдийгээ яаж байгаа бол гэж бодно. Ямар сайн даа л манай эхнэр намайг өөрөө малчин хүн шиг л тогтож сууж чадахаа больчих юм гэдэг.

Цас эрт унаад байдал хэцүү байгаа тул Хөвсгөл рүү нүүж байна гээд саяхан улсын аварга малчин Б.Мөнхбат гуай над руу ярьсан. Завханы Их-Уулаас Хөвсгөлийн Мөрөн хүртэл талдаа 300 километр. Отрын түрүүч нь Мөрөнгийн голыг гаталсан байна.

Тухайн айлыг хэзээ нүүхийг судалж байж очдог. Түүнээс биш би очсоноор нүүдэл зохион байгуулна гэсэн үг биш. Хамгийн хэцүү хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг хүчээр нүүлгэж яагаад ч болохгүй. Хэдэн өдрийн ажлыг нь алдагдуулсан зүйл болно. Би өөрөө нүүдэлд тааруулж очих ёстой. Ингэж байж малчдад хүндэтгэлтэй хандана.

-Өндөр уул, цас бороо, шавар шалбааг, даваа гүвээнээс эхлээд аяншиж ядартлаа холын нүүдэл хийх малчдад олон бэрхшээл тулгарах нь зайлшгүй. Энэ бүхнийг хамтдаа хуваалцаж яваа хүний хувьд малчдыг бид хэрхэн хайрлаж, ойлгох ёстой талаар юу хэлэх вэ? 

-Илүү тааваараа дураараа жаргалтай амьдарч байгаа малчид бий. Гэхдээ түрүүний хэлсэнчлэн зуны дэлгэр цагийг мөнхийн юм шиг санаад малчид гэж төрөөр бүх юмаа даалгаад суудаг хүмүүс гэж ойлгож болохгүй. Нүүдэл дунд яваад үзсэн хүнээс ийм үг гарахааргүй.

Өв соёлтойгоо хамт малчдын тоо цөөрч, залуу залгамж халаа багасаж байгаад санаа зовнидог. Нэгэн цаг үеийн өөрчлөлтийг бид сөрөөд нэмэргүй. Гэхдээ ядаж энэ бүхнийг баримтжуулж үлдэх нь миний үүрэг юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд уран бүтээлийн өдөр амжилт хүсье. 

-Баярлалаа.

 

Эх сурвалж: Ikon.mn Т.Өлзийбаяр

Лондонд толилуулж буй "Монгол Хаан" жүжгийн талаар гадныхан өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Урлаг | No Comments

УДЭТ-ын жүжигчдийн тоглосон “Тамгагүй төр” жүжгийг англи хэлнээ орчуулан Их Британийн Лондон хотын Колесиум театрт “Монгол хаан” нэртэйгээр гаргаж эхэлсэн. Тодруулбал Монгол Улс, Их Британи улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо энэ сарын 17-ны өдрөөс ирэх сарын 3 хүртэл толилуулах юм.

Монголын түүх, соёлыг сурталчлах нэг хэлбэр болж буй тус жүжиг англи үзэгчдийн хүртээл болсонтой зэрэгцэн тус улсын хэвлэлүүдээр жүжгийн тухай шүүмжүүд гарч эхэллээ.

“The Telegraph” [6] сайтад нийтэлсэн шүүмжээс дурдвал:

Энэ жүжгийн талаар хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол жүжигт гарч буй хаан нь Чингис хаан биш. Жүжгийг хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан гаргаж байгаа. Ийм сонирхолтой үндэслэлээр тоглогдож буй 70 хүчирхэг жүжигчинтэй энэ жүжиг харамсалтай нь тун уйтгартай.

"Төрийг" ард иргэдээс дээгүүр тавьсан суртал ухуулгын шинжтэй

Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд бичсэн уг зохиолд хааны их, бага хатад зэрэг хүү төрүүлдэг. Гэхдээ их хатных нь хүүхэд хааных биш түүний туслахын хүүхэд байдаг. Хаан бага хатнаас нь төрсөн хүүг өв залгамжлагчаа болгохоор шийдэхэд туслах нь хүүхдүүдийг сольдог.

Энэ үйл явдлыг ердөө нэг үзэгдэлд багтаах хангалттай боломжтой ч эхний хагас тэр чигтээ үргэлжилсэн. Мөн жүжигчдийн харилцан ярианы орчуулгад зүйрлэлийг хэтрүүлэн ашигласан. Хоёрдугаар хагаст аллагатай хэсэг гардаг бөгөөд энэ хэсэг их эмгэнэлтэй байх ёстой. Гэтэл дүрийн хөгжүүлэлтийг маш бага хийсэн.

Дипломат харилцаан дээр үндэслэсэн соёлын солилцоог ямагт дэмжих ч "төрийг" ард иргэдээс дээгүүр тавьсан суртал ухуулгын шинжтэй энэ жүжиг үзэгчдийг баясгана гэдэгт эргэлзэж байна хэмээн бичжээ.

"The Guardian" [7] сайтад нийтэлсэн шүүмжээс дурдвал: 

Өв залгамжлалын тухай харуулсан гайхалтай тууль. 2000-аад жилийн өмнө буюу Чингис хаан Төв Азийг эзэгнэхээс өмнөх үйл явдлын талаар өгүүлнэ. Энэ жүжгийн зохиол нь их хүнд ч гэсэн дуучин, бүжигчин, уран нугараач гэх мэт 70 хүний бүрэлдэхүүн үнэхээр гайхалтай ажилласан.
[8]
Хэдийгээр хаан өөрийгөө хэрхэн золионд гаргаж буй талаар өгүүлдэг ч эмэгтэйчүүдийн үүрэг илүү сэтгэл хөдөлгөм. Эх хүнд тохиох эмгэнэлт үйл явдал болоод тэдний золиосны тухай харуулдаг.  Монголын соёлын түүхийг өгүүлэх Гладиаторын хувилбар ч юм шиг.

Бүжигчдийн уусан нэгдсэн байдал жүжгийн гол хэсэг гэж болно. Тэдний гарын чичирхийлэл бүр нь тухайн үзэгдлийн сэтгэл хөдлөлийг шингээсэн. Уламжлалт исгэрэлт, хөөмий зэргийг орчин үеийн хүнд басс хэмнэлтэй хослуулсан нь яг л аварга биетнүүд тайз донсолгож байгаа мэт. 

Өмнө нь энэ жүжгийг Өвөр Монголд тоглох гэж байсан ч эрх баригчид үндсэрхэг болон салан тусгаарлах үзлийг нэмэгдүүлнэ хэмээн эмээж тоглуулахаас татгалзаад цуцалж байсан юм. Гэхдээ уг жүжиг Лондоны тайзан дээр огт өөр утга агуулж байна. Соёлын түүхийг арилжааны байдлаар шингээсэн мэт харагдаж байна.

Зарим талаараа Монголын соёлын түүхийг өгүүлэх Гладиаторын хувилбар ч юм шиг. Гэхдээ ийм гайхалтай байхад хэнд хамаатай гэж? гэсэн байна.

“Гоёл-2024” наадмын топ моделиор А.Сайхантамир шалгарчээ

Posted By Алсын Хараа On In Урлаг | No Comments

1988 оноос эхтэй Монголын хувцас загварын тэргүүн дээд “Гоёл” наадмын оны шилдгүүдийг шалгаруулах гала тоглолт Шангри-Ла зочид буудалд болж өндөрлөлөө.  36 дахь жилдээ зохион байгуулж буй тус наадмын шилдгийн шилдэг топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир шалгарав. Түүний хувьд “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан. 1995 онд Хэнтий аймгийн Дадал суманд мэндэлсэн. Мөн “Мисс Монголиа-2017” тэмцээний шилдгээр шалгарч байсан түүхтэй.

Тэгвэл Үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр “Эртний аялгуу” загварыг бүтээсэн Г.Ачухай шалгарсан бол ирээдүйтэй залуу дизайнерын шагналыг “Анна Кашмер”-ын загвар зохион бүтээгч Б.Баатараа хүртлээ. Харин чөлөөт хувцасны шилдэг дизайнераар “Од” загварын товчооны загвар зохион бүтээгч С.Батчимэг тодорсон. Түүнчлэн ирээдүйтэй модель шагналыг Б.Буянжаргал, шилдэг фото моделиор М.Болормаа, шилдэг эмэгтэй моделиор Н.Ану шалгарав.

Бусад номинацид шагнал хүртсэн эрхмүүдийг танилцуулъя.

Спонсорын нэрэмжит шагнал: Б.Цэнд-Аюуш, “Алтжин” брэндийн дизайнер Б.Уянга

Сesar's брэндийн нэрэмжит шагнал: Б.Адъяа, Ц.Хүслэнт-Ертөнц

“Алтан гадас” компанийн нэрэмжит шагнал:  Лиса

Шилдэг Make up artist: Ari Make up studio

Гранпри дизайнер: “Amulet” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Бэлгүтэй “Warrior bird” загвараараа