- Alsiinharaa.mn - http://alsiinharaa.mn -

Л.Энх-Амгалан: Тэтгэвэрт гараад 1-2 жил болсон багш нараа давтан сургалтанд дайчлахаар төлөвлөж байгаа

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар аймаг, сум, тосгон, багийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс танхимаар эхлүүлэхээр шийдвэрлээд буй.
Үүнтэй холбоотойгоор холбогдох шийдвэрүүдийг танилцуулах, хэрэгжилтийг хангах цахим уулзалтыг БШУЯ-наас аймаг, сумдын Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдтэй яг одоо хийж байна.
blob:https://www.facebook.com/6840fe02-565b-46cf-835c-67bce150c6d4

Уулзалтын үеэр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Хичээллээгүй байх үедээ мөнгөө түрүүлээд авчихсан их, дээд сургуулиуд сургалтын төлбөрийг дараагийн улиралд нь шилжүүлнэ. Хичээл сонгох нэрийдлээр барьцуулж мөнгө авдаг асуудлыг болиулахаар ажлын хэсэг томилж, ажиллаж байна. Энэ нь тодорхой үр дүнд хүрнэ байх. Өчигдөр ЖАЙКА-гийн төлөөлөгчтэй уулзаж 600 гаруй сургууль, 900 гаруй сургуулийн ариутгал халдваргүйтгэлийн талаарх гэрээнд гарын үсэг зурсан. Гуравдугаар сарын 1-нээс та бүхэнд шаардлагатай нэг хоёр удаагийн хэрэгцээний ариутгал халдваргүйтгэлийн зүйлсийг явуулна. Цаашид байгууллага бүхэн хоёр сая төгрөгт багтаагаад шаардлагатай хэрэгцээгээ шийдвэрлэх боломжтой гэж харж байна.  Мөн цар тахалтай холбоотойгоор боловсролын салбараас 170 гаруй тэрбум төгрөгийн төсвийг татсан гэдгийг эцэг, эхчүүддээ ойлгуулахыг хүсье. Төгсөх ангийн хүүхдүүдийн давтан сургалт, хичээл нөхөлтөд анхаараарай. Давтан сургалтын асуудалд орон нутагт байгаа тэтгэвэр гараад 1-2 жил болсон багш нараа дайчилъя гэж бодож байгаа. Тодорхой санхүүжилтийн ямар эх үүсвэр байх талаар яаманд ажлын хэсэг гарч ажиллаж байна" хэмээн удирдлагуудад хандан байр сууриа илэрхийлэв.

С.Эрдэнийг АН-ын даргаар, Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэхээс татгалзжээ

Posted By Алсын Хараа On In Улс төр | No Comments

Улсын Дээд шүүх дөрвөн намаас ирүүлсэн хүсэлтийг өнөөдөр хэлэлцжээ. Намуудын хүсэлтийг хэлэлцсэн дарааллаар нь хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцлээ

Иргэний Зориг Ногоон намын “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан”  өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын хүсэлтийг хэлэлцэв

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын “хуулийн этгээдийн бүртгэлд оруулсан” өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэлээ

Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх хүсэлтүүдийг Дээд шүүх 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцлээ.

Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тус тус бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн Үндэсний намын даргаар Т.Доржхандыг бүртгэв

Хөдөлмөрийн Үндэсний намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Хөдөлмөрийн Үндэсний намын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит 2 дугаар их хурлаас Т.Доржхандыг намын даргаар сонгосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.

"Оюу толгой" компани 230 тэрбум төгрөг Төрийн санд тушааж буулт хийв үү?

Posted By Алсын Хараа On In Онцлох,Улс төр,Эдийн засаг | No Comments

"Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу Пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Энэ нь Монгол Улсын Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан татварын акттай холбоотой мөнгө бөгөөд төлсөн нь үнэн болохыг тус компанийн эх сурвалж баталлаа.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг сүүлийн саруудад тус төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай идэвхтэй яриа хэлэлцээ хийж буй.

Энэ хүрээнд шаардлагатай бол Дубайн гэрээг цуцлах саналтай гэсэн байр суурийг ЗГХЭГ-ын дарга асан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлснийг бид мэдээлж байсан [1]. Энэ нь Монгол Улсад уг төслөөс ирэх ногдол ашиг огт ирэхгүй төдийгүй 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцоог "Рио Тинто" компани гаргасантай холбоотой.

ТЕГ-аас "Оюу толгой" компанид 2016-2018 оны санхүүгийн жилүүдийг хамарсан нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан акт үйлдээд байсан юм. Тэгвэл "Рио Тинто" компани Монголын талын тавьсан шаардлагыг анхаарч ажиллаж эхэлснийг дээрх төлбөр илтгэж байна. Цаашид 400 гаруй тэрбум төгрөг төлөх хүлээлттэй байгааг эх сурвалж хэллээ.



Эргэн сануулбал:

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "Оюу толгой" төслийн талаар асуудал хөндөгдөж, улмаар 130 сая ам.долларын татварын актыг 2013 онд хүргүүлж байв.

Үүний улмаас далд уурхайн санхүүжилт хойшилж, төсөл зогсонги байдалд ороод байсан билээ.

Тэгвэл 2014 оны есдүгээр сард татварын асуудал шийдэгдсэнийг тухайн үеийн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлж [2], Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх Дубайн гэрээг үзэглэснээр татварын асуудал намжаад байв.

Тэгвэл 2016 онд шинээр байгуулагдсан УИХ "Оюу толгой" төслийн хэрэгжилтэд хяналт тавихаар Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг байгуулснаар татварын асуудал дахин сөхөгдөж, 155 сая ам.долларын татварын актыг 2018 онд тавьсан [3] нь ийнхүү өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм.

Дубайн гэрээг хууль зөрчин байгуулагдсан гэсэн шүүхийн эцсийн шатны шийдвэр гарчихаад байгаа бөгөөд УИХ өнгөрсөн оны төгсгөлд тогтоол гаргаж, "Оюу толгой"-н гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах [4]аар болоод буй. Энэ талаар TRQ байр сууриа илэрхийлэхдээ УИХ-ын тогтоол нь далд уурхайг хөгжүүлэхэд Монголын тал хамтран ажиллах илэрхийлэл боллоо [5] гэж байсан юм.

Эдгээр асуудлыг эцэслэх арбитрын процесс үргэлжлэх явцад манай ТЕГ-аас дахин шинээр акт ногдуулсныг ОТ компани өмнөх асуудлуудтай давхцаж байгаа хэмээн үзсэн тул арибтрт нэмж материалаа өгөхөөр ажиллаж байгаагаа өнөөдөр мэдээлээд байна [6].

Арбитрын шүүхийн үйл ажиллагаа 12-18 сар үргэлжилнэ хэмээн үзэж буй. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл хөрөнгө оруулагчдын өмнө далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал мөн үлдэж байна. Энэхүү төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх шаардлага үүссэн [7] бөгөөд санхүүжилт босгоход урьдчилан тогтсон нөхцөлөөр алтаа худалдах хувилбар багтаж байгаа билээ.

Эх сурвалж: Ikon.mn

Шинэ хуудас нээх шинэ бодлого

Posted By Алсын Хараа On In Алсын хараа - 2050 | No Comments

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 07.30 цагт салбар салбарын төлөөлөлтэй "эртэч цуврал уулзалт" зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа тэрбээр аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзаж, тус салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцаж, санал солилцов.

Уг уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээвэр хөгжлийн сайд Г.Халтар, Соёлын сайд Ч.Номин нар болон аялал жуулчлалын салбарын мэргэжлийн 14 холбоодын удирдлага оролцож аялал жуулчлалын салбарт тулгараад буй асуудлыг олон талаас ярилцлаа. Тулгараад буй асуудлуудад зөв шийдэл гаргахад маргаж мэтгэлцэх бус ажил хэрэгч хандах нь чухлыг төр хувийн хэвшлийн хамтарсан тус уулзалтаас харж болохоор байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Цар тахалд хамгийн их өртсөн салбар бол аялал жуулчлал. Энэ салбарыг эхлээд төр 100 хувь авч явж байсан ч сүүлдээ хувийн хэвшилдээ бүрэн даатгасан. Гэхдээ аялал жуулчлалын салбарт өнөөдрөөс шинэ хуудас эхэлж байна. Төр хувийн хэвшлийн түншлэл эхлээсэй гэж бодож байна” гэв. Тэрбээр өмнө нь чихэр мэт сайхан зүйл ярихгүй, харин сонсоход давс мэт шорвог ч бид бүхний ирээдүйд тустай зорилт дэвшүүлснээ хэлсэн удаатай. Ерөнхий сайд, салбарын сайд нар болон хувийн хэвшлийн оролцсон өглөөний уулзалтад ч түүний хэлснийг хувийн хэвшлийнхэн санууллаа. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд манай улсын аялал жуулчлалын салбарын амжилтаас гадна ирэх 100 хоног болон ойрын хугацаанд зайлшгүй яаралтай арга хэмжээ авах гарцыг энэ үеэр салбарын төлөөллүүд ярьсан юм.

Цар тахал Аялал жуучлалын салбарт хамгийн их нөлөөлсөн

Монголын аялал жуулчлалын салбар 2300 гаруй аж ахуй нэгж, 88,700 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа эрхэлдэг, 2020 онд дэлхий даяар үүссэн цар тахлын нөлөөгөөр салбарын үйл ажиллагаа зогсолтонд орж, аж ахуйн нэгжүүд хүнд байдалд байгаа аж. Тодруулбал, энэ талаар Монголын ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх хэлэхдээ, “Аялал жуулчлалын салбар 2019 онд 1.6 их наяд төгрөг буюу 607 сая долларыг Монголдоо оруулж ирсэн. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.2 хувийг эзэлсэн. Харин 2020 онд орлого 65.8 хувиар буурсан нь Монгол улсын эдийн засгийн агшилтанд ч нөлөөлж байна. Энэ бууралтыг анхаарахгүй өнгөрч болохгүй” гэдгийг энэ үеэр онцолж байв.

Цар тахлын нөхцөл байдлыг дүрсэлж буй дөрвөн өнгийн хэмжээсээр аялал жуулчлалын салбарыг үнэлбэл үзвэр үйлчилгээ, соёл урлаг, ресторан зоогийн газрын үйлчилгээ ШАР/УЛБАР ШАР зааг дээр, жуулчны бааз, одын зэрэглэлтэй зочид буудал УЛБАР ШАР, жуулчны тур оператор байгууллага, авиа компаниуд УЛААН гэрэл нэгэнт асаад байгааг хэлж байлаа. Аюулын гэрлүүд ар араасаа дохио өгсний улмаас тус салбарт ажиллагсдын нийгмийн даатгал тасалдахад хүрсэн төдийгүй үүнийгээ дагаад ажил олгогчид ажилчдаа ажлын байраар хангахад тун хүнд нөхцөл үүсээд байгаа ажээ. Коронавирусийн халдвараас үүдсэн 17 сарын хугацаатай тэг зогсолтын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар элгээр хэвтэхэд бэлэн болсон гэдгийг мэргэжлийн холбоодын удирдлагууд хэлж байлаа. Тиймээс энэ тохиолдолд Засгаас гаргасан шийдвэр болон хамтын үйл ажиллагааны хүрээнд яаралтай арга хэмжээг, нэгдсэн удирдлагын дор авах хэрэгтэй гэдэг дээр санал нийлж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд цар тахлаас шалтгаалж хилээ хааснаар тур операторууд ямар ч орлогогүй, “0” зогсолт хийсэн гэдгийг Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Барсболд уулзалтын үеэр хэллээ. Тэрбээр аялал жуулчлалын салбарынхан санхүүгийн хүнд байдалд орж компаниудаас 85 нь татан буугдсан, одоо 5800 ажилтан ажилгүй болох эрсдэлтэй байгааг ч дуулгасан юм.

Тэгвэл цаашдаа ямар гарц байх ёстой вэ? Энэ талаар мэргэжлийн холбоод ярилцаж, хэлэлцээд одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа олон аж ахуйн нэгжид тулгараад буй асуудлыг нийтэд нь нэгтгээд 300 гаруй санал шүүмжлэлийг хүлээн аваад байгаа аж. Тухайлбал, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат, Монголын жуулчны баазуудын зөвлөлийн тэргүүн С.Алтантуяа, Хөтөчийн холбооны тэргүүн М.Нарангэрэл нар коронавируст халдварын нөлөөгөөр уналтад ороод буй аялал жуулчлалын салбарыг уналтаас гаргахын тулд “Тусгаарлах байрны зориулалтаар ажиллаж буй зочид буудлуудын төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх, зочид буудал, баазуудын газар, үл хөдлөх татвараас нэг жил чөлөөлөх, бусад боломжит татвар, лиценз, тусгай зөвшөөрлөөс түр чөлөөлөх”-ийг хувийн хэвшлийнхний нэрийн өмнөөс Засгийн газраас хүслээ. Мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ийн хүрээнд гурван хувийн хүүтэй хоёр их наяд төгрөгийн зээлд олон жил тогтвортой ажиллаж байгаа түр оператор, буудал, жуулчны бааз, ресторануудад дампуурах, ажилчдаа ажилгүй болгохоос сэргийлж, уян хатан нөхцөлтэйгөөр хамруулбал ихээхэн дэмжлэг болохыг давхар хэлсэн юм. Тэд, “Бид салбараа хэцүү үед авч үлдэхийн төлөө сүүлчийн мөнгөө шавхлаа, банкны хүүнд дарагдлаа, аль болох ажлын байраа авч үлдэхийг хичээж байна, хөнгөлөлттэй зээлэнд хамрагдвал бид цомхотголд орсон ажилчдаа буцаагаад ажилд авч, үйл ажиллагаагаа жигдрүүлэх боломжтой болно. Энэ нь салбарын хөгжилд томоохон хувь нэмэр болно” гэдгийг ч илэрхийлж байлаа. Сангийн Сайд Б.Жавхлан зээлэнд хамрагдах хуулийн гарц байгааг хэлж, анхаарч, тусгахаа амалсан.

“Аялал жуулчлалын ногоон бүс – Монгол орон”

Ийнхүү үргэлжилсэн уулзалтаас салбарын хувийн хэвшлийнхэн хэд хэдэн шийдвэрийг яаралтай гаргахыг төр засгаас хүлээж буйгаа албан ёсоор хэлсэн юм.

Энэ талаар Ресторан зоогийн газрын холбооны тэргүүн, “Номадс” сүлжээ рестораны захирал М.Есөнмөнх хэлэхдээ, “Хамгийн түрүүнд гуравдугаар сарын нэгэн гэхэд хилээ нээх өдрөө албан ёсоор зарлаж, тавдугаар сарын 1-ний өдөр хилээ нээх саналтай байна. Мөн ойрын хугацаанд жуулчин хүлээн авах дүрэм журмаа гаргаж, жуулчидтай ажиллах ажилтнуудыг нэн тэргүүнд вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй байна.

Монгол Улсад 2020 онд ирэхээр төлөвлөж, захиалгаа өгсөн жуулчидын 40 орчим хувь нь 2021 онд хилээ нээвэл ирэх сонирхолтой байна (2019 онд 577,300 жуулчин ирсэн). Тиймээс төр засгаас дүрэм журам, шийдвэрээ хурдан гаргах тусам манай улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэх, одоо байгаа боломжит жуулчдаа авах боломжтой. Бид вакцинжуулалтаа 60 хувь хийгээд Аялал жуулчлалын Ногоон бүс гэж зарлавал амжилт олно гэсэн юм.

Агаарын тээврийг чөлөөт өрсөлдөөнд шилжүүлснээр визийн үнийг буулгаж, илүү олон жуулчин татах боломжтой

Өнөөдрийн өөр нэг чухал асуудал бол агаарын тээврийг чөлөөт өрсөлдөөнд шилжүүлэх юм. Харамсалтай нь, энэ асуудлыг сүүлийн арван жил ярьсан ч өдийг хүртэл шийдэж чадаагүй байна.

Энэ үеэр “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, “Монгол Улс 2029 он гэхэд гурван сая жуулчин хүлээн авах боломжтой. Манай хоёр хөрш болон Япон, Солонгос, Хонконг жилд 340 сая жуулчин хүлээн авч байгаа. Монголд аялал жуулчлалтай холбоотой олон асуудал байгаагаас хамгийн чухал нь агаарын тээвэр” гэдгийг хэлж байв.

Аялал жуулчлалаа хөгжүүлсэн дэлхийн улс орнуудын туршлагаас судлахад дэд бүтэц, агаарын тээврийн хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Энэ үнэн эсэхийг холоос бус хөрш орнуудаас харж болно. Нислэгийнхээ тоо, чиглэлийг нэмж, агаарын тээврийн салбарт шинэ авиа компаниудыг оруулж ирснээр өрсөлдөөн бий болно. Үүний дүнд чанарын тухай асуудал тулгарна гээд энэ салбарт зах зээлийнхээ аясыг даган олон улсад нээлттэй, чанаржих боломж бий. Нэг үеэ бодвол Монгол Улс Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалтай болж, удахгүй ашиглалтад орно.Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх тулгуур баганын нэг болсон агаарын тээврийн салбарыг эрс шинэчилж хүнд суртлыг арилгаж, зоригтой шийдэл хийхийг Засгийн газраас хүслээ. Агаарын тээврээр 2019 онд 1.2 сая хүн зорчсоны тал хувийг МИАТ тээвэрлэдэг. Агаарын тээврийн асуудлыг шийдвэрлэж чадвал 2029 онд 7.5 сая хүн тээвэрлэх бөгөөд Монгол Улс 3.2 сая жуулчин хүлээн авах боломжтой юм. Үүний зэрэгцээгээр дотооддоо нислэг үйлдэх нөхцөлийг хангах шаардлага ч үүсч байна. Ингэж чадвал гадаадын төдийгүй дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой аж. Агаарын тээвэр чөлөөт өрсөлдөөнд орвол бидний хүсээд байгаа тийзийн үнэ шууд хямдарна.

Салбарынхны ярьж буйгаар “Кореан Аir” компанийн Ерөнхийлөгчийг Монголдоо урьж авчраад “МИАТ” компанитай нийлээд Солонгосоос нэг сая жуулчин авчиръя гэсэн санаачилгыг яагаад гаргаж болохгүй гэж. Солонгосууд халуун зун, сэрүүн салхинд аялах зугаалах дуртай байдаг. Тиймээс Монголд нисэх тийз хямдарч, виз саадгүй online авч боллоо гэсэн хэсэгхэн сурталчилгааг бодлогын төвшинд хийхэд тэд өөрсдөө хүрээд ирэх юм. Мөн Turkish Airline-ны Ерөнхийлөгчийг Монголд уриад туркээс нэг сая жуулчин оруулаад ирэх боломж нөхцөл байгааг ч хэлж байлаа. Монголын хувийн хэвшлийн нэг авиа компанитай хамт нислэгээ 7 хоногт 50, 50 хувиар хуваагаад үлдэхэд Турк болон Европоос ирэх нислэгийн тийз даруй 30 хувь буурах өндөр магадлалтай юм.

Нөгөө талаар “Аялал жуулчлалын хөгжлийн гол  зүйлийн нэг нь визийн асуудал. Виз авах хүнд суртлын багасгаж online болговол жуулчны тоо 20 хувь ихэснэ гэсэн судалгаа байгааг мартаж болохгүй.

Цахим виз олгох асуудлыг Засгийн газрын эхний 100 хоногт багтаан шийднэ

Салбарын төлөөлөл визийг богино хугацаанд дэлхийн аль ч улсын иргэн гэртээ байж байгаад e-visa авах боломж бүрдүүлэх, цаашлаад Монголруу нислэг, буудлын өрөөгөө захиалж болох нэгдсэн платформтой болвол жуулчдын урсгалыг татах хөшүүрэг болохыг дурьдсан. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Монгол улс визээ хурдан, ээлтэй олгох зорилгоор цахим платформ хийж байгаа, энэхүү цахим шийдлийг Засгийн газрын эхний 100 хоногт багтааж гаргана гэдгээ уулзалтын үеэр хэлсэн.

Аялал жуучлалын салбарын засаглалыг сайжруулъя

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-нд аялал жуулчлалын салбар эдийн засгийн хөгжлийн зургаан үндсэн сурийн нэг.

Монгол Улс байгалийн баялгаас гадна хөгжүүлэх хөгжүүлэх олон салбартай гэдгийг тусгажээ. Ингэхдээ төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан үйлчилгээг хөгжүүлэх бодлогын талаар багтаасан байна. Тиймээс одооноос энэ салбарын нэгдмэл байдлыг хангах, үйл ажиллагааг өргөжүүлж, олон улсад гарцтай болгох удирдлагаар хангах шаардлага үүсэх юм. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг төрөөс дэмжиж тогтвортой хөгжилд хүргэх засаглалыг бий болгохдоо Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалын үндэсний зөвлөл байгуулж ЗГХЭГ-ын дор “Үндэсний аялал жуулчлалын байгууллага” байгуулж ажиллах шаардлагатай байгааг мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл онцолсон. Олон улсад National Tourism Board гэж Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн хамтарсан иституц байдаг. Энэ байгууллага нь гадаадаас жуулчин авчруулж ирэх бүх PR, маркетинг, лобби хийдэг. Энэ байгууллагад санхүү хөрөнгөтэй оновчтой гадаад сурталчилгааг хийвэл төдий чинээ Монгол Улсыг гаднынхан мэдэж Монголд зорих болно. “Аялал жуулчлалын сан-г сэргээж Бүсийн аялал жуулчлал, Түүх-Соёлын, адал явдал-спорт гэх мэтжуулчлын урсгалыг бий болгох нь жуулчин зорин очих чиглэлийг хөгжүүлэхэд маш чухал гэдгийг ч хэлж байлаа.

Аялал жуулчлалын салбарынхан нэгдсэн удирдлагаар үйл ажиллагаагаа явуулбал цаашдаа манай улс зуны хэдэн сар гэлтгүй өвлийн улиралд ч бүсчилсэн чиглэлээр гадаадын жуулчдыг хүлээн авах боломжтой. Судалгаанаас Монголд ирж байгаа нэг жуулчин 3-14 хоног саатдаг. Нэг жуулчин дунджаар манай улсад 902 ам.доллар үлдээдэг гэсэн статистик баримт бий. Зун, намрын дөрвөн сар жуулчин ирдэг биш, жилийн дөрвөн улиралд Монгол жуулчин ирэх боломжтой бөгөөд ойрын ирээдүйд хөгжүүлэх шаардлагатай байна. Өвөл, хавар, намар манай бүх буудал, жуулчны бааз, ресторан, дэлгүүр зах, интертаймэнт гээд жуулчны үйлчилгээний бүхий салбар үнээ хямдруулж гаднаас жуулчин авахад бэлэн, гагцхүү зах зээлээ Үндэсний аялал жуулчлалын байгууллагаар дамжуулж маркетинг хийх шаардлагатай байна.

Аялал жуулчлалын салбар 4.4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой

Монголын аялал жуулчлалын холбоо ТББ-ын Ерөнхийлөгч Д.Гантөмөр хэлэхдээ, "Монгол Улс аялал жуулчлалын хүчин чадлыг тогтоохдоо субъектив байдлаар биш, дэлхийн жишгийг авч үзэх хэрэгтэй. Нийлүүлэлт талаас газар нутгийн хэмжээ, жуулчин хоорондын зай, дундаж хоногийн тоо зэрэгт тулгуурлан тооцоолж үзэхэд дундаж багтаамж нь 7.5 сая байна. Ойрын хугацаанд аялал жуулчлалын засаглалыг сайжруулж, нислэгээ чөлөөтэй болгож, виз хүнд сурталгүй болгоод нэгдсэн хүчтэй алхмууд хийвэл гурван сая жуулчин хүлээн авч 4.4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Бид төр засгаас мөнгө гуйхаасаа илүү тодорхой алхмууд хийхийг хүсэж байгаа” гэв.

Аялал жуучлалын салбарыг Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоно

Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын таван сайдын хамт оролцсон уулзалтынхаа төгсгөлд хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Засгийн газар зах зээлийн эдийн засгийнхаа чөлөөт цусны эргэлтийг нээе гэсэн бодлого баримталж байна. Бид 513 мянган өрхдөө тандалт шинжилгээ хийж, халдварын тархалтыг хумьж чадсан. Тиймээс хөл хориогоо сулруулж, цаашлаад хилээ нээнэ. Энд яригдсан асуудлуудыг нэгтгэн ирэх долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хурлаар хэлэлцэж, танхимын сайд нараа мэдээллээр хангаж, байр сууриа нэгтгэнэ. УИХ, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах бодлогоо тодорхой гаргана. Өнөөдрийн уулзалтаас та бүгдийн тавьж буй асуудлуудыг нэгтэн анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана” гэлээ.

Эх сурвалж: News.mn

Францын ерөнхийлөгч "AstraZeneca"-г дуртайяа тариулна гэлээ

Posted By Алсын Хараа On In Дэлхий | No Comments

/Reuters/  Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийнх нь ээлж ирэхэд "AstraZeneca"/Oxford-ийн вакцин таарвал дуртайяа тариулна хэмээн өчигдөр мэдэгдлээ. "AstraZeneca" компани болон Европын Холбооны хооронд үүссэн маргаантай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэр ингэж хэлсэн юм.

Европын Холбооны дээд хэмжээний виртуал чуулганд оролцсоныхоо дараа тэр сэтгүүлчидтэй уулзахдаа “Шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаанаас харвал "AstraZeneca" вакцин үр дүнтэй нь батлагдсан. Вакцинжуулалтад хамрагдах миний ээлж ирэхэд уг вакцин таарвал би мэдээж дуртайя тариулна” гэж ярьсан байна.

Франц улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр эхэлсэн ч вакцины нийлүүлэлт тасалдсан нь Макроны хувьд төдийгүй Европын Холбооны удирдлагуудын хувьд шийдвэрлэх ёстой чухал асуудал болоод байгаа.

Үүний гол буруутан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа Британи-Шведийн хамтарсан "AstraZeneca" компани юм. Тус компани энэ оны хоёрдугаар улиралд гэрээнд заасан хэмжээнийхээ тал хувьтай тэнцэх вакциныг Европын Холбоонд нийлүүлэхээр байгааг өчигдөр эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эммануэл Макрон “Гэрээгээр хүлээсэн үүрэгтээ нухацтай хандахгүй байгааг нь тэдэнд анхааруулж хэллээ. Амлалтаа биелүүлж, хугацаандаа вакцин нийлүүлэх хүртэл нь бид шахаж ажиллах болно” гэж хэлжээ.

Тэр бас вакцин хийлгэсэн хүмүүст ногоон паспорт олгох Грек улсын санал нь вакцинжуулалтад сүүлийн ээлжинд хамрагдах хуваарьтай залуу үеийнхэнд хохиролтой шийдэл гэж бодож байгаагаа хэлсэн байна. Амралтын улирал ойртож байгаа энэ үед дэлхийн зарим улс орон, олон улсын байгууллагууд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст хилээр нэвтрэх ногоон паспорт олгох саналыг хэлэлцэж байгаа юм.

Цэргийн алба хаагчдын дунд харилцааны дүрмийн бус зөрчил гарсныг тогтоожээ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Хууль эрхзүй | No Comments

Олон нийтийн сүлжээнд өнөөдөр цэргийн алба хаагчдын бие биенийгээ дээрэлхэж, шийтгэж буй бичлэг цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр тайлбар хийлээ. Тэрбээр "Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2019 оны есдүгээр сарын сүүлээр цэргийн алба хаагчдын дунд харилцааны дүрмийн бус зөрчил гарсан байна. Шалтгаан, үр дагаврыг тогтоох ажлын хэсэг ажиллаж байгаа.

2019 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн дайчид 2020 оны нэгдүгээр ээлжээр ирсэн хоёр алба хаагчтай дүрмийн бус харилцааны зөрчил гаргасан нь үнэн болох нь тогтоогдсон. Иймд хугацаат цэргийн алба хаагчдынхаа ар гэрийнхнээс уучлалт хүсэж байна.

Халагдсан цэргийн алба хаагчид аймаг, дүүргийн харьяалалд байгаа бөгөөд шалтгааныг тодруулахаар хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллах болно. Хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үйл ажиллагаа, өдөр тутмын амьдрал, ахуй орчин нөхцөлтэй нь танилцах боломжтой" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлтэй уулзалт хийлээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр манай улсын эдийн засаг 6 хувиар агшиж, улс орны нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед ард иргэдийхээ эрүүл мэндийг хамгаалж, ажлын байраа хадгалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр уналтад орсон эдийн засгаа ойрын 3 жилд сэргээж, ажлын байраа дэмжсэн дунд хугацааны хүү багатай зээл, дэмжлэгүүдийг ард иргэд, ахуйн нэгжүүддээ үзүүлэх юм.

3 жилийн хугацаанд хэрэгжих 10 их наядын төлөвлөгөөг Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлд танилцуулж, эдийн засагчидтай санал солилцлоо.

Хүү багатай зээлийн шалгуур, аж ахуйн нэгжүүд ямар зориулалтаар ашиглах, эргээд улсын эдийн засагт хэрхэн сайн үр дүнг авч ирэх, орон сууцны хөтөлбөрт дундаж давхрага болон залуу гэр бүл зорилтод бүлэг хэрхэн хамрагдах зэрэг 10 их наядын цогц төлөвлөгөөтэй холбоотой сэдвүүдээр Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Тус зөвлөл нь Монгол улсын хөгжлийн бодлого, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Зөвлөл  нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Статистикийн ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, МУИС, СЭЗДС зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий Академич, доктор, эдийн засагч, судлаачдын бүрэлдэхүүнтэй юм.

БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН ГЕРМАНЫ СЭРГЭЭН БОСГОЛТЫН ЗЭЭЛИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

Өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Германы Сэргээн босголтын зээлийн банкны суурин төлөөлөгч Михиал Сумсирыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг ярилцлаа.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Монгол, Герман хоёр орон байгаль орчин, тэр дундаа ой, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон жилийн турш хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирснийг онцлоод цаашид ч төсөл, хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй байлгах, арчилж хамгаалах чиглэлд анхааран ажиллана гэсэн юм.

ГСБЗБ-ны суурин төлөөлөгч Михиал Сумсир “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөр дамжуулан 39 сая долларын буцалтгүй тусламжийг Монгол орны байгаль орчин, тэр дундаа тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах чиглэлд зарцуулж байгаа бөгөөд төслийн хэрэгжилтийг хангахад Монголын талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарал хандуулахыг хүссэн юм.

Уулзалтын төсгөлд БОАЖ-ын сайд Н.Уртнасан тавьсан саналуудыг хүлээн авч цаашдын ажилдаа тусган ажиллана гэдгээ илэрхийллээ.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН МЭДЭЭ /2021.01.01 - 2021.02.21/

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН МЭДЭЭ /2021.01.01 - 2021.02.21/

Эх сурвалж: https://www.mmhi.gov.mn/

Нийслэлийн үнэт цаас гаргахаар ажлын хэсэг байгууллаа

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, нийслэлд үнэт цаас гаргах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахална. Нийслэлийн төсөв, санхүүгийн төлөвлөлт, шаардлагатай төслийн мэдээлэл, бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг НИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулах юм. Хөрөнгийн зах зээл сэргэж байгаа энэ цагт нийслэл бонд гаргах нь эдийн засгаа дэмжсэн алхам болно гэж үзэж байгаа юм. Манай улс өмнө нь орон нутгийн бонд гаргаж байсан удаагүй. Тиймээс энэ ажил манай улсын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг болох юм.

Нийслэл үнэт цаас гаргах замаар улаанбаатарчуудын өмнө тулгамдаж байгаа орон сууцжуулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх талаар 2020 оны Нийслэлийн МАН-ын  мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ дагуу уг ажил хийгдэж байна. Нийслэл үнэт цаас гаргах ажилд НИТХ-ын тэргүүлэгчид хяналт тавин ажиллах юм.

НЗДТГ-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС