- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

Нийслэл хотын амьдралын тухай иргэний үг

Нийслэл маань утаа, түгжрэл дундах хүндхэн 2023 оноо ардаа үлдээсэн ч хөдөөд цас, зудтай, төрөөс зарим арга хэмжээ шуурхай авч буй ч ард олны амьдрал хүндхэн хэвээр байна. Шинэ жилийн дараа дарга нар маань энэ хүнд үед ирэх сонгууль гээд тунчиг завгүй, манай өнөөгийн байгаа дүр төрх нь нэг иймэрхүү. Цас зудын байдалтай байгаа хөхүй өвлийн хүйтэнд гол дагуу халиа гарч, шатахуун, эрчим хүч нь хомсдож буйг харахад эх байгаль өөрөө энэ сонгуулийн өмнөх улс орны байдлыг шалгаж байна уу гэмээр. Монгол улс нэг хүнд оногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлж, нийслэл Улаанбаатар хот нь дэлхийн бүх нийслэл хотуудаас хамгийн цөөхөн |1,6 саяхан| оршин суугчтай байтлаа түгжрэл, хорт утаагаараа бол томчуудаа араасаа дагуулж байгаа. Бүх үйлчилгээ, хүн ам нь тэндээ бөөгнөрч, тойроод хогийн цэг, оршуулгатайгаа амьдардаг.

Зайлшгүй байх ёстой хот төлөвлөлтөд тавих шаардлага, оршин суугчид нь ямар орчинд, хэрхэн амьдарч, ахуйн болон бусад үйлчилгээнүүд, газар олголт... гэх мэт өдөр тутмын амьдралдаа тоохгүй өнгөрөөсөн нь өнөөгийн утаа, түгжрэл гэх бэрхшээл, зовлонд хүргэчихэж. Энэ дунд жолооч нар, иргэд зорчигчид нь үйлээ үзэж байна. Тэдний замын хөдөлгөөнд оролцож буй байдал бол дайсандаа ч хүсмээргүй зүйл.

Өнөөдөр нийслэл хотын зам харгуй, зогсоол, агаар,бүхий л орон зайг утаа, автомашин, ШТС дангаараа эзэлчихсэн байна. Үүнийг өөртөө шингээж авдаг нь оршин суугчид иргэд бид өөрсдөө. Түгжрэл... Энэ хэцүү үгийг бид зөвхөн хааяа л хэрэглэдэг байсан бол одоо өглөөнөөс орой болтол бүхний хараалын эх болсон. Жолооч нар түгжрэл дунд хараал урсгаж, явган гарц дахь зурвас битүү автомашин, зорчигч гарцгүй газраар тэдгээрийг сүлжин зүтгэж байна. Сансарын туннель дороос ТЭЦ-3 автобусанд сууж гэртээ ирэхээр Ард кино театрын буудал |хуучин Ард нэрээр| хүртэл түгжирсээр |3 буудал зайд| 3 цаг болж ирлээ. Дулаан үед би явган 20 минут л алхчихдаг байсан юм. Энэ хүйтэнд автобусаар явахаас өөр боломж үгүй” гэж өөртөө бодсон минь ёстой л “туннелийн бодол” гэдэг нь болчихож. Замын түгжрэл дийлдэшгүй том асуудал болж, оршин суугчид нь бүр залхаж байгаа ч цаашид сийрэгжих төлөв нэг л харагдаж өгөхгүй л байна. Таг зогссон үед бол ууртай жолооч нарын тоо нэмэгдэж “Үлгэр жишээ соёлч хот” болох уриатай нийслэлийн маань соёлын түвшин эрс буурчихдаг юм билээ. Амьдралаас харагдаж байна шүү дээ. Бид замын хөдөлгөөнд дэндүү соёлгүй оролцож байгаа. Жолооч нар өрсөлдөж уулзварт орохоор замын голд машинаа тулгаж гацаачихаад хувцасаа хөнгөлж байгаад нударга зөрүүлж дуустлаа хөдөлгөөн хааж байхыг би нэг бус удаа харсан. Бусад нь тэднийгээ хараад л зугаатай зогсцгоож байдаг. Соёлтой хотуудад явган зорчигчдод зам тавиагүй буюу явган гарцын зурвас хааж зогссон жолооч торгуулдаг юм билээ. Гэтэл манайхан бүр зам хааж байгаад нудрага зөрүүлж түүнээс дээгүүр эрх ямбатай нь замын урсгал дунд баар, ресторан хүртэл бариулчихдаг. Мэдээж хотын шинэ даргын албад зах зухаас нь цэгцэлж л байна.

Түгжрэл багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль гарч одооноос түгжрэл, утааны тухай том яриа, төрөл бүрийн арга хэмжээ авч, хууль зөрчигчид, урвагчид, идээч уугаачдыг хайж байгаа. Төв урсгалаар баруун гараас эргэхийг зарим уулзварт туршин, дугаарын хязгаарлалт хийж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх... зэргээр замын хөдөлгөөн сийрэгжүүлэхээр оролдож байна. Гэхдээ энэ бол зөвхөн өнөө маргаашийн,түр зуурын асуудал.

Энд томоохон хэмжээний, иж бүрэн юм хэрэгтэй. Хорь, гучин сая оршин суугчтай дэлхийн томоохон мегаполисууд Токио, Шанхай, Москва...гэх мэт манай эргэн тойронд буй эдгээр хотууд түгжрэлийн асуудлаа хэрхэн шийдэж чадсан юм. Тэд газар дээгүүр гүүр, доогуур нь метро, усан зам, агаараар дүүжин гэх мэт бүхий л нөхцлийг бүрэн ашиглан зөрлөг гарган, автозам нь аль болох нэг тэнхлэгт огтолцлохгүй байх боломж бүрдүүлдэг. Замын гэрлэн дохионы мэргэжлийн ажилтнууд бүхий бүхэл бүтэн эрдэм шинжилгээ, судалгааны төв ажиллуулж, замын ачаалал, нөхцөл байдалд нь тохируулсан цахим тооцоо шийдлээр хөдөлгөөнийг зохицуулж байна. Энэ бол жолооч болгонтой зууралдах бус, шинэ технологи бүхий өргөн цар хүрээний их хотуудын замын хөдөлгөөний цахим удирдлагын бүтэц, цаашид түгжрэл үгүй төлөвлөх боломж, зөв гарц болох юм. Тухайн хотын авто тээврийн байгууллага, энэ төвийн гаргасан шийдлийг хэрэгжүүлэхэд тохирсон хөдөлгөөний дүрмээр хяналт тавьж, аюулгүй байдлыг ханган, хөдөлгөөний урсгалыг шуудруулж, замын цагдаа нар аль болох урсгал дунд машин зогсоохгүй байх боломж бүрдэх юм. Камержуулалт бол бүрэн төгс хийгдсэн байх учиртай. Бид хэтийн бодлоготойгоо зэрэгцүүлэн технологийн нарийн шийдэлтэй, олон боломжит ийм цогц программыг хэрэглэхгүйгээр байнга өсөн нэмэгдэж буй их ачааллыг цаашид зохицуулах боломжгүй. Ухаалаг энэ системд замын ачааллын байдлыг өөрөө мэдэрч, бөөгнөрөл ихтэй талд нь хөдөлгөөн түлхүү нээж өгдөг автомат тохиргоо байдаг. Их ачаалтай үед олон урсгалтай замын эсрэг чиглэлийг ачаалалтай талд нээж өгөх, хоорондоо ойрхон гэрлэн дохиотой уулзварт жолооч нар нэгээс нөгөөд хүрэх болгонд улаан гэрэлд хаагдан байн, байн зогсож бөөгнөрөл үүсгэдэг. Ингэхгүйн тулд зарим ойрхон уулзваруудын гэрлэн дохионд аль болох “ногоон урсгал”-тай тохиргоо тэрхэн зуурт нь хэсэгчлэн хийдэг.

Жишээ нь: Багшийн дээдээс ногоон гэрлээр орж Төв шуудангийн уулзвар давтал зогсолтгүй ногоон гэрлээр явах урсгал гэх мэт. Иймэрхүү боломж бол жолооч нарын мөрөөдөл шүү дээ. Энэ талд нь урсгал дуусахад нөгөө тал нь ногоон урсгалд орно. Ийм нөхцөлд энэ хэсгийн дагуух зам дээр автомашин саатаж зогсохгүй, хөдөлгөөн нэвт үргэлжлэх болно. Ерөөс зарим ачаалалтай хэсэгт авто хөдөлгөөн зогсолтгүй үргэлжлэх шаардлагатай болдог тул жолооч нар хаа дуртай газраа зогсохгүй. Ийм үед дарга нар бүх хөдөлгөөнийг хааж байгаад зорчвол урсгал үргэлжлэх боломжгүй болно. Улс орнууд төр засгийн ордон, түүнд очих түшээд, гадаадын том зочин төлөөлөгчдийн замыг аль болох тусд нь байлгахаар төлөвлөдөг. Манай нийслэлийн автозамын гэрлэн дохионы тохиргоо удаан их ачааллыг гүйцэж даахгүй байгаа. Энэ бол аль нэг даргын шийдвэрээр зохицуулах боломжгүй зүйл.

Нийслэл хотын авто замын хөдөлгөөний хамгийн том асуудал бол бүх тээврийн хэрэгслүүд нь явган зорчигчтойгоо нэг тэнхлэгт огтолцолж буй явдал. Ихэнх тохиолдолд төмөр зам нь авто замтайгаа нэг тэнхлэг дээр огтолцож байна. Жолооч нар нь бүр төмөр зам дээр гацаад зогсчихсон байх юм. Энэ бол аймшиг. Иймээс боломж бүрийг ашиглах, аль нэг урсгал нь дээгүүр, доогуур нь гардаг зөрлөг барих ийм шийдэлд зайлшгүй тулжээ.

Энэ бол он жилээр хугацаа шаардах амаргүй ажил. Гэхдээ одооноос, ирэх онд хэдэн уулзварыг аюулгүй зөрлөгтөй болгох, хэдэн зогсоол барихаа тооцож, дулаарахад ажил эхэлж мөн ондоо дуусгах гэх мэт шуурхай явбал энэ ажил хэрэгжих байх. Өнөөдөр яриад л өнгөрвөл тэгээд л өнгөрнө. Метро хөгжил дагуулана. Мэдээж метро бол үүнээс ч том, хугацаа, нөгөө л манайд байхгүй мэргэжилтэн, хөрөнгө мөнгө, эрчим хүч, шатахуун маш их шаардах бидний огт хийж үзээгүй асар хүнд, нарийн төвөгтөй ажил. Бошиг үзээд, хадаг дэвсэж, шав тавьж, гар барилцаад бүтдэг ажил биш. Энэ ажил эхлэх нөхцөл нь бүрдсэн юм уу. Хэдэн жилд барьж дуусах юм... гэх мэт асуудал бий. Хуучин Жайка |JICA| 1983 онд билүү нийслэлд метро барих зураг төсөл гаргаж “Бид метротой болж Япон лугаа адил хөгжинө” гэж байснаа засаг солигдоод л чимээгүй болчихсон. Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд МУ-д хэдэн ЗГ солигдсон юм. Шинээр гарсан нь урдахаа үгүйсгэн, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгодог, манай төр засагт залгамж халаа гэж алга. Нэг нь бүтээх гэж байхад нөгөө нь буцаагаад нурааж байдаг. Одоо түүнийгээ |жайка-г| орхиод дахиж шинэ ТЭЗҮ хийх болж гэнэ үү. Үүний дараа жинхэнэ ажлын зураг төсөв нь бас л үнэтэй гарна. Вальют шүү дээ. Цаана нь жинхэнэ метро барих нүсэр том ажил нь хүлээж байна. Ерөөс энэ метрог зураг төсөл нь бэлэн зэлэн байгаа юм бол тэр Жайка төслөөр мэргэжлийн япон инженерүүдээр нь ахлуулаад хийлгэвэл яасан юм. Манайхан дагалдаад суралцаг. Харин гэрээ, хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг баталгаатай, барцтай юм хийх тухай манай улс төрчид, толгой бизнесүүдийн ТВ-д өгсөн ярилцлагад хэлсэн зөвөлгөөг анхаарах нь зөв байх даа. Нэгэнт нийслэлд метро барих боломж тохироо нь бүрдэж ЗГ-ын тогтоол гарлаа. Энэ чинь түүхэн шийдвэр шүү. Нааштай цаг үед олдсон боломжийг ашиглаж чадсан нь хожиж, чадаагүй нь хуучин буйр, сууриа сахиад үлддэг. Хийж, бүтээж буй хүн алдаа гаргавал түүнийг засч сайжруулж болдог. Хийхгүй өнгөрөөвөл үүнээс ч том алдаа болно. Өөр нэг асуудал бол манай нийслэл хуучин автобус, автомашины хот болсон. Тэр дунд “буруу” талдаа жолооны хүрдтэй суудлын машинууд.

Өнөөдөр нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 10 тутмын 7-8 нь ийм байгаа. Бид замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй улс шүү дээ. Иймээс одоо байгааг нь |буруу талдаа жолоотойг| элэгдэж дуустал нь ашиглаад, одооноос эхлээд зөвхөн “зөв” талдаа жолооны хүрдтэйг авч байя. Эсвэл бүгд “буруу” талдаа жолооны хүрдтэй болж зүүн гарын дүрэмд шилжиж ч бас болно л доо. Ингэж нэг тийш нь болгоё.

Тохижилт. Замын уулзвар, гарц бөглөн барьсан барилга байгууламжуудыг “Таны эрх чөлөө, бусдын эрхийг хөндөхгүй байх” зарчмаар буулгах хэрэгтэй. Энд төрийн шийдвэр, хууль дүрмийн хэрэгжилт гэдэг том асуудал хөндөгдөх болно. Зөвшөөрөлгүй барьсан барилга, олгосон газар, эзэд... гээд бусад бүх асуудал ч мөн багтана. Үүний цаана гарахгүйгээр өнөө маргаашийг аргацаасаар байвал бид энэ зовлонгоос хэзээ ч салахгүй. Хотын удирдлага эл бүгдийг нийслэлийн хүн амын нягтралыг багасгах ерөнхий бодлоготойгоо уялдуулан жил болгон ухдаг шугам сүлжээ, үерийн ус зайлуулах системтэйгээ, яригдаад байгаа метротойгоо нэг мөр зориглон хийвэл яасан юм. Ийм хотын даргад хөшөө босгосон ч яахав. Дашрамд, Хөшөө дурсгал нийслэлд босгох, гудамжны нэр өгөх тухай хуучин журмаа эргэж нэг харах шаардлагатай болжээ. Хэнд нь хамгийн том хөшөө босгож, бүхэл бүтэн гудамжийг түүний нэрэмжит болгох юм гэх мэт. Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээсэн гавъяагаар нь эрэмблэн чухам хэнд нь ямар түвшинд, хэний шийдлээр шалгаруулж, барих газар олгож байхыг төр засаг дахин нэг эргэн харж шийдэх нь зөв байх. Эсвэл мөнгөө төлөөд дуртай газраа хөшөө босго гэх үү. Их зохиолч соён гийгүүлэгч Ц.Дамдинсүрэн абугайн хөшөөг хотын захад тавьжээ. Төв цэцэрлэгт Марко Поло-гийн хөшөөний зүүнтэй босгож тэр хавийг нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгож болох л байсан. Бүр болдоггүй юмаа гэхэд Урт цагааныг буулгасан буйран дээр нь байгуулах гэж байгаа тэр цэцэрлэг нь үнэн бол тэнд тавиад түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгож болно. Уул нь нэрэмжит гудамжиндаа хөшөө нь байх учиртай юм л даа. Манайд анхнаасаа хэв журамгүй, эрх мэдэлтний дураар явсан учраас гудамж нь энд, хөшөө нь хаа нэгтээ саланга болчихсон ихэнхдээ.

Хотын төвийн хэсэгт гудамжны нэр эрж олох бол тамын ажил болсон. Иймээс бид Таван шар, офицер, Нохойтой хөшөө, Урт цагааны ар, өвөр гэх мэтээр ярьж бүр хэвшчихсэн байна. Соёлтой хотуудад багцаагаар бус гудамжныхаа нэр, барилгынхаа дугаараар явдаг. Хотын гудамжны нэр, хаяг, байшингийн дугаар болон тэмдэг, тэмдэглэгээ маш хангалтгүйг хот анхаарах ч үгүй бүр орхисон.

Зарим байгууллага гудамжны нэр халхлаад дээр нь өөрийн хаяг, рекламаа байрлуулчихдаг болсон. Нийслэл маань гудамжаа их эрдэмтний нэрээр нэрлэхдээ Б.Ринченгийн гудамж гээд бичсэн байна лээ. Бодвол их эрдэмтэн зохиолчийнхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн, нэрэмжит гудамж гаргахаар шийдсэн байх. Баянгол зочид буудлын ар дахь орон сууцны хорооллын дунд мушгиа гудамж их зохиолчдоо сонгож олжээ. Уул нь аятайхан байрлалд гудамж олж тохижуулан өргөн чөлөө болгоод хөшөөг нь босгож болмоор. Манай цахим, чөлөөт лавлах хэмээх Википедиа-д Рэнчин, Ринчин, Ренчин, Ринченгийн намтар, Ринчингийн Чойном.. гэх мэт |энэ хоёр хүний нэр дор| мөн ч олон янзаар бичсэн байна лээ. Онохдоо тааруу гөрөөч олон сум тавиад... ядаж нэг нь тусах буй гэх маягаар оруулсан байх. Нийслэл маань очиж, очиж монгол хэл бичгийн их эрдэмтнийхээ нэрэмжит гудамжийг алдаатай бичсэн болж таарч байгаа юм. Энэ дүрмээр бол одоо Ринчингийн Чойном, Дамдингийн Сүхбаатар гээд дахин шинэ гудамж гаргавал ч ёстой л “есөн шид нь бүрдэх” гэдэг нь болох байх. Ер нь бол гудамжныхаа ядаж л эхлэл, төгсгөл хоёрт нь заавал нэр нь бичигдэж, тэнд буй улсын, хувийн байгууллага үүнийг хариуцах үүрэг хүлээдэг журам гаргах нь зөв байх. Нэр, хаягтай байх нь соёлтой хотын шинж, бүх шуудан, гал команд, түргэн тусламж, зорчигчид нь төөрч будилахгүй. Ялангуяа төвийн хорооллуудад жолооч нарын өмнө эмнэлэг, дэлгүүр, ШТС, Зочид буудал, музей .... гэх мэт үйлчилгээний газруудын байрлал, хүртэлх зай, бусад шаардлагатай мэдээллүүд нь харагдаж байхаар тавигдвал хөдөлгөөн шуудрана. Авто машины нүхэн гарааш, гадна талд нь олон давхар зогсоол зайлшгүй шаардлагатай болж байна. Хөгжилтэй орнуудын метроны эцсийн буудал, нисэх буудлуудынх шиг. Хотын захын оршин суугчид нь метроны эцийн буудлын зогсоол дээр унаагаа юүлээд метрогоор хотын төв ордог. Өөр улс, хотод зорчих бол нисэх буудлын зогсоолд унаагаа орхиж нисээд, буцахдаа тэндээс аваад явдаг. Метро бол хотын төв хэсэгтээ гол зөрлөг нь байж түүнээсээ тал, тал тийш салбарлаж гарсан зам бүхнийг тойруу замаар холбож, эцсийн буудлуудаа тал бүрээс ирэх хөдөлгөөний аман дээр тосуулаад барьдаг.

Метроноос хол оршин сууж буйг автобусаар зөөдөг. Том хотууд ийм л байдаг. Ийм суурьшилд байгаа орон сууц, үйлчилгээний барилга, манайд автобусны буудалтай ойр хашаа, байшинтай адил өндөр үнэ хүрнэ. Газар дээгүүр автомашин, доогуур нь метро, дээгүүр нь замын хөдөлгөөн саадгүй болж, ийм байдалд явган зорчигч автозам дээрх гарцаар гарах нь цөөрнө.

Дэлхийн томоохон метротой Москва хот бол хамгийн хүртээмжтэй сүлжээ, хамгийн урт зам, дотроо хорогдох байр бүхий олон станцтай газар доорхи бүх саадыг, давж метро хурдан, чанартай барих, засвар үйлчилгээний талаар өндөр туршлагатай болсон байдаг. Манай Барилгачдын талбайд байгаа нүхэн гарааш бол арай ч дээ гэмээр. Уул нь талбай дороо гарааштай болж гадаах түгжрэлээ сийрэгжүүлэх зорилготой хийсэн байх. Гэсэнч газар дор гарааш гээд талбайгаа дээш нь нэмж өндөрлөөд монголын ахмад архитехторчдын төлөөлөл Дамбийням гуайн хийсэн тэр хавийн барилга архитектурын зохицол, өнгө үзэмж, хуучин байсан тэр орчны гайгүй сайн дүр төрхийг нь бүр алдагдуулаад дор нь нэг иймэрхүү хачин юм хийж орхисон байна лээ. Одоо гадаа талбайд нь машин багтахгүй Занабазарын музей үзэх жуулчдын автобус зогсох боломжгүй, ерөөс явган зорчигч явахад ч маш төвөгтөй болсон. Барилга, хот байгуулалтын яам ийм юм өмнөө бариулчихаад өөрсдөө өмнөх талбайдаа машинаа багтааж шингээхгүй чихэлдэж байна. Хот нийтийн эзэмшлийн талбайг авч, гадаа нь тойруулаад гуанз, зогсоол байгуулан төлбөр хураамж авч байгаа юм уу. Энэ чухам ямар учиртай газар вэ. Энэ талбайг хуучин түвшинд нь буцааж оруулаад доор нь дээрх машинууд нь багтахаар олигтойхон зай нэмж гаргаад засчихаасай даа.

Тэгэхээр бидэнд метро, газар дор ба дээр, авто гарааш, зогсоолууд хэрэгтэй болох нь. Шинээр барьж буй орон сууц доороо гарааштай, орчиндоо нь заавал цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй байх шаардлагатай болж байна. Оршин суугчид нь эмнэлэг, үйлчилгээ хайж явахгүй, үр хүүхдүүд нь өөрсдөө сургууль, цэцэрлэгтээ явган яваг. Их, дээд сургуулиудыг сийрэг хэсэгт, заримыг нь орон нутагт гаргавал дээр байх.

Орон нутгаа хөгжүүлэх, тэнд дэд бүтэц соёлын хэрэгцээ гол нь хүн амд нь ажлын байр хэрэгтэй. Өөрсдөө жижиг үйлдвэр, аж ахуй эрхлэх, гадны том компаниудын туслах үйлдвэр, оёдол, ядаж автомашиных нь шалавч... юу ч байж болох. Хөгжлөөр дорой буурай оронд хөгжингүй улсууд өөр,өөрсдийн эрх ашгийн үүднээс л ханддаг. Тэгээд ч бид олигтой юм хийсэнгүй. Ихэнхдээ ажил голоод хийхгүй, зүгээр сууж байгаад эсвэл сугалаагаар мөнгө хожих, хулгай хийх, бусдын бүтээснээс хувь хүртэх, хаанаас ямар тусламж ирэх бол хэмээн толгойгоо гашилгаж дасчээ. Бидэнд хэрэглээнийхээс гадна хурдан хөгжих, тууштай хөтөлбөр хэрэгтэй байна. Зөвхөн сонгуулийн хооронд ч бус “Алсын хараа” дундаа богино хэмжээний эрчимтэй хөгжлийн төлөвлөлт хэрэгтэй. Залуусд олж авсан мэдлэг боловсролоо үйлдвэрлэлд хэрэгжүүлэх бүтээлч чадвар түлхүү эзэмшүүлмээр байна. Тэд хийж, бүтээж сурахаас илүү дээд сургууль төгсч, диплом авч улс төрд орвол амьдрал сайхан болно гэх итгэл, үнэмшилд автан төрд орохоор л баяждаг гэх ойлголттой болжчихож. Сурч боловсрох бол мэдээж сайн хэрэг. Залуус эзэмшсэн боловсрол, мэргэжлээ ашиглан, туршлагажиж улс төрд түлхүү орвол, хуучныг халж, тэнд шинэлэг эргэлт гаргах болно. Үйлдвэрлэл,техникийн мэргэжилтэй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож аль нэг доголдож буй салбарыг өөд татан сэргээж чадвал энэ жинхэнэ эргэлт, бүтээлч ажил болно. ТМС, мэргэжлийн сургалтууд бараг л сум бүрд байсан, тэр сайхан бэлтгэл курсууд хаагдаж барилга байгууламж нь балгас болж үлдсэн. Гагнуурчин, барилгачин, цахилгаанчин, замчин, барилгачин, жолооч,тракторч, комбайнч... гэх мэт бүтээн байгуулалтын үндэс суурь болсон мэргэжлийн ажилчид ховордож байна. Урд өмнө бид та нарыгаа эх орны ирээдүй гэж боддог байлаа. Өнөөдөр ирээдүй бус одоо цаг нь яг тулчихсан энэ үед нийт хүн амын ихэнхийг бүрдүүлж буй залуус маань ямаршүү үзэл бодол, мэдлэг боловсролтой,бүтээлч хүн болохоос улс орны ирээдүй хамаарна.

Агаарын бохирдолд өртсөн энэ өнгөрсөн 20-иод жилд бид зуу, зуун тэр бумаар нь хөрөнгө мөнгө зарцуулсаар олигтой ахиц олоогүй л байна. Утаагүй зуухандаа, уургүй цайгаа нүдэж, чанадаг бол үлгэрт л гардаг мөрөөдөл байх. Зуух байвал гал түлнэ, гал түлэх л юм бол утаа гарна шүү дээ. Өнөөдөр сайжруулсан түлш нь сайжирсан ч үгүй, хорт утаа нь багассан ч үгүй.

Түгжрэл, утаа хоёр бидний өнөөг хүртэл шийдэж чадаагүй гол асуудал хэвээр байна. Жилийн жилд сайжруулаад байхад муудаад байгаа түлш заавал хэрэглэх гэж зүтгэн асар их зардал гаргаад болсонгүй.Үүний үр дагавар нь элдэв амьсгалын замын өвчин, хорт хавдар улам нэмэгдсэн. ДЭМБ-ын судалгаагаар нүүрс төрөгчийн давхар ислийн ялгарах хэмжээ 2023 онд хамгийн дээд хэмжээнд хүрч, улс орнууд чулуун нүүрс хэрэглэхээс аль болохоор татгалзаж байна. Ийм нөхцөлд бид яах ёстой юм. ЗГ-ын Ерөнхий сайд маань ОХУ, БНХАУ-тай яриа хэлцэл хийж цаашид |Сибирийн хүч-2| байгалийн хийн хоолойг манай нутгаар дайран өнгөрөх тухай тохиролцсон байна лээ. Үүнийг би иргэний хувьд дэмжиж байгаа. Байгаль нуурын эрэг дээр Ковыктын байгалийн хийн том орд байж л байна. Төмөр замаа дагуулаад авч болох байх. Бид энэ замаараа хөрш ОХУ-аас шатахуун, бусад худалдаа бүр вагон, зүтгүүр, хивэг хүртэл авч л байна. Манай стандартууд ихэнх нь оростой адилхан шүү дээ. Улс төр, геополитик ярихгүй, харилцан ашигтай хөгжих тухай яръя. Тэгвэл үнэ хямдарч, айл өрх, цахилгаан станцуудын утаанаас бүр мөсөн салах болно. Энэ бол амаргүй том ажил, гол нь манайд ихээхэн дутагдалтай байгаа аюулгүй ажиллагаа шаардана. Саяын дэлбэрэлтээс хойш бүр ч эмзэг болсон. Аюулгүй ажиллагааны стандартаа баримтлан, х\х, ажлын хариуцлагаа өндөржүүлэн, хэрэглэгчдийн ашиглалт талаас нь онцгой анхаарч сургалт, бэлтгэл ажлаа чанартай хийж урагшлах шаардлагатай болж байна. Үүнээс өөр бид яах юм. Дэлхийн олон улс орон байгалийн хий ашиглан хөгжиж байна. Манай орны хувьд бол хөрш хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаанд байдаг л асуудал шүү дээ. Хорт утааг сааруулах асуудал эндээс эхлэнэ. Хятад улс өөрсдөө баруун талаас Түркменистанаас Узбекстан, Казакстанаас шууд дамжуулан хэд, хэдэн хоолойгоор |жилд 40 млрд м³| байгалийн хий авч байгаа. Энэ далимд Узбекстан, Казакстан хоёр орон ч мөн багтсан байдаг. Хятад улс цаанаас Алс дорнодоос бас шатдаг хий авч, өөрсдөө орон сууц барьж, дотооддоо ДЦС, нам даралтын зуухнуудыг буулгаж, шатахуунаар ажилладаг автомашин, механизмуудыг хорьж чадсанаар утаанаас бүрмөсөн биш ч гэсэн салж, сааруулж чадсан байна. Бидний эргэн тойронд Казакстан, Узбекстан, Хятад улс, ОХУ бүгд хорт утаанаас богино хугацаанд салж, гол дунд нь бид өнчин хайлаас шиг торойгоод үлдчихэж. Өөрсдөө хөөцөлдөж л олж авахгүй бол хэн ч “май, ав” гэхгүй шүү дээ. Цас арилгах багж техник байхгүй хүрз, шүүртэй хэдэн цэвэрлэгч нар энэ өвөлжин цоройгоо ивэртэл нүдлээ шүү дээ. Цас их унадаг хойд хөршөөс сайн багж, машин техник мөс зүсч шуудуу гаргадаг техник авах хэрэгтэй. Хотын утаа, түгжрэл, автомашин, зогсоол, барилга, хүн амын төвлөрөл энэ бүгд цаад утгаараа бол хоорондоо уялдаа холбоотой зүйл. Үүнийг нэг нэгээр нь салгаж, тус бүрд нь бэрхшээл, зовлон тоочиж оросууд биднийг шатахуун, эрчим хүчээр хясан боогдуулж байна. Тэдний зорилго бол монголчуудыг хөгжүүлэхгүй дороо дарж, цаашид хараат байлгах санаархал ... гэх мэтээр манайхан шууд л өлгөж аваад улс төржүүлж эхэлдэг.

Манайхны иймэрхүү яриа оросуудад тийм ч таатай сонсогдохгүй байх. Оросын талын цахилгаан станцад аваар гарч нийлүүлэлт түр багасч магадгүй гэсний төлөө |өөр гарцгүйгээ мэдсээр байж| хэтэрхий улс төржүүлэх нь яавч бидэнд ч сайн зүйл болохгүй.

Бид иймэрхүү сэтгэлгээгээ өөрчлөн,хуучин аль хэдийн болоод өнгөрсөн, гаднаас хамааралтай байсан тэр хүнд үетэйгээ хамт орхиж, одоо өмнө хүлээж буй ирээдүйгээ хамтдаа ярьцгаая. Хамгийн ойр хоёр хөрштөйгөө иж бүрэн стратеги, түншлэлийн гэрээгээ сайжруулж, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх талаар бодох нь зөв байх. Сандо амбан, барон Унгерн нарын Нийслэл хүрээнд тэртээ хориод онд анх тавьж өгсөн цахилгаан лампагаас хойш өнөөг хүртэл хойд хөрш манайд эрчим хүчний эх үүсвэрүүд барьж, дутагдаж буй хэрэглээг байнга хангасаар, сайн ч бай, муу ч бай биднийг бүтэн зуунд нь гал алдуулаагүй өнөөг хүрсэн. Тэгээд ч ОХУ энэ салбараа улам өргөжүүлж, бэхжүүлэх бодлоготой тул манайх мэт орнуудад эрчим хүч, шатахуунаа нийлүүлэх сонирхол үргэлж байсан, одоо ч байгаа, тиймгүй бол тэд энэ тухай ярих ч үгүй. Манай сайд, дарга нар сонгууль бүрийн дараа ОХУ-д очиж, санал, бодлоо солилцон, гэрээ хэлцэл хийж байгаа. Албаны хүмүүс гадаад оронтой гэрээ хэлцэл хийхдээ эерэг сайн харилцаа үүсгэн, асуудлаа ойлгуулж, нааштай шийдүүлж сурах ур чадвар бол маш чухал зүйл. Төрийн томчуулын яриа хэлцэл ч адил, бүх юм хүний эерэг харилцаа дээр тогтоно. Хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаа нэмэгдэж буй ч байгаа боломжоо бид бүрэн ашиглаагүй, өөрсдөө эрчим хүч, шатахууны хүчин чадлаа нэмнэ гэж ярьсаар бодит өөрчлөлт гаргаагүй л байна. Ядаж л эрчим хүчний шугамын алдагдлаа бууруулаагүй, сэргээгдэх эрчим хүч гаргах боломжоо бүрэн ашиглаагүй, усан цахилгаан станц,төмөр замаа дуусгаагүй, эрчим хүчээ огт хэмнэхгүй байна. Хотын гудамжны зарим гэрэлтүүлгийг шөнийн хөл татарсан үед нь |фазаар нь| хагаслан унтрааж эрчим хүч хэмнэх удирдлагагүй, зарим үед бүхэл бүтэн гудамж өдрийн цагаар асч л байна. Хотын гудамжны нийт гэрэлтүүлэг асар их эрчим хүч хэрэглэдэг. Баруун аймгууд ОХУ-ын эрчим хүчний бүрэн хамааралд хэвээр байна. Эл байдлаас гарахын тулд бид юуны өмнө өөртөө байгаа эрчим хүчээ хэмнэх, хүчин чадал, эх үүсвэрүүдийг нэмэх, Таван толгой, Бага нуурын цахилгаан станц, Газрын тосны үйлдвэрээ барьж дуусгах, цаашид атомын бага оврын цахилгаан станцтай болох талаар одооноос судлах хэрэгтэй. Өнөөдөр Монгол улс эрчим хүч, шатахуун, төмөр зам тээвэр ложисткийн хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай хэвээр байна. Эдгээр гурван хүчин зүйл бол манай цаашдын хөгжилд гол нөлөөтөй хэвээр байгаа.

Эрчим хүч, шатахуунаа шийдээд төмөр замаа ашигтай ажиллуулахын тулд яах ёстой юм. Оросын талын хувьцааг нь худалдаад авчихвал эл байдлаа хөнгөлж болох юм уу. Одоо өмнө талаас нь Хятад улс ОТ-г эрчим хүчээр хангаж, цаашид үнээ нэмэх хандлагатай байна. Тэд өнгөрсөн 2023 онд эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсэн. Гэтэл манай бүтээн байгуулалтын бүх ажил эрчим хүчнээс хамааралтай болж байна.

Гэр хорооллын бүх иргэдийг хотын төвд орон сууцад шилжүүлэх боломж одоогоор байхгүй. Иргэдэд тийм санхүүгийн эх үүсвэр ч хомс, байранд орлоо гэхэд хөдөлмөрийн хөлс нь амжиргааны орлогоо дийлэх эсэх нь, эргэлзээтэй. Боломжтой хэсэг нь |ялангуяа олон хүүхэдтэй гэр бүл| өөрийн гэсэн хувийн өмчийн газар дээрээ байшингаа бариад хэсэг ч гэсэн талбайд мод ургамал тарьж, тав тухтай амьдран суусан нь дээргүй юу. Энд дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээ, нүхэн жорлонгийн асуудал бий. Үүнийг шийдэх нь орон сууц барихаас арай хялбар байх. Бид цаашдаа ойр зуурын тээвэртээ шатахууны хэрэглээгээ багасган, шатдаг хийгээр, цахилгаан хөдөлгүүр бүхий автобус, автомашин, такси, микробус гэх мэт нийтийн тээврээ түшиглэн түгжрэлээс ангижрах боломж хайя. Хотын далан суваг үерийн аманд буй айл өрх, барилга байгууламжид хатуу хяналт тавьж зөрчсөнд нь нийтийн эрх ашгийн үүднээс хандахаас өөр замгүй. Энэ бүхний ард Нийслэлээ соёлч хот болгоё, Аз жаргалтай Улаанбаатар гэх уриа биелэлээ хүлээж буй. Их гүрнүүд талцан бие, биенээ үгүй хийхээр улайран тэмцэж, цэрэг дайны зардлаа нэмж буй өнөөгийн энэ хүнд нөхцөлд бид үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалж үлдэх юм. Цаашид худалдаа эдийн засгийн нээлттэй бодлогоор, нийтээрээ нэгдмэл нэг санаатай, улс төр нь тогтвортой, бодлого, шийдвэр нь залгамж халаатай, түшээд нь эх орныхоо эрх ашгийг амин хувийнхаас дээгүүр тавьж, гурав дахь хөрш улс орнуудтай худалдаа эдийн засгийн талаар харилцан ашигтай хамтран ажиллах нөхөрсөг харилцааны үр дүнд хөгжил дэвшилд хүрэх нь аюулгүй байдлаа хамгаалж үлдэх гол нөхцөл болох байх. Ийм өргөн уудам нутагтай, арвин их баялагтай, цөөхөн хүн амтай орны улс төр нь тогтворгүй, иргэд нь эв нэгдэлгүй, хөгжилгүй бол бусдын эрхшээлд өртөх аюултай. Иймээс улс нь улс шиг, бид өөрсдөө хүн шиг байж л энэ бүхнээ хамгаалж үлдэнэ.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Бадарч

Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Дэлхийн алтны зах зээлд ханшийн өсөлт үргэлжилж, уг үнэт металлын үнийн дээд үзүүлэлтүүд шинэчлэгдсээр байна.

Нью-Йоркийн "Комекс" биржийн лхагва гаргийн арилжаагаар зургаадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 0.6 хувиар өсөж, нэг унц нь 2294.5 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн сард алтны үнэ 8.9 хувиар, харин эхний улиралд 8 хувиар өссөн бол он гарснаас хойш 10.5 хувиар өссөн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Ойрхи Дорнодод геополитикийн хурцадмал байдал даамжирч байгаа нь алтны эрэлт нэмэгдэхэд нөлөөлж байна. Түүнчлэн Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт зах зээлд нөлөөлж байна. Тус сан энэ онд бодлогын хүүгээ бууруулахад чиглэсэн бодлогод шилжих боловч эхний алхам хийх хугацаа долоодугаар сар хүртэл хойшилж магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

Хөрөнгийн болон бондын зах зээлд ханшийн уналт явагдаж байгаа хэдий ч сүүлийн таван өдрийн арилжаагаар алтны үнэ 3.5 хувиар өссөн байна.

Гадаад худалдааны бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрчээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Манай улс энэ оны эхний хоёр сард 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 2.2 тэрбум, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 644.4 сая ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 388.4 (11.3 хувь) сая, импорт 397.2 (33.1 хувь) сая ам.доллароор нэмэгдэж, экспорт 8.9 (0.4 хувь) сая, тэнцэл 406.1 (38.7 хувь) сая ам.доллароор багасав. Экспорт ийнхүү 8.9 сая ам.доллароор багасахад боловсруулаагүй, хагас боловсруулсан алт 125.5 сая, цайрын хүдэр, баяжмал 56.3 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр, баяжмал 73.4 сая, нүүрс 65 сая, төмрийн хүдэр, баяжмал 24.9 сая ам.доллароор өссөн байна. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 397.2 сая ам.доллароор нэмэгдэхэд суудлын автомашин  92 сая, автобензин 44.2 сая, дизелийн түлш 34 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 26 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Экспорт энэ оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 414.3 (31.2 хувь) сая, импорт 274.7 (29.4 хувь) сая ам.доллароор багассан аж.

Азийн орнуудын эдийн засаг энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглажээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Азийн орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт энэ онд 4.5 хувьд хүрэх төлөвтэй байна. Ийм таамгийг Хайнань мужид эхэлж буй Боаогийн чуулга уулзалтын эхний өдөр нийтэлсэн “Азийн эдийн засгийн хэтийн төлөв ба интеграцын ахиц дэвшил- 2024”  тайланд дэвшүүлжээ.

Ази-Номхон далайн бүсийн улсууд "гадны сорилт бэрхшээлийг үл харгалзан хөгжсөөр байх болно. Өнгөрсөн онд эдгээр улсын хөгжлийн инерцийн үзүүлэлт 4.3 хувь байсан" гэж тайланд дурджээ. Азийн орнуудын эдийн засаг харьцангуй хурдацтай өсөх төлөвтэй байгааг онцолсон байна.

2002 оноос хойш тогтмол болж буй Боаогийн чуулга уулзалтыг БНХАУ-ын Засгийн газар 2001 онд анх зохион байгуулж байв. 30 орчим улс оролцож буй (Ази, Номхон далайн бүс нутгийн улсууд) энэхүү чуулга уулзалт энэ онд гуравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд "Ази ба дэлхий: Нийтлэг сорилт, нийтлэг хариуцлага" уриан дор болно.

"Дорнын Давос" гэгддэг уг чуулганы үеэр чухал гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, Ази болон бусад бүс нутгийн бизнес эрхлэгчид, засгийн газрын төлөөлөгчид байр сууриа нэгтгэдэг. Хятадын эрх баригчид чуулга уулзалтын энэхүү талбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, олон улсын харилцааг эрчимжүүлэн бэхжүүлэхэд тустай зөөлөн дипломат ажиллагааны үр дүнтэй хэрэгсэл гэж үздэг.

Төгрөгийн хадгаламж нэмэгдэж, валютынх багасжээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Төгрөгийн хадгаламж энэ оны хоёрдугаар сарын эцэст 17.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 457.8 (2.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 (35.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Төгрөгийн хадгаламжийн 14.9 (84.9 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.6 (15.1 хувь) их наяд төгрөгнь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 56.2 (1.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 901.4 (15.6 хувь)  тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Төгрөгийн хадгаламж нэмэгдэж, валютынх багасжээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Төгрөгийн хадгаламж энэ оны нэгдүгээр сарын эцэст 17.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 14.7 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.3 (33.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Төгрөгийн хадгаламжийн 14.5 (84.8 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.6 (15.2 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 66 (1.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 539.6 (9.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус багасжээ.

Гүний уурхайн “Үндсэн бутлуур-2”-ын бүтээн байгуулалт эхэлжээ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Эдийн засаг | No Comments

Ц.МЯГМАРБАЯР

“Оюу толгой”-н далд уурхай руу 1256 метр гүнд орж 56 метрийн өндөртэй, харьцуулбал 7-8 давхар барилгатай тэнцэх том малтлага буюу “Үндсэн бутлуур 2”-ын суурийг цутгах ажлыг дэргэдээс нь харах боломж бидний хэдэн сэтгүүлчдэд олдсон юм.  Энд  далд уурхайгаас гол түүхий эдийг бутлан дээш үйлдвэрлэлийн шатанд хүргэх хамгийн чухал процесс явагдана. Гүнийн уурхайг өргөтгөх, олборлолтоо нэмэгдүүлэхэд гол тулгуур болсон хэсэг юм. “Оюу толгой”компани өнгөрсөн онд ил, далд уурхайгаас нийт 168 мянган тонн зэс үйлдвэрлэсэн. 2028-2036 оны хооронд жилд олборлох зэсийн хэмжээг ойролцоогоор 500 мянган тоннд хүргэх зорилттой. Энэ зорилгод хүрэхэд одоо ашиглаж буй  үндсэн бутлуур нэгдүгээр хэсгээс гадна үндсэн бутлуурын хоёрдугаар  хэсгийг ашиглалтад оруулах шаардлагатай. “Оюутолгой”-н гүнийн уурхайн бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжүүлэхийн тулд хэд, хэдэн чухал байгууламжуудыг  бэлэн болгохын зэрэгцээ үүний дотроос чулуулгийг туузан дамжуургаар гадарга руу зөөвөрлөх бутлагч цэг буюу том хэмжээний малтлага чухал үүрэгтэй. Нэг үгээр хэлбэл, далд уурхайгаас гарсан түүхий эдийг газрын гадарга дээр гаргаж ирэхэд гол үүрэгтэй малтлага юм.

Гүний уурхайд үндсэн бутлуурын малтлагын хэсэг бол хамгийн чухал талбар. “Үндсэн бутлуур 1”-ийг зургаан жилийн өмнө  ашиглалтад оруулж байсан бол өнөөдөр “Үндсэн бутлуур-2”-ын XII,XIII үеийн хөндлөн нэвтрэлтийн тэсэлгээ, малтлага дуусаж барилгын суурийг цутгах ажил ид өрнөж байхтай тааралдсан энэ юм. Бутлуурын хөндлөн нэвтрэлтийн ажил дуусаж сүүлийн тэсэлгээгээ хийснээр  барилгын ажил эхэлжээ. Малтлага буюу хөндлөн нэвтрэлтийн ажил ирэх дөрөвдүгээр сард дуусах төлөвлөгөөтэй бол барилга, бутлуурын бүтээн байгуулалт хоёр жил үргэлжилж бүрэн ашиглалтад орно. Ингэснээр анхдагч баялаг болох хүдрийн жижиглэж буталсныг туузан дамжуургаар босоо болон налуу амаар сэлгэж дамжуулан   газрын гадарга руу гаргаснаар зэсийн үйлдвэрлэл нэмэгдэх юм. Анхны бутлуурыг гадаад инженерүүд хийж монголчууд суралцаж байсан бол хоёр дахь бутлуурын ажлыг монгол инженерүүд бие дааж хийж байгаагаар онцлог юм.

Бутлуурын бүтээн байгуулалтыг 3-4 компанийн 800 гаруй инженер, техникийн ажилчид гүйцэтгэж байна. Нүргэлсэн их дуу чимээтэй ажлын хажуугаар Далд уурхайн инженер Б.Болорзаяагаас зарим зүйлийг сонирхож тодруулсан юм. Тэрбээр  “Малтлагын бэхэлгээ маш сайн байх ёстой тул бэхэлгээний зарим элементүүд нь тусгай зориулалтын загвар шийдэлтэй. Тодруулбал, хэвийн бэхлэлтээс гадна нуман хэлбэр үүсгэж тогтворжилтыг сайжруулах зорилгоор нэмэлт 22 мм-ийн диаметртэй бүдүүн кабель боолтыг газар руу 14 метр гүнтэй суулгаж тогтоосон. Энгийн кабель боолтууд нь 8,12,14,16,18 метрийн урттай байдаг бол рок боолт нь 2.4 3.0 метрийн урттай байгаа. Бэхэлгээний хоорондох зай, уртын хэмжээг геотехникийн багаас боловсруулж өгсөн зургаар бэхэлдэг. Бэхэлгээнээс эхлээд маш нарийн ажиллагаатай, хүч хөдөлмөр шаардсан, тэр дундаа аюулгүй ажиллагааны горим нарийн мөрдөх шаардлагууд тулгардаг. Гэхдээ олон газар ажиллаж туршлага хуримтлуулсан инженерүүд нэг дор ажиллаж байгаа учраас бэрхшээл бага” гэсэн юм. Дэлхийн хэмжээний уурхай ийнхүү Монголд бий болж буйд бахархах сэтгэгдэл төрж байв.

 

Гүний уурхай 750 метр тутамд хорогдох байртай

 

“Рио Тинто” группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг сайн хангадаг “Оюу толгой” уурхай 2023 онд гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200 мянган хүн  цаг тутамд 0.20 ногдож байсан нь 0.23-аас бага байлгах зорилгоо хангасан. Энэхүү сайн жишиг гүний уурхайд мөн л хамаарч байна. Гүний уурхай Улаанбаатараас Дархан орох хэмжээний 200 км орчим талбайг хамарч байна. Стандартаар 750 метр тутамд онцгой аюултай байдал үүссэн үед хорогдох байрыг бий болгожээ. Нэг хорогдох байранд 100 орчим хүн орох боломжтой. Цахилгааны болон агаарын ямар нэгэн доголдол үүсээгүй тохиолдолд хэдэн ч цагаар байх боломжтой юм байна. Ямар нэгэн байдлаар агаар бохирдох хорт утаа орж ирсэн тохиолдолд нөөцөлсөн хүчилтөрөгчийг нээж, шүүх төхөөрөмжөөр агаарыг цэвэршүүлснээр  36 цаг байх боломжийг бас бүрдүүлжээ. Уг хорогдох байр гаднаас халах, усны үеэр, хорт утаа, галын аюул зэрэг онцгой аюул үүссэн үед гамшигт өртөхөөс сэргийлсэн битүүмжлэл сайтай, газрын гадарга дээр байрлах хяналтын өрөөнөөс хянах боломжтой аж.

Мөн 10,20 хүний багтаамжтай зөөврийн хорогдох байруудыг бас бий болгосон байна. Түүнчлэн уурхайн малтлагын  үед мухар мөргөцөгт гацсан ажилтнуудад бага оврын зургаан хүний зөөврийн хорогдох байрыг ч бас бэлэн байдалд байлгадаг аж. Хорогдох байрнуудын LOCATION MAP  буюу газрын зургийг тухайн хүний өмссөн аюулгүй ажиллагааны малгай дотор байх жишээтэй. Эдний нийт ажилчдын 18 орчим хувийг эмэгтэй ажилчид бүрдүүлдэг. Гүний уурхайд ч ялгаагүй эмэгтэйчүүд олноор ажилладаг. Тиймээс ариун цэврийн өрөөнүүд нь эмэгтэй, эрэгтэй бүгд кодтой. Эмэгтэй 00 өрөөний кодыг эрэгтэй ажилчид мэдэх ёсгүй байдаг аж. Мөн хорогдох байранд эмэгтэй ажилчдын суух хэсгийг тусгаарлаж өгсөн байх жишээтэй.

Гүний уурхайд харсан бас нэг сонирхолтой  техник бол 56 дугуйтай чиргүүлт өөрөө ачигч операторыг гүний уурхайн олборлолтод ашиглаж байна. Энэ машин нь тус уурхайн хамгийн том оператор юм. Тухайн машиныг “замын галт” тэрэг гэж нэрлэдэг байна. 160 тонн-ын даацтай. Одоогоор ийм машин дөрвөн ширхэг байгаа аж. Нэг удаагийн явалт хийхэд 15 минут зарцуулж 2-4 минутад ачилт хийдэг ажээ. Энэхүү чиргүүлт өрөө ачигч нь хажуугаараа буулгаж, асгадаг онцлогтой. Гүний уурхайгаас олборлож байгаа хүдрийн биетийг олборлолтоос тээвэрлэлт рүү ачиж байгаа энэ операторыг цаашид уурхай бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх үед  10 болгохоор зорьж байгаа гэв.

 

“Ухаалаг малгай”-н системийг бүрдүүлжээ

 

2012 оноос эхэлсэн “Оюу толгой”-н ил уурхай  5,6,7 дахь үе дээрээ олборлолтоо явуулж байна. 2040 он хүртэл 10 үе шатаар олборлолт явуулах тус уурхай өдөрт 120 мянган тонн уулын цулыг олборлож байна. Нийт 580 орчим ажилтан 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Ил уурхайн гүн хэсгээс 30 орчим машин тээвэрлэлт хийдэг. Нэг удаагийн ачилт хийхэд 10 орчим км зам туулж 40-45 минут зарцуулдаг байна. Энэ үед осол аваар гарахгүй гэх баталгаагүй учраас “ухаалаг малгай”-н системийг нэвтрүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, операторуудын алжаал  ядаргааг хянадаг систем. Жолооч нар  зүүрмэглэх, ядрах шинж тэмдэг илэрвэл аюулгүй ажиллагааны малгайд суулгасан ухаалаг систем удирдлагын төвд мэдээлэл дамжуулснаар ямар нэгэн эрсдэл үүсэхээс сэргийлдэг байна.

Түүнчлэн мөргөлдөхөөс хамгаалах системийг суурилуулсан аж. Энэ нь хөдөлгөөнд оролцож байгаа тоног төхөөрөмжүүд бие биеэ мэдэрч зогсолт хийснээр осол аваар гарах  аюултай нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлдэг гэнэ. Мөн операторуудыг унтах, нүдээ аних, зүүрмэглэх төдийд суудал нь дохио сигнал өгдөг системийг удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухай Ил уурхайн ээлжийн ахлах ажилтан Х.Сэргэлэн ярьсан юм. Уурхайн үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааг энэ тэргүүнд тавьдаг “Оюу толгой” ажлын бүтээмжийг дээшлүүлэх, аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор ийнхүү шинэ техник, технологийг нэвтрүүлжээ.

 

Баяжуулах үйлдвэрийн усны дахин ашиглалт 85.7 хувьтай байна

 

Одоогоор ил уурхайгаас гарсан хүдрийн биетийг 3.0 км орчим урт үргэлжлэх  конвейрээр дамжуулан баяжуулах үйлдвэр рүү  тээвэрлэдэг. 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тус үйлдвэр өнгөрсөн онд 39 сая тонн хүдэр баяжуулсан байна. Үйлдвэр өдөрт 110 орчим тонн хүдэр боловсруулж байна. Үйлдвэрийг өргөтгөж автоматжуулснаар операторуудын хяналтад явагддаг байсан үйлдвэрлэлийн явц өмнөхөөс хөнгөвчлөгдөж  бүх үйл ажиллагааны явцыг хянах автоматаар явагдах боломж бүрдсэн байна. Ингэснээр үйлдвэр тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Түүнчлэн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр усны дахин ашиглалтыг нэмэгдүүлжээ. Ингэснээр нэг тонн хүдэр боловсруулах усны хэмжээ өнгөрсөн оны сүүлээр 85.7 хувьтай гарсан нь зорилтод түвшин 80 хувь байсныг давуулжээ.

2022 оноос эхэлсэн баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил үргэлжилж хүдрийн биетийг гүнийн уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажлыг энэ оны II улиралд ашиглалтад оруулахаар зорьж байна гэж Үйлдвэрийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хариуцсан ахлах ажилтан Д.Бат-Орших ярьсан юм. 2023 оны IV улиралд баяжуулах үйлдвэрт хийсэн энэхүү  засвар шинэчлэлийн үр дүн мөн  хүдрийн дундаж агуулга 0.53 хувийн өндөр байсан зэргээс хамаарч энэ улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны II улиралтай харьцуулахад 26 хувиар өсжээ. Тодруулбал, 1.59 хувийн зэсийн дандаж агуулгатай  0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, ил уурхайгаас 0.42 хувийн дундаж агуулгатай 8.7 сая тонн хүдрийг олборлон боловсруулжээ. Мөн өнгөрсөн онд уурхайн амын босоо нэвтрэлтийг ахиулж  оны эцсээр агааржуулалтын нэвтрэлтийг 1.013 метрт хүргэжээ. 2024 оны II хагаст дээрх босоо амыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (7284)

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аян өрнүүлнэ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аяныг “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриа дор гуравдугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 10 хүртэл орон даяар өрнүүлнэ.

Хүүхэд, залууст санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг энэ аяны үр нөлөөг Монголын хүүхэд, залууст хүргэх, тэднийг хамруулахад хамтрагч байгууллагын идэвх санаачилга чухал тул нийгмийн хариуцлагаа ухамсарладаг байгууллагууд хамтран ажиллах боломжтойг төв банк мэдээлэв.

Монголбанк аяныг манлайлан хэрэгжүүлэхэд бусад байгууллага оролцох боломжтой бөгөөд санхүүгийн боловсролын чиглэлээр бэлтгэсэн контентыг сошиал орчинд, бусад сувгаар түгээх, үүнд дэмжлэг үзүүлж, өөрсдөө бүтээх, нэгдсэн #хаштаг [1], уриа үгийг ашиглах, аяныг сурталчлах, санхүүгийн боловсролыг дээшлүүлж, ач холбогдлыг таниулах, уралдаан тэмцээн зохион байгуулах, нөлөөллийн үйл ажиллагаа болон санхүүгийн залилангаас сэргийлэх сургалт, семинар хийхзэрэг олон ажлыг төлөвлөжээ.

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг анх 2012 онд “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага” (OECD) санаачлан жил бүр зохион байгуулснаар өдгөө 176 орны 40 416 байгууллага оролцож, нөлөөллийн ажлууд хэрэгжүүлдэг. Эдгээр нь хүүхэд, залуусыг мөнгөтэй харьцахад сургаж, санхүүгийн мэдлэгтэй болгох, санхүүгийн зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийг зорьдог аж.

Өнгөрсөн 7 хоногт нийт 66 сая ам.доллар нийлүүлжээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар хоёрдугаар сарын 6-нд 40 сая, 8-нд 26 сая ам.долларыг ялгаатай ханшаар тус тус нийлүүлжээ.

Өнөөдөр банкууд гадаад валютын дуудлага худалдаагаар валют авах санал ирүүлээгүй байна. Мөн своп, форвард арилжаагаар санал ирүүлээгүй байна.

Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг; Ялгаатай ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэдэг байна.

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

/IMF/. Олон улсын валютын сан /ОУВС/ 2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.1 хувьд хүргэж ахиулсныг өчигдөр нийтлэгдсэн Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тухай шинэ тайланд дурджээ. Хятад, АНУ, хөгжиж буй томоохон зах зээлүүд, эдийн засгуудад гарсан нааштай үзүүлэлтүүдийг харгалзан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өнгөрсөн оны 10 дугаар сард гаргасан таамаглалаас 0.2 пунктээр ахиулсан гэж ОУВС мэдэгджээ. Харин 2025 оны таамаглалыг 3.2 хувьд хэвээр үлдээсэн байна.

Гэхдээ 2024, 2025 оны үзүүлэлтүүд нь мөнгөний хатуу бодлого, төсвийн дэмжлэг зогссон, бүтээмжийн өсөлт сул байгаа зэргээс шалтгаалан олон жилийн дунджаас /3.8 хувь/ доогуур байгааг тайланд дурджээ. Нийлүүлэлтийн тасалдал, мөнгөний хязгаарлалтын бодлого явуулж байгаа энэ үед инфляц төсөөлж байснаас хурдацтай буурч байгааг ОУВС онцлон тэмдэглээд, дэлхийн инфляц 2024 онд 5.8 хувь, 2025 онд 4.4 хувь болж тус тус буурна гэж урьдчилан таамагласан байна.

Энэ онд АНУ-ын эдийн засаг 2.1 хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх төсөөллөөс 0.6 пунктээр дээшилсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны таамаглалаас илүү хурдацтай өссөнийг харгалзан ийнхүү ахиулжээ. Харин 2025 оны өсөлтийн таамаглалыг 1.8 хувиас 1.7 хувь болгон бууруулсан байна. Мөн Хятадын эдийн засгийн өсөлтийг 2023 онд төсөөлж байснаас 0.4 пунктээр ахиулж, 4.6 хувьд хүргэсэн байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг 2025 онд 4.1 хувиар өсөх төлөвтэй байгаа нь 10 дугаар сарын таамаглалаас өөрчлөгдсөнгүй.

Еврогийн бүсийн ДНБ 2024 онд 0.9 хувь, 2025 онд 1.7 хувиар тус тус өсөх төлөвтэй байгаа нь 0.3, 0.1 пунктээр тус тус доошилсон тоонууд юм. Харин Энэтхэгийн эдийн засаг 2024 ба 2025 онд 6.5 хувиар өсөхөөр байгаа нь өмнөх тайланд дурдсанаас нэмэгдсэн үзүүлэлт юм.